БНАСАУ санхүүгийн дэмжлэг хүсэж байна

Умард Солонгосын тагнуулчдын хулгайлсан Японы иргэдийг нутаг буцааж, оронд нь тус улсаас БНАСАУ-ын эрх баригчид санхүүгийн томоохон дэмжлэг авахыг хүсэж байна. Японы “Mainichi” сонинд ийн мэдээлжээ. “Умард Солонгосын эрх баригчдад том уут дүүрэн мөнгө харуулахаас нааш тэд хулгайлагдсан япончуудыг суллах талаар ямар ч арга хэмжээ авахгүй. БНАСАУ-ын тусгай албаныхны хяналтад хулгайлагдсан япончууд байгаа нь тодорхой” гэж Их Британи дахь Умард Солонгосын Элчин сайдын орлогчоор ажиллаж байсан Тэ Ён Хо хэлснийг уг хэвлэл эш татсан байна.

Тэрбээр 2016 онд Өмнөд Солонгос улс руу зугтан гарсан билээ. 1970-аад оны үед БНАСАУ-ын тагнуулчид Японы иргэдийг хулгайлсан нь дипломат харилцаа тогтоогоогүй тус хоёр улсын харилцааны хамгийн хөндүүр асуудлуудын нэг юм. Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд Пхеньян анх удаа хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нутаг буцаасан. 2014 оны тавдугаар сард Япон болон Умард Солонгосын Засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг хамтран мөрдөн шалгахаар тохиролцож, тусгай комисс байгуулжээ. Гэвч баллистик пуужин харвасны хариуд Токио Умард Солонгост дангаар авсан хориг арга хэмжээгээ чангатгасан. Үүний дараа тусгай комиссыг тараахаар шийдвэрлэснээ Пхеньян албан ёсоор зарласан юм.

Хулгайлагдсан япончууд эсэн мэнд байдаг гэж БНАСАУ-аас дүрвэгчид мэдэгддэг. Энэ асуудлыг шийдэж, иргэдээ эргүүлэн авчрах нь манай гадаад бодлогын гол зорилтуудын нэг юм хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ удаа дараа мэдэгдсэн билээ. Үүний сацуу олон улсын хориг арга хэмжээг зөрчин БНАСАУ-д хүргэх шатахуун тээвэрлэсэн хоёр ч хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын эрх баригчид саатуулжээ. Панамын далбаатай явсан шатахуун тээгч “Koti” хөлөг онгоц одоо Пхёнтхэк хотын ойролцоох боомтод байна.

Хятад болон Мьянмарын иргэдээс бүрдсэн багийн гишүүдтэй уг хөлөг онгоц 5100 тонн нефтийн багтаамжтай аж. Үүнээс өмнө БНСУ Хонконгод бүртгэлтэй “Light­house winmore” хөлөг онгоцыг саатуул сан юм. Сөүлийн үзсэнээр уг онгоц Умард Солонгосынх руу дахин боловсруулсан 600 тонн нефть шахсан байж болзошгүй. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд уг хөлөг онгоц нефть авахаар Өмнөд Солонгосын Йосу боомтод ороод, дөрөв хоногийн дараа Тайванийн эргийг зорьсон аж. Гэвч замдаа олон улсын усанд явахдаа нефтиэ БНАСАУ-ын шатахуун тээгч болон өөр гурван хөлөг онгоцонд нефтийн бүтээгдэхүүнээ дамжуулсан гэж Сөүл үзэж байна. Арваннэгдүгээр сард Йосу руу буцах замд нь “Lighthouse winmore”-ын багийг саатуулсан гэж “Yonhap” мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг хууль бусаар БНАСАУ-д нефть нийлүүлж байна хэмээн твиттер хуудсаараа дамжуулан буруушаасан. Пхеньянд нефть нийлүүлсээр байвал Умард Солонгосын хямралыг найрсгаар шийдвэрлэх арга олдохгүй гэж тэрбээр тэмдэглэжээ.

АНУ-ын санал болгосон төслийн дагуу НҮБ-ын гаргасан тогтоолыг дэмжин, баталсан Бээжин үүнийг эрс няцаасан. Уг тогтоолд БНАСАУ-д нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийг 90 хувиар багасгахаар тусгасан билээ. Энэ нь Пхеньяны хийж буй цөмийн болон пуужингийн туршилтыг зогсоох бас нэг оролдлого юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай