Шүдний цоорол эрүүл мэндийн сүйрэл

-Хүүхдийн шүдийг даатгалаар эмчлэх үндэсний хөтөлбөр боловсруулжээ-

Хүүхдийнхээ угжийг амандаа хүлхдэг, зажилсан хоолоороо үрсээ тэжээдэг эцэг, эх бидний дунд олон. Энэ нь манайхны хувьд байдаг л үзэгдэл. Гэтэл шүд цоорлын анхны нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг байна. Хүүхдийнхээ угжийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу гэдгийг шүдний эмч нар хэлж буй. Тиймээс жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтад орж, амны хөндийн эрүүл мэндээ сахих хэрэгтэй.

Ялангуяа сүүн шүд солигддог учраас арчлах шаардлагагүй гэж үздэг нь төөрөгдөл юм. Сүүн шүд хэдий чинээ эрүүл байна, байнгын шүд төдий чинээ зөв, сайхан ургадаг. Гэтэл эрүүл биеийн үндэс болсон шүдний өвчлөл аюулын хэмжээнд хүрчээ. Манай улсын насанд хүрэгчдийн 90 гаруй, 3-5 насныхны 79, 6-8 насныхны 85 хувь нь цоорхой шүдтэй. Үүнийг эмчлэхэд улсын хэмжээнд шүдний 1049 эмч ажиллаж байна. Гэтэл тэдний 717 буюу 68.3 хувь нь хувийн хэвшлийн эмнэлэгт ажилладаг. Тэд зөвхөн эдийн засгийн бололцоотой хүн амын 10 хувьд л хүрч үйлчилдэг гэсэн судалгаа бий. Үүнээс харахад хүн амын 90 хувьд 332 эмч, 10 хувьд нь шүдний эмч нарын гуравны нэг нь үйлчилж буй харьцангуй зураглал гарч ирж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эмч нарын олонх нь хувийн эмнэлэг нээж, цоорхой нэг шүд эмчлэхэд дунджаар 30 мянган төгрөг гээд гэдийж сууна. Харин улсын эмнэлэгт цоорхой нэг шүд анагаахад ойролцоогоор 18 мянган төгрөг. Гэвч улсын эмнэлгийн үзлэгийн дугаар гүйцэгдэхгүй, хэдэн сарын дараа л эмчийн бараа хардаг учраас иргэд төлбөртэй эмнэлэг барааддаг. Гэвч энэ нь хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх нь бүү хэл, талхны мөнгөө яая гэж буй иргэдэд хамааралгүй нь харамсалтай.

ЖАИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол, Японы эмч нар Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн хүүхэд, эцэг, эхчүүдэд шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ шүдийг яаж зөв угаах талаар зөвлөгөө мэдээллийг энэ сарын 9-нд өгсөн юм. Тухайн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Тэрбээр, хүүхдийн шүдний эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах боломжтойг дурдсан нь анхаарал татав.

Эцэг, эхийнх нь сар бүр эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгөнөөс эргээд үр хүүхдэд нь зарцуулна гэдэг нүдээ олсон шийдвэр. Хэдийгээр 18 нас хүртэлх хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг ч шүдээ эмчлүүлэхэд яалт ч үгүй халааснаасаа мөнгө гаргадаг. Улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил учир өндөр өртөгтэй ч хувийнхыг сонгохоос өөр аргагүй учраас тэр. Д.Сарангэрэл сайдын хэлсэн үг, ажил хэрэг болж буй, эсэхийг өөрөөс нь тодруулсан юм. Тэрбээр “Хан-Уул дүүрэгт амьдарч буй хүүхдүүдийн 84, Сонгинохайрхан дүүргийн багачуудын 96 хувийнх нь шүд цоорчээ.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн 84-96 хувь нь цоорхой шүдтэй байгаа нь анхаарал хандуулах асуудал мөн. Шүдний цоорол нь ходоод, ангина, бөөр, үе мөч, зүрх судас гээд 200 гаруй өвчний суурь болдог. Тиймээс яамны зүгээс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлогын шийдэлд хүрсэн. Манай улсад амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй хувийн эмнэлэгт 717 эмч ажиллаж байна. Тэдэнтэй гэрээ байгуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллабал шүдний цоорлыг эмчилж чадна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрийн 75, эцэг, эхээс нь 25 хувийг гаргуулахаар эхний ээлжинд хөтөлбөртөө тусгаад байна. Энэ хөтөлбөрөө Засгийн газарт танилцуулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулна” гэв. Засгийн газраас энэ хөтөлбөрийг дэмжвэл хойч үеийнхээ ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох юм. Урьдчилан сэргийлэхэд нэг ам.доллар зарцуулбал шүдний цоорлыг эмчлэх 125 ам.долларыг хэмнэдэг гэсэн судалгаа байдаг юм билээ.

Нэг тоо бодож үзье. Хувийн эмнэлэгт шүдний нэг цоорлыг 30 мянган төгрөгөөр эмчилдэг гэхээр найман шүд (3-13 настай хүүхдийн 7-9 шүд цоорсон байдаг. АШУҮИС-иас гаргасан судалгаанаас эш татав) 240 мянган төгрөг болж буй. Ингэхдээ жилд хэр олон удаа үзүүлэхээс шалтгаалж өртөг нь нэмэгдэнэ гэсэн үг. Харин үүний 25 хувийг иргэн өөрөө гаргана гэвэл 60 мянган төгрөг л төлөх нь. Үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаснаар иргэдийн ачаа хөнгөрч, шүдний өвчлөл эрс буурах юм. Харин үүнд дээр хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан үнэ өртгөө тодорхой хэмжээнд буулгаад өгвөл богино хугацаанд үр дүнд хүрэх вий.

Шүдний өвчлөлийг хүүхдийн бага насанд нь бүрэн эмчилж чадвал ирээдүйд энэ эмгэгийг мартах боломжтой. Япон улсад шүд нь цоорхой нэг ч хүүхэд байдаггүй гэдэг. Тэд хүүхдийнхээ сүүн шүдийг ургаж эхлээгүй байхад л хэлний өнгөрийг нь цэвэрлэж, амны хөндийн ариун цэврийг дээд зэргээр сахиулдаг аж. Шүдээ байнга арчилж, эрүүл байлгах дадал хэвшлийг иргэддээ бага наснаас нь хэвшүүлсэн учраас цоорол гээч зүйлийг мартаж орхиж. Харин Монгол Улсад энэ нь гамшгийн хэмжээнд хүрснийг хараад эмчилгээ, зөвлөгөө өгөхөөр ирсэн япон эмч нар толгой сэгсэрсэн.

Хүүхдэдээ чихэр ихээр өгөх, шүдийг нь зөв, гүйцэд угаагаагүйгээс ийм эмгэнэлд хүрч буйг дурдаад, хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, хүүхдийнхээ сүүн шүднээс эхлэн арчилж чадвал Монгол Улс 5-10 жилийн дараа шүдний цоорлоос сална гэж япон эмч нар хэлнэ лээ. Энэ зорилгод хүрэхийн тулд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр боловсруулсныг ч салбарын яамныхан нь онцолсон. Үүнд хүрэхийн тулд хувийн хэвшлийн байр, хүн хүчийг дайчлахаас өөр аргагүй. Монгол Улсын 331 сумын дөнгөж 22-т нь шүдний кабинет ажилладаг, улсдаа ганц Шүд, эрүү нүүрний төв нь өөрийн гэсэн байргүй, өрхийн эмнэлгүүдэд шүдний тасаг байхгүй, эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй зэрэг бэрхшээл бий ч балчир үрсийнхээ эрүүл мэндийн төлөө дорвитой ажил хийхгүй бол оройтох нь.

Шүдний гаралтай үрэвслийн үед захын цусны эргэлтийн хямралын улмаас хүчилтөрөгчийн хангамж эрс буурч, үрэвсэл үүсдэг аж. Энэ үрэвслийн 67.5 хувь нь эрүү, нүүр орчмын халдвараас шалтгаалжээ. Зарим тохиолдолд шүдний цоорлоос болж, эрүүгээ тайруулахдаа тулдаг. Тоохгүй өнгөрч боломгүй, шүдний өвчлөлийг бууруулахад хамгийн чухал үүрэгтэй хүмүүс нь шүдний эрүүл ахуйч. Энэ нь эмч, сувилагч бус, бие даасан мэргэжил. Эцэг, эх болон цэцэрлэг, сургуулийн багш нарт хүүхдийн шүдийг хэрхэн зөв угаах, өвчлөлөөс яаж сэргийлэх талаар шүдний эрүүл ахуйч ухуулах, ойлгуулах үндсэн үүрэгтэй. Шүдээ угаах нь бүү хэл, гараа угааж мэддэггүй монгол хүн бишгүй. Тиймээс тэдэнд зөв мэдээлэл, эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байна. Соёлт нийгэмд энэ хэвээр явбал эрүүл мэндээ сүйрүүлж, эцэст нь өвчний үүр болно.

Дэлхий даяар 65-74 насныхны 30 орчим хувь нь хиймэл шүдтэй байдаг аж. Наснаасаа эрт “эмээ, өвөө” болохгүйн тулд шүдээ хэрхэн арчлах талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батжаргал “Хуруугаа хөхөх, уруулаа хазах, хумсаа хэмлэх, хэлээ байнга гаргах, буруу залгих, шүдээ хавирах, амаараа амьсгалах нь буруу зуршил. Эдгээрээс болж хүүхдийн амны хөндий, хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсдэг. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх, орсгой, эрүү шаамий, тагнай гүн болдог.

Хоолны зөв дэглэм баримтлах, шүдний эмчийн хяналтад байх, чихрийн хэрэглээгээ бууруулж, шаардлагатай шим тэжээлийг тогтмол хэрэглэснээр шүд үйрэх, цагаасаа өмнө унахаас сэргийлж чадна. Мөн бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон сахар агуулсан бусад шингэн зүйл угжаар өгөхгүй, эхчүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх хэрэгтэй. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаар чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог. Хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл эцэг, эх нь өөрсдөө угааж өгөх нь зөв. Ингэхдээ хүүхдийнхээ толгойг өвөр дээрээ тавьж, сойзоор шүдийг нь угааж өгвөл их сайн” гэж ярив.

Олон төсөл хөтөлбөр амьдралд бус цаасан дээр үлдэх нь бий. Харин дээрх хөтөлбөрийг улс даяар яаралтай хэрэгжүүлж чадвал ирээдүйдээ үлдээсэн үнэт өв болох вий. “Эмээ, өвөөгийн үед л шүд цоорох өвчин байсан гэдэг” хэмээн үр хойч минь бахархалтай ярьж суувал хэчнээн сайхан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай