ФОТО: Утааг бууруулах шийдлүүдийг танилцууллаа

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордонд гарлаа.

Үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож утаагүй "шийдэл" буюу цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэргийг танилцуулав. Тухайлбал уран зураг, гэр бүлийн хөрөг зураг мэт харагдах ханын халаагуур танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Гэр, байшинд нэмэлтээр байршуулдаг уг халаалт нь байгалийн хүрмэн чулууг ашигласан бөгөөд баталгаат хугацаа нь 5 жил, насжилт нь 50 жил, цахилгаан зарцуулалт маш бага гэх мэт олон давуу талтай хэмээн "Дэлгэр онон партнерс" ХХК-ийн захирал Н.Дэлгэрцогт ярьж байв.

Түүнчлэн тулга хэлбэрийн цахилгаанаар халдаг, утаагүй, аюулгүй зуух, хэт улаан туяаны эко цахилгаан халаагуур, хонины ноосон барилгын дулаалгын материал зэрэг олон шийдэл байлаа. 

Мөн 35 сая төгрөгийн өртгөөр 64 мкв талбай бүхий хөрсний бохирдол, дулааны алдагдал, яндангүй амины орон сууцыг танилцуулж байв. Нарны дулаан ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй энэхүү байшинг 14 хоногийн хугацаанд нэг мкв нь 500 орчим мянган төгрөгөөр барьж буй аж. Хэрэв төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, ипотекийн зээлд хамруулж өгвөл олон иргэд өмчилсөн газар дээрээ "яндангүй байшин"-тай болох боломж байгааг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн зохицуулагч Б.Батболд хэлж байлаа. Уг байшинг туршилтаар Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 200 айлд туршихаар төлөвлөсөн байна.  

Үзэсгэлэнг УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд үзэж танилцсан бөгөөд дээрх шийдэл амьдралд хэр оновчтой байх талаар асууж сонирхож байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай