III, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Төрийн ордон өчигдөр утаа тойрсон сэдвээр “амьсгаллаа”. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, УИХ, байнгын болон дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй ажлын хэсэг өчигдөр хуралдав. Холбогдох яам, төрийн байгууллага, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон нийслэлийн удирдлага, ШУА-ийн төлөөлөл оролцсон тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг сонссон юм.

Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хийсэн ажлын талаар ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл танилцууллаа. Эрдэмтэд агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал нь гэр хорооллын утааг багасгах явдал болохыг онцолж, 200 мянга гаруй өрхийн дулааны алдагдлыг багасгахад зориулалтын дулаалга хямд өртгөөр нийлүүлэх, 20-24 хэмд дулаанаа удаан барьж, нөөцөлдөг аккуммуляторын үйлдвэр барих зэрэг ажлыг зоримгоор шийдэх шаардлагатай гэж үзжээ.

Улмаар цахилгаан түгээх сүлжээнүүд барьж, өргөтгөх хэрэгтэйг дурдаж, шинээр барихад 55.8, өргөтгөхөд 24 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцжээ. Д.Рэгдэл “Агаарын бохирдлыг бууруулахын тулд нэгдсэн төлөвлөгөө, хариуцсан эзэн, шат дараатай зоримог алхам хийх ёстой” гэж байсан юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шинээр барихаас илүүтэй III болон IV цахилгаан станцыг өргөтгөх нь ач холбогдолтой гэнэ.

Харин ажлын хэсгийнхэн ямар нэг шийдэл гаргах хэрэгтэйг онцлохын зэрэгцээ эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр утааг бууруулах гарц хайх шаардлагатайг хэлж байв. Юутай ч гишүүд өнөөдрөөс долоо хоногийн хугацаанд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, гэр хорооллын иргэдийн байдалтай биечлэн танилцахаар боллоо.

Мөн өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хуралдаж, агаарын бохирдлыг бууруулахад зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах зэрэг тодорхой чиглэл өгсөн тогтоолын төсөл бэлтгэж хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Засгийн газар шинэ оны анхны ээлжит хуралдаанаараа ч утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас мэдээлэл авч, ярилцлаа. Улмаар “ДЦС-III”-ын чадлыг 250 мВт-аар нэмж өргөтгөх, “ДЦС-IV”-ийн турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

“ДЦС-III”-ыг өргөтгөснөөр хүчин чадал нь дулаанаар 1.5, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. “ДЦС-IV”-ийн турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж найдвартай болж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган (цаашид 60 мянга) айл өрх дөрвөн кВт-ын хуримтлууртай халаагуур ашиглах боломж бүрдэх аж. Уг халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулаанаа өдөртөө зарцуулах юм байна.

М.ЭНХБОЛД: ХАРИУЦЛАГА ЯРИХААСАА ӨМНӨ АСУУДЛАА ШИЙДЭХ БОЛОМЖООР ХАНГАХ ЁСТОЙ

Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүд болон бусад албан тушаалтны хамт “Утаа бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг сонсов. УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар ч эл үзэсгэлэнтэй танилцсан. Тус үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд 50 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг харуулсан юм.

Ерөнхий сайд “Агаар, орчны бохирдол, утааг бууруулахад хүн бүрийн идэвх, зүтгэл юуны түрүүнд чухал. Төрөөс оновчтой бодлого гаргахын төлөө хичээж байна. Эхний алхам нь иргэд гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Мэдээж дулаалгад шаардлагатай 5-6 сая төгрөг иргэд тэр бүр гаргах боломжгүй. Хөрөнгө, санхүүгийн асуудлаа ч шийдвэрлэх ёстой” хэмээн энэ үеэр онцлов.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Ер нь утааг дорвитой бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ өмнө нь ямар арга хэмжээ авах вэ гэдэгт тодорхой шийдэл гарган, нэгдэж ажилламаар байгаа юм. Засгийн газар болон нийслэлийн удирдлага өөрчлөгдөх бүрт өөр өөр зүйл ярьж, эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10- аад жилд агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Миний захирамжаар байгуулсан ажлын хэсэг энэ чиглэлээр өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэнэ. Хоёрдугаарт, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Үүний дагуу Засгийн газар судалгаа хийж, олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй вэ гэдгийг тогтоож, хэрэгжүүлнэ. Гэхдээ тэр шийдвэр нь урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэй харшлах ёсгүй. Ер нь нийтээрээ хөдөлж байж энэ бүхний ард гарах ёстой. Хууль эрх зүйн орчныг нь шинэчлэхдээ утаа “үйлдвэрлэж” буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Ингэж хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж, бололцоог нь төр, засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж буй саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан хуулийн төсөл боловсруулан, агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр ярьж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлахыг хүлээлгүй татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой гэж үзэж байна” хэмээсэн бол нийслэлийн Засаг дарга С.Батболд “Утааг бууруулахын тулд аль аль талдаа анхаарцгаая. Бүх ажил буруудсан гэж бас хэлж болохгүй байх. Гэхдээ жил бүр яндангийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Бүгдээрээ л хичээж ажиллацгаая. Бид зохион байгуулалтаа сайжруулж, нэг гарт зангидаж чадвал илүү үр дүнд хүрнэ” гэж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай