Х.Сайхансанаа: Монголдоо ясаа тавих гэж очдоггүй л байгаасай

Х.Сайхансанаа: Монголдоо ясаа тавих гэж очдоггүй л байгаасай

Э.Эрдэнэцэцэг


Монгол хүний магнай дээр наран жаргахаа үл болив. Дэлхийн дөрвөн зүг, зургаан тив, найман зовхист монгол хүн мөрөө гаргаж, сайнтай муутай нь, гэрэлтэй сүүдэртэй нь ертөнцийн чихнээ Монголынхоо нэрийг дуурсгаж буй. Сайныг олж харах нүдийг олон байлгах гэж дэлхийн өнцөг булан бүрт үлгэр жишээ болохуйцаар ажиллаж, амьдарч, сурч буй монгол залуусынхаа үйл хэрэг, зорилго, хүсэл тэмүүллийг “толинд” буулгахыг зорин “Дэлхийн монголчууд” булангаа хилийн чанадаас эрхэм таны гэгээн оюунд барьж байна. Толь минь нөлөөгүй, эх орны минь ирээдүй сэвгүй байг!

Анхны маань зочин дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансаанд эхний 23-т, Хятаддаа нэгт эрэмбэлэгддэг Цинхуа их сургуулийн докторант Х.Сайхансанаа. Тэрбээр япон, хятад, англи хэлтэй. Гадаадад чадлынхаа хэрээр суралцан, мэдлэг чадвартай болж, цаг үеийнхээ золиос нь болоод ч хамаагүй эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй. Энэ үгийг би түүнээс хэдэнтээ сонссон.

Эмэгтэй хүн ийм хатуу байгааг харах гунигтай ч түүний эрс шийдэмгий зан, хүсэл мөрөөдлийн төлөөх тэмцэл нь ирээдүйн Монголын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болох нь гарцаагүй. Тэрбээр мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн зээ охин төдийгүй ээж нь Монгол улсаас Хятадын Уханы их сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны судлаач юм.

-Хятадад анх хэзээ хөл тавьж байв. Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл нь юу вэ?

-Манай өвөө БНАСАУ болон Монголын найрамдлын төлөөлөгч байсан. Тиймээс зургаан настайдаа өвөө, эмээтэйгээ тус улс руу Хаврын баярт оролцохоор Бээжингээр дамжиж явсан юм. Тухайн үед тийм олон хүн нэг дор амьдарч байхыг анх удаа харсан. Дараа нь ээжийгээ Хятадад сурч байхад нь хэдэн жил хамт амьдарсан. Харин энд суралцахаар анх 2006 онд ирж байлаа. Тэрнээс хойш 11 жил өнгөрчээ.

-Яагаад ийм олон жил Хятадад сурсан юм бэ?

-Би Жилиний их сургуульд олон улсын улс төр судлалын чиглэлээр суралцаж, Шанхайн Зүүн Хятадын боловсролын их сургуульд удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ингээд Английн том биш сургуулиас докторантурт тэтгэлэгтэй сурах урилга авсан. Тухайн үед бодсон л доо. Хятад хэлийг арай гэж сураад, дөнгөн данган ойлгодог болтол бакалавраа төгсчихсөн.

Одоо л магистртаа хятад хэлийг бүр сайн сураад, судалгааны аргыг нь эзэмшинэ дээ гэтэл бас л төгсөх болчихсон. Тэгээд хятад хүний сэтгэхүйг бүрэн ойлгоогүй, судалгааны аргаа ч сайн эзэмшээгүй байж Английн нэр нь ч байхгүй сургуульд сурч, доктор нэр зүүгээд яах вэ гэж бодоод Хятадад сурвал хамгийн сайн сургуульд нь суръя гэж шийдээд Цинхуад элссэн.

-Докторын судалгааны сэдвийг тань “Бага, жижиг орнуудын гадаад харилцаа” гэж сонссон. Ямар учраас энэ сэдвийг сонгох болсон бэ?

-Би Монголыгоо жижиг улс гэж хэзээ ч бодож байгаагүй. Бээжингийн их сургуульд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн захирал Алтанцэцэг багш лекц уншиж, шүүмжлэгчээр нь манай удирдагч багш уригдан, би орчуулга хийсэн юм. Энэ үеэр Алтанцэцэг багш жижиг улсын талаар их ярьсан. Үүний дараа манай багш “Би чамайг Монголыг жижиг гэж ярьж байхыг сонсоогүй. Жижиг улсын томьёолол юу юм бэ? Чи судлаад үз дээ” гэсэн.

Тэгээд Монголд энэ сэдвээр анх докторын зэрэг хамгаалсан Төмөрчулуун багштай уулзахад “Жижиг биш бага, жижиг улс гэх нь зөв” гэж хэлсэн. Жил орчим судлаад, тухайн улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь хүн ам байдаг учраас НҮБ болон олон улсын байгууллагаас гаргасан “10 саяас доош хүн амтай улсыг бага, жижиг улс гэнэ” хэмээх тодорхойлолтод буусан. НҮБ-д бүртгэлтэй 193 улсын 113 нь бага, жижиг улсын категорид багтдаг. Тэд гадаад бодлогоор аюулгүй байдлаа хамгаалдаг ч бодлого нь байнга өөрчлөгдөж байдаг.

Нэг бол тэнцвэртэй бодлого баримталж, нөгөө бол төвийг сахина. Эс бөгөөс эвсэл нэгдлээр дамжуулан, том гүрнээр өөрийгөө хамгаалуулах, эсвэл жижгүүд нэгдэж эвсэл байгуулдаг. Монгол Улс ч үүнийг тойроогүй, тусгаар тогтнонгуутаа эвсэлд нэгдэж, ЗХУ-аар аюулгүй байдлаа хамгаалуулсан. ЗХУ задрахад тэнцвэртэй бодлого явуулсан. 2015 онд төвийг сахихаа зарласан ч жилийн дараа үүнээсээ буцсан. Би энэ бүхний шалтгааныг онолын үүднээс тайлбарлах гэж хичээсэн.

Энэ талаар бичсэн өгүүлэл маань Хятадад олон улсын харилцааны чиглэлээр нэгт ордог “Өнөөгийн Ази, Номхон далай судлал” сэтгүүлд хэвлэгдсэн. Тус сэтгүүлд сүүлийн 16 жил Монголын талаар нэг ч өгүүлэл гараагүй байсан юм билээ. Мөн сэтгүүлийн хамт олон энэ оны шилдэг өгүүлэл тодруулахад минийх шалгарч, гадаадын сэтгүүлд англи хэлээр хэвлэгдэх болсон баярт мэдээг саяхан сонсоод байна.

Дэлхийд Бага, жижиг улсуудын судалгааны хүрээлэн цөөхөн бий. Унгарт Өтвөш Лорандын их сургуульд байдаг ийм хүрээлэнд би судалгаа хийсэн. Миний судалгаанаас жижиг орнууд гадаад бодлогоо маш хурдан өөрчилдөг нь гаднаас ирж байгаа аюулын хэмжээнээс шалтгаалдаг нь харагдсан. Сонирхуулахад, Өтвөш Лорандын их сургуульд мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар байгуулагдсан Монгол судлалын төв байдаг юм билээ. Тэнд Ази, европ хэлний тэнхимд Монголын бөөгийн талаар хичээл ордог. Тэнхимийнх нь хамгийн олон оюутан сонгож судалдаг, багтахгүй зарим нь ангийн гадна зогсож сонсдог хичээл нь гэсэн.

-Таны судалгаа Монголд ямар ач тустай вэ?

-Монголд хийсэн судалгаанууд нь манай улс яагаад төвийг сахих болов гэдэгт хариулт өгөөгүй байсан. Энэ бодлого хэрэгтэй, эсэх, сайн уу, муу юу гэдэг дээр л анхаарал хандуулсан байна лээ. Би онолын үүднээс Монгол Улс яагаад төвийг сахисан бэ, мөн яагаад үүнээсээ буцав, үргэлжлүүлээд төвийг сахих уу гэдэгт хариулт өгөх гэж хичээсэн. Үүнтэй холбоотой “Төвийг сахих ба Монгол Улсын сонголт” нэртэй өгүүллээ “Pax Mongolica” сэтгүүлд хэвлүүлсэн.

-Олон улстай харьцуулахад манай гадаад харилцааны бодлого хэр түвшинд байна вэ?

-Маш сайн. Монголыг бага, жижиг улсуудын үлгэр жишээ болохуйц орон гэж би боддог. Учир нь ийм том хоёр хүчирхэг гүрний дунд гуравхан сая хүн амтай, ийм том газар нутагтай удаан оршин тогтноно гэдэг нь манай гадаад бодлого сайных.

-Далай ламын айлчлал монголчуудын дунд ихээхэн маргаан дэгдээсэн. Тухайн үед та Бээжинд байсан. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Энэ үеэр манай хэвлэл мэдээллийнхэн буруу ажилласан юм болов уу гэж боддог. Цахим хуудаснууд дахь мэдээллээс харахад “Хятадууд манай тусгаар тогтнолд халдлаа. Манай улсыг хүндэлсэнгүй” гэсэн хандлага анзаарагдсан. Гэхдээ нэг ч цахим хуудсанд Далай лам Хятадын хувьд хэн бэ, бусад улсад айлчлахад хятадууд хэрхэн хүлээж авдаг талаар бичээгүй байсан. Далайн ламыг урина, урихгүй, Хятадын мөнгө Монголд хэрэгтэй, хэрэггүй гэж л нийгмийг хоёр хуваасан.

Түүхээс харахад Монгол Улс тархай бутархай үедээ хүчин мөхөстдөг. Тухайн үед Хятадын Гадаад хэргийн яам гадаадын 20 гаруй улсын сэтгүүлчдийн өмнө “Далай ламын айлчлалд Монгол Улс Хятадын байр суурийг хүндэтгэхийг хүсэж байна” гэсэн мэдэгдэл гаргасан. Миний бодлоор Хятадын Гадаад хэргийн яам дэлхийн олон улсын сэтгүүлчдийн өмнө Монголд зориулан албан ёсны мэдэгдэл гаргаж байна гэдэг бол манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.

-Цаашид Монгол улс Хятадтай хэрхэн харилцвал үр дүнтэй вэ?

-Дэлхий дээр Монгол, Хятад хоёр хамгийн урт хилтэй улс. Хүн сайн мэддэг юм уу, эсвэл мэддэггүй зүйлээсээ айдаг. Мэддэггүй зүйлээ нэг бол биширч шүтдэг, эсвэл дургүйцэн гутаадаг. Миний бодлоор Хятадад дуртай, дургүй байх нь чухал биш. 1.3 тэрбум хүнтэй том зах зээл бидэнд маш ойрхон байна. Үүнийг яаж ашиглах вэ гэдэгт л толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Муухай гээд нүүгээд явчих аргагүй. Бид бол мөнхийн хөрш.

-Хятадад монгол оюутнууд хэр сайн сурч байна вэ?

-Хятадын аль ч сургуулиас асуухад манай хамгийн сайн оюутан монгол, хамгийн муу нь ч бас танайх гэдэг. Гадаадад сурдаг оюутнуудыг шоуддаг, зугаа цэнгэл хөөдөг гэсэн ойлголт түгээмэл бий. Гэхдээ бүгд тийм биш. Хамгийн эхэнд тардаг нь сөрөг мэдээлэл болохоос сайн сурч, эх орныхоо нэрийг гаргадаг оюутан олон бий.

-Таныхаар эх орон гэж юу юм бэ?

-Эх оронч үзлийг би Монголд байхдаа мэддэггүй байсан. Энд ирээд л тусгаар тогтносон эх оронтой байна гэдэг ямар бахархмаар зүйл болохыг ойлгосон. Гадаадад байгаа хүмүүс аавынхаа нэрнээс гадна улсаараа овоглодог. Ямар ч хүнд үед хамаг хүчээ шавхаад очих эх оронтой байна гэдэг нь сайхан. Нийгэм хүнээс бүрддэг. Хүн өөрөө хичээх юм бол нийгэм, улс цэцэглэн хөгжинө. Эх оронч үзэл гэдэг уриа лоозон биш. Хүн бүр дор бүрнээ хийх ёстой зүйлээ хийвэл эх орон маань хөгжинө.

-Гадаадад байгаа монголчуудыг нэгнээсээ зугтдаг гэдэг. Яагаад юм бол?

-Надад болон миний эргэн тойронд ийм хандлага ажиглагдаж байсангүй. Сонсоход хүртэл сэтгэл өвдмөөр юм. Хүний газар байгаа монголчууд бие биендээ тусалж, сурсан мэдсэнээ хуваалцахгүй, хань болохгүй бол гадаад хүн яаж ч тусалсан түүнд нь хүрэхгүй. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.

-Сайхансанаа гэж хэн бэ?

-Маш олон тодотголтой. Аав, ээж, эмээ, өвөөдөө эрх жаахан охин, дүү нартаа бол эгч нь. Түүнчлэн Бээжингийн их сургуулийн Монгол судлалын багш, сургуулийнхаа монгол докторантаас гадна улсынхаа бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй эгэл жирийн залуу хүн.

-Хэрэв хөдөө, аль нэгэн суманд, өөр гэр бүлд өссөн бол өнөөдрийн энэ түвшинд хүрэх байсан болов уу?

-Хүний зан төлөвийн 85 хувь нь 0-5 насанд бүрддэг гэсэн. Тэгэхээр хүн хэрхэн амьдарч байна гэдэг нь гэр бүлийн хүмүүжлээс их шалтгаалдаг. Хэрэв миний аав, ээж, өвөө, эмээ энэ хэвээрээ байгаад, би хөдөө өссөн бол ялгаагүй өнөөдрийн түвшинд байх байсан болов уу.

Дэлхийн бүх эцэг, эхийн хайр адилхан. Хүмүүжүүлэх арга нь л өөр. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй учраас хэрвээ гэж ярих дургүй. Өөр аав, ээжтэй байсан бол гэж бодож үзээгүй. Тэгж төсөөлөхөд ч хэцүү байна. Аав, ээж маань намайг хүнд атаархах зүйлгүйгээр өсгөсөн.

-Тань шиг болох юм сан гэж мөрөөдөж, хүсэж, тэмүүлж байгаа олон залуу бий. Та харин өөртөө хэр ханаж байна вэ?

-Анх бакалаврт сурч байхдаа докторантурт сурдаг хүмүүсийг ямар мундаг, яасан ч их зүйл мэддэг юм бэ гэж боддог байсан. Энэ хүмүүсийн хэмжээнд очоод, бүгдийг нь л мэддэг болчих юм сан гэж хүсдэг байлаа. Би энэ жил төгсөнө. Гэтэл одоо юу ч мэдэхгүйгээ л мэдэж авлаа. Эрдэмд оргил, хязгаар гэж үгүй. Исаак Ньютон “Би аугаа хүмүүсийн мөрөн дээр зогсож шагнал авлаа” гэж хэлсэн гэдэг.

-Аялах дуртай гэж сонссон. Хэдэн улсаар аялсан бэ?

-18 улсаар ганцаараа үүргэвчтэй аялсан. Зүүн өмнөд Азийн зургаан улсын 25 хотоор хоёр сар аялж байсан. Аялал миний амьдралын салшгүй нэг хэсэг. Аялж явахдаа өөр өөр соёлтой танилцахын сацуу дэлхий ертөнцөд хүмүүс яаж амьдарч байгааг таньж мэддэг. Ганцаараа аялахын давуу тал нь өөртэйгөө ярилцаж, өөрийгөө олж авдаг.

-Ганцаараа айдаггүй юм уу?

-Аялж яваад нэг ойлгосон зүйл нь хүн бол хүн. Том нүдтэй, хар арьстай, сахалтай гэх мэт гаднах төрх нь л өөр болохоос бүгд адилхан. Тэд нар магадгүй надаас ч айж болно шүү дээ. Энэ дэлхийд сайн хүмүүс муугаасаа олон гэдгийг аялж байхдаа бүр илүү мэдэрсэн.

-Яагаад олон нийтийн цахим сүлжээнд идэвхгүй байдаг юм бэ?

-Цаг зав гардаггүй юм. Хүмүүс маш завгүй гээд бичээд байдаг. Үнэхээр завгүй үед тэгж бичих, тэрийгээ мэдрэх ч цаг гардаггүй.

-Гэр бүлтэй хараахан болж амжаагүй гэсэн. Ийм сайхан охиноо харийн хүнд алдчих вий гэх бодол төрлөө. Төгсөөд хаана ажиллаж, амьдрахаар төлөвлөж байна вэ?

-Монгол хүнтэй гэр бүл болж, Монголдоо л амьдарна. 2014 онд Бээжингийн Гадаад хэлний их сургуульд монгол судлалын анги нээхэд анхны багшаар нь ажиллаж байсан. Тэр жилийнхээ өвлөөс Бээжингийн их сургуульд монгол судлалын багшаар ажилласан. Төгсөөд үндсэн багшаар ажиллах санал тавьсан ч татгалзсан.

Нэгдүгээрт, би монгол судлалын мэргэжилтэн биш. Хоёрдугаарт, энэ олон жил сурч мэдсэнийхээ хэргийг Монголдоо гаргамаар байна. Багш нар маань “Чи хүн багшлах нь битгий хэл, сурахыг хүсдэг сургуульд ажиллахгүй, татгалзлаа” гэж зэмлэсэн.

-Гадаадад олон жил болоод дасчихсан, тэндээ амьдрахаар шийдчихсэн хүмүүс байдаг. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байгааг буруутгахад хэцүү л дээ.

-Би гэр бүлтэй болж амжаагүй болохоор үүнийг мэдрээгүй байж магадгүй. Гэхдээ хүн болгон аз жаргалтай амьдрах сонголт хийх эрхтэй. Бид Монгол гэсэн овгоороо, тусгаар тогтносон улсын паспортаараа дэлхийн хаана ч эрх дураараа хөл тавьж байна. Ингэж байгаагийнхаа хариу тусыг эх орондоо барих хэрэгтэй.

Одоо Монголын нийгэм муухай байна гээд хаяж болно л доо. Гэхдээ бидний ирээдүй, хойч үе дааж давшгүй зүйлтэй учирна. Тэр үед бид амаа бариад ч өөрчилж, буцааж чадахгүй. Монголдоо ясаа тавихаар очдоггүй байгаасай гэж хүсдэг. Харин ч залуучууд хүчтэй, ямар ч хэцүү үе тулгарсан босоод ирэх зориг зүрхтэй байгаа дээрээ Монголдоо өөрчлөлт хийгээсэй.

-Дэлхийгээр тархсан монгол залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Эх орондоо заавал эргээд ирээрэй. Та нарыг Монгол Улс чинь хүлээж байгаа шүү. Бүгдээрээ хамтдаа эх орноо хөгжүүлэх, өөрчлөх цаг болсон.


Энэ тухай