М.Мөнгөнцэцэг: Тайваньчууд монгол донж маяг гаргаж чадахгүй ч сэтгэлээсээ бүжиглэх нь их таалагддаг

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш М.Мөнгөнцэцэг Тайванийн “Тайбэй” урлагийн их сургуульд багшилж, монгол бүжиг зааж байгаа юм. Түүнтэй холбогдож, зорьсон ажил нь хэр бүтэмжтэй байгаа талаар ярилцлаа.

-Та энэ сургуульд ажиллахаар хэзээ очоо вэ, таныг нэр зааж урьсан уу?

-Би СУИС-ийн томилолтоор, “Монголын уламжлалт бүжиг” хөтөлбөрийн хүрээнд ирсэн. Манай хоёр сургуулийн хамтын ажиллагааны нэг хэсэг нь юм. Бакалаврын II курсийн 20, магистрын есөн оюутан, гурван багш, лицей сургуулийн 41 сурагч, таван багшид хичээл зааж байна.

-Өмнө нь монгол багш ажиллаж байсан уу?

-Үгүй. Монголоос анх удаа бүжгийн багш ирсэн. Гадаадын олон орноос жил бүр тухайн улсынхаа нэр хүндтэй, алдартай багш нарыг урьж авчирдаг юм байна.

-Шавь нартайгаа хэр ойлголцож ажиллаж байна вэ. Бүжиг заахад хүссэнээр тань сурч байна уу?

-Энд оюутан, сурагчид монгол бүжиг мэднэ гээд надад үзүүлэх юм аа. Харамсалтай нь өвөрмонгол бүжиг байх юм. Маш их ширүүн хөдөлгөөнтэй, бүжгийн хүнд техник ихтэй, хятад маягийн бүжгүүд гэсэн үг. Гадаадын олон оронд монгол бүжиг зааж байсан туршлага минь хэрэг болж байна. Оюутан, сурагчдад бүжиг шууд заасангүй. Бага багаар дасгаж, мөр, гар, цээж, хөлийг нь зөв тавиулж сургалаа.

-Тэд аливаад хариуцлагатай хүмүүс санагддаг. Хамтарч ажиллахад мэдрэгдэх юм уу?

-Хүүхэд, залуус нь маш идэвхтэй, өндөр хариуцлагатай. Цагаар ажиллана. Бас заасан хөдөл гөөнүүдийг мартахгүй, их хичээнгүй, сэтгэлээсээ хийдэг нь надад их таалагдлаа. Оюутнууд маань монгол бүжигт их дуртай болсон. Тэдний ярьж буйгаар монгол гэдгийг Өвөрмонголоор төсөөлдөг байсан юм байна. Мөн тэд “Бидний сайн мэдэхгүй, нэгэн нууцлаг улсын тухай, бүжгээр дамжуулж соёлынх нь талаар ойлгуулж өгч байгаад баярлаж байна” гэж сэтгэгдлээ надад хэлдэг. Тайвань оюутнууд монгол бүжгийн донж, өөрөөр хэлбэл, намба төрхийг бидэн шиг гаргаж хийж чадахгүй ч, хичээгээд, сэтгэлээсээ ханддаг нь гайхалтай.

-Тэд сурснаа тоглолтоор харуулах уу?

-Мэдээж, юу сурснаа багш нар, найз нөхдөдөө харуулах болно. Гэхдээ тоглолтод оролцох нь юу л бол. Тэд “Монгол бүжгийн хувцастай болно, хийлгэнэ. Монголоос захиж авна” гэдэг. Тэр бүү хэл бараг бүх шавь маань хэзээ нэгэн цагт заавал Монгол явна гэж хэлсэн.

-Та нийт хэдэн бүжиг заав?

-Олныг заалаа. Анги бүрт өөр өөрийг. Монгол тойрон бүжгийг бүгдэд нь заахад их дуртай хүлээн авч, дахин дахин хийх гээд байдаг юм. Энэ сургуульд жил болгон “Guandu” олон улсын урлаг, соёлын их наадам болдог юм байна. Манай СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Хөх тэнгэр” хамтлаг ирж тоглоход оюутнуудын зүгээс “Домог” биелгээ сурмаар байна гэсэн хүсэлт ирсэн. Заагаад өгсөн. Донжийг нь гаргаж чадахгүй ч гэсэн их сайн сурсан.

Би энд ирж ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Сургуулийнхаа нэрийн өмнөөс хичээж байна аа. Бүжиг заахын зэрэгцээ судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Малын тамганаас монгол бүжгийн нэршил, хөдөлгөөний гаргалгаа” гэсэн сэдвээр илтгэл тавьсан маань эндхийн урлаг судлаач нарын анхаарлыг татсан.

Урлаг судлаачид маш их сонирхож байна лээ. “Дэлхийн хаа ч байхгүй, ёстой сонсоогүй юм байна” гэж хэлж байсан. Адууны гуян дээр байгаа тамга буюу таних тэмдгээс хөдөлгөөны хувилбарууд гаргана, болгоно гэхэд “Ямар сонин юм, санаанд багтахгүй байна” гээд л асуугаад байсан. Олз омогтой явна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай