ФОТО: “Утаагүй Улаанбаатар” форум боллоо

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гарц шийдлийг тодорхойлох,  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдөр “Bloomberg TV Mongolia” телевизээс “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулав.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхий нийтийн хүлцэх хэмжээнээс даруй 5-10 дахин их байна. ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. Харин Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт зарим тохиолдолд 2000-5000 хооронд хэлбэлзэж байна. Агаарын бохирдлоос салах боломж нь гэр хорооллыг орон сууцжуулах. Тиймээс ч өнөөдрийн форум “Орон сууц-Цэвэр агаар”, “Орон сууц-Зах зээл”, “Орон сууц-Тогтвортой санхүүжилт” гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд болж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар Нийслэлийн хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын эмгэгээр өвдөж, өдөр бүр нэг хүүхэд нас барж байна. Үүн дээр насанд хүрсэн хүмүүсийн өвчлөлийн тоог нэмбэл сэтгэл сэрдхийлгэм их тоо гарахыг “Bloomberg TV Mongolia” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Долгион форумын нээлтийн үеэр дурьдлаа. Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулах ажил ойлголтын зөрүүнээс болоод огт хэрэгжихгүй байна. Нэгдүгээрт, шийдвэр гаргагчдын амьдардаг хэсэг буюу хотын урд хэсэгт агаарын бохирдол харьцангуй бага тул тэд “Болно доо” гэсэн бодолтой байгаа. Хоёрдугаарт, төр агаарын бохирдолтой тэмцэх бодлого гаргаад, түүнийгээ өөрөө хэрэгжүүлэхээр зүтгэж, хувийн хэвшлийнхнийг түлхсэн. Барилгын салбарын хувийн хэвшлийн байгууллагууд агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн тэрбээр төр хоосон амлалт, халамжийн бодлогоо зогсоож, түүнээс хэмнэсэн хөрөнгөөр гэр хорооллын эмзэг бүлгийг орон сууцанд оруулах зэргээр Монголын нийгэмд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц өөрчлөлт хийхийг зөвлөв.

2017 оны 3 дугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан. Сангийн яамны зүгээс энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг улсын төсөв, Хөгжлийн санхүүжилт зэрэг эх үүсвэрт байрлуулах үүрэг хүлээж байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа форумын үеэр онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотын хүн амын 46 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд байна.

Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хороолол үүсгэж байгаа. Тиймээс үндэсний хөтөлбөрийн салшгүй хэсэг нь Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр юм. Энэ хүрээнд БНХАУ-ын хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжийг дэд бүтцийн хөгжилд зарцуулах болсон. Хэрэв бид дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал барилгын компаниуд бүтээн байгуулалт өрнүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ их байна. Зээлийн урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж чадахгүй иргэд түрээсийн байранд орох, улмаар түүнийгээ өмчлөх хүсэлтэй байдаг. Тиймээс бид ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах, түрээсийн орон сууцыг өмчлүүлэх чиглэлээр судалгаа явуулж байна” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай