Насанд хүрээгүй ээжүүдийн нулимсны цаана

Үс нь сэгсийж, нүд нь бүлцийсэн хөөрхий охин хүүхдээ амлуулах гэж учраа олохгүй сандарч, эмч, сувилагчдад зэмлүүлэх нь өрөвдөлтэй санагдсан. Тэр охин 19 настай ч хоёр дахиа төрж байгаа юм билээ” гэж саяхан амаржсан танил эгч минь ярив. Хичээлээ хийж, үерхэж, нөхөрлөх насандаа хүүхэд төрүүлж, ээж болсон охид жилээс жилд нэмэгдсээр байна. Манай улсын хүн амын 64.6 хувь нь 35 хүртэлх насны залуус.

Гэтэл бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн 43.4 хувь нь 15-24 насныхан, 15-19 насны охидын 3.3 хувь нь хүүхэд төрүүлжээ. Энэ нь хувь хүний бус, нийтийн асуудал болсныг бэлхнээ харуулна. Дэлхий нийтээр 10-19 насныхныг өсвөр үе гэж үздэг. Ургаж гүйцээгүй цэцэг шиг насандаа “галаар тоглосны” горыг охид илүү амсаж, эцэст нь эцэггүй хүүхэд тэврээд үлдэж буй жишээ цөөнгүй.

“Жирэмсэн, хүүхэд төрүүлсэн, жирэмсний 12 долоо хоногтойгоос дээш хугацаанд үр зулбасан, эсвэл үр хөндүүлсэн, хүүхдээ төрүүлсэн ч эндсэн, бусдад үрчлүүлсэн 19 хүртэлх насны эмэгтэйг өсвөр насны ээж гэнэ” хэмээн ДЭМБ тодорхойлжээ. Өсвөр насны ээжийн тоогоороо манай улс Ази, Номхон далайн бусад орноос давсан байх юм. “Сүүлийн арван жилийн хугацаанд залуу ээжүүдийн төрөлтийн тоо 2600-4200 байсан. Харин 2012 онд хамгийн өндөр буюу 4198 тохиолдол бүртгэгдсэн бол 2016 он сүүлийн 10 жилийн хугацаанд тохиосон охидын төрөлт өндөртэй хоёр дахь жил нь байсан гэж “Гүнж” төвийн зөвлөх Ч.Ундрах хэлэв. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, сурч мэдэхээр тэмүүлэх насандаа хүүхэд тэврээд суух нь хэтэрхий хайран санагдана. 20 настай, хоёр хүүхэдтэй нэгэн бүсгүйг би мэдэх юм. Түүний том охин дөрвөн настай гэхээр 16-тайдаа анхны хүүхдээ төрүүлжээ.

Онц сурдаг, цовоо цолгиун түүнийг ерөнхий боловсролын сургуулиа төгсөөгүй байхдаа том гэдэстэй явааг хараад гайхах, хэнээс ч юм харамлах сэтгэл төрснийг нуух юун. Тэрбээр одоо хүүхдийн мөнгө, ханиад томуухан ярихаас хэтрэхгүй, гэртээ сууж байна. Түүн шиг олон охин “хар нялхаараа” ээж болж, эцэг, эхээрээ тэжээлгэж буй. Гэхдээ тэдний 70 орчим хувь нь хүсээгүй үедээ жирэмсэлснийг анхаарах хэрэгтэйг охидын төлөө дуугардаг “Гүнж” төвийнхөн хэлэв. Тэдний 5-7 хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч гэнэ. Тиймээс олонх нь хүүхдээ төрүүлэхийг хүсдэггүй. Төрүүллээ гэхэд бусдад үрчлүүлэх хүсэлтэй байдаг аж. Харин мах цусны тасархайгаа хараад охидын сэтгэл уярч, төрүүлсэн үрээ хаяж үл түвдэн, үрчлүүлэхээс татгалзах тохиолдол олон байдгийг дээрх төвийн ажилтан Б.Гэрэлтуяа өгүүллээ.

Тэрбээр “Охид эрүүл мэндийн боловсрол олох насандаа бодит мэдээлэл авч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар бүрэн мэдлэг олгодоггүй. Энэ тухай зөв ойлголтгүйн улмаас өсвөр насны охид, хөвгүүд алдаж байна. Анх удаа болон сарын тэмдэг ирсэн үедээ бэлгийн харьцаанд орвол жирэмсэн болдоггүй зэрэг ташаа мэдээлэлд итгэдэг. Мөн бэлгийн хүчирхийллийн улмаас хүсээгүй хүүхдээ тээсэн охид манай төвд хандаж байна. Мянган эрвээхэйн дэвэлт шуурга босгох хүчтэй гэдэг. Бид охидоо багаас нь хөвгүүд шигээ хүчирхэг, өөртэй итгэлтэй болгож хүмүүжүүлэх байтал сул дорой, эмзэг турьхан байхад уриалдаг. Хар багаасаа хүүхэд гаргалаа гэж адалдагаас биш жирэмсэн болгосон эрчүүдийг буруутгадаггүй” гэж ярив. Тус төвийнхөн 2014 онд Дорнод, 2016 онд Өмнөговь аймагт “Залуучуудын манлайлал” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлжээ. Нэг аймгийн төвөөс өсвөр насандаа ээж болсон 15 эмэгтэй олоход асуудал ер гараагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм насандаа төрсөн ээжүүд захаасаа аван таарчээ.

...Бие махбодь нь бүрэн гүйцэд төлжөөгүй, хүүхдээ тэжээх орлогогүй, хариуцлага хүлээх чадваргүй үедээ хүүхэд төрүүлэхэд асуудал гарах нь ойлгомжтой. Манай клиникээр өнгөрсөн онд үйлчлүүлсэн охидын 74 нь бие давхар байсан. Тэдний 19 нь хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлжээ. Өсвөр насныхан нөхөн үржихүй, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил зэрэг маш олон асуудалтай тулгардаг. Ийм эмзэг насанд нь эцэг, эхчүүд нээлттэй харилцаж, туслах хэрэгтэй. Жирэмслэхээс сэргийлэх олон арга бий. Нөхөн үржихүйн буюу 15-45 насны бүх хүн тэдгээрээс өөрт тохирохыг нь сонгох боломжтой...

Манай улс хуулиараа 18 нас хүрсэн хүнийг  гэр бүл болохыг зөвшөөрдөг. Гэвч энэ насандаа хүн бүрэн хариуцлага хүлээх чадваргүй, гэр бүлээ тэжээх орлогогүй байдаг. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын олонх нь хүүхдээ ганцаараа өсгөдөг гэх судалгаа бий. 18 настай залуу хариуцлага хүлээх чадваргүй байхад үүнээс бага насандаа аав болсон хөвгүүд айж хулчийсныг буруутгахад хэцүү. Эцэст нь охид л хохирдог. Тэдний зарим нь жирэмсэн болсноо мэддэггүй, мэдсэн нь эцэг, эхээсээ нууж явсаар хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. 2016 онд 3839 залуу ээж амаржсан нь өмнө оныхоос 244 тохиолдлоор өсчээ.

Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош насныхан байдаг гэсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан уг тооноос өөр мэдээлэл алга. Хүчирхийлэлд өртөж, жирэмсэн болсон охидыг үр битгий хөндүүл гэж хэлэх эрх хэнд ч үгүй. Өнгөрсөн онд “Гүнж” төвд төрсөн болон хойт эцэгтээ, мөн таксины жолоочид хүчирхийлүүлсэн гурван охин ханджээ. Төрсөн охиноо хүчирхийлж, хүүхэдтэй болгоно гэдэг хүний ёсонд баймгүй. Гэтэл ийм тохиолдол гарсаар, охид золиослогдсоор байгаа нь гашуун үнэн.

Бид өсвөр насны хүүхдээ “Дүүгээ хараарай”, “Гэрээ цэвэрлээрэй” гэж гар, хөлийн үзүүрт зарахаас сэтгэл дотор нь юу болж буйг өнгийж хардаг бил үү. Өсвөр насныхны олонх нь эцэг, эхтэйгээ дотно харилцаж, ялангуяа нөхөн үржихүйн талаар нээлттэй ярилцаж чаддаггүй байна. Угтаа эцэг, эхчүүд л нөхөн үржихүйн талаар эхэлж ам нээж, үерхэл нөхөрлөл, хайр дурлалынх нь тухайд түрүүлж алхам хийх хэрэгтэйг сэтгэлзүйч хэлнэ лээ. ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг “Эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол олгох хичээл хамгийн чухал. Үүний дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай ярих хэрэгтэй.

Нөхөн үржихүйн талаар хүүхдийнхээ нас насанд нь тохирсон мэдээлэл өгөх ёстой. ДЭМБ 20 хүртэлх насны охидын жирэмслэлтийг бууруулах зорилт тавиад ажиллаж байна. Бие махбодь нь бүрэн хөгжиж, нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсны дараа л гэр бүлээ төлөвлөж, хүүхэд төрүүлэх нь зөв. Энэ нь тухайн эмэгтэй болон хүүхдэд сайнаар нөлөөлдөг. Гэтэл бие махбодь нь бүрэн гүйцэд төлжөөгүй, хүүхдээ тэжээх орлогогүй, хариуцлага хүлээх чадваргүй үедээ хүүхэд төрүүлэхэд асуудал гарах нь ойлгомжтой. Манай клиникээр өнгөрсөн онд үйлчлүүлсэн охидын 74 нь бие давхар байсан. Тэдний 19 нь хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлжээ.

Өсвөр насныхан нөхөн үржихүй, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил зэрэг маш олон асуудалтай тулгардаг. Ийм эмзэг насанд нь эцэг, эхчүүд нээлттэй харилцаж, туслах хэрэгтэй. Жирэмслэхээс сэргийлэх олон арга бий. Нөхөн үржихүйн буюу 15-45 насны бүх хүн тэдгээрээс өөрт тохирохыг нь сонгох боломжтой” гэв. Харамсалтай нь, өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээс жирэмслэхээсээ өмнө хамгаалах хэрэгсэл хэрэглэж байсан, эсэхийг асуухад 70 орчим хувь нь огт хэрэглэж байгаагүй гэж хариулжээ. Мөн 70 орчим хувь нь урьдчилж төлөвлөөгүй хүүхдээ төрүүлсэн нь нөхөн үржихүйн ойлголт, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг огт байхгүйг харуулж буй юм.

“Насанд хүрээгүй учраас жирэмсэн болсноо ээж, аавдаа хэлэхээс, өөр хүмүүс мэдэх вий гэхээс айж байлаа. Харин намайг хэлээгүй байхад л жирэмсэн болсныг ээж анзаарсан. Савны амсар нээгдэхгүй байсан учраас хийсвэр хагалгаагаар төрсөн. Одоо хайртай хүнтэйгээ хамт амьдардаг болохоор эрт хүүхэд гаргасандаа харамсдаггүй. Охиныг минь аав, ээж хардаг учраас сургууль завсардаагүй” гэж өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох Г ярьсан юм. Түүн шиг үерхэл нөхөрлөлөө хайр болгон, амьдрал бүтээж яваа залуус цөөнгүй.

Гэвч өсвөр насныхны олонх нь хүсээгүй үедээ жирэмсэлж, эсвэл хүчирхийлүүлснээс хүүхэдтэй болж буйд л гол асуудал байна. Дэлхий нийтээр өсвөр насныхны төрөлтийг бууруулахад анхаарч байхад манай улс юу хийж байна вэ. Өсвөр насандаа өрх толгойлсон эхчүүдийн тоог нэмэхгүй, охидыг “хүүхдээрээ” байх мэдлэг мэдээлэлтэй болгоход Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, БСШУС-ын сайд болон харьяа байгууллагууд нь анхаарах цаг хэдийнэ болсныг тоо баримт харуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай