Ж.Сауле: Малчид шүлхийтэй малаа устгуулахгүй нууж байна

Ж.Сауле: Малчид шүлхийтэй малаа устгуулахгүй нууж байна

Орон нутагт дэгдээд буй шүлхий өвчний нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээс тодрууллаа.

-Орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ. Вакцин хангалттай бий юү?

-ХХААХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймагт ажиллаад ирлээ. Говьсүмбэр аймаг, Дорноговийн Эрдэнэ сумынхан шуурхай ажиллаж, гоц халдварт өвчлөлийг даамжруулалгүй намжаасан байна. Харин Дундговь аймагт гарсан шүлхийг дарах тоймтой ажил хийгээгүй, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь гадаадад томилолтоор яваад саяхан ирсэн гэнэ.

Албаныхан түүнд хариуцлагын тогтолцоо алдагдсаныг сануулж, уг өвчнийг намжаах заавар, зөвлөгөө өгсөн. Шүлхий дэгдээгүй аймгуудын нөөцөд байсан 60 мянган тун вакциныг хэрэгцээтэй газруудад тараагаад буй. ОХУ-аас 2000 тун вакциныг ирэх даваа гаригт оруулж ирнэ.

-Суурин газар руу зээр олноор орж ирснээр халдвар тархсан гэх сураг дуулдсан?

-Доголсон зээрнүүд суурин газарт орж иржээ. Дээр дурдсан аймгуудад зуншлага гайгүй байсан учраас зээр олноороо ирсэн бололтой. БОАЖЯ-наас зэрлэг амьтныг хамгаалах хууль дүрмийнхээ дагуу шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Санаа зовоож буй нэг асуудал гэвэл зээр уусан уснаас малаа усалснаас халдвар даамжирч болзошгүй. 2011 онд ийм тохиолдол гарч байсан.

-Малчид өвчтэй малаа нууж, устгуулахгүй байгаа гэсэн, ажлын хэсэг ямар зохицуулалт хийв?

-Шүлхий эмчлэгдэхгүй учраас илэрсэн даруйд нь малаа устга гэж Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас зөвлөдөг. Гэтэл өмнөх Засгийн газрын (2012-2016) үед шүлхийтэй малыг устгахгүй гэх журам гаргасан байдаг. Энэ журам олон улсын эрх зүйн акттай зөрчилдсөн. Зарим малчин шүлхийтсэн малаа нууж, устгуулахгүй хэмээн зөрүүдэлж байна. Зарим нь уламжлалт аргаараа 20 метр гүн нүх ухаж, бодис цацаад, үхсэн малаа булж буй.

Түүнчлэн иргэд малдаа вакцин хийлгээгүй хэрнээ хийлгэсэн гэх худал тэмдэглэгээ хийж, өөр газар руу нүүдэллэж буй нь уг өвчинтэй тэмцэхэд хүндрэл учруулж байгаа. Өвчтэй малаа нууж, халдвар тараасан иргэдийн малыг устгана, дээр нь нөхөн төлбөр өгөхгүй. Гамшгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай