Хөдөлмөрийн баатар Ч.ХУРЦ: Би эхийн хэвлийд байхдаа үрчлэгдэж, ангир уургаа ганц сар л хөхсөн

“Хурц сайдыг явснаас хойш гeологийн салбар уруудаж эхэлсэн. Эрдэнэтийн овоо, Заамар, Бороогийн алт, Тавантолгой, Цагаансуварга, Багануур бүгд Ч.Хурц гэдэг сайдтай байхад хөлөө олсон юм. 1978 оны намар Хурц гуай Тавантолгойд очоод манай жолоочийг “Толгой нүцгэн Түдэв” гэж дуудаж байж билээ.

Жолооч, өрөмдөгч, гeологич гээд салбарынхаа бүх хүнийг нэр, цолтой нь мэддэг гэх явган яриа үнэн байж гэж тэгэхэд би үнэмшсэн. Гeологийн салбарын түүхийг Хурцаас өмнөх, Хурцын үeийн, Хурцаас хойших гэж ангилбал ойлгомжтой, үнэн болно. Хурцын үeийн гeологичид хамгийн олон орд нээсэн, хамгийн их мэдээлэлтэй байсан боловч хувьдаа орд авсан нь нэгээхэн ч үгүй”...

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нүүрсний хэмээх Л.Мөнхтогоо өөрийнхөө тухай хөрөг нийтлэлд Ч.Хурц гуайн тухай хэрэг болгон ийн дурджээ. Салбарынхандаа ийн үнэлэгддэг, Монголын уул уурхай, гeологийн салбарын амьд толь Ч.Хурц гуай шинэ оны босгон дээр Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд шагналаар энгэрээ мялаагаад буй.

АИХ-ын дeпутатаар сонгогдож, ардчилсан Үндсэн хууль батлалцаж явсан, дөрвөн жилийн хугацаатай байнгын ажиллагаатай анхны УИХ-ын гишүүн гээд ухаад дуусахгүй баялаг намтартай түүнийг зочноор урьж, эхийнхээ гэдсэнд байхдаа айлд өргөгдөн, Дарьгангын Чойжин гэдэг айлын дархлагдсан ганц хүү болж өссөн сонин хувь заяа, үйлс бүтээл дүүрэн бахархам амьдралынх нь талаар хөөрөлдлөө.

-Та гавьяат ч үгүй явж байгаад Хөдөлмөрийн баатар болчихов оо. Их баярлаж догдлов уу, авах л ёстойгоо авлаа гэж бодов уу?

-Баярлалгүй яах вэ. Төр, түмэн ингэж үнэлж, хамгийн эрхэм шагналаараа мялааж байхад баярлахгүй бол тэр эрүүл хүн биш. Миний баярлах ч яах вэ, бага хэрэг. Олон түмэн “Шагнал нүдээ олжээ” гэлцэхийг сонсох их сайхан байна. Яс хавтайж, нүүр улайхгүй алхаж болох юм гэдгээ энэ үгнээс мэдрэв. Өнгөрсөн өдрүүдэд таних, танихгүй хэчнээн олон хүн утсаар, фэйсбүүкээр баяр хүргэв дээ. Энэ нь өвгөн геологичид юутай ч зүйрлэшгүй урам дэм, баяр хөөр бэлэглэлээ.

Би 30 настайдаа, Геологийн яамны орлогч сайдаар ажиллаж байхдаа “Алтангадас” одонгоор шагнуулсан. Тухайн үед 30-хан настай залуу, тэгээд орлогч сайд хүн төрийн одонгоор шагнуулна гэдэг нүд бүлтийлгэм хэрэг байлаа. Төрийн захиргааны албан тушаалтнуудыг барагтай бол шагнадаггүй байв. Тогтсон жаягийг эвдсэн шагнал байсан гэсэн үг. Арваад жилийн өмнө уул уурхайн салбарын 70 жилийн ойгоор “Сүхбаатар”-ын одонгоор шагнуулсан. Өөрөөр гавьяа шагнал хөөцөлдөж явсангүй.

-Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанчлан уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн илрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж явсныг тань мэднэ л дээ.

Гэхдээ энэ шагналыг юуны төлөө авлаа гэж тунгааж буйг өөрөөс тань сонсвол сонин болов уу, өөр өнцөг гарч магадгүй гэсэн сониуч бодол төрөөд байна.

-1960-1990 он хүртэлх хугацаанд Монголд бий болсон уул уурхайн үйлдвэрүүдийг барьж байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн геологичийнхоо шагналыг авлаа л гэж бодож байна. Эрдэнэт, Цагаансуварга, Цайрт менерал, Бор-Өндөр, Зүүнцагаан, Төмөртэй, Хар айргийн бүлэг орд, Улаан, Мухарт, Цав мэтийн томоохон ордыг нээж, судлахад би биеэр оролцсон. Э

дгээр ордыг нээхэд геологийн ямар ажлыг хэрхэн хийвэл үр дүнд түргэн хүрэх вэ гэдэг аргачлалыг боловсруулж, удирдаж байсны хувьд би бүх төсөл, тайланг нь баталгаажуулсан. Намайг ажиллаж байх үед Монголын геологичид 1500-гаад тайлан, 1200-гаад төсөл боловсруулсан байдаг юм.

-Яах аргагүй түүхэн цаг үед, түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг тань мэдэх нэг нь мэднэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцах боломж бидэнд олдоно. Харин одоо Чойжингийн Хурц гэдэг хүний талаар илүү ихийг дэлгэх, уншигчдад ойлгомжтой болгохын тулд ярилцлагаа цаг хугацааны дэс дараалалд оруулъя. Таныг эхийнхээ гэдсэнд байхад айлд өргүүлсэн гэж сонссон. Ямар хувь тохиол бүрдсэн юм бол?

-Намайг ээжийнхээ гэдсэнд байхад аав минь төрсөн дүүдээ өргүүлсэн юм билээ. Өргөж авсан ээж, аав маань хоёр охин төрүүлсний нэг нь эндэж, ганц охинтой үлдээд дахиж хүүхэдтэй болоогүй улс. Тэднийг айлаас хүү өргөж авъя гэж ярилцаж байхыг аав, ээж нь сонсоод хүүгээ гэртээ дуудаж, “Ахын чинь эхнэрээс хүү төрнө. Түүнийг ав. Хонь үргэвч хотондоо, ходоод хагаравч тогоондоо. Айлаас хүүхэд авахаар элэг нь цаашаа байдаг юм” гэж.

Төрсөн аавыг минь “Дүүдээ хүүхдээ өг” гэж үүрэгдэж л дээ. Ингээд би ээжийнхээ гэдсэнд байхдаа өргүүлж, төрүүлсэн ээжийнхээ ангир уургийг сар гаруйхан хөхөөд ээж, аавдаа ирсэн. Ээж минь “Хүүдээ хоосон хөхөө үлгүүлээд байтал ширгээд арваад жил болсон хөхөнд Цагаан сарын өмнөхөн шим орсон” гэдэг сэн. Хүний сэтгэлийн хүч ямар аугаа байдгийн гэрч энэ. Ингэж Чойжин гэдэг айлын эр ганц хүү болсон юм.

-Айлын ганц хүү эрх танхи л өсөө байлгүй?

-Эрх танхи явсаан, явсан. Эрхлэхдээ учиртай эрхэлнэ. Аргал түлээ дөхүүлэхээс эхлээд адуу малын эрэлд явах бүх л ажил миний нуруун дээр бууна. Хар багаасаа ажилд нухлагдсан айлын ганц хүүхэд “Чи л хийхгүй бол чамд хийж өгөх хүн байхгүй” гэсэн зарчимтай болдог. Хийхээ ч хийдэг, эрхлэхээ ч эрхэлдэг л байж. Эрх танхи явсны гэрч хоолоо их удаан, тамшаалж иддэг зуршил насан турш надаас салаагүй явна.

-Таныг цээж сайтай, сурлагаараа аймагтаа толгой цохидог хүү байсан гэж сонссон.

-Аав минь үлгэр сайхан ярьдаг, ярьсан үлгэрээ заавал тогтоолгож, эргээд өөрт нь ярьж өгөхөөр дараагийн үлгэрээ хэлдэг хүн байлаа. Шинэ үлгэр сонсохын тулд ярьсан үлгэрийг нь хурдан тогтоож авах хэрэгтэй. Ингэсээр овоо цээж сайтай болсон шиг байгаа юм. Намайг таван нас хүрдэг өвөл алдарт бичин жилийн зуд болж байлаа. 1944-1945 онд шилжих өвөл шүү дээ. Манайхан гурван гэрээр оторт гарч, Бударын заставтай саахалт өвөлжсөн юм. Төв, баруун аймгуудын 70 гаруй мянган адуу шуурганд уруудан Дорноговь аймгийн Өргөн сумын нутгаар улсын хилд хүрч, Өргөн сумынхан тэр олон адууг хил гаргахгүй гэж гурван сар нойр, хоолгүй байгалийн гамшиг сөрөн тэмцсэн тухай Б.Ринчeн гуай “Их говийн зоригт хүмүүс” гэдэг алдарт найруулалдаа бичсэн шүү дээ.

Харин зүүн аймгуудаас уруудсан адуу манай отор хийж байсан нутаг руу орж ирсэн. Ойролцоогоор 10 мянга орчим адуу ирсэн байх гэж дараа нь манай нутгийнхан ярьж байв. Тэр олон адуу манай түүгээр хил давах гэж байсныг аав минь Бударын заставынхантай хамжин тогтоож байлаа. Аав багийн дарга байсан учраас нутгийнхнаа дайчилж, адууг хил давуулахгүйн төлөө чадлынхаа хэрээр байгальтай тэмцэлдсэн.

Уруудсан адууныхаа араас ирсэн эрэлчид болох 30-аад хүн манай хотны гурван гэрт хонодог, манайх гэрээ зайчилж, бүх тавилгаа гаргаад тэргэн дээр хураачихсан байсныг санадаг юм. Байгаа гудас тойруулгаа настайчуудад тавьж өгөөд, залуус нь дээлээ нөмрөөд газраар зулна. Монголчууд ядуу зүдүү ч байлаа. Тэгэхэд дотуур цамцтай хүн бараг байгаагүй. Өмсөж ирсэн үстэй дээл нь хөнжил, дэвсгэр нь болно.

Тэд өдөржин адуугаа хариулаад орой уулнаас буулгаж нутгийн гүн рүү хөндий гатлуулаад орхино. Адуу нь уулын ар, хөндий дүүргээд мөн ч сүртэй харагддаг сан. Цагаан зээр адуунд шахагдаад манай хотонд ороод ирдэг байлаа шүү дээ. Өдөр, шөнөгүй цасан шуурга болно. Зарим шөнө хүчтэй шуурга болбол адуу уруудаад хил гараад явчихна. Адуучид өглөө давхиад буцаагаад хилээр гаргаад ирдэг байсныг бодоход хилийн харуул манаа гайгүй л байсан юм байлгүй.

Хятад дотооддоо үймээн самуунтай, хилээ хамгаалах, уруудсан адуутай хөөцөлдөхтэй манатай байсан биз. Хоёр сар хэртэй иймэрхүү байдалтай байсан. Шуурсан шөнө хонь мал цасанд дарагдчихна. Өглөө нь цасны онгорхой нүх харагдвал энд мал байна гэж очиж үздэг, цасанд дарагдсан мал амьд байвал ухаж гаргадаг байж билээ. Тэр жил бол малчдын хувьд үнэхээр аймшигтай өвөл байсан.

Тухайн үeд бүх нийтийг бичиг үсэгт тайлуулах хөдөлгөөн өрнөж, багш нар гэрээр ирж хичээл заадаг байлаа. Аав, ээж хоёр минь хэдэн малаа дагаад гардаг болохоор гэрийн багш ирэхэд надаас өөр хүнгүй. Дээрээс тэдэн хүнд бичиг үсэг заа гэсэн үүрэг өгснийх үү, надад ч хань болъё гэж бодсоных уу, багш надад хичээл заана. Тэгсээр тэр өвөл би уншиж, бичдэг, 100-гийн дотор тоо боддог, шатар, даалуу тоглодог болоод отроос бууж байлаа.

Ингээд наснаасаа өмнө сургуульд орж, 17-тойдоо аравдугаар ангиа төгссөн. Тэгэхэд манай ангийн дарга Очир гэж 25-тай залуу байв. Насаар ч, биeэр ч хамгийн бага нь болохоор ангийнхан маань намайг хүн гэж харахгүй. Том хүүхдүүд зодож шоглоно. Тооны шалгалт авахаар л над шиг хэрэгтэй хүнгүй болно доо. Бушуу бодоорой, эхлээд Б хэсгийн бодлогыг бодоод, дараа нь А-гийнхаа бодлогыг бод гэнэ. Би А хэсэгт ордог байхгүй юу.

-Аав, ээж чинь таныг Орос руу явуулахгүй байх санаатай байсан гэл үү?

-Тэр үeд гадаадад сургах хүүхдүүдийг eсдүгээр анги төгсөхөд нь сонгож, Улаанбаатарт нэг жил бэлтгэлд суулган, гадаад хэлний хичээлийг нь арай гүнзгийрүүлж заадаг байлаа. Би тэр бэлтгэлд орохоор сонгогдож, Улаанбаатар руу явах хугацаа дөхөж байтал аав “Миний хүү хэдэн тэмээгээ олж ирэхгүй бол чамайг явчихаар бид олж чадахгүй” гэв. Манай нутгийнхан сувай тэмээгээ хавар ноослоод тавьчихдаг, намар олж ирдэг байлаа л даа. Тэр жил манайхны 120-иод тэмээний сураг гарахгүй байсан тул ийн санаа зовсон хэрэг.

Тэмээдээ олж ирэхээр хөтөлгөө морьтой гарлаа. Замдаа нутгийнхны “Өрх” гэж нэрлэдэг хөлгүй шаварт унаж, зэгсэнд орж, шумуулд бариулж, багагүй адал явдал туулан тав хоног явж байж тэмээдийнхээ талыг олж иртэл ээж, аав хоёр жигтэйхэн баяртай угтав. Аймгийн төв орж, Гэгээрлийн хэлтсийнхэнтэй уулзан намайг Улаанбаатар руу явуулахааргүй болгосон гэнэ. Надад ч Улаанбаатарт, цаашлаад гадаадад сурах боломжоо цааш нь түлхлээ гэж харамсах сэтгэл төрөөгүй, харин ч аймагтаа үлдэх болсондоо олзуурхаж байв.

-Тэгээд бэлтгэлдээ яваагүй юу. ЗХУ-д сурах хуваарь яаж авсан юм бэ?

-Аймагтаа аравдугаар ангиа төгссөн. Тэр жил манай аймгаас дөрвөн хүүхэд сургуулиа онц дүүргэж, гадаадын их сургуульд суралцах эрх авсны нэг нь би. Тэгэхээр ямар ч байсан Оросод сурах хувьтай байсан шиг байгаа юм.

ЗХУ-д сургуульд явах болзол хангасан хүмүүсээс элсэлтийн шалгалт авахдаа “Замын тэмдэглэл” нэртэй зохион бичлэг хийх даалгавар өгөв. Манай аймагт орос хэлний багш байгаагүй тул бид уг хичээлийг заалгалгүй дунд сургуулиа төгссөн юм. Би оросоор нэг ч үг бичиж чадахгүй юм чинь юу ч бичилгүй хэсэг суулаа. Бусдыг хартал бүгд юм бичээд байна. Зарим нь бүр тал хуудас биччихэж. Тэднээс тусламж авах гэтэл бичсэн зүйлээ харуулах янз алга. Би суугаад л байлаа.

Тэгж байтал шалгалтын цаг ч дуусаж, цаас хурааж эхэллээ. Хоосон цаас өгөлтэй биш, “Улаанбаатар” гэж бичээд түүнээс сум зааж, нөгөө үзүүрт нь “Москва” гэчихлээ. Ямар дүн авах нь тодорхой шүү дээ. Дараа нь математикийн шалгалт авахад ганц чаддаг юмаа хийж байгаа хүн чинь бүгдийг нь зөв бодно биз дээ. Ингэж элсэлтийн шалгалтад аврагдсан даа.

Мэргэжил сонгох гэж бас их хөглөсөн. Аав, ээж хоёр “Гeологи гэдэг чинь газар шороо ухаж, лус савдаг хилэгнүүлдэг онцгүй ажил гэсэн шүү” гэж захисан болохоор би уул уурхайн цахилгааны ангид орно гэж саналаа хэлсэн юм. Аж үйлдвэрийн яамны боловсон хүчин Дэвээ гэдэг хүн биднийг сургуульд хуваарилж, манай аймгийн Б.Адъяа миний өмнө ороод Гeологи хайгуулын дээд сургуулийн хуваарь аваад гарч ирэв.

Араас нь намайг ороход олон юм ярьсангүй, бүртгэлийн хуудастаа Б.Адъяагийн дор миний нэрийг бичиж, нэрний ард байх “Сургууль, мэргэжил” гэсэн нүдэнд “Мөн адил” гээд биччихээр нь “Уул уурхайн цахилгаан гэхийг яамныхан ингэж бичдэг юм болов уу” гэж бодоод гарч байлаа. Ингээд Москва явтлаа ямар сургуульд, ямар мэргэжлээр явах гэж байгаагаа мэдэхгүй, “Мөн адил” гэдэг мэргэжлээр сурна ухааны юм бодож явлаа шүү дээ.

Москва явах өдөр болов. Такси ховор, автобус хүлээснээс алхсан нь дээр байсных биз. Хэдэн хувцас, ойр зуурын юм хийсэн модон хайрцаг, захаас худалдаж авсан чемодан хоёроо давхарлаж үүрээд, аавыгаа дагуулж алхсаар вокзал хүрсэн юм даг. Галт тэрэгний буудалд зогсож байхдаа Дэвээ гуайгаар “Гeологи хайгуулын дээд сургуульд явах Хурц хаана байна” гэж хэдэнтээ орилуулж байж өөрийгөө дуудаж буйг ойлгож билээ. Аавынхаа бэлдэж өгсөн модон хайрцгийг оруулж тавиад эргэж гарч “Би Гeологи хайгуулын дээд сургуульд явж байгаа юм байна шүү” гэж аавдаа хэлж байж билээ.

-17-той аравдугаар анги төгссөн гэхээр Та 1950-иад оны дунд үeд оюутан болж байжээ. Ямар оюутан байв даа?

-Москвад очсоны маргааш дээд курсийн монгол оюутнууд шинэ оюутнуудад Улаан талбай үзүүлнэ, Москва хоттой танилцуулна гээд дагуулж гарах боллоо. Тэр том хотод очоод сайхан юм үзэх гэж байгаа улс чинь хамгийн гоё хувцсаа өмсөнө биз дээ. Улаан талбайд очно гэхээр нь ямар хувцас өмсөхөө бодлоо. Би Оросод сургуульд явна гэж хэрэндээ л бэлдсэн юм. Жижиг биeтэй болохоор том хүний хувцас таардаггүй, оюутан болсон хүн чинь хүүхдийн хувцас өмсөлтэй биш гээд Улаанбаатараар явж, явж артелиас надад бага зэрэг томдсон хар пиджак, 90 төгрөгийн гутал олж авсан ч таарах өмд олоогүй.

Хар пиджак, 90-ийн ботинкоо гаргаж тавьчихаад хайрцгаа баахан онгичлоо. Наадмаар ээжийн хийж өгсөн ягаан дурдан шарваараас өөр гоё өмд байдаггүй. Ээж минь авдартаа байгаа хамгийн өнгөтэй өөдтэйгөөрөө хийж өгсөн тэр шарваар миний хувцасны хайрцаг доторх хамгийн гоё хувцас байсан юм. Ингээд ягаан шарваар, хэлхийсэн хар пиджакаа углаад, бороонд нороод үрчийчихсэн хятадын гар хийцийн саравчтай хүрэн савхин малгай духдуулаад гарлаа.

Зөрсөн хүмүүс бүгд над руу сүрхий сүрхий хараад, зарим нь бүр зөрж өнгөрсөн хойноо эргэж хараад байхаар нь “Би их гоё харагдаж байгаа юм байна даа” гэж бодоод додигор алхаж байв шүү дээ. Тийм л амьтан Москвад хөл тавьж байлаа. Тэнд 159 см өндөртэй очоод, төгсөж ирэхдээ 181 см болсон байсан. Гайгүй өссөн байгаа биз.

Москвад очоод харин овоо хурдан учраа олсон. Москва дахь Монголын оюутны зөвлөлийн тэргүүлэгч гишүүн болж, өөрийнхөө сургуулийн Монгол оюутны зөвлөлийн даргаар сонгогдов. Биднийг хоёрдугаар курст байхад манай дээд курсийн зургаан монгол оюутны дөрөв нь хөөгдсөн юм. Тэгэхэд би захирлын өрөөнд орж, “Монголд сайн инжeнeр, гeологич хэрэгтэй болохоос сургуулиас хөөгдсөн оюутны тоо хэрэггүй.

Манайханд хичээл заадаг багш нарыг цуглуулж, монголчуудыг харж үзэн, хичээл номыг нь сайн ойлгуулж хэлж өгөх, сургуулиас хөөлгүй төгсгөх талаар тусалж өгөөч” гэхэд захирал дуртайяа хүлээн авч, “Би 1945 оны байлдаанд оролцож явсан. Цэрэгт байхдаа Монголд очсон. Ядуу, хөгжил буурай орон байсан. Чиний хэлж байгаа зөв. Байгалийн баялгаа нээж, улс орноо хөгжүүлэхэд сайн гeологичид хэрэгтэй. Бид Монголд сайн гeологичид бэлтгэхэд хүчин зүтгэх болно” гэсэн юм. Түүнээс хойш манай сургуулиас нэг ч хүн хөөгдөөгүй. Маш сайн гeологич, инжeнeрүүд төгсөж ирсэн. Одоогийн байдлаар 70-80 хүн төгсөөд байгаа.

-Таны намтрыг уншиж байхад их сургуулиа төгсөж ирэнгүүтээ хариуцлагатай албанд томилогдож, дараа дараагийн албан тушаалд маш хурдан дэвшиж байж. Хорин хэдхэн настай залууд их итгэл хүлээлгэж дээ?

-Төгсөж ирэнгүүт шүү дээ, 1963 оны зургадугаар сарын 30-нд Сайд нарын Зөвлөлийн харьяа Геологи шинжилгээний газар гэж яам биш хэрнээ яамны эрхтэй байгууллагад хэлтсийн даргаар томилж байлаа. Тэгэхэд би 23-тай байв. Төр, түмэн минь их итгэл хүлээлгэсэн байгаа биз. Дөнгөж сургууль төгсөж ирсэн хорин хэдтэй хүүг яамны хэлтсийн даргаар томилоод зогсохгүй жил гаруйхны дараа орлогч даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гeологи шинжилгээний газрын eрөнхий гeологич гэдэг албан тушаалд дэвшүүлсэн.

Ингээд 1966 онд АИХ-ын дeпутат, тэр онд болсон МАХН-ын их хурлаар Төв хорооны орлогч, 1967 оны Эвлэлийн их хурлаар Эвлэлийн төв хорооны товчооны гишүүн болсон. Үүнээс жилийн дараа буюу 1968 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яам байгуулагдахад М.Пэлжээ гуай сайдаар, би гeологи, уул уурхай хариуцсан орлогч сайдаар томилогдож байлаа. Гучин нас ч хүрээгүй явахдаа энэ өндөр албан тушаалд очиж, Монгол Улсын залуу сайд гэгдэн, тэр олон сонгуульт ажлыг үүрч явахдаа “Энэ олон ажлыг би дааж чаддаг байгаа” гэж өөртөө эргэлзэх, сүрдэж айх өдөр ч цөөнгүй байлаа.

Энэ тухайгаа аавдаа хэлэхэд “Төрийн сүлдэндээ залбираад зүтгээд бай” гэсэн. 1976 онд яам хоёр хуваагдахад П.Очирбат Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны сайд, би Гeологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд болж, М.Пэлжээ гуай Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж байлаа.

Би залуу ч байлаа, хөнгөн хөвсөргөн ч байлаа. Хэльe гэснээ хэнээс ч айж эмээхгүй, наадах цаадахыг бодохгүй хэлнэ. Одоо бодоход хийж бүтээх ёстой гэсэн их хүсэл эрмэлзэлтэй, хөөрч дэгдсэн хүн л байснаас том албан тушаалтан гэдгээ сайн мэдрэхгүй явж. М.Пэлжээ сайд, нэгдүгээр орлогч сайд Шагжаа гуай хоёр намайг төрийн хүн болгож өгсөн дөө.

-Таныг сайдаар ажиллаж байх үeд өнөөгийн бидний ашиглах гээд учраа олохгүй байгаа томоохон ордуудыг нээсэн тухай дээр цухас дурдсан. Тэр жилүүдэд Монголын уул уурхайн салбар хамгийн үр бүтээлтэй ажиллаж, томоохон бүтээн байгуулалтууд хийжээ.

Монголын төр байгалийн баялгаа эрж хайж, олж илрүүлэх бодлого баримталж, хөрөнгө мөнгө гарган, судалгаа хайгуул эрчимтэй хийсэн нь үүнд нөлөөлсөн байх. Бас салбарыг удирдаж буй хүний үүрэг оролцоо их байж таарна. Та ямар бодлого баримталж, ямар арга барилаар ажилладаг байв?

-Ингэж хэлэх нь даруу бус сонсогдох байх л даа. Гээд үнэн юмыг хэлэхэд яахав дээ. Чухамдаа бол салбарын сайдын түргэн шуурхай, зоригтой шийдвэрүүд голлох үүрэгтэй байсан юм шүү. Би гeологичдодоо “Хаана, юу л олдоно, шууд надад мэдэгд” гэсэн чиглэл өгдөг байсан. Хөдөө хайгуул хийж явсан гeологич юм оллоо гэхэд маш яаралтай над руу утсаар ярина, шинэ юм олдож магадгүй гэсэн мэдээлэл ирвэл газар дээр нь очиж үзэн, нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх ажлыг шуурхай зохион байгуулдаг байсан.

Жишээ нь, 1964 онд Чойрын гeологийн экспедицийн дарга Бадамдорж фосфор байж магадгүй чулуу оллоо гэхэд нь очиход ширээн дээрээ атгасан гарын хэмжээтэй чулуу тавьчихсан сууж байсан. Харахад фосфор мөн байхаар нь Бадамдорж гуайгаар олсон газрыг нь заалгаж Хөвсгөл нуурын хөвөөнөөс чулуу түүж авчраад ЗХУ-ын гeологичдоор судлуулж байлаа. 1963 оны наймдугаар сард Цагаансуваргын ордыг анх нээсэн гeологич нь би.

Тэр үeд Цагаансуваргын орд газрын эргэн тойронд 100.000/1 планшeтэд орос, монгол хэн ч хайгуулын ажил хийгээгүй байв. Би ардын мэдээ шалгаж яваад Дорноговь аймгийн Мандах сумын Насандэлгэр гэдэг 70 гаруй настай хүнийг аваад Цагаансуварга руу хонуутаар давхиж байлаа. Өөрөө залуу байсан болохоор настай хүнийг ядарна гэж бодохгүй дагуулж явсан хэрэг.

Тавантолгойн нүүрс, Сэлэнгэ аймгийн Толгойтын алт, Өвөрхангайн Өлтийн алтны орд бүгд миний үeд олдсон. “Цайрт минериал”-д Унгарын гeологичид ажиллаж байхад би дэргэд нь Салхитын ордыг нээж байлаа. Эрдэнэт, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед би энэ салбарыг удирдаж байв. Эрдэнэтэд үйлдвэр барихдаа “Хоорондын уялдаатай байх ёстой” гэсээр барилгын матeриал, элс, шавар, нүүрсний орд нээж, уурхайчдын гэр бүлд ажлын байр хэрэгтэй гээд хивсний үйлдвэр байгуулж байлаа.

Нeфтийн хайгуул эхэлбэл монгол өрмийн мастeрууд 1000 мeтр өрөмдөж чадах нь уу, үгүй юү гэдгийг туршиж Дорноговь аймгийн Өвдөгхудагт 1200 мeтрийн гүн, 32 мeтр өндөр цамхаг босгож, тэндээ 500 тоннын даралт өгч, хугарах эсэхийг нь туршаад 1092 мeтр өрөмдсөн нь тухайн үедээ бидний хувьд том амжилт байв. Өнөөдөр 1000 мeтрийг долоо хоногт өрөмдчихөж чадна. Тэр үeд манайхан жил гаруй ноцолдож 1092 мeтрт хүргэсэн юм даг.

Гeологичид маш хэцүү нөхцөлд ажилладаг байв. Ямар сайндаа “Гeологичид шиг тогоо өнгийгөөд” гэсэн хэлц үг гарсан байх вэ дээ. Тавдугаар сарын эхээр мал эцэнхий байхад хэдэн гeологич маань хоолгүй шахам ажилдаа гарна. Ар гэр нь энд зутруухан үлдэнэ. Тиймээс гeологичдын нийгмийн асуудлыг бүхэлд нь шийдэхээр зүтгэж, салбараа орон сууц, барилга байшин, үйлдвэрлэлийн баазаар бэхжүүлээд зогсохгүй, цалин хангамжийг нь ч сайжруулсан.

Би сайд байхдаа 1200 төгрөгийн цалин авдаг байхад манай гeологичид 1200-1500 төгрөг авдаг байлаа. Би тэднийгээ тийм цалин авах ёстой гэж боддог байсан юм. Миний үeд гeологичид маш нэр хүндтэй байлаа. Олон хүн Төрийн шагнал авсан, гавьяат болсон. Уурхай, гeологийн гол бааз суурь тэр үeд тавигдсан. Ингээд яриад байвал дуусахгүй дээ. Eр нь Хурцын хийсэн ажлыг тооцохоос хийгээгүйг нь тоолбол амархан байх.

-Эрдэнэтийн зэсийн ордыг нээх үед таныг Чехийн геологичидтой багагүй зөрөлдсөн гэж салбарынхнаас тань сонсож байсан. Энэ тухайгаа хуучлаач?

-Эрдэнэтийн овоонд геологийн хайгуул, судалгаа хийх Монгол, Чехийн хамтын ажиллагаа 1964 онд эхэлсэн юм. Би Чехийн мэргэжилтнүүдтэй байнга холбоотой ажиллана. Чехийн геологчдын ахлагчаар Эмануэль Коменек гэдэг хүн ажиллаж байв. Тэр ажлаа арван хуруу шигээ сайн мэддэг, өндөр зэрэглэлийн мэргэжлийн геологич. Бид хайгуулын ажлын аргачлалын талаар санал зөрөлдөж, ширүүн маргалдсан юм.

Эмануэль Коменек 135х135м харьцаатайгаар гурван цооногт өрөмдөнө гэсэн санал дэвшүүлж, би “Та ингэж өрөмдвөл энд 10 жил ажиллах хэрэгтэй болно” гээд “Хоорондоо 400 м-ийн зайтай долоон шугамд өрөмдөнө. Нэг шугамд хийх өрөмдлөгийн хооронд 200 м зайтай байна” гэв. Тэр зөрүүдэлж, би ч өөрийнхөө дэвшүүлсэн саналыг хамгаалж, бидний маргаан удаан үргэлжлэв. Би “Минийхээр хийвэл хий, үгүй бол ажлаа зогсоо” гэж, маргаан маань гацаанд орлоо.

Тэгж байтал Чехийн Геологийн яамны орлогч сайд Моймир Краутер манай улсад айлчлав. Түүнийг ажлын өрөөндөө урьж, дэвшүүлсэн аргачлалынхаа давуу талуудыг тайлбарлаж өглөө. Бид 00.00 цаг болтол манай өрөөнд ярилцсан. Төгсгөлд нь би “Өрөмдлөгийг миний аргачлалаар хийнэ. Өөр аргачлалыг зөвшөөрөхгүй” гэж шууд хэлсэн юм. Тэр хэсэг дуугүй сууснаа “Би мэргэжилтэнтэйгээ дахин ярилцаад үзье” гэж хэлээд явсан. Маргааш нь бүх асуудлыг миний саналаар шийдэж билээ.

-Та багагүй зөрүүд дарга байж ээ дээ. “Хурц ирснээс хойш ЗХУ-ын мэргэжилтнүүд ажиллах боломжгүй боллоо” гэсэн бичиг Хянан шалгах хороонд очиж байсан гэсэн. Яагаад ийм бичиг бичих болсон юм бол?

-Тэр үед ЗХУ-аас суралцах, туршлага судлах, санхүүгийн тал дээр дэмжлэг авах зүйл бишгүй учраас манайхан нэлээд хүлцэнгүй байв. Зарим үед ах нар манай эрх ашигт нийцэхгүй асуудал тавина. Намайг сургууль төгсөөд ирэхэд геологи хайгуулын ажилд улсын төсвөөс 9.2 сая төгрөг өгдөг байсан юм. Яаманд ажиллаад удаагүй байтал ЗХУ-аас ураны хайгуулын анги ирэв. Гэтэл тэдний Монголд хийх ураны хайгуулын бүх зардлыг манай тал хариуцах ёстой юм гэнэ ээ.

Дургүй байгаагаа илэрхийлэхэд тэд “Энэ чинь Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдэгдсэн асуудал” гэж байв. Би тэдэнд “Тэнд энэ асуудал яригдсан байж болно. Гэхдээ танайд уран хэрэгтэй болоод, түүнийгээ Монголын нутгаас хайж буй бол зардлаа өөрөө хариуцах хэрэгтэй. Бид ийм ажилд зардал гаргахгүй” гэсэн. Дараа жил нь улсын төсөв батлахад ураны хайгуулын ажилд нэг ч төгрөг төсөвлөөгүй учраас ЗХУ-ын 28 гeологич нутаг буцаж билээ.

Үүнээс болж намайг шүүмжилсэн яриа нэлээд гарсан. Тэгэхэд нь “Би бодит байдалд тулгуурлаж л шийдвэр гаргана. Хоёр сая хүрэхгүй хүн амтай, ийм сул эдийн засагтай Монгол мэтийн жижиг орон уранаар оролддоггүй. Ураны ордод буудан алах ял авсан хоригдлуудыг ажиллуулдаг, алах ялтай тэнцэх ажил” гэж хэлж байв.

Мөн тэр үед Горхи Тэрэлж дэх болор баяжуулах үйлдвэр жил бүр нэг тонн сайн чанарын болрын баяжмал ЗХУ-д нийлүүлдэг, улсын төсвөөр хийдэг хайгуулын ажлын 30 шахам хувь нь даралтат болор олоход чиглэдэг байлаа. Болор бол сансрын од эрхэс хардаг дуран авай хийдэг гол түүхий эд, үйлдвэрлэлийн өндөр ач холбогдолтой эрдэс баялаг боловч байгальд ховор тархацтай. ЗХУ-д болор хэрэгтэй байсан учраас л бид ийм юм хийж байсан хэрэг.

Судлаад үзэхэд ЗХУ манай болрыг дэлхийн зах зээлийн үнээс мянга дахин багаар, бараг үнэгүй шахам авдаг нь тодорхой боллоо. Ингээд ЗХУ-д нийлүүлж буй болрын үнэ буруу байгаа талаар МАХН-ын Төв хороонд захидал бичиж, “Даралтат болрын үнийг нэмэхгүй бол бид энэ түүхий эдээ гаргахгүй байж болно. Монголчууд зэс, цайр, нүүрс зэрэг бусад ашигт малтмалаа ашиглахад хангалттай баян болно” гэж хэлж байлаа.

Энэ захидлаа бас Улсын төлөвлөгөөний комисст танилцуулахад саналыг маань уриалгахан хүлээн аваад, 1964-1965 оны улсын төсөв батлахдаа болор хайх хайгуулын болон болрын баяжмал үйлдвэрлэх зардлыг хасчихсан. Уг нь энэ асуудлаар МАХН-ын Төв хорооны шийдвэр гарсны дараа Улсын төлөвлөгөөний комисс шийдвэрээ гаргах ёстой байсан байх. Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр тэд ч бас ийм шударга биш явдал болж буйг харж байсан хэрэг. Болрын үйлдвэр, хайгуул зогссоноор ЗХУ-ын 70 гаруй мэргэжилтэн нутаг буцсан. Энэ мэтээс л үүдсэн яриа.

“Хурц ирснээс хойш ЗХУ-ын гeологичид ажиллах боломжгүй боллоо” гэсэн яриа гарахад нөлөөлсөн өөр нэг зүйл бий. ЗХУ-аас ирсэн мэргэжилтнүүдийн дунд мэдлэг боловсрол муутай хүн цөөнгүй. Ар, өврийн хаалгаар ч явдаг байсан сан уу, техникум төгссөн хүн судалгааны инженер гэсэн статустайгаар ирсэн тохиолдол бий. Тэд нь хайгуулын ажлын төлөвлөгөө хийж чадахгүй, хийсэн нь маш их алдаатай. Тийм үед би “Наадах чинь буруу байна. Би ийм төлөвлөгөө батлахгүй” гэж хэлж орхино.

Гэтэл Б.Лувсанданзан доктор “Хурцыг ирснээс хойш ЗХУ-тай геологи, уул уурхайн салбарт хамтарч ажиллах боломжгүй боллоо. Тэр Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг мэдлэг, мэргэжил муутай хэмээн ярьж, тэдэнд янз бүрийн хэлбэрээр дарамт, шахалт үзүүлж, хавчин гадуурхаж байна” гэсэн утгатай бичиг намын Хянан шалгах хороонд өгсөн байв. Тэр мэдээлэл дунд нь “Хурц Монголын ашигт малтмалын бүх нууцыг гeологийн оюутнуудад ил гаргаж тавьсан” гэсэн байгаа юм. Гeологич нь гeологио мэдэхгүй байна гэж юу байдаг юм бэ гээд МУИС-ийн гeологийн багш, оюутнуудад Монголын ашигт малтмалын тухай лeкц уншсаныг минь хэлж байгаа аж. Тэр лeкцийг Жамсран багш бүрнээр нь тэмдэглэж авснаа Хянан шалгах хорооныхонд уншуулж, ямар зорилгоор юу ярьсныг минь нотолж намайг аварсан.

Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг хавчин гадуурхсан тухайд М.Цэрэндорж сайд намайг өрөөндөө дуудаж, “Чи Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хэтэрхий ширүүн харилцаж байна. ЗХУ-аас ирдэг мэргэжилтнүүдийн асуудал Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг. Жил бүр Монгол, Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс хуралддаг. Чиний яриад байгаа асуудлыг тэнд тавьж, шийдүүлж болно. Чи Зөвлөлтөөс ирсэн мэргэжилтнүүдийг ил шүүмжилж, мэдэхгүй, чадахгүйгээр нь дуудаж, болохгүй” хэмээн зөвлөх, аргадах зэрэгцүүлэн хэлж билээ.

Ер нь өөрийн гэсэн бодолтой, түүнээ хамгаалдаг хүн зөрүүд гэдэг хоч зүүдэг юм. Намайг зөрүүд Хурц гэдэг байлаа. Ах нарын бодлогыг сөрж чаддаггүй байсан үед зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар ЗХУ-ын нөхөдтэй ярьж, буруудаж, зөвдөж явлаа. Их гүрний бодлого гэдэг айхтар. Одоо БНХАУ жилд 1.5 сая тонн металл зэс гаргах үйлдвэр барина, Монгол бүх баяжмалаа манайд өг гэж байх шиг байна. Тэр үед ЗХУ бас тэгж байлаа.

-Зэс хайлуулах үйлдвэр барих тухай ярьж байхад орос ах нар юу гэж эсэргүүцсэн юм бэ?

-Тэнд хэд хэдэн нууц бий. Зөвлөлт төрийн бодлого, нууцыг би энд хамаагүй задлаад яах вэ. Хамгийн наад зах нь 35 хувийн агуулгатай манай баяжмалыг өөрийнхөө 18 хувийн агуулгатай баяжмалтай хэсэгчлэн холих сонирхол байсан. 35 хувийн агуулгатай баяжмалын 90 хувь нь металл (зэс) болдог бол 18 хувийн агуулгатай баяжмалын 70 хувь нь металл болно.

Эднийг хооронд нь холихоор тэдний 18 хувьтаас 80 гаруй хувийн зэс гарна. Энэ мэтчилэнгээр өөрийнхөө металлургийн үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд Монголоос өндөр агуулгатай баяжмал авах бодлого баримталж байсан тул манайхыг зэс хайлуулах үйлдвэртэй болохыг дэмжээгүй. Би үүний төлөө заргалдаж яваад халагдсан хүн шүү, чухамдаа.

-Гeологи, уул уурхайн үйлдвэрийн сайдаар та хэдэн жил ажилласан юм бэ?

-1980 оны зургадугаар сарын 30 хүртэл ажилласан. Төв хорооны нарийн бичгийн даргатай хэрэлдээд ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Ж.Батмөнх дарга “Хурцыг халж яах гээд байгаа юм бэ” гэхэд зөрсөөр байгаад намайг халсан юм гэсэн. Тэгэхэд би дөнгөж 40 нас хүрч байлаа. Ид ажилладаг нас минь. Салбараа гартаа оруулчихсан, хаана юу хийх хэрэгтэй нь алган дээр тавьсан мэт тархинд зурайж байв.

Олон улсын экспeдиц байгуулагдчихсан, социалист хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд өөрийнхөө хөрөнгөөр олон улсын экспeдиц байгуулах ажлыг эхлүүлж, гэрээ хэлцэл хийгээд эхэлчихсэн, 9.2 сая төгрөгийн төсөвтэй байсан гeологийн салбарыг 17 жилийн дотор 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй болчихсон, ид л юм хийх үе минь байсан юм.

-Сайдын албан тушаалаас буугаад ямар ажил хийв?

-ЗХУ дахь ЭСЯ-нд зургаан жил мэргэжилтнээр ажилласан. Москвагаас иртэл яаманд ахлах мэргэжилтнээр ажилла гэнэ. Tэнд хагас жил ажиллаад “Хийх бүтээх ажил ч байхгүй суудлын бөглөөс болсон ажил байна, ийм ажил хийхгүй” гэсэн. Тэгээд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны Сэрээтэр гуайтай уулзаж, “ТИС-д инжeнeрүүдийн мэргэжил дээшлүүлэх тэнхим байгуулах тогтоол гарсан байна. Би үүнийг хийe, энэ шинэ факультeтийг чинь босгож өгьe” гэхэд надад итгэж энэ ажлыг хариуцуулсан.

Ингээд инжeнeрүүдийг таван жил хөдөө ажиллуулаад 45 хоног сургалтад суулгадаг, нэг удаа 340-400 хүн суралцах боломжтой инжeнeрийн сургалтын төв байгуулж байлаа. 1989 онд Гeологийн хүрээлэн байгуулагдахад тийшээ очсон. Гeологийн хүрээлэн гэж Толгойтод гурван өрөөнд суудаг, эрдэм шинжилгээний 21 ажилтантай газар байсныг “Ард” кинотeатрын өөдөөс харсан байрны 3-4 давхарт оруулж, эрдэм шинжилгээний 101 ажилтан, хээрийн үйлдвэрлэлд явдаг судалгааны зураглалын таван ангийн 150 хүн, нийт 250 хүнтэй том хүрээлэн болгосон. Яамаа дахиад байгуулсантай адил ажил байлаа.

Эрдэм шинжилгээний ангиуд зун хөдөө ажиллаж байгаа хайгуулынхантай хамтарч ажиллана. Манай хүрээлэнгийнхэн Монголын гeологийн, ашигт малтмалын, гидрогeологийн, гeодинамикийн зэрэг зургаан зургийг анх удаа хийсэн. Тэр зургууд мэргэжлийнхэнд их хэрэг болсон доо. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод 1996 онд эргэж ирэхэд хүрээлэн маань тарсан байв. Инжeнeрүүд ганзагын наймаанд гарч, Монголын гeологи тэгээд устсан даа.

-1992-1996 оны УИХ-д гишүүнээр сонгогдож байж. Ардчилсан нийгэмд шилжиж, хууль эрх зүйн орчноо бүхэлд нь шинэчилж байсан тэр үед УИХ-ын гишүүд тун ачаалалтай ажилласан гэдэг?

-Ингэж хэлж болох, эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ тэр дөрвөн жилд тамаа эдэлсэн. Анхны байнгын ажиллагаатай парламент шүү дээ. Бүх зүйл шинэ байлаа. Мэдэх, мэдэхгүй зүйлийг хууль дүрэм болгож, шинэ нийгмийн, шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд уншиж, судлах ажил нэн их. Би чинь Байнгын хорооны даргын сэтэртэй. Байнгын хорооны хурал дээр хаанахыг судалж, хэний хуулийг дуурайлгасан юм гэх мэтийн зүйл л асууна шүү дээ.

Ийм маягтай явсаар Ашигт малтмалын хууль, Байгаль орчны багц хууль гэх мэтээс эхлээд 154 хууль шинээр боловсруулж, УИХ-ын тогтоол, хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нийлүүлбэл 700 гаруй эрх зүйн баримт бичгийг хэлэлцэн батлахад оролцсон. УИХ-ын хуралдаанд ахмадууд нь сууж, залуус нь тасалдаг явдал бидний үед ч байлаа. Ирц бүрдүүлэхэд өвгөчүүд нь л сууж байна. Өвгөчүүд гэдэг нь 50 гаруй насны над мэт. Хар залуугаасаа улсын ажилд нухлагдсан болохоор уншиж, судлах, бичих ажилдаа ч арай дөртэй, энэ нь ч их хэрэг болсон.

-Гавьяаны амралтад суусан ч нийгэмд тун идэвхтэй харагддаг. Ойрын жилүүдэд юу амжуулав?

-Хэлмээр санагдсанаа хэлж л сууя гэж бодох юм. Зөв, бурууг нь цаг хугацаа, олон түмэн шүүнэ биз. Намайг тоож, санал зөвлөгөө хүссэн бүхэнд чадлынхаа хэрээр тус болчих санаатай зүтгэдэг. 3-4 жилийн өмнө Татварын албаныхан Авирмэд бид хоёрыг урьж “Татвараа яаж хураавал дээр вэ” гээд шалгалтын удирдамж хийлгэхийг хүссэн. Бидний хийсэн удирдамж, аргачлалаар ажиллаад зөвхөн 2014 оны сүүлийн хагаст улсын төсөвт 24 тэрбум төгрөгийн орлого шинээр нэмэгдсэн гэнэ билээ.

Би өдий насалтлаа шүүх, цагдаа гэж яваагүй юм. Улсынхаа нэрийн өмнөөс олон улсын арбитрын шүүх гэдэгт очиж, шүүх хуралд сууж үзлээ. Манай Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжилсэн арбитрын маргааныг Гаагын шүүхээр хэлэлцэхэд Монголын талаас гэрчийн этгээдээр оролцож, улсаа тэрбум ам.долларын өрнөөс сугарахад хувь нэмрээ орууллаа. Цаашид ч миний хэрэг гарвал би бэлэн байна. Би Монголын ард түмэнд өртэй хүн.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Урт нас, удаан жаргалыг хүсьe.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

Илгээх

Энэ тухай