Шийдлээ олоогүй гамшиг

Би айж байна. Ээж хэмээх эрхэм алдрыг зүүчихээд үр хүүхдээ эрүүл саруул хүн болгож чадахгүй байх вий гэхээс. Нялх хонгор биеийг нь хорт “хий”-гээр дүүргэж, эм, тариагаар угжсаар өвчний “даллагатай” нэгэн болгочих вий гэдгээс. Түүнийг минь ямар ирээдүй угтах бол гэж бодохоос ч зүрхшээнэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын ямар нэг эмгэгтэй, утаанаас болж өдөр бүр нэг бяцхан зүрх цохилохоо больж буйг сонсоход уйтай.

Үймээн самуун, бослого, зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдэн арав, зуун хүн үрэгдэхэд дэлхий нийтээрээ эмгэнэн гашууддаг атал Улаанбаатар хэмээх “үхлийн хөндий”-д 1.4 сая хүн чимээгүй үхэж байхад яагаад хэн ч тоохгүй байна вэ. Нэгэн цагт бидэнтэй ижил зовлонтой байсан Лондон, Бээжин зэрэг хот хорт утааг үлдэн хөөж чадсан байтал манайхан тэднээс юугаар дутав. Эсвэл Улаанбаатарын утаа арай өөр гэж үү.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор замбараагүй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх хэмжээний хөрөнгө зарцуулсан атал утаа улам ихсэж, хорт хийн баг нэхсэн хэвээр буй нь нэг зүйлийг маш тодорхой хэлж, анхааруулж байна. Бид агаарын бохирдлыг бууруулах оновчтой шийдэл, зөв гарцаа тодорхойлж, тууштай арга хэмжээ авахгүй бол цаашид ч энэ мэт үргүй зардал гаргах нигууртай.

Угтаа өнөөдөр утаа бус, түүнийг бууруулах оновчтой шийдэл л гол асуудал болчихоод буй юм. Уржигдархан болсон “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр нэг эрхэм “Дэлхийн бусад орнуудын ялгаа нь бидэн шиг хий хоосон амлалт, сүржигнэл, бодлого ярих бус, нүдэнд харагдаж, гарт баригдах бодитой ажил хийдэгт оршдог” гэж хэлсэн нь тун ч оновчтой дүгнэлт байв.

Сайжруулсан гэх зуух, түлш тараах нь хэн нэгний халаасыг зузаалах ч хотын утааг бууруулах оновчтой шийдэл биш гэдгийг өнгөрсөн 14 жил (2004 оноос тарааж эхэлсэн)-ийн гашуун туршлага баталлаа. Гэтэл энэ үлгэрээ цаашид ч үргэлжлүүлж, 2018-2021 онд жил бүр 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж, зорилтот бүлгийн айлуудад өнөөх “гоё” зуухаа дахиад л тараах нь. Үүнийгээ тэд “Сайжруулсан түлш, зуух тараахдаа өмнө нь дандаа хэсэгчилж, аль нэг дүүрэг, хороог хамруулдаг байсан учраас үр дүнд хүрээгүй. Харин бид утаатай, утаагүй гэр хорооллын бүх айлыг хамруулна” хэмээн тайлбарлаж байгаа.

Мөн өмнөх жилүүдэд тараасан зуух чанаргүй, болхи шийдэлтэй байсан гэж ухуулж буй. Тус бүр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй, 60 мянган цахилгаан халаагуур тараах тухай үлгэр ч дуулдаж эхлэв. Утааны 10 гаруй хувийг “үйлдвэрлэдэг” гэгддэг нийтийн тээврийн автобусуудад 45 сая төгрөгийн үнэтэй шүүлтүүр суурилуулахаа оны өмнөхөн дуулгаж, шүүмжлэлийн бай болсон нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан энэ ажлыг хариуцсан аж ахуйн нэгжид хулхидуулж, шүүхдэлцэхдээ тулсан сурагтай. Бидний тэмцэл ийм байдлаар л үргэлжилж байна. Хуучин замналаараа “алхаж”, алдаагаа давтсаар л. Гарцаа олоогүй шийдлүүдээ туршсаар.

2016 онд Бээжин дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд буюу дээд цэгтээ хүрснийг улс даяараа хүлээн зөвшөөрөн, түгшүүр зарлаж, олон зуун үйлдвэрийн хаалгыг хүчээр шахам барьсан. Сая сая хүний амь, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал тулгарахад том гүрнүүд иймэрхүү зоримог шийдвэр гаргадаг гэлтэй. Лондон ч түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглож, утааг “номхруулсан” гэдэг. Хүн амын тоо, үйлдвэржилт, хотжилтын түвшнээр биднээс хамаагүй “өндөрт” гарсан Бээжингийн утааг бууруулна гэдэг бидэнд мянгуужингийн үлгэр мэт санагдаж байв, тухайн үед. Гэвч тэд ганцхан жилийн дотор агаарын бохирдлоо 20.5 хувиар бууруулж чадлаа.

2017 онд нэг шоо метрт агуулагдах PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын нягтшлыг 60 мкг болгоно гэсэн зорилгоо ч давуулан биелүүлжээ. Тэнд очсон монголчууд Бээжингийн тэнгэрт утаа харагдахаа больж гэж гайхшран ярьж байна. Утааг бууруулсан нууцаас нь сонирхвол, агаар дахь хорт бодисуудыг сордог, шүүдэг технологи нэвтрүүлж, бүхэл бүтэн дэд төв бий болгосон гэнэ. Айл бүхэнд зуух, түлш, агаар цэвэршүүлэгч тараахаас илүү нэгдсэн, цогц шийдэл эрэлхийлжээ, тэд. Яг л үүн шиг оновчтой, шинжлэх ухаанч шийдэл бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байгааг жилээс жилд өтгөрөн буй утаа сануулсаар.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат уржнан өвөл нэг чухал шийдвэр гаргасан нь Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдэл боловсруулж, санал болгохыг эрдэмтэн, судлаачдад үүрэгдсэн. Биенийхээ, өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг үгүйсгэж, таслан зогсоодог сайд, дарга нарт бус, эрдэмтдэд энэ ажлыг даатгасан нь оновчтой шийдэл хэмээн иргэд түүний шийдвэрт ам сайтай байв.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ч “Монголчуудын хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь эрдэмтэд гэж үзсэн байх. Үүнтэй холбогдолтой суурь судалгаа манай салбарт нэлээд хийсэн ч нэг ч төсөл боловсруулаагүй” хэмээн ярьж байлаа. Гэвч утааг бууруулах эрэлд мордсон эрдэмтэд чухам ямар ямар шийдэл олсон, алийг нь хэрэгжүүлэхээр болсон нь одоо хүртэл тодорхойгүй. “Сайжруулсан гэх тодотголтой зуух, түлшээ үргэлжлүүлэн тараа” гэдэг саналыг дэвшүүлээгүй л байлтай.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат эрдэмтэд үүргээ биелүүлсэн гэж уржигдрын уулзалтын үеэр онцолсон. Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн оны хавар баталсан. Энэ чиглэлээр 190 гаруй ажил хийхээр хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөр боловсруулахад салбар салбарын эрдэмтдийн саналыг тусгасан юм. Хүмүүс энэ талаар тодорхой мэдээлэлгүй байх шиг. Хийгээгүй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил өчнөөн бий” хэмээн ярьсан. Эл хөтөлбөртэй танилцаж, нэгбүрчлэн уншиж танилцав.

Тэнд багтсан арга хэмжээнүүдийг ерөнхийд нь “уламжлалт” болон “тэнгэрийн” гэж ангилж болохоор санагдаж, ирэх жилүүдэд утаа буурна гэсэн итгэл үнэмшил төрсөнгүй. Түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох, ухаалаг хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, зорилтот бүлгийн айлуудад боловсруулсан түлш нийлүүлэх, дулааны алдагдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот бүлгийн өрхийг зуух, түлш, цахилгаан халаагуураар хангах зэрэг “уламжлалт” шийдэл, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглосон зүйлсийн жагсаалт гаргах, хүн амд амьдрах орчны зөв дадал төлөвшүүлэх замаар бууруулах гэхчилэн мөрөөдлийн, үлгэрийн гэмээр аргуудыг эл төлөвлөгөөнд бичжээ. Гал алдахгүй хэрхэн өвлийг давъя хэмээн шаналж, өдрийн хоолоо залгуулж буй өрх гэр хороололд цөөнгүй. Тэдэнд амьдрах орчны зөв дадал төлөвшүүлэх хичээл заагаад утааг арилгана гэвэл ёстой харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр биз.

Манай төрийн түшээд утаатай танилцана гээд байсхийгээд л гэр хорооллоор хэсдэг. Энэ амралтын өдрүүдэд ч хэдэн гишүүн утаа олж харах аялалд гарах гэнэ. Ер нь тэднийг утааны биш, оновчтой шийдлийн эрэлд мордуулбал ямар вэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай