Хойд америк, европт цаг агаар муудлаа

Цаг агаар муудаж, цасан шуурга болохтой холбогдуулан АНУ-ын Нью-Йорк хотын дунд сургуулиуд хичээллэсэнгүй. Ус, цаг уурын албаных нь мэдээлснээр ойрын өдрүүдэд АНУ-ын Атлантын далайн эрэг орчмоор цас орж, шууран, агаарын температур эрс буурч байна.

“Цасаар шуурч, 15-30 см тунадас унахаар байна” гэж Нью-Йорк хотын дарга Бид Де Блазио твиттер хуудсандаа мэдээлжээ. Онцгой үзэгдэл болохын өмнө хот тохижуулах газрынхан нь 12 цагаар ээлжлэн ажиллаж, мөс арилгах 700 орчим машин, цас цэвэрлэх 1500 нэгж техник үйлчилгээнд гарсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээс АНУ-ын зүүн хойд нутагт хэт хүйтэрч, Цельсийн -8- 10 градус болжээ. Далайн чийглэг уур амьсгалтай нөхцөлд энэ нь оршин суугчдад хүнд тусаж байгаа гэнэ. Нью-Йоркийн оршин суугчдад гадагш шарахгүй байхыг эрх баригчид нь зөвлөжээ. Ойрын өдрүүдэд агаарын температур -20 градуст хүрч, хүйтрэхийг урьдчилан мэдээлсэн байна.

Тус улсын хойд нутгийн Флорида муж улсын Таллахасси хотод сүүлийн 29 жилд анх удаа цас орж, 2.5 мм цасан бүрхүүл тогтсоныг WCTV телевиз үзүүлжээ. Эл хотын Цагдаагийн газар твиттер хуудсаараа дамжуулан авто зам мөстсөнийг жолооч нарт анхааруулсан байна. Сурагчдын Зул сарын баярын амралтыг цаг агаарын байдалтай холбогдуулан сунгах болжээ. Мөн амралт, зугаалгын газруудыг хаав. Хөрш Жоржия муж улсад 8-13 см зузаан цасан бүрхүүл тогтсон гэнэ.

Үүний сацуу Атлантын далайн нөгөө эрэгт буюу Европын хойд хэсэг бараг бүхэлдээ өвлийн “Элеонор” хар салхи дайрсан нь Их Британийг хамраад, одоо Франц, Германд хүрчээ. Их Британид хэдэн арван мянган байшин гэрэл цахилгаангүй болж, замын түгжрээ үүсгэсэн байна.

Францад салхины хурд цагт 110 км-т хүрч, 200 мянга гаруй сууц гэрэлгүй болжээ. 20 мужид нь аюулын улбар түгшүүр зарлалаа. Корсик аралд салхины хурд цагт 200 км-т хүрч буй аж. Нийслэл Парис хотыг бас хүчтэй салхи дайрсны улмаас Эйфелийн цамхаг хаалгаа барьж, цэцэрлэгт хүрээлэнгүүд нь ч хаагдахад хүрэв. Альпын нуруунд цаначин унасан модонд даруулж амиа алдсан бол өөр есөн хүн гэмтжээ. Тэгвэл Швейцарьт хар салхины улмаас галт тэрэг замаасаа гарч, хэдэн зорчигч бэртсэн байна. Тэнд 14 мянган айл цахилгаангүй болов. Нидерландад нэг хүн унасан модонд өртөж мөн гэмтсэн гэнэ. Амстердамын нисэх буудал 200 гаруй нислэгээ цуцалжээ. Тэрчлэн зарим авто замыг хааж, галт тэргээ зогсоосон байна. Харин Австрийн хэд хэдэн газарт цасан уруй буух эрсдэлтэй болжээ. Санкт-Галлен кантон (муж)-д хэдэн цаначин уулын бэлд цасанд боогдсон байгаа аж.

Бельгид аюулын дөрөвдүгээр зэргийн буюу улбар түгшүүр зарлажээ. Тус улсын иргэдийг гадагш гарахдаа хүчтэй салхинд хийссэн мөчир, эд зүйлсээс болгоомжлохыг анхааруулсан байна.

“Элеонор” Европыг энэ улиралд дайрсан тав дахь хүчтэй салхи болж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай