Соронзон мэт татдаг СИКОКҮ

Соронзон мэт татдаг СИКОКҮ

Наран ургах зүгийн арлын улс жуулчдын заавал очиж үзэх газрын тоонд багтдаг. Япон оронд гадаадын төдийгүй дотоодын аялагчдад зориулсан түүхэн дурсгалт олон үзмэр бий.

УЛИРЛЫН ХҮНДРЭЛ

Сикокү нисэх буудал оршдог Такамацү хотод хүрэхийн өмнөхөн онгоц хүчтэй сэгсрэгдэв. Шууд газардаж чадалгүй, хоёр дахь оролдлогоор буулаа. Далайн хар салхийг дагасан аадар бороо намжиж буй үе таарчээ. Хоёр хоногийн өмнө Японы өмнөд нутгийн Кюсю арлыг байгалийн энэ гамшиг дайрч, бүхэл бүтэн тосгон сүйдэж, нэлээд хэдэн хүн сураггүй болсон байв. Номхон далайн энэ хэсэгт ийм үзэгдэл ялангуяа зун тохиолддог. Хар салхины улиралд нисэх онгоцны буудлуудын ажлын хуваарьт өөрчлөлт ордгийг аялахаар төлөвлөж буй хүн бүр санах хэрэгтэй.

ӨӨР ЦАГ, ҮЛ ТАНИХ ГАЗАР

Сикокү аралд том хот, замын түгжрэл байхгүй. Их хөндийгөөр урсах мөрөн мэт амьдрал энд хөвөрнө. Найрсаг оршин суугчид нь япон хэл мэдэхгүй аялагчийг хүссэн газарт нь хүргэхэд бэлэн байдаг.

Маш цэвэр агаартай. Жижиглэн хуваасан, зах хязгааргүй мэт цагаан будааны талбай нь орон сууцнууд хэдэн арван метрээр үргэлжлэх мэт харагдана. Цөөн машин, олон унадаг дугуйтай. Байгаль орчноо “баярлуулах”-ын төлөө бус, унадаг дугуй маш хямдхан байдагт учир оршдог гэнэ. Аль ч улсынх шиг Японы орон нутаг тийм ч чинээлэг бус.

Жуулчдын хувьд энэ арал зах хязгааргүй мэт. Үзэсгэлэнт далайн булан дахь тохь тухтай наран шарлагын газар, сонголт арвин зочид буудлууд энд бий. Газраас оргилох халуун рашаануудад цаг агаар ямар ч үед ороход таатай. Гадаа Цельсийн 35 градус байсан ч рашаанд ороод гарсны дараа бие хөнгөн, эрч хүчтэй болсныг мэдэрнэ.

Япончууд, тэр дундаа хойд арлуудын оршин суугчид Сикокүг зорих дуртай. Амралтын өдрүүдэд тус улсын өнцөг булан бүр зочдоор дүүрдэг учир зочид буудлын өрөө, нисэх буудал хүрэх машин, рестораны ширээг урьдчилан захиалсан нь дээр.

Дашрамд тэмдэглэхэд, Японы уламжлалт зоогт дурлагсад Сикокү арал дахь Кагава мужийн засаг захиргааны төв Такамацү хотын захын дүүрэгт орших “Goyashiki” рестораныг зориорой. Энд нэгдүгээр зэрэглэлийн удон (гурилтай хоол), зөөлөн сасими (түүхий загас), дарсан, олон төрлийн сакэ (архи) санал болгоно. Мөн янз бүрийн ногоо, мөөг, загас болон хэд хэдэн төрлийн мах орсон зосуи (шөл)-гаар дайлдаг. Энэ өтгөн шөлийг будаатай иднэ. Ингэснээр өвөрмөц, хосгүй амттай болдог аж.

Кагава муж удоноороо алдартай. Япончууд өөрсдөө ч эндхийнхийг гүйцэх амттай удон байхгүй гэлцдэг. Үндэсний соёлын энэ хэсэгтэй танилцахыг хүссэн хэн бүхэн “Nakano udon gakko” сургуультай танилцаарай. Энд удоны гурилыг хэрхэн зуурч бэлтгэх, яаж хэрчих, ямар хэмжээтэйг хэр удаа чанах, түүгээр зогсохгүй хэрхэн идэхийг хүртэл заадаг. Дашрамд дурдахад, сургуулийн дэргэдэх жижиг хоолны газарт өөрийн гараар бэлтгэсэн удон идэх боломжтой.

Удоныг идэхэд бас том ёс гүйцэтгэдэг. Халуун гоймон шиг гурилыг савхдаж, хурдан сорох хэрэгтэй. Тэгэхдээ их дуу чимээтэй идвэл бэлтгэсэн хүнд их амттай болсныг илтгэж буй хэрэг болно. Жинхэнэ ёсондоо урт гурилыг сорохдоо идэж буй хүний хоёр хацрыг сайн шавхуурдах ёстой. Энэ нь уг хоолонд дурлагсдын үздэгээр гүн хүндэтгэлд тооцогддог аж.

АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Такамацү 420 мянган хүнтэй нь Япондоо л хангалттай томд тооцогддог юм. Бас Сикокүгийн Дотоод тэнгис дэх хамгийн том боомт. Амьдрахад маш тааламжтай газар аж. Хотын төв нь ч зах хязгаар нутгаасаа ялгагдахгүй. Тэнд хувийн сууцнууд дунд хотын захиргааны намхан барилгууд орших бөгөөд нарийн гудамж, найрсаг худалдаачид бүхий олон тооны жижиг лангуу, үүднээс нь л ямар зоогтой болох нь андашгүй ресторанууд бий. Мөн массажны газрууд хаа сайгүй. Аялагчдын зорин очдог гол газруудын нэг болох Такамацүгийн түүхэн дурсгал бол Рицүриний цэцэрлэгт хүрээлэн юм. 2009 онд аялал жуулчлалын дээд зэрэглэл болох гурван одыг хүртжээ. Үнэхээр ийм өндөр нэр хүнд хүлээх газар аж.

Хэдэн зуун га талбайд хүний гараар бүтсэн хөрс, арал, гол горхи, дов толгод, нуга, эх газраас олон зуун жилийн өмнө тусгайлан авчирсан бул чулуу байдаг. Мөн уламжлалт хэв маягтай цайны ордон, тохь тухтай музей, тусгайлан зассан явган хүний зам, гүүртэй.

Хэдхэн алхаад л дүр төрх нь өөрчлөгдөхөөр тийм газрыг энд бүтээжээ. Энэ гайхамшгийг 1625 онд газрын эзэн Икома Такамоши байгуулж эхэлснийг Мацудайрын гэр бүлийн 11 үе 1642-1870 оны хооронд үргэлжлүүлсэн гэнэ. Ийм хэмжээний цэцэрлэгт хүрээлэн Япон даяар хуруу дарам цөөн.

УСАН ХААЛГУУД

Сикокү нь далай болон Японы Дотоод тэнгисийн хил дээр оршдог. Ийм онцгой байршлын ачаар арлын хэсэг хоорондын нарийн хоолойд хоногт хоёр удаа байгалийн гайхамшигтай үзэгдлийг ажиглаж болно. Усыг нэг аяганаас нөгөө рүү юүлж буй мэт хөдөлгөөн нь хэдэн мянга дахин томруулсан хэмжээтэй харагддаг. Үүнийг дагаад маш том усан хаалгууд үүсдэгийг үзэхээр өдөр бүр олон зуун хүн энд ирдэг.

Хамгийн сониуч хүмүүс энэ үйл явдлыг зөвхөн гадна талаас нь төдийгүй дотроос нь харах гэж шилэн ёроолтой, жуулчны усан онгоцны тасалбар авдаг аж. Айдсаа ялан дийлж чадах нэг нь хоолойн дээгүүр тавьсан 200 метр өндөрт орших, доод хэсэг нь шилэн гүүрнээс байгалийн өвөрмөц үзэгдлийн гэрч болох боломжтой. Хүчтэй олгойдон цойлох усан дээгүүрх шилэн шалан дээгүүр явахад багагүй зориг шаарддаг байна. Зүрх сэтгэлээ тайвшруулахыг хэчнээн оролдовч айдас ор мөргүй алга болдоггүй гэнэ.

ХЭРХЭН ОЧИХ ВЭ

Монголоос Сикокү руу шууд нислэг байхгүй. Тиймээс эхлээд Монголын болон олон улсын нислэгээр Токиод хүрнэ. Тэндээс дотоодын нислэгээр 71 780 иенээр нэг цаг 30 минут орчим нисээд Такамацү хот хүрэх боломжтой.

Сонирхолтой нь, Такамацүгийн нисэх буудлынхан Токиогийн нислэг бүрийг хүндэтгэлтэйгээр үддэг гэнэ. Хөөрөх зурвасын эхэнд тус буудлын хэсэг ажилтан эгнэн зогсоод, бөхийн ёсолж зорчигчдод хүндэтгэл үзүүлээд, гараараа даллаад хоцордог ажээ. Дэлхийд өөр хаана ч байхгүй ийм хүндэтгэл нь Сикокүд жуулчдыг татах нэг арга болсон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай