Дэд сайд Д.Загджавт хариуцлага тооцуулна

Дэд сайд Д.Загджавт хариуцлага тооцуулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Энэ үер тус яамныхан олон нийтийн анхаарлыг татаад байгаа хоёр асуудалд тайлбар өгсөн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой” компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой” гэсэн мэдэгдэл хийгээд буй. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд Д.Сумъяабазар “Энэ бол Засгийн газрын ч, манай яамны ч байр суурь биш” гэсэн тайлбар хийлээ.

Яамнаас томилсон ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш “Оюутолгой” компанид ажиллажээ. Д.Сумъяабазар “Оюутолгой” компанитай холбоотой хүүгийн зардал, хувьцааны ногдол ашиг гэсэн шийдвэрлэх ёстой асуудал бий. “Рио Тинто” компани олон улсын банкуудаас дөрвөн хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Түүнийгээ манайд 8.4 хувийн хүүтэй өгч байна. Энэ бол шударга хамтын ажиллагаа биш. Хүүг бууруулбал маш их мөнгө хэмнэнэ” гэв.

Мөн энэ үеэр хувийн үзэл бодлоо Засгийн газрын байр суурь мэт ярьсан дэд сайд Д.Загджавт хариуцлага тооцох санал гаргахаа дуулгалаа. Олны анхаарлыг татсан хоёр дахь асуудал шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн хүлээлт юм. Шатахуун импортлогчид компаниуд үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмэх саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт тавьжээ.

Д.Загджав дэд сайдаар ахлуулсан Үнийн зөвлөл хуралдаад, ажлын хэсэг гаргаж, импортлогчдын санал бодитой, эсэхийг судлахаар болсон байна. “Ажлын хэсгийн дүгнэлт гаргасны дараа шатахууны үнэ нэмэх, эсэхийг дахин хэлэлцэнэ. Тогтвортой байлгах арга механизм боловсруулна” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Л.Раднаасүрэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан.

Түүнчлэн өчигдөр ШӨХТГ-аас ажлын хэсгийн шийдвэр гаргахаас өмнө шатахууны хязгаарлалт хийж, үнэ нэмсэн тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг компаниудад мэдэгджээ. Шатахууны нөөц хүрэлцээтэй байгаа гэсэн мэдээллийг АМГТГ-ынхан өгч буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай