Жеофф Готтлиб: Нэг шатлалтай орлогын татвар Монгол Улсад тохиромжгүй

ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлибтэй цахимаар ярилцлаа. Түүний ахалсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн аравдугаар сарын 18-30-нд Улаанбаатарт ажиллан, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг хийж дуусгасан билээ.

Улмаар уг сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд дээрх үнэлгээний үр дүнг хэлэлцэн, Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Вашингтон хотод болсон Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтын үеэр тэрбээр манай улсын талаарх анхны мэдэгдлээ бидэнд хийж байв. Тухайн үед “Монгол Улсын Засгийн газартай хийх хэлэлцээ үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэж байлаа.

-ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер өнгөрсөн сарын дундуур мэдэгдэл хийх үеэрээ Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголын эдийн засагт нааштай олон үзүүлэлт гарсныг тэмдэглэсэн.

Тухайлбал, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгал болон хөрөнгө оруулалт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханш тогтворжиж, олон улсын зах зээл дэх бондын хүүгийн түвшин буурсныг дурдсан. Таны бодлоор өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт гарсан хамгийн гол эерэг өөрчлөлт юу байсан бол?

-Эхний гол өөрчлөлт нь 2017 оны эхээр Монголын эрх баригчид эдийн засгаа тогтворжуулахын тулд өргөн хүрээтэй ухаалаг бодлого хэрэгжүүлэхээр бидэнтэй тохиролцсон явдал юм. Ийнхүү үүрэг амлалт биелүүлэхээр болж Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудаас бодитой тусламж авах нөхцөл бүрдэж, улмаар үүсэж болзошгүй санхүүгийн хямралаас сэргийлж чадсан. п

Хоёрдугаарт, үүрэг амлалтаа биелүүлж, гадаад орчинд үүссэн тааламжтай нөхцөл байдлыг ашиглан макро эдийн засгийн үндсэн зорилтуудаа хангаж чадсан. Үүнд ялангуяа төсвийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн үзүүлэлтийг дурдаж болно. Энэ нь төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг тогтворжуулж, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад нөлөөлсөн.

Мөн маш чухал нэг өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн төлөв юм. Эерэг өөрчлөлтүүдийн ихэнх нь гадаад орчны тааламжтай байдлаас урган гарч буй ч аж үйлдвэр гэх мэт зарим салбарт сэргэлт ажиглагдаж эхэлж байгааг дурдах нь зүйтэй.

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхнээс хэд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байгаа. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай өсгөх шийдвэрийг зарим хүн эсэргүүцэж байна л даа. Энэ талаар юу гэх вэ?

-Орлогын зөрүү ихсэж буй Монгол шиг оронд хувь хүний орлогын албан татварын хувь тэгш, 10 хувь байх нь тохиромжгүй. Орлогын татварын шатлалтай тогтолцоо буюу чинээлэг иргэд орлоготойгоо пропорциональ хэмжээгээр татвар төлөх нь дэлхий нийтийн жишиг бөгөөд энэ нь илүү шударга юм. Уг өөрчлөлтийг хийхдээ бага орлоготой хүмүүсийг харгалзан үзсэн бөгөөд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн мөнгөн дүнгийн хэмжээ 84 000 төгрөг байсныг үе шаттай нэмэгдүүлэн, 120 000, цаашилбал 2021 он гэхэд 240 000-д хүргэнэ.

Иргэдийн олонхынх нь төлөх татвар өөрчлөгдөхгүй. Хувь хүний орлогын албан татварын хамгийн өндөр шатлал болох 25 хувь ч олон улсынхтай харьцуулахад доогуур бөгөөд сард 3 500 000 төгрөгөөс дээш (дундаж цалингаас 3.5 дахин илүү) цалинтай хүмүүст хамаатай. Шинэчлэл нь татварын системийн үр ашиг, шударга байдлыг дээшлүүлэхэд чиглэж буй агаад хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд үүнд анхаарна.

-Өрөө дарах боломж байсан хэмээн ОУВС-гийн зүгээс Сангийн сайдад хэлсэн гэж сонссон. Ийн хэлсэн нь үнэн, эсэхийг мэдэхгүй ч ийм боломж одоо бий болов уу? Монгол Улсын өрийн хэмжээ өндөр хэвээр, 2021 оноос бондуудын төлбөрөө хийж эхлэх хуваарьтай байгаа шүү дээ.

-Бид энэ талаар мэдэхгүй байна. Өрийн ДНБ-д эзлэх хувь, хэмжээг бууруулснаар эдийн засаг дахь өрийн дарамтыг бага байлгах боломжтой. Үүний тулд эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгон төсвийн алдагдлаа бууруулж, шинээр зээл авахаа хязгаарлах хэрэгтэй. Мөн Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэн, өндөр өртөгтэй өрөө хямдаар сольж, ДНБ-тэй харьцах хэмжээг нь бууруулах боломж бий.

Засгийн газар төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлж, санхүүгийн хяналтыг чангаруулан, уул уурхайн салбарт мега төслүүдээ тогтвортой хэрэгжүүлснээр Монгол Улсын өр дунд хугацаанд тогтвортой түвшинд очно гэдэгт бид хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн мөчөөс итгэж байсан. Өрийн хэмжээ өндөр байгаа ч хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын эрх баригчид нэлээд ахиц дэвшил гаргасны хүчинд зээлийн дарамтыг өмнөхөөс нь хамаагүй багасгаж чадсан.

Одоогоор Монгол Улсын өр ДНБ-ий 85 орчим хувьтай тэнцэж байгаа бол 2022 он гэхэд 73 болж буурах тооцоо бий. Ерөнхийд нь авч үзвэл, ОУВС нь зах зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүгийн зардлыг доогуур байлгах гэсэн гишүүн орнуудынхаа хүчин чармайлтыг дэмждэг.

...Өрийн хэмжээ өндөр байгаа ч хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын эрх баригчид нэлээд ахиц дэвшил гаргасны хүчинд зээлийн дарамтыг өмнөхөөс нь хамаагүй багасгаж чадсан. Одоогоор Монгол Улсын өр ДНБ-ий 85 орчим хувьтай тэнцэж байгаа бол 2022 он гэхэд 73 болж буурах тооцоо бий. Ерөнхийд нь авч үзвэл, ОУВС нь зах зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүгийн зардлыг доогуур байлгах гэсэн гишүүн орнуудынхаа хүчин чармайлтыг дэмждэг...

-Нүүрсний экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Гэхдээ уг түүхий эдийн үнэ буурах эрсдэл үүсэх талтай. Ер нь Монголын эдийн засагт цаашид ямар эрсдэлүүд учирч болзошгүй гэж харж байна вэ?

-Түүхий эдээс хамааралтай бүх орон дэлхийн таваарын эрэлтийн өөрчлөлтөд эмзэг байдаг. Зөвхөн Монгол Улс биш л дээ. Эдийн засгийг тогтворгүй болгож буй эдгээр өөрчлөлтийг хязгаарлахын тулд эрх баригчид бодлогоор зохицуулах нь чухал юм. Ялангуяа зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байхад өрийн хэмжээгээ бууруулж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал. Эдгээр бодлого нь ОУВС-гийн хөтөлбөрийн гол чиглэл юм.

-Банкны салбарт хууль, эрх зүйн өөрчлөлтүүд хийх хүлээлттэй байгаа. Үүний гол нөлөө юу байх вэ?

-Сүүлийн жилүүд дэх банкны системийн чухал өөрчлөлтүүд, дэлхийн санхүүгийн хямралын эсрэг хариу үйлдэл үзүүлэхээр хийж буй шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн орчныг сайжруулахыг (орчин үед шинээр гарч байгаа бодлогын арга хэрэгслүүдийг зохицуулалтаар тусгах) зорьж буй. Мөн Монголбанкны засаглал, үйл ажиллагаа болон санхүүгийн салбарын аюулгүй байдлыг сайжруулан, зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох ач тустай.

-Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа. Үр дүнгийн талаар мэдээлэл бий юү?

-Монголбанк активын чанарын үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсан бөгөөд одоо тайланг дуусгахаар ажиллаж байна.

-Төсвийн зөвлөл байгуулахаар төлөвлөж буй. Уг зөвлөл хэрхэн ажиллах бол?

-Тус зөвлөл нь төсвийн тогтвортой байдал, жилийн төсвийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай нийцүүлэх зорилготой өндөр түвшний байгууллага байх юм. Энэ нь сүүлийн жилүүдэд хуримтлагдсан өрийн дарамтыг багасган, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нөлөөтэй. Улс орнуудын Төсвийн зөвлөл нь төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэхэд тусалдаг.

-ОУВС-гийн ажлын хэсэг Монголд хэзээ ирэх вэ?

-Монголд нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст очихоор төлөвлөж байгаа. Улмаар хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийнэ.

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Монгол Улсын эдийн засаг бүрэн сэргэнэ гэж харж байна уу?

-Хөтөлбөрийн гол зорилго нь үндсэн макро бодлогууд (төсвийн тэнцэл ба валютын ханшийн бодлого), бүтцийн шинэчлэлээр дамжуулан (илүү найдвартай банкны тогтолцоо, татварын хууль эрх зүйн орчин) нь өндөр, тогтвортой өсөлт бий болгох үндэс суурийг тавих явдал. Хэрэв энэ зорилтыг биелүүлж чадвал эмзэг байдал багасна. Монгол Улсад тулгарч буй сорилтуудын цар хүрээнээс болоод эдийн засгийг бүрэн сэргээхэд багагүй хугацаа шаардагдаж магадгүй болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай