Ажлаа хийдүүлэх нь хүндэтгэн үзэх шалтгаан уу

Ажлаа хийдүүлэх нь хүндэтгэн үзэх шалтгаан уу

-Шүүх хурлын 60 гаруй хувь нь өмгөөлөгчөөс шалтгаалж хойшилжээ-

Зам, талбайн цас цэвэрлэдэг өвөө өглөө бүр цагтаа ирээд хариуцсан ажлаа хийж харагддаг. Хүний хувь тавиланд нөлөөлдөг хүндтэй ажил эрхэлж буй эрхэм өмгөөлөгчид харин хуралдаа суухгүй юм. Ялангуяа олны анхаарал татсан томоохон хэргүүд удаа дараа хойшилж, хэдэн жил дамнах нь бишгүй. Тухайлбал, Монголын ард түмэн 18 жил хүлээсэн, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон. Сэтгүүлчдийг нэгбүрчлэн бүртгэхээс эхлээд нүсэр ажил болж эхэлсэн шүүх хурал удалгүй өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу долоо хоногоор хойшилж, тарцгаасан юм.

Ингэж явсаар зургадугаар сарын 16-нд товлосон хурал шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гадаадад эмчлүүлж буй гэх шалтгаанаар хойшилсон. Энэ мэтээр удаа дараа хойшилсоор 2017 оны наймдугаар сард хэрэгт холбогдогчдод 24-25 жилийн ял ногдуулсан билээ. Гэсэн ч энэ хэргийн гол зангилаа одоо хүртэл тайлагдаагүй бөгөөд С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг шалгаж буй гэх “үлгэр” үргэлжилсээр байна. Мөн дөрвөн настай охиноо хэрцгийгээр хөнөөж, олныг цочирдуулсан Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон.

Сүүлдээ Г.Маралмаагийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа ирээгүй учир хойшилж байв. Энэ мэт шалтгаанаар ажлаа хийгээгүй өмгөөлөгчдөд ямар хариуцлага тооцдог нь тодорхой бус. Хувийн хэвшлийн байгууллагынхан хүртэл ажил эхлэх, дуусах цагаа хуруу дарж бүртгүүлээд байхад товлосон шүүх хуралдаа ирэхгүй, ажлаа хийдүүлж буй өмгөөлөгчдийг хариуцсан байгууллага нь авч хэлэлцэх цаг болжээ. “Шүүх хурал хойшлов” гэж интернэтээс хайхад л энэ талаарх мэдээлэл хар мянгаараа гарч ирнэ. Тэгвэл үүнээс илүү бодитой жишээ хэлье. Өмгөөлөгчид шүүх хуралдаа суудаггүй явдал ихэссэнийг Нээлттэй нийгэм форумын 2017 онд хийсэн “Шүүх хуралдааны ажиглалт” судалгааны тайлангаас харж болно.

Тус байгууллага 2010, 2015 онд шүүхийн ажиглалт явуулж, үр дүнг нь салбарын ажилтнуудад нь хүргэсэн бол өнгөрсөн онд Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Увс гэсэн арван аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаануудад найман долоо хоногийн хугацаанд ажиглалт хийсэн аж. Сонгон авсан 330 шүүх хурлын 38 хувь буюу 125 нь хойшилжээ. Шүүх хурлыг удаа дараа хойшлуулах нь шүүхийн үйл ажиллагаа үр нөлөөтэй байхад сөргөөр нөлөөлж буйг тус тайланд дурдсан байв.

Тодруулбал, улсын яллагчаас шалтгаалан хойшилсон шүүх хурал 2015 оноос хойш гурав дахин буурсан бол өмгөөлөгчөөс хамаарч, хугацаа сунгасан нь 10 хувиар нэмэгдсэн байх юм. Үүний 62.5 хувьд нь өмгөөлөгч хурлыг хойшлуулах санал гаргажээ. Тэгвэл ямар нөхцөлд өмгөөлөгч хурлыг хойшлуулж болох вэ. Хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай бол. Энэ нь өвчтэй, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, байгалийн давагдашгүй хүчин зүйлд автсан, шүүх хурал давхцсан зэрэг шалтгаан юм.

Эдгээр шалтгаанаар түрээ барьж өмгөөлөгчдийн зарим нь ажил хийдүүлдгийг хэн хүнгүй мэддэг болсон. Шүүн таслах ажиллагааг огт хойшлуулалгүйгээр явуулахыг хуулиар шууд зохицуулах боломжгүй гэдэг ч дээрх шалтгаануудыг нотлох баримтад тулгуурлан, хүндэтгэн үзэх шалтгаан мөн, эсэхийг баталдаг нь хэд билээ. Нэгнээ танихгүй шүүгч, өмгөөлөгч гэж бараг үгүй бөгөөд олонх нь найз нөхөд, зарим нь бүр дундаа орж дунд чөмгөөрөө жиргэж явдаг гэх юм билээ.

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтад багагүй өөрчлөлт орсонтой холбоотойгоор цөөнгүй шүүх хурал хойшилжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэнд оноох ялын хэм хэмжээ 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулахад хөнгөрсөн учраас өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулж, цаг хожих гэсэн арга залиа хүндэтгэн үзэх шалтгаанаар өнгөлөн далдалж буйг үгүйсгэхгүй.

Гэмт хэрэгт буруутгагдсан ялангуяа цагдан хоригдож байгаа хүн боломжтой хугацаанд хэргээ шалгуулах, шүүхээр хэлэлцүүлэх эрхтэй. Тиймээс эрх бүхий байгууллага шүүн таслах ажиллагааг аль болох богино хугацаанд явуулах үүрэгтэй байдаг. “Гэрчийн ой санамж арилах буюу мэдээллээ алдах, гэрчүүд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, бусад нотлох баримт үгүй болох зэргээс сэргийлж, тодорхой хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг зорьдог” хэмээн Нээлттэй нийгэм форумын 2015 оны судалгаанд дурджээ.

Шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө шүүх талуудад мэдэгдэнэ гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байдаг. Гэвч бодит байдал дээр шүүх хурал хойшлох тохиолдол байнга гарсаар. Нээлттэй нийгэм форумын 2015 онд хийсэн судалгаатай харьцуулахад өнгөрсөн онд дээрх аймгуудад болсон шүүх хурлын хойшилсон тоо буурах бус, нэг хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, гурван хурал тутмын нэг нь хойшилсон гэсэн үг. Тус байгууллагын хийсэн судалгаанаас харахад шүүх хурал хойшилсон шалтгаан нь 2010 онд шүүгчээс 5.6, өмгөөлөгчөөс 44.4, 2015 онд шүүгчээс 3.3, өмгөөлөгчөөс 52.5, 2017 онд шүүгчээс 3.6, өмгөөлөгчөөс 62.5 хувь хамаарч байжээ.

Ихэвчлэн эрүүл мэнд болон шүүх хурал давхцах шалтаанаар өмгөөлөгчид хуралдаа оролцоогүй байна. Шүүхээс хурал болох цагийг товлодог учир өмгөөлөгч өөр хуралтай давхцах нь түгээмэл гэж нэгэн хуульч ярьсан. Ингэж давхацсан тохиолдолд анхан шатны шүүх хурлыг хаяж, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралд суухаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Энэ нь хууль, шүүхийн байгууллагынхан уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаагийн илрэл.

Нөгөөтэйгүүр, цоо эрүүл байсан өмгөөлөгч шүүх хурал эхлэхийн өмнөхөн өвчилчихдөг нь анхаарал татсаар буй. Үүний цаана үнэхээр хүндэтгэн үзэх шалтаан байсан, эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Ялангуяа иргэн болон захиргааны хэргийн шүүх хуралд оролцогч талууд нотлох баримтаа өөрсдөө цуглуулдаг учир ямар нэгэн шалтгаанаар хугацаа их хожих нь тэдэнд чухал байдаг аж.

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Бид зөвхөн эрүүгийн хэргийн шүүх хуралд ажиглалт хийсэн. Үйл явц нь тодорхой байдаг шүүх хурал ингэж хойшилж, 53 хувь нь товлосон цагаасаа хоцорч эхэлж байхад иргэн болон захиргааны хэргийн шүүх хурал ямар байгаа бол. Шүүх хурал товлогдсон ч хойшлуулаад байх нь иргэдийн шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг. Хэний хүсэлтээр шүүгч хурлыг хойшлуулах болов гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Гэтэл өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүгч хангадаг.

Өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа шүүх хурлыг хойшлуулдаг, сунжруулж хэвлэл мэдээлэл, олон нийтийн шахалтыг ашиглах зэргээр ажлын ур чадвараа гаргахаас илүү төрөл бүрийн арга саам хийдэг. Шүүх хурлыг дөрвөн удаа л хойшлуулж болно ч гэдэг юм уу, хатуу хязгаарлалт байхгүй учраас өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны зохистой байдлыг хэн хангах нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч, өмгөөлөгчид төлбөрөө тохиролцоогүйгээс хурлын өмнө өмгөөлөгчөөсөө татгалзах тохиолдол гардаг” гэв.

Шүүх хуралд улсын өмгөөлөгчийн оролцоо нэмэгдсэн ч тэдний ур чадварт үйлчлүүлэгч нь эргэлзсэн, сэтгэл хангалуун бус байгаа нь ажиглалтын явцад илэрчээ. Тиймээс өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ёс зүйн талаар Монголын хуульчдын холбоо анхаарч ажиллах шаардлагатайг дээрх судалгааны дүгнэлтэд онцолсон байна. Үйлчлүүлэгчээсээ мөнгө аваад утсаа салгаад хуралд нь очдоггүй өмгөөлөгч ч цөөнгүй. Өглөө нойрмоглож ажилдаа хоцорчихоод даргадаа түмэн зовлон тоочдог ажилтан шиг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн гоё үгийн цаана ажил хийдүүлсээр л байх уу, эрхэм өмгөөлөгчид өө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай