Түгжирсэн үед уулзвар руу нэвтэрч хөдөлгөөнд саад учруулбал хариуцлага тооцно

Улаанбаатар хотын замын түгжрэлийн нэг шалтгаан бол түгжирсэн уулзвар руу жолооч нар дайрч орох явдал. Тээврийн хэрэгслээ уулзварт зогсоох буюу хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан түгжрэл үүсгэж бусад жолооч нарынхаа бухимдлыг дэврээж байдаг. Хориглосон гэрэл дохио буюу шар гэрэл анивчих, улаан гэрэл ассан үед жолооч “Зогс шугам”-ыг давж зогсох нь ийнхүү түгжрэх шалтгаан болдог гэдэгтэй олон хүн санал нийлдэг ч хөдөлгөөнд оролцохдоо үүнийг үл ойшоодог нь хэвийн үзэгдэл.

Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэмд зааснаар “Зогс шугам”-ын ард зогсож, дараагийн зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээх ёстой. Хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй, уулзвар руу орж бусдын хөдөлгөөнд саад учруулах явдал Багшийн дээд, МИС, “Цэцэг” төв, Төв шуудангийн уулзвар зэрэг газарт байнга гарч буй юм.

Тиймээс түгжирсэн уулзвар руу орж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж буй явдлыг багасгах чиглэлд Замын цагдаагийн албанаас анхаарч ажиллах болжээ. Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Лхагважаргал “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан автомашинаа зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг.

Манай жолооч нар хувиа бодсон, хэнэггүй, “би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн зангаараа түрээ барьж ачаалалтай байгаа уулзвар руу нэвтэрдэг нь зохиомол түгжрэл үүсгэх нэг нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм байдал дэлхийн бусад оронд ч тохиолдож, шийдвэрлэж байсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд шар өнгийн дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзварт зогсож болохгүй хэсгийг зааж өгдөг юм. Уг тэмдэглэгээ нь тухайн уулзварын ачаалал хэр байгааг харуулж, жолоочийн зогсох газрыг зааж өгөхөөс гадна уулзварт нэвтрэх чадварыг сайжруулна.

Жолооч та хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй тохиолдолд уулзварт орохгүйгээр “Зогс шугам”-ын ард дараагийн зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээн зогсох ухамсартай, сахилга, соёлтой байх хэрэгтэй. ЗЦА-наас энэ төрлийн зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил зохион байгуулан ажиллаж байна” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай