“Нэг бүс, нэг зам”-д хэн ялах вэ

Хятадын “Нэг бүс, нэг зам” дэд бүтцийн бүтээн байгуулалтын санаачилга ялагч, ялагдагчийг “төрүүлнэ”. Одоогоор Бээжин уг санаачилгадаа олон улсаас хамгийн их дэмжлэг авахыг хичээж байна. Үүндээ БНХАУ-ын баруун мужуудыг Европтой холбохоор тусгасан. Гэхдээ төмөр замын чухам ямар чиглэлээр холбогдох нь тодорхойгүй байна гэж “EurasiaNet” цахим хуудсанд Нейтен Хатсон бичжээ.

Ийм төсөл хэрэгжүүлэх замаар Бээжин бүс нутгийнхаа бүх орны ашиг сонирхлыг дэмжихийг хичээж байна. Сурталчилгааны шатнаас бүтээн байгуулалтад шилжсэн цагт уг төсөл стратеги болон хэрэгжинэ.

Ижил төстэй төслүүдийг эдийн засгийн логик талаас нь үзвэл эцсийн дүндээ хөрөнгө оруулалт, ачаа эргэлтийн үлэмж хэсэг төмөр замын нэг, эсвэл хоёр том зурвасаар урсана. Хятад улс зөвхөн төмөр замын шугам бус, тээврийн янз бүрийн хэрэгслүүдэд зориулсан 8000 км урт томоохон зурвас байгуулах гэж байна. Энэ нь далайн болон агаарын одоогийн замуудтай амжилттай өрсөлдөх боломжтой юм.

Сүүлийн 40 жилийн хугацаанд тус улс далайн сүлжээгээ боловсронгуй болгохыг хичээнгүйлэн чармайж, зүүн эрэг орчмын мужууддаа асар их, зорилтот хөрөнгө оруулжээ. Тиймээс тэдний төсөл боловсруулагчид төмөр замын ганц зурвасын үйл ажиллагааг боловсронгуй болгосноор амжилтад хүрэхэд амаргүй, харин гурав, эсвэл дөрвөн зурвасын ажлыг зэрэг амжилттай өрнүүлэх нь биелүүлэхэд хүнд зорилт болохыг сайн ойлгож буй.

Тив дамнасан төмөр замын зурвасыг үр ашигтай болгохын тулд вагоныг тоо, галт тэрэгний хөдөлгөөний хурд, ачааны хэмжээг аажмаар нэмэх зорилгоор техник үйлчилгээ, боловсруулалтад тасралтгүй хөрөнгө оруулах шаардлагатай. Хэрэв хөрөнгө оруулалтыг хэтэрхий олон зурваст хуваарилбал эдгээр үзүүлэлтийн нэгийнх нь ч үр ашиг дээшлэхгүй. Жишээлбэл, АНУ-ын төмөр замын “Burlington Northern Santa Fe” (BNSF) компани Лос-Анжелес, Чикаго хоорондын ачаа эргэлтийг нэмэгдүүлж, тээвэрлэх цагийг багасгахын тулд тив дамнасан, өмнөд гол зурвасын дагуу хоёр дахь замаа тавих гэж олон жил зарцуулсан ажлаа бараг дуусгажээ.

Энэ нь эдийн засгийн томоохон төслийн ашигтай хувилбарын сонгодог жишээ юм. Нэг чиглэл нь хөгжмөгц түүнийг дагаад бат найдвартай дэд бүтэц хөгжиж, үүнд хөрөнгө оруулах нь бусдаасаа илүү ашигтай болох юм. Нүүрс зэрэг ачааны зарим төрөл нь төмөр замын тээврээс хамаардаг. Гэхдээ чингэлгээр тээвэрлэх боломжтой барааны хувьд Азиас Европ руу ачаа тээвэрлэх үр ашигтай олон хувилбар бий. Үнэхээр л өртөг, хурдны хувьд илүү ашигтай бол ачаа тээвэрлэгчид төмөр замыг сонгож үйлчлүүлнэ. Эцэст нь нэг чиглэл сонгох нь Хятадад ч асуудал үүсгэх юм. Тэднийг тойрох орнууд санаачилгыг дэмжихээс татгалзаж, эсвэл идэвхтэй эсэргүүцэхээ тооцсон байгаа.

Тиймээс Хятад улс Азиас Европ руу галт тэрэг дайран өнгөрөх бүх улсад ашигтай байхыг чухалчлах ёстой юм. Тухайлбал, “Нэг бүс, нэг зам” төсөл газрын зураг дээрх цагаан толбоноос худалдааны том зурвас болбол үүнд шууд хамаарах улсуудад ч импортын саадыг багасгах ашигтай байж магадгүй.

Одоо тус бүс нутгийн дэд бүтэц хангалттай хөгжөөгүй байна. Үүнийг нэг чингэлэгт ногдох импорт, экспортын өртгийн тухай Дэлхийн банкны мэдээлэл нотолж буй юм. Одоо Тажикистан импортын хувьд дэлхийд хамгийн их зардлыг үүрч байгаа буюу нэг чингэлэгт 10 мянга гаруй ам.доллар зарцуулдаг гэнэ. Гэтэл дэлхийн ийм зардал дунджаар 1887 ам.доллар байдаг аж. Төв Азийн бусад улсад байдал арай дээр. Автомашины сэлбэг бүхий хоёр тоннын багтаамжтай чингэлгийг Узбекистанд хүргэхэд 6452, Казахстанд 5265 ам.доллар төлдөг.

Тэгэхээр хамгийн түрүүнд барааг тээвэрлэх өртөг болон хугацааг юуны түрүүнд багасгах хэрэгтэй. Ази, Европыг холбосон зурвас дайран өнгөрөхгүй орнуудад ч импортын зардал нь буурах ашигтайг тэмдэглэх нь чухал юм. Тодруулбал, Казахстанаар дамжих зурвас нь Кыргызстаны тээврийн зардлыг ч бууруулах магадлалтай гэнэ.

Тэрчлэн зурвас дайран өнгөрөхгүй орнуудад эдийн засгийн боломж бүрдэх, эсвэл ажлын байр автоматаар нэмэгдэнэ гэсэн үг биш болохыг Хятад улс мөн ойлгуулах ёстой. Дамжин өнгөрөх галт тэргийг зогсоох арга олдохгүй бол транзит тээврээс орлого олж болох юм. Энэ нь ашигтай ч эдийн засаг сэргэхэд тус болохгүй.

Төв Азийн орнууд импортын асар их зардал үүрдгийг харгалзан үзвэл “Нэг бүс, нэг зам” санаачилга үүнийг багасгаж, тус бүс нутгийг хөгжүүлэхэд түлхэц өгөх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай