Ч.Содномцэрэн: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэсэгтээ ярихгүй, цэг тавих нэг арга бий

Сонгуулийн ерөнхий хорооны дарга


-Өнгөрсөн онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг, хурал, семинар олныг зохион байгууллаа. Танай байгууллага санал өгсөн үү?

-Үе үеийн УИХ-ын гишүүд энэ талаар хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлж ирсэн. Зарим жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гурав дөрвөн ч төсөл өргөн мэдүүлсэн тохиолдол бий. Хуулийн төсөл боловсруулах бүрт манайхаас санал авч байсан.

-Дөрвөн хуулийн төсөл өргөн барьсан нь хэдэн онд юм бэ?

-2011 онд. Д.Дамба-Очир нарын тав, Д.Энхбат нарын 10, Ж.Сүхбаатар нарын 30 гаруй гишүүнийх бий. Мөн Су.Батболд гишүүн санаачилсан төсөл байсан. Гэхдээ алийг нь ч УИХ-аар хэлэлцээгүй.

-Тэдгээр төслийн агуулгыг нь та санаж байна уу?

-Тухайн үеийн төслүүдийн агуулга үндсэндээ адил байсан. Нөгөө л УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох, эсэх, хотын статусыг зөвшөөрөх үү, Засаг дарга нарыг иргэд нийтээрээ шууд сонгох ёстой юу, УИХ-ыг хоёр танхимтай болгох нь зүйтэй юү, гишүүдийн тоог нэмэгдүүлэх үү гэх мэт олон асуудлыг төсөлд тусгасан байсан.

Ер нь эдгээр асуудлаар хэлэлцүүлэг, хурал, семинар олныг зохион байгуулж ирсэн ч бодитой ажил болдоггүй. Энэ нь нэг хэсэг нь өөрчлөх нь зүйтэй, нөгөө хэсэг нь өөрчлөлт оруулж болохгүй гэдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх талаар нэгдмэл ойлголтод хүрч чадахгүй байна. Саяхан Төрийн ордонд болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх онол-практикийн хуралд оролцож, илтгэлүүдийг нь сонслоо.

Илтгэгчдийн байр суурь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу, эсвэл зөв гэсэн хоёр туйлд хэвээрээ. Уг нь энэ асуудлыг дахиад нэг хэсэгтээ ярихгүй, цэг тавих нэг арга байгаа юм.

-Ямар арга гэж?

-Энэ нь Үндсэн хуульд байгаа юм. Үндсэн хуулийн 25.16-д УИХ-ын онцгой бүрэн эрхэд ард нийтийн санал асуулга явуулахыг хамааруулсан байдаг. Энэ бол Үндсэн хуулиар УИХ-д олгогдсон маш том боломж юм. Үүнийг сүүлийн 25 жилийн хугацаанд УИХ нэг ч удаа ашигласангүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Тийм ээ, би өмнө нь ч энэ байр сууриа нэг бус удаа илэрхийлж байсан. Ер нь гадаад улсад аливаа маргаантай томоохон асуудлыг референдум буюу ард нийтийн санал асуулга явуулж шийдвэрлэдэг юм билээ.

Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх олон улсын холбоо, эвсэлд нэгдэн орох, цөмийн энерги ашиглах, эсэх гээд гадаад, дотоод бодлоготой холбоотой томоохон асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэдэг туршлага бий.

-Өнгөрсөн онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулсан нь анхаарал татсан. Ард нийтийн санал асуулга ба зөвлөлдөх санал асуулга хоёрын дунд зарчмын ямар ялгаа байгааг тайлбарлахгүй юу?

-Ард нийтийн санал асуулгын талаар дээр мэдээлэл өгсөн учраас зөвлөлдөх санал асуулгын тухай товч хэлье. Зөвлөлдөх санал асуулгын талаар Үндсэн хуульд заагаагүй. Өнгөрсөн онд зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах их ажлын нэг хэсэг гэж ойлгож болно.

Ер нь иргэд ямар асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсэж байна вэ гэдгийг шийдвэр гаргахаасаа өмнө тандаж, зөвлөлдөж буй арга хэмжээ юм. Түүнээс биш үүнийг ард нийтийн санал асуулгатай хольж, хутгах хэрэггүй.

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн ийм олон өөрчлөлтийг шийдэж чадах уу?

-Үндсэн хууль бол ардчилсан, эрх зүйт нийгмийн бүхий л харилцааг зохицуулах үндсэн зарчмыг тодорхойлсон дээд баримт бичиг юм. Энэ ч утгаараа түүнд өөрчлөлт оруулах, эсэх нь хялбар биш л дээ. Угтаа Үндсэн хууль тогтвортой байх нь зүйтэй. Харин зайлшгүй засаж, сайжруулах зүйл байвал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг их өргөн хүрээтэй, олон асуудлаар явуулах хэрэггүй гэж боддог.

Нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хөндөхөөр зарим төрийн байгууллага өөрийн эрх хэмжээгээ өргөтгөх тухай яриад эхэлдэг нь буруу. Ард нийтийн санал асуулгын асуулт нь товч, тодорхой, хоёрдмол утгагүй, ойлгомжтой байх ёстой. Хуульд нь ч энэ талаар тодорхой заасан байдаг. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг 1995 онд баталж, 2006, 2015, 2016 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулна гэж заасан. Мөн санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг УИХ хэлэлцэж батлах ёстой.

-Ямар асуудлыг нь ард нийтийн санал асуулгаар шийдвэл зүгээр вэ?

-Хуульд заасанчлан гурван асуудлаар л санал асуулга явуулах боломжтой. Эдгээр нь юу байх вэ гэдгийг УИХ хэлэлцэн, шийдвэрлэх хуультай. Хувь хүний байр сууринаас хэлбэл, нэгдүгээрт УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх, эсэх, хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоо, гуравдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлаар явуулах нь зүйтэй. Олон жил ярьсан эдгээр сэдвээс хальж хэрэггүй.

-Яагаад энэ гурав гэж. Тухайлбал, Үндсэн хууль дахь сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан заалтыг өөрчлөх шаардлага нь юу вэ?

-Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох эрхийн зэрэгцээ ард нийтийн санал асуулга, УИХ, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой 13 зүйлийн 36 заалт бий. Үндсэн хуулийн эдгээр зүйл заалтын заримыг нь тодотгох, засаж сайжруулах хэрэгцээ байна. Ганцхан жишээ хэлье, Үндсэн хуулийн 31.1-т “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна” гэж заасан байдаг. Гэтэл уг зүйлийн 4-т “Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэж заасан.

Энэ заалтаас үзэхэд анхан шатны сонгуулиар Ерөнхийлөгчийг шууд сонгох зарчмын үндсэн дээр сонгож байна. Тэгэхээр хоёр дахь шатны сонгууль явуулах шаардлагагүй болчихож байгаа юм. Тийм ч учраас хоёр дахь шатны сонгуулийн талаар Үндсэн хуульд нэг ч зүйл, заалт байхгүй. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал “...хоёр шаттай байна” гэснийг нь хасах хэрэгтэй. СЕХ 1992 оны Үндсэн хуулиас хойш долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгууллаа.

Үндсэн хуулийн 31.4-т заасны дагуу анхан шатны сонгуульд олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж шийдвэр гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёр шаттай сонгууль болж байгаагүй.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болсон гэж олон хүн ойлгосон байх.

-Хоёр шаттай биш юм. Анхан шатны сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тул хоёр дахь санал хураалт явуулсан. Үүнийг зарим хүн хоёр шаттай сонгууль гэж андуураад байгаа юм. Анхан шатны сонгууль нь хоёр санал хураалттай явагдсан гэж ойлгож болно.

Үүнээс гадна УИХ тогтоол гаргаж, 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарласан. Гэтэл үүнээс хоёр долоо хоногийн дараа Цэц Сонгуулийн тухай хуулийн пропорциональ тогтолцоотой холбоотой заалт нь Үндсэн хуулийн 21.2-т заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Цэцийн энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны тавдугаар сарын 5-нд буюу сонгуулийн санал авах өдрөөс ердөө нэг сарын өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, пропорциональ тогтолцоотой холбоотой бүхий л зүйл, заалтыг хүчингүй болгосон.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь хуулиар нарийвчлан тогтоосон хугацаанд үндэслэн явагддаг. Гэтэл сонгууль болохоос ердөө нэгхэн сарын өмнө хуулийг нь өөрчилсөн нь сонгуулийн зохион байгуулалтын ажилд хүндрэл учруулсан. Зөвхөн зохион байгуулалт ч гэлтгүй сонгуульд оролцохоор бэлтгэж байсан субъектүүдийн хувьд ч хүндрэл үүсгэсэн нь ойлгомжтой.

Иймээс сонгуулийн жил Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулдаггүй, харьцангуй тогтвортой байх эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Жишээ нь, энэ заалтад сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж нэмэлт оруулахад л сая ярьсан зүйл давтагдахгүй.

-“Давхар дээл”-тэй байх, эсэх тухайд юу хэлэх вэ?

-2000 оны нэмэлт, өөрчлөлт өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн гэх асуудлыг босгосон.

Үүнийг өдгөө судлаач, эрдэмтэд, улстөрчдөөс гадна энгийн иргэд хүртэл буруу гэж үзэж байна. Тиймээс нэг талд нь гаргаж, цэг тавих цаг болсон.

Хотын статусын талаар олон жил ярилаа. Үндсэн хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн байгуулах үед өмнө нь “хот” гэж нэрлэгдэж байсан газруудын зарим нь аймаг, зарим нь сум болсон. Гэтэл хот, тосгон нь оршин суугчдадаа үйлчлэх захиргааны тусгай чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Жишээ нь, улсын зэрэглэлтэй хот байсан Дархан, Эрдэнэтэд асуудал үүсэж, оршин суугчдын зүгээс ч байнга санал, хүсэлт тавьж ирсэн.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь нутаг дэвсгэр, хилийн цэстэй, харин хот нь эдэлбэр газартай байдаг, Мөн нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Засаг дарга байдаг бол хотын удирдлага нь захирагч байна гэх зэргээр хотыг нутаг дэвсгэрийн нэгжээс ялгах онцлогууд бий. Ийм учраас хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайд нь зохицуулах хэрэгцээ байгаа юм.

Мөн баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга нь томилдог Үндсэн хуулийн заалттай холбоотой. ИНХ-аар баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх хурлын үйл ажиллагаа нь бидний ярьдгаар ах, дүүс, эхнэр нөхөр, гэр бүлээрээ намчирхан хоорондоо талцах байдлыг үүсгэж байгаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай