Түрээсийн байр нэртэй ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР

- Хянадаг байгууллага байхгүйн улмаас дурын хүн нийтийн байр барьж байна –

Хараа хяналтын гадуур үлдэж, хууль бус үйлдлийн үүр болсон байр сав нийслэлд мундахгүй. Дурдаад байвал саун, массажны газруудаас авахуулаад урт жагсаалт хөвөрнө. Эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, садар самууныг өөгшүүлдэг эдгээр газрыг цагдаа, мэргэжлийн хяналтынхан байнга биш юм аа гэхэд жилд 1-2 удаа шалгаж, хэсэгхэн ч болов даруулгатай байлгадаг. Тэгвэл үүн шиг хууль хяналтынхны “шүдний өвчин” болсон бас нэг газар нэмэгдээд багагүй хугацаа өнгөрлөө.

Гэвч шат шатны байгууллага үл ойшоосоор өдий хүрэв. Тэр нь нийтийн байрнууд. Ийм байрыг хянадаг байгууллага, үйл ажиллагааг нь зохицуулдаг журам байхгүй тул гэмт хэрэг, зөрчлийн үүр болжээ. Харьяалал нь тодорхойгүй, хаанахын хэн гэгч нь мэдэгдэхгүй хүмүүс ийм байранд орогнож, ёстой л дураараа дургиж байна. Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага, мэдээллийн нэлээд нь нийтийн байрны оршин суугчидтай холбоотой байдгаас үүнийг мэдэж болно. Хотын төвд ойрхон хашаатай бол нийтийн байрыг хүссэн хүн бүр барьж, ямар ч татвар төлөлгүй, ашиг олж байгаа юм.

Бодит байдлыг сурвалжлахаар манай сурвалжлах баг Улаанбаатар хотын төвөөс нэг их холгүй, автобусны буудал, худаг, дэлгүүр гээд үйлчилгээний байгууллагатай ойрхон түрээсийн байрны эрэлд гарлаа. “Зар мэдээ”, “Шуурхай зар” сонин худалдан авч, “Нийтийн байранд өрөө хөлслүүлнэ” гэсэн зарын дагуу “утас цохиж” эхлэв. Бидний холбогдсон эхний хүн Сансрын ШТС-ын автобусны буудлын дэргэдэх “Ундрам плаза”-гийн хойно нийтийн байрныхаа хэд хэдэн өрөөг түрээслэх гэнэ.

Харилцуурын цаанаас нэгэн эмэгтэй “Буудалд ойрхон. Олоход хялбар. “Ундрам плаза”-гийн зүүн талаар дээшээ өгссөн зам бий. Түүгээр явж байхад улаан тоосгон дэлгүүр харагдана, тэр гудамжаар ороод хоёр хаалга өнгөрөөд баруун гар тийш эргэхээр блокоор барьсан хаашаа байгаа. Тэнд ирээд залгачих” хэмээн заасан юм. Гэвч бид тийш хүрэхийн тулд ойролцоогоор хоёр км алхсан.

Ингээд зорьсон газартаа хүрэхэд гурван давхар улаан тоосгон барилга харагдав. Барилгын цонхнууд жижигхэн, дээрээс нь цантаад өрөө рүү нарны гэрэл нэвтрүүлдэг шинжгүй. Цонх бүрээс ууттай зүйл өлгөжээ. Дотор нь юу байгааг таахад бэрх, зарим нь цус болсон байх тул нийтийн байрны оршин суугчдын хөргөгч бололтой. Тавь эргэм настай эмэгтэй биднийг угтан, сул өрөөнүүдээ сонирхуулав. Байрны хаалгаар ороход юуных гэдэг нь мэдэгдэхгүй эхүүн үнэр хамар цоргив. Эхний өрөө барилгын хоёрдугаарт давхарт (тус давхарт долоон өрөө байдаг юм билээ) байрлана.

Нүдэн баримжаагаар 2.5х3.5 орчим талбайтай өрөө аж. Шалан дээр нь цэнхэр өнгийн хулдаас дэвсжээ. Тус өрөөнд амьдрахын тулд байрны эзэнд сард 180 000 төгрөг төлөх ёстой. Үүн дээр цахилгааны төлбөр нэмэгдэх гэнэ. Харин гуравдугаар давхарт (уг давхар түрээсийн зориулалттай дөрвөн өрөө бий. Бусад нь байрны эзний гэр) байрлах хоёр өрөө арай том, түрээсийн төлбөр нь 20 000 төгрөгөөр ахиу. Давхар бүртээ нийтийн бие засах газартай боловч оршин суугчдын замбараагүй байдлаас болоод суултуур нь хагарч, бохирын хоолой нь задарсан учир нэг болон гуравдугаар давхрынх нь л ажиллаж байгаа гэж байрны эзэн хэлсэн. Нийтдээ 18 өрөөг дунджаар 180 000 төгрөгөөр түрээсэлдэг гэвэл байрны эзэн сард 3.2 сая төгрөгийн орлого олдог гэсэн үг. Гэхдээ тэр энэ орлогоосоо огт татвар төлдөггүй.

Бидний очсон дараагийн байр Чингэлтэй дүүргийн нутаг, “Хүчит шонхор” захын дэргэд бий. Өмнөх байрнаас хамаагүй “муу”, нэг давхар, намхан, яг л автомашины гарааш шиг дөрвөн өрөө байв. Гаднаа жорлонтой, өрөө бүр дотроо зуухтай, үнэхээр тухгүй. Нэг сарын түрээсийн төлбөр нь 100 000 гэнэ. Тухайн орчимд хулгайч элбэг тул эд хогшлоо сайтар хянах нь түрээслэгчийн үүрэг, алдсан тохиолдолд байрны эзэн хариуцлага хүлээдэггүй бололтой. Биднийг очиход нэгэн түрээслэгч “Танай цонхоор энэ байр харагддаг биз дээ. Гэрт чинь хүн байсан юм бол яагаад манайд хулгайч ордог юм бэ. Хажуугийн айл хэдхэн хоногийн өмнө хувцас, хүнсээ хулгайд алдсан. Та нар өөрсдөө авдаг юм биш үү” хэмээн маргалдаж байлаа.

Тэндээс гараад Баянгол дүүргийн нутаг, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх нийтийн нэгэн байранд очлоо. Гаднаа хяналтын камертай тул арай дөнгүүр мэт. Хашаанд нь хөглөрөх хог, байрнаас үнэртэх эвгүй үнэр, өрөөнүүдийнх нь өнгө үзэмж зэрэг нь харин бусдаасаа ялгарахгүй. Энэ мэтээр Улаанбаатарт нийтийн байр янз, янзаараа бий. Тав тухтай, цэвэрхэн байрных нь сарын түрээс хамгийн багадаа 280 000 төгрөг байдаг гэх.

“ТҮРЭЭСЭЭ ТӨЛСӨН БОЛ ДУРААРАА ДУРГИДАГ”

Өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн нутагт байрлах нийтийн нэгэн байранд хүн амины хэрэг гарсан юм. Талийгаач хамтран амьдрагчтайгаа тэнд суудаг байжээ. Гэвч хэрэг гарсны дараа өнөөх залуу нь сураггүй болж, цагдаа нар байрны эзнээс түүний хэн болохыг лавлахад “Би мэдэхгүй” гэж хариулсан байгаа юм. Түрээсийн төлбөрөө төлж л байвал хэнбугай нь ч хамаагүй байрандаа амьдруулдгийн нэг жишээ нь энэ.

МҮОНРТ-ийн орчимд байрлах нэгэн нийтийн байрны түрээслэгч Ч “Бид орон нутгаас шилжиж ирээд энд амьдарсан. Зургаан сар болж байна. Байрны түрээсэнд сард 220 000 төгрөг төлдөг. Энэ хавьд ийм байр олон. Хяналтын камертай, хашаа нь цэвэрхэн учраас бид уг байранд өрөө түрээслэхээр шийдсэн. Биднийг ирснээс хойш энд олон хүн амьдрахаар ирсэн. Ер нь өрөө хөлсөлдөг хүмүүс 1-2 сар болоод л нүүчихдэг юм билээ. Архи ууж, агсам тавьдаг хүн олон байсан. Одоо ч байгаа. Нийтийн байр олон учраас орлогоо алдахгүйн тулд байрны эзэд тэдэнд юу ч хэлдэггүй, түрээсээ төлсөн бол дураараа дургидаг газар шүү дээ” хэмээн ярьсан юм.

Нийтийн байранд бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг цөөнгүй гардаг талаар гэр хорооллын хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хүчин, хулгай зэрэг хэрэг олон гардаг талаар Баянзүрх дүүргийн XXI хорооны цагдаа ярьсан юм. Түүний хэлж буйгаар нэг үе ихэвчлэн оюутнууд нийтийн байранд амьдардаг байсан ч өдгөө өөрчлөгджээ. Сүүлийн жилүүдэд тогтсон амьдралгүй, 25-35 настай залуус ийм байранд толгой хоргодох болсон аж.

Тус дүүргийн XXVII хорооны Засаг дарга Л.Батдэлгэр хороонд нь нийтийн 70 байр байгааг хэлсэн юм. Тус хороо 16 000 гаруй иргэнтэй, үүний 2000 орчим нь түр оршин суугч гэсэн. Л.Батдэлгэр “Нийтийн байрнууд үер ус, галын аюулаас хамгаалагддаггүй, эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага хангадаггүй, иргэдийн тав тухыг алдагдуулдаг. Хараа хяналтгүйн улмаас тэнд гэмт хэрэг, зөрчил олон гардаг. Байрны эзэд түрээслэгчидтэй гэрээ байгуулдаггүй болохоор элдэв хэрэг гарахад үйлдсэн хүнийг нь илрүүлэхэд бэрх. Учирч болох эрсдэлээ тооцоолохын тулд хороондоо ямар хүн амьдарч байгааг мэдэхэд эл байдал саад учруулдаг. Ер нь түр оршин суугчид гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь элбэг. Нэг газарт хэрэг үйлдчихээд өөр тийшээ нүүчихдэг. Тэдний энэ үйлдлийг нийтийн байр өөгшүүлдэг гэж болно” гэв.

НИЙТИЙН БАЙРНУУДЫГ ЖУРАМЛАХААР ЯРЬСАН Ч АЖИЛ ХЭРЭГ БОЛГООГҮЙ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эх сурвалж “Нийтийн байрнууд олон жил хяналтгүй байсаар ирсэн. Ихэнх нь зөвшөөрөлгүй. Барилгын норм, стандартад нийцэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гээд зөрчил их. Тэдний үйл ажиллагааг журамлаагүй учир хяналт тавих байгууллага нь тодорхойгүй. Манай газарт үүнийг шалгах чиглэл байхгүй учраас бид дур мэдэн хяналт тавьж болдоггүй. Уг нь энэ талаар олон жилийн өмнөөс ярьсан ч одоо хэр нь ажил хэрэг болоогүй.

Түрээсийн байрны эрэлт их байгаа учраас нийтийн байр барих иргэд өдрөөс өдөрт олширч байгаа” хэмээн ярив. Нийтийн байрнуудын үйл ажиллагааг цаашид хэрхэн зохицуулах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаныхнаас лавлахад “Дүүргүүд хариуцдаг, бид мэдэхгүй” гэв. Харин нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн “Иргэний ахуйн зориулалтаар барьсан барилга манайд хамаагүй. Дүүргүүдийн удирдлага хяналт тавих ёстой” гэлээ.

Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын хэлснээр дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын болон Үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэнтэй холбогдоход “Аж ахуйн нэгж биш учраас бидэнд нийтийн байрыг шалгаж, хяналт тавих эрх, үүрэг байхгүй. Тэд орлогоосоо нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Хэрэв нийтийн байранд халуун ус, үсчин ажиллуулж байвал бид шалгаж болно. Нийслэлийн ИТХ-аас журам гаргаад бидэнд хариуцуулбал тогтмол шалгалт хийхэд бэлэн” гэсэн юм.

Өдгөө нийслэлд нийтийн хэчнээн байр байдаг талаар мэдээлэл байхгүй. 2013 онд тоолох төлөвлөгөө гаргаж байсан ч тухайн үедээ хэрэгжүүлээгүй гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрынхан галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ хүрээнд нийтийн байруудыг шалгадаг аж. Нэг байранд олон өрх амьдарч, цахилгааны шугамд ачаалал үүсгэснээс гал гарах эрсдэл өндөр байдаг гэнэ. Түүнээс биш өөрөөр анхаарал хандуулж буй байгууллага, албан тушаалтан алга. Орлого олох зорилгоор хашааныхаа сул талбайд шаардлагад нийцэхгүй барилга барьж буй эл байдалд анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хотод түрээсийн байр нэртэй гэмт хэргийн үүр олшрох нь байна шүү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай