Харвахаас айгаагүй од

Харвахаас айгаагүй од

Францын түүхэн баатар Жанна д’Аркийн дүрийг дэлгэцэнд амьдруулсан түүнийг дэлхий даяараа шүтэн биширч, үлгэрлэн дуурайж байсан бол Роберто Россилинийг хайрласных нь төлөө Христос шиг цовдлох нь холгүй байсан билээ. Тэрбээр гэгээрсэн нэгэн ч биш, нүгэлтэн ч биш байлаа. Харин хайр дурлалаа хайсан жирийн нэгэн эмэгтэй байв. Түүнийг Ингрид Бергман гэх бөлгөө.

Аз жаргал, хайр дурлалаа хайсан эмэгтэй байхын зэрэгцээ Ингрид тайз дэлгэцийн домог болсон гайхалтай жүжигчин байсан юм. Тэрбээр өөрийн амьдралыг театр, киногүйгээр төсөөлдөггүй байсан аж. Ингрид хэзээ ч дүр голдоггүй байсан гэдэг. Бүр хамгийн муу гэгдэх гуравдугаар зэргийн кинонд ч тоглосон байдаг. Хамгийн хачирхалтай нь, тэдгээр кино Ингрид Бергманы ачаар судлаач, шүүмжлэгчдээс тийм ч муу үнэлгээ авдаггүй байжээ. Харин сайн киног Ингрид жинхэнэ урлагийн гайхамшиг болгодог байсан. Тэрбээр маш олон кино, жүжигт тоглож, долоон удаа “Оскар”-т нэр дэвшиж, гурван удаа хүртсэн дэлхийн кино урлагийн алтан үеийн төлөөлөгч билээ.

Тэрбээр 1915 онд Стокгольм хотод төржээ. Эцэг, эх нь охиндоо гүнж Ингридийн нэрийг хайрласан аж. Ирээдүйн жүжигчин тэрбээр 12 настайдаа бүтэн өнчин хоцорч нагац эгчийнхээ асрамжид очсон. Харамсалтай нь, гурван жилийн дараа нагац эгч нь түүнийг орхин тэнгэрт хальснаар орь ганцаараа үлджээ. Жүжигчин болох туйлын их хүсэл мөрөөдөл өнчирч ганцаардсан охины ганц хань болсон гэдэг.

Ингрид 11 настай байхдаа аавыгаа даган Хааны театрт жүжиг үзсэнээр урлаг хэмээх гайхамшигт ертөнцтэй танилцаж үүнтэй л амьдралаа холбоно гэдгээ ухаарсан гэдэг. Түүний эцэг Стокгольмд кино зургийн аппараттай цөөн хүний нэг байсан бөгөөд ганц охиныхоо дүрсийг янз бүрээр авдаг байж. Ийнхүү Ингридийг жүжигчин болох замд хөтөлсөн хэрэг.

1932 онд Ингрид Бергман Хааны нэрэмжит театрын сургуульд элсчээ. Европтоо нэр хүндтэй тус сургуулийг Ингрид хаях болсон шалтгаан нь кино байлаа. Э.Адольфсоны “Мункбругээс ирсэн гүнтэн” кинонд бүтээсэн дүр нь шүүмжлэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авснаар Ингрид дээрх алхмыг хийжээ. Швед болон Германы арваад кинонд тоглосныхоо дараа Ингрид Холливудаас “Интермеццо” кинонд тоглох урилга авсан нь дэлхийн хэмжээний алдарт хүрэх замыг нээсэн байна.

Энэ үед Ингрид тохитой томоотой, эмч мэргэжилтэй Питер Линдстром хэмээх эртэй гэрлээд бараг арван жил болж байв. Тэд Пиа нэртэй, өхөөрдөм охинтой, амар тайван жинхэнэ скандинав уур амьсгалтай гэр бүл байжээ. Ингрид бүх л зүйл дээр Питерийн үгийг дагадаг байв. Хэрэв Питер түүнийг ятгаагүй бол Ингрид хэзээ ч Холливудыг зорихгүй байсан гэдэг.

Холливуд түүнийг олон удаа урьсан байдаг. “Интермеццо” кинонд урихад Питер “Долоо хоногт 2500 ам.долларын цалин авна гэдэг хүн болгонд олдохгүй боломж. Холливудын кинонд тоглосноор Ингридийн нэр алдар дэлхий даяар түгнэ” гэж тооцоолон эхнэрээ ятгаж чадсан байна. Үүнээс хойш Питер Линдстром эхнэрийнхээ менежер болсон юм.

1945 онд гэхэд Ингрид Бергман “Оскар”-ын эзэн болчихсон, дэлхийн алтан сан хөмрөгт орох алдарт бүтээлүүдэд дүр бүтээчихсэн, Холливудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчин болсон байв.

“Хүндэт ноён Росселини.

Таны шинэ уран бүтээл “Нээлттэй хот” кино надад маш сайхан сэтгэгдэл төрүүллээ. Хэрэв танд сайн англи хэлтэй, герман хэлийг мартаагүй, францаар ойлгомжгүй ярьдаг, мөн италиар “Би чамд хайртай” гэхээс өөр зүйл мэдэхгүй швед жүжигчин хэрэгтэй бол би тантай хамтарч ажиллахад бэлэн байна.

Хүндэтгэн ёсолсон Ингрид Бергман”

Энэхүү захидал өнгөрсөн зууны Холливудын хамгийн хэл ам дагуулсан дурлалын түүхийн эхлэлийг тавьсан юм. Ингрид энэ захидлаа 1947 онд бичсэн гэдэг. Кино урлагийн хөгжлийг нэг шатаар ахиулсан неореализмын урсгалыг үндэслэгч Роберто Росселини тухайн үед Европын хамгийн алдартай найруулагчдын нэг байжээ.

Түүний “Нээлттэй хот” кинонд фашист үзэлтэй Ингрид, бэлгийн цөөнх лесби Бергман хэмээх хоёр эсрэг дүр гардаг. Харин үзэсгэлэнтэй, авьяаслаг швед жүжигчин Ингридээс дээрх захидлыг аваад Росселини нэлээд балмагдсан гэдэг. Тэгээд сандарсандаа жүжигчин бүсгүйд тэр даруй “Тантай хамтарч ажиллахыг би эртнээс хүсэн мөрөөдөж байсан” гэсэн утгатай хариу захидал илгээжээ.

Дээр дурдсан захидлаас үүдэн алдарт хоёр уран бүтээлч хамтарч хийх киноныхоо зохиолын талаар ярилцахаар Парист болзжээ. Росселинийн хувьд ямар кино хийхээ ч тодорхойлоогүй байлаа. Ер нь тэрбээр онгод орсон үедээ л уран бүтээл туурвидаг нэгэн байв. Онгод нь орж ирэхгүй бол хэдэн хоногоор ч хамаагүй зургийн талбайгаа орхин хаашаа ч юм алга болчихдог байсан гэдэг. Тэр өдөр Росселинийн өмнө нэрийг нь ашиглан шинэ уран бүтээлийн мөнгө олж болох Холливудын од л сууж байжээ. Гэхдээ тэр од Росселинид их таалагдаж байв. Тэр үед Ингридийн хувийн амьдрал урьдынх шигээ тийм ч тунгалаг биш болсон байлаа.

Питер Линдстром сайн менежер, сайн нөхөр, сайн эцэг байсан аж. Мэдээж тэрбээр дээрх уулзалтад менежерийн хувьд байлцан зөвлөгөө өгчээ. Харин Ингрид зогсоо зайгүй тамхи татан, Росселинийн яриаг яг л үлгэр сонсож буй хүүхэд шиг чагнан суужээ. Жүжигчний хувьд тэрбээр дотроо “Ингэж аврагдах гэж” хэмээн баярлан бодож байсан бол үнэн хэрэгтээ энэ учрал түүний төгсгөлийн эхлэл байсан юм. Энэ өдөр Ингрид 33 нас хүрсэн аж.

Хайр бидэнд хэлж ирдэггүйтэй адил хэлэлгүй орхин оддог нь гунигтай. Ингридэд элбэг дэлбэг хангалуун амьдрал биш, хайр дурлал хэрэгтэй байжээ. Хамгийн ойр дотнын хүнтэйгээ ашиг мөнгөний тухай биш, сэтгэлийн үгээ ярилцахыг хүсэж байв. Ингридэд тооцооны хуудас биш, баглаа цэцэг дутагдаж байв. Роберто Росселини Ингридийн энэ амьдралыг орвонгоор нь эргүүлж орхисон юм.

Хундагатай улаан дарснаас их л донжтой шимэн суух Ингридийг хараад Росселини ширээний голд байх ваартай сарнайнаас сугалж аваад “Кино хийнэ, хийхгүй, хийнэ, хийхгүй” гэж давтан, дэлбээг нь нэг нэгээр тасдаж гарчээ. “Таны кинонд тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг болно” гэж Ингридийг хэлэнгүүт Питер Линдстром эхнэрийнхээ зүг муухай харц чулууджээ.

Тэр харц “Нөхцөлөө яриагүй байхад ийм үг унагаж болохгүй” гэсэн зэмлэлийг өгүүлсэн харц байжээ. Питер Линдстром Роберто Росселини хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байлаа. Нэг нь “гөлгөр”, зөв швед хүн бол нөгөөх нь оньсого мэт таашгүй итали эр байв. Питер тохьтой томоотой өрхийн тэргүүн бол Роберто хэдэн хүүхэд, хэдэн нууц амрагтайгаа ч мэддэггүй байсан гэдэг. Росселинийн найзуудынх нь ярьснаар бол тэр жил Роберто авааль эхнэрээсээ гадна дөрвөн нууц амрагтай байжээ.

Инрид Ром хот руу хоёр солих даашинз, хэдэн дотуур хувцас аваад явсан гэдэг. Түүнийг ээлжит зураг авалтдаа явахдаа хуучин амьдралаа орхин одож буйг хэн ч мэдээгүй, өөрөө ч гадарлаагүй. Италичуудын зочломтгой зан, тэвэр дүүрэн цэцэгтэй шүтэн бишрэгчид, магтаалын үгс урсгах Феллини, Антониони нарын агуу найруулагч, дурлалын харцаар ширтэх Роберто гээд гайхамшигтай өдрүүдийн дараа Ингрид Питер Линдстром руу эргэж очихгүйгээ ойлгожээ.

Дээрээс нь “Look” сэтгүүлд эртний Альберто цамхагийн өмнө толгойгоо нийлүүлээд гар гараасаа барин зогсох Ингрид, Роберто хоёрын зураг нийтлэгдэн гарчээ. Америкчууд Ингридийг бараг л гэгээнтэн шиг шүтэх нь холгүй байсан бол тэр өдрөөс эхлэн завхай зайдан, нүгэлтэй эм гэгдэх болжээ. Холливудын амьдралын хэв маягийг өөрчилсөн, ард түмэн мэргэжил нэгт нөхдөдөө үлгэр дуурайл болсон гэр бүлийг тэрбээр яаж эвдэж чадаж байна гэж алдарт жүжигчнийг хараан зүхэх болжээ. Тэр үед Ингридэд нэр төрөө авч үлдэх боломж байсан юм. Тэрбээр ердөө л Россилинийг орхин, эргээд гэр бүлдээ ирэхэд л хангалттай байв. Гэвч Ингрид хайр дурлалаа золиослохыг хүсээгүй аж.

“Намайг хаявал би үхнэ, өөрийгөө буудна гэж Роберто олон удаа хэлсэн. Тэрбээр машинтайгаа том мод мөргөж үхнэ гэдэг байлаа. Тэр модоо хүртэл надад харуулж байсан. Ингээд Мессинд Питерийг ирэхэд Роберто намайг нөхрөө дагаад явчихна, эсвэл Питер намайг хүчээр аваад явж магадгүй гэж хардаж байв. Питер бид хоёрын байсан зочид буудал гурван гарцтай байсан агаад Росселини хаалга болгон дээр нь найзуудаа зогсоогоод, өөрөө машинтайгаа тэр хавиар тойрч гарсан юм. Биднийг зочид буудлаас гарангуут л хойноос хөөхөд бэлэн байгаа нь тэр. Би зочид буудлын өрөөний цонхны хажууд суугаад 30 секунд тутамд Роберто нэг тойрог хийж байгааг харж байлаа. Питер юм яриад л, би цонхоор хараад л, Роберто тойроод л... Питер үүр цайтал ярьсан. Энэ хугацаанд Роберто нэг ч удаа зогсоогүй. Үнэхээр аймшигтай байсан” гэж Ингрид дурссан байдаг.

Ингээд Америк, дараа нь Швед, тэгээд Европ тэр чигээрээ Ингридээс татгалзжээ. Нүгэлтэй нэгэнд өөдлөх боломж үргэлж байдаг бол, өчигдөрхөн гэгээнтэн хэмээн шүтэн бишрүүлж байсан Ингридэд зөвхөн уруудах л зам үлдсэн гэдгийг бүсгүй өөрөө ойлгож байв. Тэрбээр энэ замаараа эцсийг нь хүртэл явсан агаад шийдвэртээ хэзээ ч харамсаж байгаагүй гэдэг. Питер Ингридийг үзэн ядах болсон агаад хуучин эхнэрээ охин Пиатай нь уулзахыг хориглосон байна. Эх, охин хоёр найман жилийн дараа л уулзсан аж.

Шведийн нэг сонинд Ингридийг “Улсын далбаан дахь толбо” гэж нэрлэсэн бол Лос-Анжелес хотын нэгэн том сүмийн хамба түүнийг “Бохир заваан, садар самуун мөртэй” гэж радиогоор доромжилсон байдаг. Америк, Европын студиудийн хаалга Росселини, Бергман хоёрын өмнө хаалттай болжээ. Энэ бол олон улсын аймшигтай хавчлага байлаа. “Жанна д’Арк чөтгөр, шулам гэж адлагдан түүдэг дээр шатаагдсан. Гэхдээ тэр галд цаг л шатсан. Харин намайг хэдэн жилээр шатааж байна. Цаашид энэ бүхэн хэдий хугацаанд үргэлжлэхийг бурхан л мэдэх байх. Би зөв юм хийсэн үү. Тийм ээ зөв. Гэхдээ бурхам минь, би Пиагаа л их өрөвдөж байна” гэж Ингрид ойр дотнынхондоо ярьж байжээ.

Цаг хугацаа бүгдийг мартуулж эдгээдэг хойно яваандаа энэ аймшигтай хэл ам намжжээ. Ингрид, Росселини нар гурван хүүхэдтэй болж амьдрал үргэлжилсээр байв. Ингрид Росселинийн таван кинонд тоглосон байдаг. Тэр бүсгүйг дэлхийн кино урлагийн акул болох Феллини, Висконти нар кинондоо тоглуулахаар олон удаа гуйсан ч хартай Росселини эхнэрээ зөвхөн өөрийн кинонд тоглох ёстой гэсэн дүрэм гаргажээ. АНУ Ингрид Бергманд тус улсад нэвтрэх эрхийг нь сэргээсэн ч Росселини түүнийг явуулах дургүй байлаа. Тэрбээр Ингридийг охинтой нь уулзахын, бас бусад найруулагчийн кинонд тоглохын эсрэг байв.

Ингрид үүнийг нь хүлцэнгүй дагаж байсан авч эцэст нь тэвчээр нь барагджээ. “ХХ зуун Фокс” кино компани Ингридэд “Анастасия” кинонд тоглох санал тавихад бүсгүй нөхрийнхөө эсэргүүцлийг үл харгалзан зөвшөөрчээ. Түүнийг тус компанитай хийсэн гэрээн дээр гарын үсэг зурахад Росселини эхнэртээ “Урвагч” гэж хэлчихээд хаалга саван оджээ. Гэсэн ч Ингрид шийдвэрээ өөрчлөөгүй. Хэдэн цагийн дараа Роберто эргэж ирж “Хэрэв чи энэ кинонд тогловол би амиа хорлоно” гэж сүрдүүлэхэд Ингрид юу ч сонсоогүй юм шиг цайгаа уусан гэдэг. Тэрбээр Росселинийг амиа хорлож чадахгүй гэдгийг мэддэг болсон байлаа.

“Анастасия” кино Росселинийн зүхсэнээр бүтэлгүйтсэнгүй, харин ч амжилтад хүрчээ. Эл кинонд бүтээсэн дүрээрээ Ингрид Бергман хоёр дахь “Оскар”-аа хүртсэн билээ. Ингридийг хүмүүс эргээд шүтэн бишрэхэд бэлэн байлаа. Урилга, санал ар араасаа цуврах болов. Парисын тайзнаа найруулагч Роберт Андерсоны “Цай ба шохоорхол” жүжигт тоглосноороо Ингрид жинхэнэ ялалт байгуулжээ. Харин Росселлини эхнэрийнхээ ялалтад бухимдаж байлаа. Ингрид тэгэхэд анх удаа нөхрийнхөө арчаагүй өрөвдөлтэй талыг олж харсан гэдэг.

1957 онд Россселини “Энэтхэг орон” нэртэй баримтат киногоо бүтээж байх явцдаа Сонали Гупта гэдэг энэтхэг бүсгүйтэй дотно харилцаанд орсноор Холливудад ч, Энэтхэгт ч бөөн шуугиан тарьжээ. Сонали Гупта Росселиниэс хоёр дахин залуу агаад түүнээс хүү төрүүлсэн байдаг. Тухайн ондоо Ингрид Росселини хоёр салсан аж. Энэ явдал Ингридийн зүрх сэтгэлийг тэгтлээ шархлуулаагүй. Учир нь тэрбээр Росселинид хайргүй болсон байлаа.

1958 онд Ингрид гурав дахь удаагаа гэрлэжээ. Швед продюсер Ларс Шмидтэй тэрбээр 17 жил ханилсны эцэст мөн л нөхөр нь араар тавьсан учир гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ удаагийн салалт ямар нэгэн хэл ам, шуугиан дагуулаагүй байна. “Намайг юуны түрүүнд жүжигчин гэдгийг миний гурван нөхөр мэдэж байсан. Тэд надтай гэрлэснээр их эрсдэлд орсон” гэж жүжигчин эмэгтэй ярьсан байдаг.

1974 онд Ингрид Бергман гурав дахь удаагаа “Оскар”-ын эзэн болсон аж. Энэ удаагийн ялалт зөвхөн жүжигчний төдийгүй хувь хүний хувьд ямар хүчтэй эмэгтэй гэдгээ нотолсон ялалт байлаа. Үүнээс жилийн өмнө эмч нар Ингридийг хөхний хорт хавдартай хэмээн оношилсон аж. Ийм онош сонсоод тэрбээр тун тайван “Бүх төлөвлөгөөгөө урагшлуулахаас” гэсэн байдаг. Ингэж тэрбээр олон зүйл амжуулахаар илүү улайран ажиллах болжээ. Ингрид Бергман 1982 онд 67 насандаа төрсөн өдрөөрөө тэнгэрт хальжээ. Тэрбээр бүхнийг ялан дийлсэн юм. Аймшигт өвчин, урвалт, хавчлагыг ч ялсан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай