“Чингис” бондын 500 сая ам.долларын төлбөрөө бүрэн барагдууллаа

Монгол Улс 2012 онд анх удаа олон улсын зах зээлд “Чингис” бонд арилжин, нийт 1.5 тэрбум ам.доллар босгосон. Үүний 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай арилжсан билээ. Уг төлбөрийг барагдуулах гэрээг эргэн төлөх хугацаанд нь буюу баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталгаажуулав.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард олон улсын зах зээлд 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд арилжсан даруйдаа 375 саяыг нь “Чингис” бондын төлбөрт өгснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үлдсэн төлбөрийг хүүгийн хамт ийнхүү барагдууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж буйн илрэл хэмээн үзэж буйгаа Сангийн яам илэрхийлэв.

Ерөнхий сайд “Монгол Улс дампуурлаа зарлаж мэдэх эгзэгтэй үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь батлагдаж байна. Тооцоо, судалгаагүйгээр “Чингис” бонд гаргаж, их хэмжээний төлбөрт унагасан хүмүүс эдийн засаг муудлаа гэж бусдыг шүүмжлэх хэрэггүй. Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгө зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээр буцаан төлүүлнэ” гэв. Монгол Улс энэ онд 3.5 их наяд төгрөгийн өр төлөх ёстойн хоёр их наяд гаруй нь дотоод зах зээлийнх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай