Улаанбаатараас нүүхээс ӨӨР СОНГОЛТ БАЙНА УУ

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг иргэд нүдээр үзэн, биеэр мэдэрч, хэрхэхээ мэдэхгүй дэмий л шүүмжилцгээж байна. Нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээгээр уржигдар хотын агаар маш их бохирдолтой гэх түвшинд хүрч, агаарын чанарын индексийн хамгийн дээд хэмжээ болох улаан өнгийг заалаа. Тоон үзүүлэлт нь 5000 дөхөж “томров”.

Уг нь 0-50 байх ёстой индексийн хэмжээ бараг 100 дахин ихэссэн нь энэ юм. Утаа үзэгдэх орчныг хязгаарлаж, амьсгалах эрхтнийг боомилж байхад төрийн түшээд нь “Шийднэ, бууруулна” гэсэн улиг болсон үгээ ч хэлэхгүй, амны хаалт зүүхийг уриалах, агаар цэвэршүүлэгч тараах зэрэг “гал унтраах” арга хэмжээ авч буй нь гунигтай. Өнгөрсөн хавар, зун, өвөл гээд урин дулаан болсон ч гэсэн “Өнөөдөр” сонин ирэх өвлийн утаанд манай дарга нар бэлэн, эсэхийг хэд хэдэн удаа хөндсөн билээ.

Агаарын бохирдлын эсрэг тэмцэл улирлын чанартай буюу утаатай уралдан эхэлдэг уламжлал ёсоор тухайн үед онцын шийдэлгүй, өнөөх зуух, түлшний үлгэрээ ярьсаар суусныг санаж байна. Түүнийг нь шүүмжилсэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэгэн мэргэжилтэн нэлээд уурлаж, “Ажил хийх гэж байгаа хүмүүсийг өөллөө” гэж загнаж байв. Түүний хийнэ гэсэн ажлууд хэзээ биелэх бол гэж нэлээд харлаа. Харамсалтай нь, бохирдлын хэмжээ нэмэгдсэнээс өөр гавьтай өөрчлөгдсөн зүйл одоогоор алга бөгөөд улсын хэмжээнд онц байдал зарлахдаа тулаад буй билээ.

Юу хийдэг нь мэдэгдэхгүй, хэл ярьж буйгаараа бол хэдэн хотын утааг арилгачихсан байж мэдэх ийм мэргэжилтэн, бүр бүхэл бүтэн газар манай төрд ажиллаж байгаа. Уржигдар утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэж иргэд олон нийтийн сүлжээгээр шуугьсантай холбогдуулан нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхантай холбогдлоо. Улаанбаатарчууд өдөр тутам хорт утаагаар амьсгалж, угаартах шахаж байхад агаарын чанарын мэдээллийг минут тутам авч, гал команд шиг ажиллах ёстой тус байгууллагынхан газрынхаа нэрийг мартчихсан бололтой “Агаарын чанарын мэдээллийг бид мэдэхгүй. Цаг уур, орчны шинжилгээний газрынхантай холбогд” гэж бусад руу түлхэж байх жишээтэй.

Бас ямар нэгэн шинэ санал гаргадаг хэр нь түүнийгээ огт ашигладаггүй хөсөр хаядаг “дон” манай төр, засагт шүглэжээ. Агаарын бохирдолтой өчнөөн жил тэмцсэн ч үр дүнд хүрээгүй учраас эрдэмтдээсээ тусламж хүсэж, хувилбар гаргахыг өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн өвөл санаачилж, түүнийх нь дагуу эрдэмтэд хаваржин, зунжин туршилт, судалгаа хийж саналаа боловсруулсан юм билээ. Харамсалтай нь, тэдний саналыг хэрэгжүүлэх нь битгий хэл, дурсаж ярих ч хүн өдгөө алга. Үндсэндээ замхарчихлаа.

Гэр хорооллын айлуудыг утаагүй зуухаар хангах хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч энэ хугацаанд утаа улам өтгөрсөн үү гэхээс буураагүй. Төрийн мөнгөөр зуух үйлдвэрлэгчдийг дэмжсэн “хандивын” арга хэмжээ төдийгөөр хязгаарлагдсан. Үүнтэй санаа, зорилго нэгтэй бас нэгэн бизнес энэ жилээс цэцэглэж эхлээд буй нь амны хаалтынх.

Энэ өвлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогдож буй амны хаалт төрөл төрлөөрөө, янз бүрийн өнгө загвар, үнэ ханштайгаар худалдаанд гарч, Засгийн газрын тэргүүн нь хүртэл сурталчлаад эхэллээ. Эрүүл мэндээ хамгаалах гэсэн иргэдийн бодол энэ маягаар бизнесийн “бай” болоод л дуусах вий. Зараад буй олон янзын амны хаалт нь Улаанбаатарын гамшгийн утаанаас үнэхээр хамгаалж чадна гэдгийг яг хэн нотолсон юм бэ?

Урт хугацааны тууштай бодлого, зоригтой алхам гаргахгүй бол агаарын бохирдол улам газар авахыг ойлгохгүй байгаа түшээд ээ, өглөө, оройдоо Баянхошуу, Толгойтоор яваад нөхцөл байдлыг өөрийн биеэр мэдэрнэ үү. Энэ маягаараа зуун задгай байсаар байвал бидэнд Улаанбаатараас нүүхээс өөр сонголт үлдэхгүй бололтой. Өнөөдрийн утаа ирээдүйд ямар өвчний суурийг үр хүүхдүүдэд маань тавихыг эрхэм дарга нар эргэцүүлэн бодож үзсэн үү?

ЭШЛЭЛ

 

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ш.НЯМДАВАА: Агаарын бохирдол сэрэмжлүүлэх хэмжээнд хүрээгүй

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваагаас уржигдар агаарын бохирдол ямар түвшинд хүрснийг тодрууллаа.

-Энэ сарын 25-ны орой хотын хэмжээнд агаарын бохирдол их байлаа. Иргэд нэлээд бухимдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоос эхлээд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.

-Агаар дахь бохирдуулагч аль нэг бодисын агууламж 24 цагийн туршид стандартаас 10 дахин давбал ард иргэдэд сэрэмжлүүлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авах журамтай. Засгийн газрын тогтоол ч бий. Өчигдрийн хувьд (уржигдар) сэрэмжлүүлэх хэмжээнд хүрээгүй ч нэлээд дөхсөн.

Салхигүй, тогтуун байсан тул бохирдол агаарт хуримтлагдсан. 11.00 цагаас дараа өдрийнхөө 02.00 цаг хүртэл маш их бохирдолтой байсан, түүнээс хойш салхины хүч нэмэгдэж, утаа сарнисан. Агаарын чанарын индексээр Баянхошуу, Зуун айл, Толгойт гэсэн гэр хороолол болон авто зам ихтэй газарт маш их бохирдолтой байлаа. Зарим газарт агаарын чанарын индекс 3000-4000 хүрсэн нь үнэн.

-4000 давсан гэдэг нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Агаарын чанарын индексийг зургаан түвшинд ангилдаг. 4000 гэдэг нь хамгийн дээд буюу маш их бохирдолтой гэсэн түвшнээс давсан үзүүлэлт бөгөөд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс иргэд аль болох гадагшаа гарахгүй байх, амны хаалт зүүх, гэр орноо цэвэршүүлэх хэрэгтэй.

-Өчигдрийн үзүүлэлт түүхэн дээд түвшин үү. Эсвэл өмнөх жилүүдэд ч ийм бохирдолтой байсан уу?

-Нэг, хоёр өдрийн үзүүлэлтээр тухайн жилийг дүгнэж, төлөвийг тодорхойлж болохгүй. Бид нэг, хоёр өдрөөр бус, бүх бохирдуулагч бодисыг тусад нь авч үзэж, жилийн дунджаар мэдээлэл гаргадаг. Агаар дахь бохирдуулагч бодис бүрийн хэмжээ харилцан адилгүй.

Зарим нь тодорхой хэмжээгээр буурч байхад зарим нь өсөж буй. Гэхдээ жилийн дундаж агууламж агаарын чанарын стандартаас 2-3 дахин их хэвээрээ л байна.

Замын цагдаа нар хордож үхэх нь

Агаарын бохирдолтой үед аль болох гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед удаан хугацаагаар гадаа ажиллаж байгаа хүмүүс, тухайлбал, замын цагдаа нар ямар ч хамгаалалтгүй үүрэг гүйцэтгэж буй. Нийслэлийн хэмжээнд 975 замын цагдаа бий бөгөөд тэдний 300 гаруй нь гадаа замын хөдөлгөөн зохицуулж буйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нэг цагдаа өдөрт ойролцоогоор найман цаг гадаа ажилладаг юм байна.

Энэ жил нийслэлийн 44 дүгээр сургуулийн V ангийн сурагчид сайн үйлсийн аян өрнүүлж, замын цагдаа нарт утаанаас хамгаалах 100 амны хаалт бэлэглэжээ. Харин манай төр, засгийнхан хүүхдүүдээс дор, цагдаа нартаа ядаж нэг амны хаалт өгчихөж чадахгүй байна. Уг нь замын цагдаа нарт хүнд хортой нөхцөлд ажилладаг хэмээн цалин дээр нь 20-30 мянган төгрөгийн нэмэгдэл олгодог байсан ч гурван жилийн өмнө уг мөнгийг хассан байна. Утаа энэ маягаараа ихэссээр байвал замын цагдаа нар хордож үхэхэд ойрхон байна.


Энэ тухай