Б.Золзаяа: Шива хатанд тоглох сон

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Золзаяаг “Шинэ танил” онцолж байна. Тэрбээр 2016 онд СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн удирдлага доор төгсөж, тэр ондоо УДЭТ-ын босгыг давсан. Түүнээс хойш У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Л.Толстойн “Адууны түүх” сонгодог, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн, Я.Баатарын “Царцаа Намжил” хүүхдийн жүжигт тогложээ.

-Яагаад энэ мэргэжлийг эзэмшихээр дурласан бэ?

-Би Ховд аймгийн төвд өссөн л дөө. Багаасаа урлаг, уран сайхан гэж гүйдэг, нийгмийн идэвхтэй охин байлаа. Сургуулийнхаа дуу хөгжмийн багшийн өрөөнд бараг өнжинө. Дунд сургууль төгссөн жил манай аймагт СУИС-ийн хуваарь ирээгүй юм. Ингээд МУИС-д шалгуулж, олон улсын харилцааны ангид тэнцлээ. Гэтэл сэтгэлд нэг л зүйл дутуу санагдаад болдоггүй. Шуудхан л ээждээ “Би Улаанбаатар явлаа. СУИС-д л шалгуулмаар байна” гэж хэлээд ниссэн.

-Гэрийнхэн нь эсэргүүцээгүй юү?

-Үгүй ээ. Аав, ээж минь миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, үргэлж надад итгэдэг. Хотод ирээд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшаар бэлдүүлж, СУИС-д шалгуулаад тэнцсэн. Ингээд Ардын жүжигчин, найруулагч С.Сугар багшийн шавь боллоо. Харамсалтай нь, багш минь биднийг хоёрдугаар дамжаанд суралцаж байхад бурхан болж, манай ангийг М.Ариунжолоо багш даан авч, харин Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж багш төгсгөсөн.

-Ч.Найдандорж багш тань УДЭТ-ын ерөнхий найруулагч байсан. УДЭТ-ын босго давахаар шийдэхэд багшийнх нь нөлөө их байсан уу?

-Оюутан болсон цагаасаа дэлгэцийн уран бүтээлээс илүү театрын урлагт дурласан. “Театрын жүжигчин л болно” гэж мөрөөдөн, түүнийхээ захаас зуурчихаад явж байна. Ч.Найдандорж багшийн минь нөлөө ч бий. УДЭТ-т шалгуулж, тэнцэн дагалдан жүжигчнээр ажиллаад хоёр жил орчим болж байна. Гавьяат жүжигчин Г.Урнаа багшдаа хадаг барьж, шавь болсон. Намайг тоож, хадгийг минь авсанд их талархдаг.

-Театрын жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх бас өөр. Ямар санагдаж байна вэ?

-Оюутан байхдаа “Театрын жүжигчин ах, эгч нар хүнтэй ч ярих сөхөөгүй ажилладаг байх. Бас сүрдмээр хүмүүс. Тэдэнтэй хамт ажиллах нь тэнгэрийн умдаг атгахтай адил” гэж боддог байлаа. Гэтэл маш элгэмсэг, халуун дотно хамт олон намайг угтаж авсан. Шүтдэг, хүндэлдэг уран бүтээлчидтэйгээ өдөр болгон ярилцаж, хамт ажиллан, тэднээс суралцаж буй нь надад маш их завшаан шүү дээ. Би өдөр бүр аз жаргалтайгаар театртаа ирдэг.

-Театрын урын санд багтдаг атал сүүлийн жилүүдэд үзэгчдэд огт хүргээгүй жүжиг олон бий. Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий биз?

-Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива хатанд тоглож үзэх сэн гэж мөрөөддөг. Бүсгүй хүн л юм хойно У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Жульетта болмоор байна. Тоглох сон гэж хүсдэг дүр олон бий.

-Гавьяат жүжигчин Г.Урнаа тайз, дэлгэцийн уран бүтээлд чадмаг тоглодог. УДЭТ-ын зарим уран бүтээлд Г.Урнаа багштайгаа хамт ажиллаж буй. Зөвлөгөө, сургамж харамгүй өгдөг байх даа.

-Тэгэлгүй яах вэ. Багш минь “Энэ дүр дээрээ ингэж ажилла. Чи тэгж алдлаа. Дүрээ мэдэрч тогло” гэхчилэн мэргэжлийн зөвлөгөө их өгдөг. Хэд хэдэн кинонд тоглуулах санал авсан ч татгалзсан. Юуны түрүүнд би театрынхаа үндсэн жүжигчин болох хэрэгтэй. Яваандаа тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллахыг багшаасаа суралцана даа.

-Нэгэнт театрын хүн болчихсон юм чинь жүжгийн олон төрлийг сонирхон судалж буй байх. Нэг хүний жүжиг тоглох талаар бодож байв уу. Б.Одончимэг, Г.Алтангэрэл, Г.Номуун гэхчилэн УДЭТ-ын олонх залуу жүжигчин жүжгийн энэ төрлөөр өөрийгөө сорьж байсан шүү дээ.

-Яг одоо нэг хүний жүжгэн дээр ажиллаж байна. Энэ жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадамд өөрийгөө сорьж үзэх бодолтой байгаа юм.

-Э.Ёндоншарав, Г.Идэрболд, О.Дөлгөөн гээд олон залуу уран бүтээлч мэргэжлээ дээшлүүлэхээр хилийн дээс алхчихлаа. Танд үргэлжлүүлэн сурах, мэргэжлээ хөрвүүлэх бодол бий юү?

-БНХАУ руу явж, магистрт сурах бодол бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай