Чихэнд талх, гэдсэнд утас “ургажээ”

АНУ-ын Хэрэглэгчид болон бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс 2017 оны хамгийн хачирхалтай тайлангаа танилцуулж, хүний биеэс гарсан эд зүйлийг жагсаасан байна.

Энэ онд эмнэлэгт хандаж, “ургацаа” хураалгасан хүмүүс биед нь гаднын зүйл ямар замаар, хэрхэн орсныг ихэвчлэн мэдэхгүй байсан нь хамгийн жигтэй гэнэ. Жишээ нь, чих нь байнга загатнаж, заримдаа хатгаж өвдөөд, сүүлдээ бүр хавдаж, лугшаад байхаар нь үзүүлсэн эрийн “навчнаас” талхны том үртэс гарахад мэл гайхжээ.

Хөршийнхөө хурхирах чимээнээс болж унтаж чадахаа болсон эмэгтэй нэг удаа чихэндээ хөвөн хийснээ мартчихсан байж. Нөгөөх нь цаашлаад бүр мэс заслаар авахаас аргагүйд хүрсэн тохиолдол байхад бүдрээд ойчтол чихнээс нь шүүрний хулс унасан азтай хүн ч байх юм.

Чих цэвэрлэдэг хөвөн, үйсэн бөглөө, соронз яаж байгаад хүний хамарт “ургасныг” таашгүй. Мөн эмч нар нэгэн бүсгүйд мэс засал хийж, хоолойд нь тээгэлсэн сүлбүүр зүүг авчээ. Тоглоомон өндөг, аквариумын ус хэмжигч багаж залгасан хүүхдүүдийг болгоомжгүй гэж болно. Харин өөрийг нь хүмүүс анхаарахгүй болохоор үзэг залгисан бүсгүйг яалтай.

Бас ходоодноос нь бөөн үдээс гарсан нэг залуу “Харь гаригийнхан надад ийм даалгавар өгдөг” гэж учирлажээ. Хамгийн хачирхалтай нэг “олдвор” бол хижээл насны эмэгтэйн үтрээнээс гарсан хуванцар халбага гэнэ. Үүнтэй адил газраас эмч нар домино, чавганы яс, кабелийн утас, зөөлөн хуванцар тоглоом, шавар “олсон”-ыг тус жагсаалтад эрийтэл бичжээ.

Шамбарам өвчнөөсөө болж бөгсөндөө гольфийн бөмбөг, боодол бохь, тоглоомон пуужин, гэрлийн бүрхүүлийн бариул зэрэг эд зүйл хийсэн америк хүн цөөнгүй байжээ, улирч буй онд.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай