Зуух тараах тухай яриа УИХ-ын чуулган дээр үргэлжлэв

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх, эсэх болон Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр, засгаас үнэлэн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл олгодог хууль 2008 онд батлагдан хэрэгжиж байна. Тогтоолын төсөлд Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Төрийн шагналт, Гавьяат, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан (1990-1992) АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар төсөл санаачлагчид асуулт тавьж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Л.Болд нар тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.7 хувь нь Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Утааг бууруулах, арилгах чиглэлээр олон төрлийн ажил хийж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, үүний дээр үйл ажиллагаа явуулж байсан тусгай санг нь татан буулгаснаар энэ чиглэлийн ажлуудыг санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн. Иймд Агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тайлбарлав.

Нийслэл болон суурин газруудад үүсээд буй агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд үүсгэж буй тул үүн дээр тодорхой шийдлийг ойрын хугацаанд хийхээс өөр гарцгүйг хэлсэн юм. Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сарын 20- ны 98 дугаар тогтоолоор Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг салбар, салбарын мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ.

Утааг шийдэх олон гарц, технологийг судалж үзсэн. Харин хөрөнгө санхүү, бүтээн байгуулалт, хугацааны асуудал үүсэж байгаа, үүний зэрэгцээ эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан гэв. Түүнчлэн иргэд хууль журмыг мөрддөггүй, төр, засгаас гаргасан бодлогын баримт бичгүүдийг хаа хаанаа хэрэгжүүлдэггүйгээс төвлөрөл, агаар, орчны бохирдол одоогийн түвшинд хүрч иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хөндөх хэмжээний асуудал үүссэнийг Н.Цэрэнбат сайд хэлсэн юм. Ипотекийн зээл болон бага орлоготой иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах хөтөлбөрийн явц, байдлын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар нийт 250 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ч ердөө 13 хувь нь зээлийн шаардлага хангаж буй аж. Иймд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр судалгаа хийж, гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж буй юм байна. Зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны ам метр нь хоёр сая орчим төгрөг байгаа бол иргэд 1.2 сая ба түүнээс бага өртөгтэйг худалдан авах боломжтой талаар судалгаа бий. Үүний зэрэгцээ нийслэлийн 100 мянга гаруй өрх эзэмшил газраа тохижуулж амьдрах сонирхолтой гэсэн судалгаа, мэдээллийг холбогдох газруудаас ирүүлсэн гэлээ. Иймд иргэдийн сонирхол, зорилгыг ч ипотекийн зээл олгохдоо анхаарах шаардлага үүсэж байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн.

Нийт ипотекийн зээлийн 18.1 хувийг орон нутагт олгосон бөгөөд 2019 онд Сангийн яам уг асуудлыг хариуцан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг тэрбээр тодотголоо. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” зэрэг найман дэд төвийг 2015-2020 онд байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүд хэрэгжүүлж байгааг нийслэлийн удирдлага танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг товчлон хүргэе.

Б.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн): -Агаарын тухай хуулийн хүрээнд 114 ажил хийх юм байна. Сайн хэрэг, дэмжиж байна. Нэгдсэн сан байгуулж, төсвийг нь хянах гэж байгаа нь сайн зүйл. Гэхдээ хяналт шалгалтаа сайжруулж, хэрэгжилтийг нь эргээд тайлагнах шаардлагатай. Утааг бий болгодог дөрвөн эх үүсвэр байгаа. Нийслэлд 200 мянган яндан, 400 мянган автомашин, тоосонцор, хог хаядлын ил задгай овоолгууд байна. Мөн алслагдсан гэр хороололд 30 мянган уурын зуух бий.

Өнгөрсөн хугацаанд нийт 206 тэрбум төгрөг утааны эсрэг зарцуулжээ. Үүний 147 тэрбумыг нь 2012- 2016 онд зарцуулсан бөгөөд нийт 175 мянган зуух тараачихаж. Зуух тараагаад сайхан болчих байсан үр дүн нь харагдахаар олон зуух тараасан. Баахан гэрийн бүрээс, үүдний амбаар тараасан. Дээр нь 258 автобусыг дизель, хийн түлшээр хослуулах гэж үзээд 3.3 тэрбум төгрөг зарцуулсан. 210 мянган тонн коксжуулсан нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна гэсэн. Аль нь ч үр дүнгүй. Зуух, бүрээс, амбаар тараасан нөхөдтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ. Бүгдээрээ ахиад зуух тараана гэвэл амьтны элэг доог болно шүү.

Н.Цэрэнбат (БОАЖ-ын сайд): -Хариуцлага тооцох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Зарим асуудлыг шалгаж дуусаагүй. “Цэвэр агаар” санг татан буулгаад манай яаманд өглөг, авлага нь шилжиж ирсэн. Өглөг хоёр тэрбум төгрөг байсныг БОАЖЯ барагдуулсан. Одоо 3.4 тэрбум төгрөгийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа. Хоёрдугаарт, бүх гэр хороололд зуух тараана гээгүй. Зарим бүсийг цахилгаанаар халаана.

Б.Дэлгэрсайхан (УИХ-ын гишүүн): -20 жил давтсан ажлаа хийж байхаар дагуул хот байгуулах нь дээр болов уу. Зуух тараая, түүхий нүүрс, болсон нүүрс гэж яриад ямар ч үр дүн гарахгүй. Одоо бол орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн хэвээр байгаа. Орон нутагт орон сууцны зээлийг дэмжиж, дагуул хот байгуулах гэх мэтээр асуудалд арай далайцтай хандмаар байна.

Н.Цэрэнбат (БОАЖ-ын сайд): -Олон асуудлыг нэгэн зэрэг томоор шийднэ гэхээр хөрөнгө санхүүгийн асуудал бэрхшээлтэй. Дагуул хот байгуулахад маш их хөрөнгө мөнгө шаардлагатай.

А.Сүхбат (УИХ-ын гишүүн): -Зуух тараана гэдэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол буурах боломжтой. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Алдаа нь юу вэ гэхээр зориулалтын түлшийг нь түлж чадахгүй байгаа юм. Энэ зууханд түүхий нүүрс түлэх зориулалтгүй гэж ойлгож байна. Утааны асуудлыг шийдэхэд амны хаалт, агаар шүүгч хэрэгтэй. Дэвшилт технологи нэвтэрсэн энэ үед утаанаас айгаад байх шаардлагагүй. Тиймээс бие биенээ хүндлээд, мөнгө идэх гээд байна гэсэн хардлагаа зогсооё.

Н.Учрал (УИХ-ын гишүүн): -Энэ төсөлд “Аж ахуйн нэгж, иргэн Агаарын бохирдлын эсрэг санд агаарын бохирдлын төлбөр төлнө” гэсэн байна. Нэг сан байгуулаад баялаг бүтээгчдээс хэдэн төгрөг авах гэж байгаа л юм байна. Ийм хууль хэрэггүй. Сэтгэл хэрэгтэй. Одоо дахиж зуух ярьж ард түмнийг битгий мунхруулаач ээ. Агаарын бохирдол 90 гаруй, хөрсний бохирдол 88 хувьд хүрээд байна. БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар бууруулчихлаа. Энэ улс хий, цахилгаан хоёроор л үүнийг шийдсэн. Дэлхийн доог, тохуу болох асуудал битгий ярь. Одоо бие биеэ битгий хуур гэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай