Үхэлд балгуулж буйгаа зарлах л үлдлээ

Үхэлд балгуулж буйгаа зарлах л үлдлээ

Сэтгэцийн өвчтэй хүн нийгэм, орчин тойрондоо маш урхагтай, аюултайг илтгэсэн аймшигтай жишээ олон. Түүхэнд муугаараа алдаршсан цуврал алуурчид ихэвчлэн сэтгэцийн өөрчлөлттэй, хүмүүсийн ярьдгаар галзуу байсан гэдгийг шинжээчид баталсан байдаг. Тийм өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах нь ч бий. Тэгвэл гашуун усанд толгойгоо мэдүүлсэн хүмүүс сэтгэцийн өвчтөнөөс илүү аймаар, аюултай болохыг Швейцарийн Базелын их сургууль болон түүний дэргэдэх Сэтгэцийн төвийн эрдэмтдийн судалгаа батлав.

“Тантай сэтгэцийн өвчтөй хүн, архичин хоёр зөрж өнгөрвөл хэнээс нь айх вэ” гэсэн асуултад 10 мянган хүний олонх буюу 90 гаруй хувь нь ямар ч эргэлзээгүйгээр “Архичнаас айна” гэжээ. Тэр ч бүү хэл, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг хүмүүс болон эл чиглэлийн эмнэлгийн эмч нар ч архичнаас айж, болгоомжилдог болохыг уг судалгаа харуулжээ.

Тэгэхээр монголчууд бид цаг үргэлж айдастай явдаг байх нь. Учир нь бид архидалтаараа тивдээ дөрөвдүгээрт давхиж буйг Дэлхийн банк саяхан зарласан. Тухайн улсад нэг жилийн хугацаанд борлуулсан архи, согтууруулах ундааг хүн амд нь хуваахад Монгол Улсын нэг иргэнд 7.8 литр хар ус ногдсоныг тус байгууллагын “Азийн аль улс хамгийн их архи уудаг вэ” жагсаалтад бичжээ. Үүнээс гадна архины хэрэглээгээрээ Монголыг дагуулах улс байхгүйг ДЭМБ-ын шинжээчдийн судалгаа ч баталсан.

Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 3.3 сая хүн архины “ач тус”-ыг мэдэрдгээс 2.5 сая нь амиа алддаг талаар ДЭМБ-ын тайланд дурджээ. Тэгвэл ийм хугацаанд Монголд дунджаар 540 хүн архины хордлогоор нас бардаг гэсэн албан бус статистик байна. 2.5 саяын 0.02 хувь нь манай дансных гэсэн үг. Гурван сая гаруйхан иргэнээс жил бүр архинаас болж ийм “хорогдолтой” байна гэдэг үнэхээр харамсалтай.

Зөвхөн шинэ жилийн баярын гурван өдөр буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нөөс энэ сарын 1 хүртэл ГССҮТ-д 934 хүн хандсанаас 173 нь согтуу байхдаа автын осолд орж, халтирч унаж, бусадтай зодолдож бэртжээ. Тухайн өдрүүдэд осгож нас барсан таван хүний дөрөв нь мөн л согтуу байсан гэх.

Гашуун ундаатай холбоотой асуудлын цаана зөвхөн архичин байдаггүй. Түүний гэр бүл, эргэн тойрныхон, цаашлаад автобус, үйлчилгээний газарт яваа иргэдийн амь, эрүүл мэнд, амар тайван байдал гээд хамрах хүрээ нь өргөн. Тиймээс л монголчууд бид өдөр бүр айдас дунд амь дүйж явдаг гэхэд хатуудахгүй.

Монголд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 156 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг бол тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг 7293 дэлгүүр, баар цэнгээний газар 3318 байгааг улсын бүртгэлээс харж болно. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх газар харин үүний нэг хувьд ч хүрэхгүй. Ийм байхад Эрүүлжүүлэх байрныхан цаг завгүй ажиллахаас ч яах билээ. Нэг хоногт ийм байраар 50-60 хүн “дамждаг”, цагдаагийн байгууллагад архитай холбоотой 150 орчим дуудлага ирдэг талаар нийслэлийн Цагдаагийн газрын статистик мэдээнд дурдсан байна.

Толгой эргэмээр ийм олон тоо, статистик зөвхөн хар устай холбоотой гэхээр монголчуудын өнөөгийн төрх ямар өнгөтэй нь ойлгомжтой. Уг тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг мэргжилтнүүд онцолсон. Энэ бол жинхэнэ эмгэнэл. Үүнээс эмгэнэлтэй нь бид аливаад халаглахаас цаашгүй болжээ. Бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, халтирч, угаартаж үхэх нь, амьд явах баталгаа алга, архинд живлээ гээд л үглэхээс өөрийг сэдэхгүй, хийхгүй, хичээхгүй байсаар хэдийнэ амаараа шороо үмхчихлээ.

Одоо яах ёстой вэ. Нийгмийг айдаст автуулсан архидан согтуурах үзэгдлийг бид хазаарлаж чадах уу.

Энэ талаар иргэдийн үгийг сонсоход “Архи үйлдвэрлэлийг багасгаж, татварыг нэмэх хэрэгтэй. Архины хуулиа чангатга. Архигүй орчин бүрдүүлсэн хамт олон, гэр бүлийг бодлогоор дэмжиж урамшуулбал үр дүнтэй. Архитай, архичинтай нь тэмцэх бус, төр, засаг хүний хөгжлийн цогц бодлоготой болох, иргэдээ ажилтай, орлотой байлгаснаар бүх сөрөг үр дагавраас түвэггүй сална” гэхчилэн олон санаа хэлсэн.

Сэтгэл судлаач мэргэжлээр сурч буй нэгэн оюутан “Бид архины хэрэглээний тухай л ярьдаг. Гэтэл архины хамаарал бол сэтгэцийн өвчний хамгийн хүнд хэлбэр, үүний цаад шалтаг, шалтгаан нь нийгмийн бухимдал, депресс болохыг олон орны судлаачид тогтоосон. Тиймээс нийгмийн бухимдлыг бууруулахад анхаарах учиртай. Ингэхдээ архинд донтогсдыг хүйсээр нь ялгаж сэтгэл зүйн онцлогийг нь харгалзахгүйгээр бүгдэд нь ижил хандах нь өрөөсгөл” гэсэн.

Үнэхээр түүний хэлсэнчлэн архидалт хавтгайрсны уг шалтгааныг үндсээр нь таслахаас эхлэхгүй бол архийг хориглосноор, хэд хоног баривчилж, эмнэлэгт хэвтүүлснээр, бөөдөж, ховсодсноор энэ асуудлыг шийдэхгүй нь мэдээж.

Хэдхэн жилийн өмнө Монголын төрийн гурван өндөрлөг нэгэн үйлдвэрийн нээлтэд оролцож, тууз хайчилж, бөөн сүр үзүүлсэн. Тэр нь шар айрагны үйлдвэр байлаа. Монголд хамгийн ашигтай, цэцэглэж байгаа бизнес гэдгийг улам тодруулсан энэ явдлаас хойш тийм сүртэй, дуулиантай нээсэн үйлдвэр байгаагүй л болов уу.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхны онцолсноор Монголын өсвөр үеийнхний дунд архины хэрэглээ хэт задгай байгааг гудамжинд гуйвж яваа охид, нэгнийгээ заамдан зогсох нусгай хөвгүүд батлах шиг. Энэ бол архидан согтуурах явдал Монголд хэр залуужсаныг харуулна. Тэднийг томчууд л уруу татаж байгаа нь ойлгомжтой.

1990-ээд онд Европын бүс нутагт Исландын өсвөр үеийнхэн хамгийн сахилгагүй, том толгойтойд тооцогддог байжээ. Тэдний дунд архидалт, тамхидалт газар авч, үүнээс үүдэн сургууль завсардах нь хэвийн үзэгдэл болсон гэнэ. Тэгвэл өнөөдөр Барууны орнуудын өсвөр үеийнхний хамгийн үлгэр дуурайлтай нь исланд хүүхдүүд гэсэн судалгаа байна. Засгийн газар нь сүүлийн 20 гаруй жил хүүхдийн хүмүүжилд гойд анхаарч, бодлого боловсруулжээ. Муу зуршилгүй, ямар нэгэн хообийтой, эсвэл спортоор хичээллэж, нийгэмдээ хэрэгтэй иргэн болж буй хүүхдүүдийг урамшуулан жилд 500 ам.доллар өгдөг болжээ.

Энэ нь зөвхөн онцгой амжилтад хүрсэн тохиолдолд бус, цагийг зохистой өнгөрүүлдэг, бусадтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найртай, хүндлэлтэй байдаг буюу ерөөс зөв хүн болж байгаагийнх нь төлөөх урамшуулал аж. Мөн хүүхдээ зөв иргэн болгож буй эцэг, эхчүүдийг эдийн засгаар дэмжин, урамшуулдаг жишиг тогтжээ. Тэр ч бүү хэл, эл бодлогын хүрээнд 19 хүртэлх насны хүүхдүүдэд хөл хорио тогтоож, 22.00 цагаас хойш гэрээс гарахыг нь хориглосон юм билээ. Ингэснээр өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь эрс буурчээ. Мөн архидалтыг 48, тамхидалтыг 30 хувь бууруулсан юм байна. Үүний үр дүнд өсвөр насны хүүхдийн хүмүүжлээрээ Исланд өнөөдөр Европ төдийгүй дэлхийд тэргүүлдэг улс болов.

Харин монгол хүүхдүүд сүүлийн 20 гаруй жил архийг ердийн хэрэглээ гэж ойлгодог, эрүүлжүүлэх байранд хоносон нэгнийгээ баатар мэт хардаг буруу жишиг тогтсоныг илтгэх статистик дурдъя. Одоогоос 12 гаруй жилийн өмнө улсын хэмжээнд өсвөр насны 170 хүүхэд эрүүлжүүлэгдэж байжээ. Дараа жил 230, түүний дараа 260 гэхчилэн энэ тоо өссөөр 2017 онд согтуугаар гэмт хэрэг үйлдэж, эрхээ хязгаарлуулсан хүүхдийн тоо 30 гарсан байх юм. Энэ нь өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлт гэдгийг цагдаагийн байгууллагынхан мэдээлэв.

Хүүхдүүд архи уухыг аав, ээж, ах, эгч, ойр дотнынхноосоо сурсан гэсэн судалгаа байна. Хамгийн аймаар нь багш нь ийм муу үйлд үлгэрлэдэг талаар эцэг, эхчүүд гомдоллодог. “Сургуулийн төгсөлтийн баяраар ширээ засаж, идээний дээж хэмээн “гозон цагаан” заавал авдаг” гэж өнгөрсөн хавар дунд сургууль төгссөн хэсэг хүүхэд ярьсан. Дүүгийн минь багш төгсөлтийн баярын “цэс” зохиож, авах бүтээгдэхүүний жагсаалтын нэгдүгээрт “Архи” гэж бичсэн байсныг би харсан. Хэдэн жилийн өмнө ийм явдал болж, багшид нь хэлтэл дүүг минь “ховч, болгоомжгүй” гэхчилэн гоочилсон талаар харин сүүлд нь сонссон.

Багачууд бор дарс амсаж саваагүйтэх нь улам нэмэгдэж буйг тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх газаргүйтэй холбон тайлбарлах хүн олон. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ дээр дурдсан оюутны хэлснээр архи уух болсон шалтаг, шалтгааныг гэр бүл, нийгмийн байдалтай холбон тайлбарлаад, үүнд төрийн бодлого үгүйлэгдэж буйг сануулах ёстой.

Нийгмийн бухимдал, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал иргэдийг, тэр дундаа эмзэг давхаргынхныг архинд дурлуулах гол хөшүүрэг болдгийг 2010 онд болсон ДЭМБ-ын ерөнхий ассамблейгаар хөндөж, архины хор хөнөөлийг бууруулах уриалга гаргажээ. Үүнд архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүссэн нийгмийн эрүүл мэндийн асуудалд улс орнууд үндэсний хэмжээний бодлогоор хариу барихыг онцолсон байдгийг ч энэ дашрамд өгүүлье.Яагаад дэлхий нийтээрээ архидалтын эсрэг ийнхүү хүч хавсран нэгдэх болов.

Яагаад гэвэл, архи хүний тархины эсийн бүтцийг өөрчилдөг болохыг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Тиймээс энэ бол хүн төрөлхтнийг аажмаар “уух” мөхөл учраас тэр.

Гэтэл архины хэрэглээ, түүнээс үүдсэн гэмт хэрэг, зөрчил, гэр бүл салалт, үхлээрээ дэлхийд дээгүүр яваа Монгол Улсын төр, засаг энэ талаар сүүлийн жилүүдэд ямар ч арга хэмжээ авсангүй. Монголчуудыг утаанаас ч өмнө устгаж эхэлсэн нийгмийн эл сөрөг үзэгдэлд бид гараа өргөн бууж өгсөн гэхэд хилсдэхгүй. Энэ бол бид мөхөл рүү мөлхөж буйгаас огт ялгаагүй хэрэг. Үхэлд балгуулж буйгаа зарлах л үлдлээ, Монголын төрд.


Энэ тухай