С.Амарсайхан: Захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгууллаа

С.Амарсайхан: Захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгууллаа

Авто замын хөдөлгөөний ачаалал, хөрсний бохирдол зэрэг Улаанбаатарт тулгамдаж буй гол бэрхшээл томоохон зах, худалдааны төвүүдээс үүдэлтэй. Техникийн захуудыг хотын төвөөс гаргах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн ч үр дүнд хүрээгүй.

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр захуудыг хотоос гаргах талаар мэдэгдэв. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон захуудыг үе шаттай нүүлгэнэ гэж та мэдэгдлээ. Тодруулахгүй юу?

-Иргэдэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажил бол энэ. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, төвлөрөл жилээс жилд нэмэгдэж байна.

Тиймээс барилгын материалын захыг нэн тэргүүнд, дараагаар нь техникийн болон модны захыг үе шаттай нүүлгэх шийдэлд хүрсэн.

-Энэ санал хаанаас гарсан юм бэ?

-Уг ажлыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэвч дорвитой арга хэмжээ авч чадаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тиймээс нийслэлийн ИТХ болон миний бие ийм санал гаргаж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийг өнөөдөр (өчигдөр) байгууллаа.

Ажлын хэсэг I улиралд захуудыг нүүлгэх төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийж шийдвэр гаргана. Түүний дараа нүүлгэх ажлыг эхлүүлнэ.

-Захуудын шинэ байршлын дэд бүтцийг яаж шийдэх юм бэ. Хотод тийм хэмжээний хөрөнгө байгаа юм уу.

2014 онд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гаргасан ч ажил нь одоо болтол эхэлсэнгүй.

-Ажлын хэсэг үүнийг судална. Захуудыг нүүлгэх боломж хотод бий. Ер нь бүх зүйлийг мөнгөтэй холбож, бүтэхгүй гэж үзэж болохгүй. Хот өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зарим асуудлыг шийдэж чадна шүү дээ. Ингэхдээ иргэдийнхээ саналыг сонсож, аж ахуйн нэгж байгууллагуудаа хохироохгүй байдлаар шийдэхийг зорьж байна.

Налайхад байгуулах паркийн бодлогын баримт бичиг болон сонгон шалгаруулалтын журмыг Нийслэлийн ИТХ удахгүй хэлэлцэнэ. Дараагаар нь Засгийн газарт хандаж, нэгдсэн шийдэлд хүрэх юм.

-Захуудыг нүүлгэх ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Бид аль болох ойрын хугацаанд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хохиролгүй байдлаар шийднэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай