Шилдэг улстөрч боллоо гээд ширэн нүүрлээд зогсож байх вий дээ

Сард заавал нэг томоохон баяр таардаг, түүнийгээ бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэдэг манай эх орон баяр цэнгэлийн орон билээ. Тэр дундаа сар гарангуут л баяр эхэлж, он солигдтол үргэлжилдэг арванхоёрдугаар сар бүр ч онцгой. Баярын энэ сард Монголын хаана нь нуугдаж байсан юм бэ гэмээр олон шилдэг тодордог.

Бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэг жилийн ажлаа дүгнэж, алдаа, оноо, амжилт, ололтоо хэлэлцэн, ажилтнуудаа урамшуулах бол байж болох л зүйл. Энэ стресстэй нийгэмд ганц өдөр ч болов хамт олноороо баярлаж, нэгэндээ урам, дэм өгөхийг буруутгах нь муйхар бөгөөд утга учир муутай явдал болох биз.

ШИНЭ ЖИЛЭЭС БУСАД ҮЕД ШИЛДЭГ УЛСТӨРЧИД ХААНА НУУГДДАГ ВЭ

Харин улстөрчдийн тухайд асуудал өөрөөр яригдана. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хэлснээр улс нь ийм ядуу буурай, хөгжил дэвшил нь урагш ахихгүй байхад улстөрч нь шилдэг байна гэж байх уу даа. Энэ сэдэв мөнхийн шүүмжлэл дагуулдаг ч улстөрчид ямар ч үед нэгнээ шагнахаа больж чадахгүй бололтой.

Энэ оны шилдэг шалгаруулах буухиаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар эхлүүлэв. Нийслэлчүүд утаандаа угаартах шахаж, хахаж цацан ханиалгасаар төөрчихгүйхэн шиг гэрийн бараа харахыг хичээж яваа энэ өдрүүдэд нийслэлийн шилдэг менежер шалгаруулах “Хангарди-2017” хэмээх ёслолын ажиллагаа боллоо. Зургаас харвал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй дарга нар эгнэн зогсож байгаад нэгнээ шагнажээ.

Шагнуулсан хүмүүсийг сонирхвол Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Алтан хангарди”, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Мөнгөн хангарди”, нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан “Хүрэл хангарди” цом барьчихсан зогсоно.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.Чинзориг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж нар ч шагнал хүртжээ.

Нийслэлийн ажил сайн байгаад, “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг цогцлоох амлалтдаа бага ч болов дөхөж, хотын хөгжил хагас алхам урагшилсан бол бид юу хэлэх вэ дээ. Харин нийслэлийн шинэ удирдлага юу бүтээсэн бэ. Энэ асуултад нэгэн иргэн “Шөнийн гудамжтай болгосноос өөр юм хийгээгүй” гэж хариулсан. Инээдтэй ч, эмгэнэлтэй нь энэ үнэн. Утаа гамшгийн хэмжээнээс ч давж, замын түгжрэл замбараагаа алдсан, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах хүний үндсэн эрх онц ноцтойгоор зөрчигдчихөөд байхад энэ хотын удирдлагууд бие биенээ шагнан, баяр ёслол тэмдэглэхээсээ ичдэггүй нь гайхмаар, харин ч иргэдийг даажигнаж буй мэт харагдах аж.

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ЗАЛУУС ИЧДЭГ БОЛЖЭЭ

Шилдэг улстөрч шалгаруулах шагналын буухиаг Монголын залуучуудын холбоо үргэлжлүүлнэ. Тус байгууллага “Next stop” наадмынхаа хүрээнд “Нийгэм, улс төрийн шилдэг залуу”, “Эдийн засаг, бизнесийн залуу”, “Бүтээгч улстөрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу” гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулна.

Залууст хэрэгтэй, тустай ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй уг байгууллагыг хүмүүс өмнөх нийгэмд намтай дүйхүйц үүрэг хариуцлага, бүтэц, зохион байгуулалт, нэр хүндтэй байсан МХЗЭ-ийн үргэлжлэл гэж харах нь элбэг. Уг байгууллага өөрсдөө ч түүхэн замналаа бичихдээ “1921 оны дундуур нийслэл хүрээнд Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуу цуглан “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллага байгуулж, тамга тэмдгээ сийлүүлэхээр болсон байна” хэмээн эхлүүлж, МАХН-ын нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын улс төр, хөдөлмөрийн идэвхийг дайчлан өрнүүлэх, залуу үеийг коммунист ёсоор хүмүүжүүлэх үйлсэд гавьяа байгуулснаа дурдаад, 1991 оны нэгдүгээр сард МХЗЭ-ийн бааз суурин дээр Монголын залуучуудын холбоог байгуулсан хэмээн тодотгосон болохоор арга ч үгүй биз.

Эрх, үүрэг нь намтай дүйж байсан залуучуудын байгууллагын нийгэмд үзүүлэх нөлөөг хуучныхаараа байгаа гэж ойлгох хүн цөөнгүй учраас тэдний олгодог шагналд ач холбогдол өгдөг байсан байж болох. Харин сүүлийн жилүүдэд залуучуудын нэрийг барьсан уг байгууллага сонгуулиар улстөрчдийн гар хөл болох, баяр ёслолоор шагналын “хар зах” ажиллуулахаас өөр ид шидгүй болсныг нь ойлгож эхэлжээ.

“Next stop” наадмын энэ жилийн шалгаруулалтаас нэг бус хүн нэрээ татсан байна. Тухайлбал, “Бүтээгч улстөрч” ангилалд хүчээр чихэгдсэн хоёр ч залуу тэндээс нэрээ татаж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан “ноос зохион байгуулж буй энэ оны шилдэг залуу тодруулах арга хэмжээнд би нэр дэвшихгүй гэдгээ өөрсдөд нь хэлсэн.

Утсаар ярихад нь “Хүчингийн хэрэгт нэр нь холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулга дэвшсэн үү” гэхэд “Тийм” гэсэн. “Тэгвэл би оролцмооргүй байна” гэсэн. Удахгүй дахин залгаад, “Гишүүн нэрээ татсан гэнэ ээ” гэхээр нь “Тэгсэн ч энэ удаа намайг хасчих аа” гэсэн шүү. Тэгээд ч би “Бүтээгч улстөрч” биш. Надад ямар ч нам, улс төрийн харьяалал байхгүй. Ингэлээ гээд дэвшиж буй бусад улсыг муулж, энэ наадмыг зөв, буруу гэж хэлэхгүй байхыг хүсье. Би зүгээр л дэвшихгүй байх эрхтэй, миний байх орон зай биш гэж бодож байна” гэсэн бол нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун “Эндээс намайг хасчих, МЗХ-ны удирдлагууд аа. Сонгуулийн өмнө хар жагсаалтад оруулсан байсан. Хэдийдээ шилдэг болох вэ дээ” гэсэн байна.

Залуус иймэрхүү шалгаруулалтаас татгалздаг, ноос ичдэг болжээ. Гэвч шалгаруулалт болдгоороо болно. Ёслолын арга хэмжээнд оролцох 500 хүний нэг болохын тулд 490 мянган төгрөгийн хураамж төлөх болзолтой уг шалгаруулалтын топ дөрвөн шагнал болох “Нийгэм, улс төрийн шилдэг залуу”, “Эдийн засаг, бизнесийн шилдэг залуу”, “Бүтээгч улстөрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу” цомыг нь авахыг хүсвэл бүр хэдэн саяар тоологдох мөнгө тушаах хэрэгтэй биз. Харин хэн уг шагналыг авахыг энэ сарын 30-нд бид харна.

Эрх баригч намын “Алтан сарнай” наадам жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд болдог уламжлалтай. ын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх авснаасаа хойш өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодон, зовлон тоочихоос өөр дорвитой ажил хийгээгүй тэд хэнийгээ шилдгээр шалгаруулж гайхамшгийг үргэлжлүүлэх юм бол доо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай