Б.Алдармаа: 42 хэмийн халуунд 24 цаг уралдаж байлаа

Спорт хурдацтай хөгжихийн хэрээр төрөл ангиллууд нь улам нарийсаж, хүний хурд хүч, тэвчээр хатуужил, эр зориг шалгасан шинэ “хувилбарууд” бий болсоор байна. 50 км-ийн зайд уралдана, 100 км-т хурд сорино гэхийг анх сонсоод гайхдаг байсан тэр үе ард хоцорч, өдгөө манай улс хэт холын марафоноор мэргэшсэн тамирчидтай болж амжжээ. Тэдний нэг нь олон улсын хэмжээний мастер Б.Алдармаа юм.

Тэрбээр эх орондоо болдог хэт холын марафон, 12 болон 24 цагийн гүйлтийн тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ олонтаа мялаасан төдийгүй тив, дэлхий, олон улсын уралдаануудад амжилт гаргасаар явна. “Гуанжуд болсон 24 цагийн гүйлтийн олон улсын тэмцээнд оролцсон минь сэтгэлд уяатай байдаг. 25 хэмийн хүйтэн тачигнаж байсан Монголоос 42 хэмийн халуун газарт очиж уралдах нь амар байгаагүй.

Шөнөдөө халуун нь буурлаа гэхэд 38 хэм л болж байсан. Ваакумжуулсан орчинд гүйж байгаа болохоор хүч их зарцуулдаг юм билээ. Хөлийн хурууны хумснууд идээлсэн болохоор өвдөж байгаа гэж жигтэйхэн. Цусандаа бохир оруулахгүйн тулд амралтын цэг дээр пүүзээ сольж өмсөөд тэмцээнээ үргэлжлүүлж байсан. Уралдааны замаа дуусгаж, тавдугаар байр эзэлснээ сонсоод өвчнөө мартсан шүү” хэмээн ярьж суух Алдармаа эрсдэлтэй зүйлээс шантардаггүй хүн шиг санагдав. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетик дотроо олон зай, төрөлтэй. Яагаад тэдгээрийн дундаас хэт холын марафон гүйлтийг сонгон хичээллэсэн юм бэ?

-Сэлэнгийн Бугантын ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа хөнгөн атлетикаар тасралтгүй хичээллэж эхэлсэн юм. Холын зай надад анхнаасаа л таалагдсан. Хагас болон бүтэн марафонд амжилт гаргаж явсан удаатай. Сурагч ахуйдаа олимпод оролцохыг мөрөөддөг байлаа. Гэвч амьдралын шаардлагаар спортоо хэсэг хугацаанд завсарлахад хүрсэн.

Гэхдээ хүний хүсэл мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелдэг гэдэгт итгэдэг. Би уул уурхайн инженер мэргэжилтэй. Уурхайд ажиллаж байхдаа ч бэлтгэлээ хийсээр байв. Байнга л гүйнэ. Ажилчид маань “Амжилт гаргахгүй юм бол ингэж өөрийгөө зовоож яадаг байна” гэхэд нь “Заавал ОУХМ цолны болзол ханган, улсын дээд амжилтыг шинэчилнэ” гэж хэлдэг байлаа.

Тэгээд хэт холын марафон гүйлтийг сонгоод С.Өнөрбаяр багшийнхаа удирдлагад шигшээ багт хичээллэн, богино хугацаанд чамгүй амжилт гаргаад байна.

-Хэтэрхий хол зайд уралдах, цаашилбал 12, 24 цагийн гүйлтэд оролцоход бэрхшээл мундахгүй тулгарах нь мэдээж. Чухам юу танд саад бэрхшээлийг сөрөх хүч өгдөг юм бэ?

-Холын зайд уралдах хэцүү. Жишээ нь хөлийн хурууны хумснууд бүгд унана. Идээлж бугалах нь энүүхэнд. Тиймээс цусанд бохир орохоос сэргийлэн тэмцээний үед багаар бодоход 3-4 гутал солих шаардлагатай. Тамирчны эрүүл мэндээс амжилт шалтгаалдаг. Бие эрүүл, зүрх сайн ажиллаж гэмээнэ марафонд уралдах эрхтэй гэсэн үг. Миний амжилт Монгол Улсын гавьяат эмч Сэржээтэй салшгүй холбоотой.

“Марафон зүрх” ямар байдаг, ачааллыг хэрхэн даадгийг тэр сайн мэднэ. Тиймээс үргэлж зөвлөгөө өгдөг. “Марафон зүрх” амжилтын төлөө цохилдог гэж би боддог. Түүнчлэн хэт холын зайд уралддаг тамирчид хүч их зарцуулдаг учраас уураг алддаг. Гадаадын тэмцээнд оролцож байхдаа дамжлуулаад зочид буудалд хүргэгдэж буй тамирчдыг олонтаа харсан. Тиймээс хоол ундандаа их анхаарах хэрэгтэй. Миний хувьд загасны мах түлхүү хэрэглэхийг хичээдэг. Тэмцээний өмнө хоёр, гурван зүсэм бялуу идэхэд ч буруудахгүй.

-Хилийн чанадад болдог тэмцээнүүдэд амжилттай оролцож байсныг тань мэдэх юм. Тэдгээрээс сэтгэлд хоногшсон уралдаан гэвэл?

-Гадаадын тэмцээнд дасгалжуулагчгүй оролцох л хамгийн хэцүү. Тусгай цэгүүдээс ус дөхүүлж өгөх хүн үгүй, ямар нэгэн асуудал гарвал өөртөө л найдахаас өөр аргагүй. Тэдгээрээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Тайваньд болсон Ази-Номхон далайн орнуудын анхдугаар 12 ба 24 цагийн уралдаанд өрсөлдсөн минь санаанаас гардаггүй юм.

Монголд бэлтгэл хийж байгаад гэнэт 35 хэмийн халуун газар очиж уралдах чанга юм билээ. Байгаль, цаг агаарт нь дасаж амжаагүй болохоор бие их хямарсан. Нэг цэг дээр ирээд муужирч унах шахаж явтал Филиппиний тамирчин час халуун ус өглөө.

Би ч нэг литр усыг албан хүчээр уугаад уралдаанаа үргэлжлүүлэв. 14 дэх цэг дээр дахиад л буцлам халуун ус уулаа. Хоолой гүн түлэгдлээ дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Харин намайг сэргээх гэж л ийм арга хэмжээ авсныг хожим мэдсэн. Хүч сулрахыг мэдмэгцээ хав халуун ус уучихвал хурдан сэргэдэг юм билээ. Гүрийсээр тэмцээний замаа дуусган, 24 цагийн гүйлтэд тавдугаар байр эзэлчихээд зогсож байхад медаль авч чадаагүй ч гэсэн сэтгэл хангалуун байсан.

-Та Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг аль зайд биелүүлсэн юм бэ?

-24 цагийн гүйлтийн тэмцээнд 150 км-ийг туулж ОУХМ болсон. 2016 онд олон тэмцээнээс алтан медаль “хураасан” даа. Дээрх төрлийн УАШТ-д 163 км зам туулж улсын дээд амжилтыг анх удаа шинэчлэн тогтоосон. Харин өнгөрсөн жил “Говь-225” олон улсын тэмцээнд түрүүлж, “Улаанбаатар марафон”, “Багахангай марафон”, “Дархан марафон” зэрэг томоохон уралдаанаас алт, мөнгө, хүрэл медаль аваад байна.

-2018 онд оролцохоор төлөвлөж байгаа тэмцээнүүдийнхээ талаар сонирхуулна уу?

-АНУ-ын Нью-Йорк хотноо болох хэт холын марафон гүйлтийн олон улсын оролцохоор бэлтгэж байна. Үүнээс 21 хоногийн дараа Вашингтонд бас тэмцээнтэй. Нью-Йорк болон Вашингтон хотод амьдарч байгаа монголчууд намайг хөгжөөн дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж ирэх онд Монголдоо болох тэмцээнүүдэд бүгдэд нь оролцохыг хичээнэ.

Тэмцээнд оролцож, амжилт гаргах нь ивээн тэтгэгчдээс ихээхэн шалтгаалдаг. Сүүлийн хоёр жил би хувийн зардлаараа л дээрх тэмцээнүүдэд өрсөлдсөн юм. Тамирчин бүхний хүсэл ижил байх. Төр засаг, албан байгууллагууд тамирчдадаа санхүүгээр тусалж, урамшуулдаг байгаасай.

Б.Алдармаа саад бэрхшээлээс ердөө шантардаггүй. Энэ жилийн “Говь-225” олон улсын тэмцээн үүний баталгаа гэлтэй. Халуун элс дороос хүчтэй төөнөсөн аагим халуунд уралдах ямар амар байх вэ. Гэхдээ л тэрхүү уралдаанд Б.Алдармаа түрүүлж чадсан юм. Өдгөө гүйгч бүсгүй Түвдийн өндөрлөг уулст болдог томоохон уралдаанд оролцохоор зорьж байна. Аагим халуунаас тэсгим хүйтэнд шилжих өөрчлөлтийг биеэр мэдрэх нь түүнд туйлын сонин санагдаж байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай