Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль хэрэгжихгүй байна

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг 2005 онд баталсан байдаг. Нэр томьёоноосоо эхлээд алдаатай уг хууль гавьтай хэрэгжсэн нь үгүй. Харин 11 жилийн дараа буюу 2017 оны тавдугаар сарын 12-нд УИХ-аас нэр томьёоны хувьд ахиц гаргасан өөр нэг эрх зүйн акт гаргасан нь Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль. Хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон. Харамсалтай нь, энэ хууль иргэдэд үр өгөөжөө өгсөнгүй. Хууль хэрэгжихгүй байгаа учраас тэр.

Үүнийг иргэд шүүмжлэхээс гадна хяналт шалгалтын байгууллага хийгээд эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө хүлээн зөвшөөрөх маягтай. Тухайлбал, МХЕГ-ын эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч “Бид Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг судалж байна. Хяналтын хуудсандаа энэ талаар тусгахаар ажиллаж буй. Хамгийн гол нь ЭМЯ-наас хуультай холбоотой журмуудаа батлахыг хүлээж сууна” гэсэн хариулт өгсөн. Хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш нярай хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээнд ямар нэг хяналт шалгалт хийгээгүй гэж ойлгогдохоор хариулт санагдсан.

Нөгөөтэйгүүр уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн дүрэм журам батлаагүй гэдгээ ЭМЯ-ныхан хүлээн зөвшөөрсөн. Хуулийн 14.2.1-д заасан Нялх балчир хүүхдийг хооллох зааврыг өнөө хэр батлаагүй юм байна. Заавраа батлахын тулд ДЭМБ-аас гаргадаг “Хүүхдэд ээлтэй 10 алхам”-ыг хүлээж буй гэх. Заавал “будаа идэж” байж уг заавар батлагдах бололтой. Дээр нь нэмээд эхийн сүүний нөөцийн банк байгуулах журмаа өнөөдрийг хүртэл батлаагүй аж. Уг журмыг Эрүүл мэндийн сайд батлах учиртай ч үүргээ биелүүлээгүй тул эл хууль хэрэгжихгүй байгаа бололтой.

Өрхийн эмчээс авахуулаад ЭХЭМҮТ-ийн зарим эмч эхийн сүүний нөөц банкны талаар ямар нэг мэдээлэлгүй байна лээ. Ер нь төрөх эмнэлгүүдэд эхийн сүүний нөөц банк байхгүй юм билээ. “Эхийн сүүний нөөц банк байгуулах хөрөнгө мөнгөгүй, гэхдээ нөөц банкны хэрэгцээ бараг байхгүй” гэх тайлбарыг ЭМЯ-ныхан хэлсэн. Тиймээс төрөх эмнэлгүүд бахь байдгаараа сүү сайтай ээжээс сүүг нь аваад хөргөгчинд хийдэг, сүүндээ цадахгүй байгаа балчруудад түүнээсээ өгдөг хуучны аргаа хэрэглэсэн хэвээр гэнэ. Эхийн сүүний нөөц банкны хэрэглээ бага байж болох ч уг хууль хүүхэд нэг бүрт үйлчлэх ёстойг Эрүүл мэндийн сайд гадарладаг баймаар. Мэргэжилтнүүд нь эл хуулийн талаар “Дагаж гарах ёстой дүрэм журмууд энэ оны эхний зургаан сард батлагдчих байх гэсэн хүлээлттэй байна” гэж хэлсэн.

Нялх балчир хүүхдийн хүнсний хуулийг батлахдаа олон улсад мөрдөж буй эрхзүйн гол акт Хүүхдийн сүүн тэжээлийн маркетингаас санаа авчээ. Үүнийг дагаж мөрддөг орнуудад хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн, нэмэлт тэжээл хэрэглэхийг хориглож, уг нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаж эхэлсэн байдаг. Саяхан Франц улсад зургаан сартайгаас доош настай хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнээс нян илэрсэн юм байна. Тус улсын парламент тэр даруй нянтай бүтээгдэхүүнийг зах зээлээс татсан гэх.

Нян илэрсэн бүтээгдэхүүнийг Америк, Хятад, Орос, Солонгос, Беларусь зэрэг орон импортолдог юм байна. Харин бид дээрх орнуудаас хүүхдийн сүү, сүүн тэжээл оруулдаг. Азаар уг бүтээгдэхүүн нь манайд орж ирээгүй гэх дүгнэлтийг ХӨСҮТ-өөс гаргажээ. Гэхдээ дээрх оронд аж төрж буй иргэд ар гэрийнхэндээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг илгээж буй, эсэхэд хэн ч хяналт тавьж чадахгүй. Ер нь хүүхдийн сүү, сүүн тэжээлийн импорт жилээс жилд өсөж буй. Манай улс Тайланд, Орос, Япон, Солонгос зэрэг орноос 2005 онд хүүхдийн 543.7 тонн сүүн тэжээл оруулжээ. Энэ тоо жилээс жилд өссөөр 2014 онд энэ төрлийн бүтээгдэхүүний импорт 758.2 тоннд хүрсэн. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элссэн болохоор үүнийг хориглох аргагүй. Гэхдээ иргэд зөв мэдээлэлтэй болчихвол хүүхдийн нэмэлт тэжээл бүтээгдэхүүнийг чанартай гэж мянгантаа магтсан ч авахгүй, хэрэглээ аяндаа хумигдах болов уу.

Түүнчлэн компани эмч хоорондын эвссэн маркетинг Монголд газар авчээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүд эмнэлгийн удирдлагатай тохиролцож, төрөх тасгуудаар нярай, балчир хүүхдийн сүүн тэжээл үнэгүй тараах, амталгаа явуулах нь 2017 онд хэвийн үзэгдэл болсон талаар ЭМЯ-ны ажилтан ярилаа. Тухайн онд эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд хүүхдийн сүү, сүүн тэжээлийн талаарх судалгаа явуулахад 46.9 хувь нь “Залуу эхчүүдэд хүүхдэдээ сүүн тэжээл өгөхийг зөвлөдөг” гэж хариулсан байна. Ийм зөвлөгөө өгсөнийхөө шанд нь тэд импортлогч компаниас урамшуулал бас сургалт сурталчилгааны кредит оноо авдаг гэх юм билээ.

Эмч нарын зөвлөгөөний “ач”-аар эхийн сүүгээр хооллох нь Монголд 47 хувиар буурсан гэх судалгаа гарсан. Манай эмч нар дэлхийн хөгжлөөс хоцроогүй, ур чадвараараа дутахгүй гэж цээжээ дэлддэг. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ эмч, эх баригч нар хүүхдээ буруу амлуулсан, хөх нь хавдаж халуурсан эхэд “Эхийн сүүг ямар ч нэмэлт бүтээгдэхүүн орлохгүй. Хүүхдээ зөв амлуулчихвал сүү аяндаа эвлэнэ. Санаа зовнихын оронд надаас сүү гарна гэж бодох хэрэгтэй. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн дархлаа сайжрахад тустай. Сүүгээ хөхүүлэх нь умайн хорт хавдраас сэргийлнэ, жин хасна, хүсээгүй жирэмслэлтээс хамгаална” гэж тайвшруулж, ойлгуулахын оронд хөхнөөс нь гаргах, нэмэлт тэжээл өгөх талаар зөвлөдөг аж. Тэд ээжүүдтэй тогтмол ярилцдаггүй, зөвлөгөө өгдөггүйгээрээ дэлхийн эмч нараас хоцорсоны жишээ энэ.

Үүний улмаас цахим орчинд тархсан ташаа мэдээлэлд иргэд итгэж эхийн сүүгээр хүүхдээ хооллохоос татгалздаг. Залуу ээжүүд өөр хоорондоо мэдээлэл солилцож, “Тэр компанийн тийм бүтээгдэхүүн сайн”, “Манай хүүхэд үүнийг уугаад мариа суусан” гэх зэргээр бие биедээ зөвлөдөг байна. Нэмэлт тэжээл уусан нярай таргаллаа гээд ханиад тусахгүй гэсэн үг биш. Сүүн тэжээл хэрэглэдэг хүүхэд эхийн сүүгээр хооллосон хүүхдээс дархлаа сул байдгийг анагаах ухаан нотолсон. Хууль хэрэгжүүлэхэд сургалт сурталчилгаа чухал. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн наймдугаар сард буюу Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийг тохиолдуулан Улаанбаатар, 21 аймгийн 337 эмчид хуулийг сурталчилж мэдээлэл өгчээ.

Харамсалтай нь, Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдсан талаар сонссон нэг хэсэг байхад энэ талаар огтоос мэдээлэлгүй эмч ч байна. Эмч нь хуулийн талаар сонсоогүй, ямар нэг ойлголтгүй, судлаагүй байхад энгийн иргэний энэ талаарх мэдээлэл ямар байх нь тодорхой. Мэддэг хэсэг нь улайм цайм импортлогч компаниас урамшуулал авч иргэдэд ташаа мэдээлэл өгөөд байхаар хууль яаж ч хэрэгжих билээ. Ямар сайндаа мэдээлэл муутай иргэд энэ хуулийг батлагдсан даруйд нь эсэргүүцэж “Хүүхдэдээ нэмэлт тэжээл өгөхгүй харангадуулах болж байна уу”, “Амьдралд нийцэхгүй хууль боллоо” хэмээн эсэргүүцэж байсан.

Хятадад хүүхдийг эхээс төрөнгүүт нь усаар угждаг гэх юм билээ. Эхийн сүү дөнгөж төрсөн хүүхдэд хурцдана гэж үздэг юм уу даа. Харин монголчууд хүүхдээ төрөнгүүт эх нь ангир уургаа амлуулж, дүү нь гараагүй бол гурав, дөрөв, таван нас хүртэл нь хөхүүлдэг. Орчин үед уламжлал алдагдаж, залуу ээжүүд хөхний хэлбэр алдагдана, ажлын байраа алдахгүй, хүүхдийн сүүн тэжээл илүү их таргалуулна, эхийн сүүнээс дээр гэх ташаа ойлголтоосоо болж хүүхдээ хөхнөөс нь гаргах нь элбэгшжээ.

Уг нь дэлхий нийт Монголыг хөдөө аж ахуйн орон, монгол эх хүүхдээ сүүгээрээ хооллодог, монголчууд хаана ч явсан хүүхдээ хөхөөрөө хооллож болдог, дарга удирдлага нь хориг тавьдаггүй гэж өндрөөр үнэлдэг гэсэн. Тэр ч бүү хэл төрөөд удаагүй франц, америк эмэгтэйчүүд Монголд ирж хүүхдээ өсгөсөн тухай мэдээлэл бий. Өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны эрдэмтэд судалгаа хийсний үндсэн дээр ямар ч “ид шид”-тэй сүүн бүтээгдэхүүн байгаад эхийн сүүг орлох боломжгүй хэмээн нотолчихсон.

Тийм ч учраас эхийн сүүгээр хүүхдээ хооллохыг дэмжиж уг хуулийг баталсан гэж ойлгож байгаа. Даанч компаниудтай үгссэн эмч нар уг хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа бололтой. Сайд, дарга нь холбогдох дүрэм журмаа батлаагүй нь тэдэнд залуу ээжүүдийн толгойг эргүүлэх боломж олгожээ. Мэргэжлийн хяналт тавих ёстой байгууллага нь ч заавар, журам байхгүй хэмээн хянаж шалгахгүй хойш суугаа нь хууль хэрэгжихгүй байх бас нэг шалтгаан болж буй.

Энэ хэрээрээ иргэд мэдээлэлгүй, харанхуй хэвээр байсаар. Нэмэлт бүтээгдэхүүн сайн гэж ярихаас бус чихэр ихтэй, харшилтай болгох эрсдэл 100 хувь гэх мэдээллийн талаар ээжүүд бараг ойлголтгүй шахам. Уг нь цахим орчны мэдээллийн урсгалаас зөвийг шүүрдэж, бурууг нь үлдээхэд эрүүл мэндийн төлөө тангараг өгсөн эмч, мэргэжилтнүүдийн үүрэг их баймаар. Дэлхий нийтээрээ сүүн сүүн тэжээлээс татгалзаж эхлээд байхад бидний энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ ихсэж байгаа нь нөгөө моод Монголоор дуусна гэдгийг баталж байх шиг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай