Хүчирхийллийн эсрэг уриалсан “ёолк”

Тэр л газарт очсон хүн бүхэн улиран одсон он цагуудаар аялж, бага насны дурсамжаа хөглөдөг. Чухамхүү тэр л газраас урлагийн гараагаа эхэлж, амьдралын учир утгыг улам ойлгосон хүн олон. Бас насан туршийн найз нөхдөө олж, олон сайхан мөрөөдөл ургуулж, түүнийгээ биелүүлэхээр хамтдаа зүтгэсэн. Ийм нэгэн сайхан газрыг олон улсын “Найрамдал” цогцолбор гэдэг. Энэ бол хүүхдүүдийн энерги, эрч хүчээр цэнэглэгдсэн ариун газар.

Жил бүр өдийд “Найрамдал” олон мянган хүүхдэд мартагдашгүй дурсамж тэрлэдэг уламжлалтай. Ирэх зун 40 “нас” хүрэх тус төвийнхөн 2017 оноо үдэж харшийн наадмаа энэ сарын 21-28-нд зохион байгуулж буй. Энэ хугацаанд 4000 орчим хүүхэд хүлээн авч, баярлуулах юм билээ.

Бид “Хүүхдийн гүрэнт улсын мөрөөдлийн шинэ жил” сэдэвт сүлд модных нь наадмыг сурвалжлахаар өнгөрсөн пүрэв гаригт Баянголын аманд байрлах тус өргөөг зорив.

Эднийх жил бүр өөр сэдвээр, нийгэм болон хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг тусгаж, ухаарал өгсөн театрчилсан тоглолт бэлтгэдэг нь үнэхээр сайшаалтай. Энэ удаа ганц манайд гэлтгүй дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болоод буй хүүхэд хамгаалал, тэднийг хүчирхийллээс ангид байлгах, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх нөхцөл боломжийг томчууд хангах үүрэгтэйг сануулсан онцгой сэдвийг сонгожээ. Тийм ч учраас хүүхдийн мөрөөдлийн шинэ жил гэсэн аж.

“Найрамдал”-ын сүлд модны наадмыг 26 дахь жилдээ найруулсан, тус цогцолборын гүйцэтгэх захирал, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат “Томчууд бид хүүхдээ сайн хүн болгохын тулд хайрлахаас гадна хөгжүүлж, боловсруулах талдаа илүү анхаарах ёстой. Үүнийг бид энэ удаа хөндлөө. Мөн байгаль дэлхийгээ хайрлахгүй буруу хандвал, бусдыг гомдоовол, өөрөөр хэлбэл буруу зүйл хийвэл өөрт нь сөрөг муу хариу ирж, ирээдүйд нь саад тотгор болох эрсдэлтэй гэдгийг багачууддаа ойлгуулахыг хичээлээ.

Үлгэрийн баатруудын үг, үйлдэл, зөрчил тэмцлээр хүн бусдад хэрэгтэй зүйл хийхийн сайхныг, мөн нэгнийгээ хүндэлж, үгийг нь сонсох, тэвчээртэй хандахын чухлыг харуулахыг зорьсон. Манай наадамд олон жил оролцсон хүүхдүүдийн маань дийлэнх нь буюу 80 орчим хувь нь дунд сургуулиа төгссөн учраас тоглолтынхоо бүрэлдэхүүнийг тэр хэрээр шинэчилсэн. Энэ наадамд нийт 96 хүүхэд оролцсон бөгөөд тэд гуравхан хоногт маш идэвхтэй байж, хамтарч чадсанд талархаж, бахархаж байна.

Авьяаслаг хүүхдүүдийн нэгэн шинэ үеийг бид бэлтгэж эхэлж байгааг онцлох ёстой. Өөрсдөө хүүхэд ахуйдаа манай сүлд модны наадамд оролцож байсан, өдгөө багш болсон цөөнгүй хүн энэ удаагийн тоглолтод дүр бүтээж, дуулж, бүжиглэж байгаа нь бас нэг онцлог. Бид дотоодын нөөц бололцоогоо дайчлан тайзны засал, тоглолтын хувцас, хэрэгслийнхээ багагүй хэсгийг шинэчлэн, өөрчилсөн. Үүнд багш нар идэвхтэй оролцож, өдөр, шөнөгүй ажиллалаа.

О.Урангоо багш маань ээжийгээ дайчлан, бүх хувцсыг оёлоо. Аргазүйч П.Ариунзаяа маань ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж багаа чадварлаг удирсан гэхчилэн хамт олондоо бүгдэд нь баярласнаа сониноор дамжуулан уламжилъя. Багш хүний жаргалыг би энэ жил илүү мэдэрлээ. “Найрамдал”-аас төрсөн шавь нар минь эрвийх дэрвийхээрээ тусалсанд мөн талархаж байгаа шүү” гэв.

“Найрамдал” цогцолборын сүлд модны наадам зөвхөн тоглолтоор хязгаарлагддаггүйгээрээ Монголдоо цор ганц супер “ёолк” гэж боддог. Энэ арга хэмжээ өглөө эрт Улаанбаатарт зочин хүүхэд, багачуудаа угтахаас эхэлдэг. Тэднийг Баянголын аман дахь өргөөнд тохилог автобусаар хүргэж, буцаахдаа урд, хойд талдаа цагдаагийн хамгаалалттайгаар, ямар ч саадгүй явдаг нь үнэхээр гоё. Тэнд очоод бүлэгт хуваагдсан хүүхдүүд багшийнхаа хамт есөн өртөөгөөр аялж, янз бүрийн тоглоом сурч, дуулж, бүжиглэн, оддыг дурандаж, хүслийн захиа илгээх зэргээр үд хүртэл цагийг завгүй өнгөрүүлдэг уламжлалтай.

Үүний дараа хүүхдүүдийг хүндэтгэлийн зоогт урьдаг юм. Бялуу, баавгайтай чихэр, амтат шүүс, төрөл бүрийн зууш, халуун хоол энэ өдрийн гоё дурсамжийн нэг хэсэг. Энэ өдөр “Найрамдал”-ын зочноор нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүд уригдан, нэг өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүллээ. Тэднээс “Хоолны амт ямар байв” гэхэд эрхий хуруугаа гозойлгосон. Бас багш наргоё тоглоом заасан хэмээн сэтгэл тун хангалуун байлаа.

Харшийн сүлд модны наадмын оргил үе бол “Хараацай” театрт өрнөдөг адал явдалт тоглолт байдаг. Үлгэрийн орныг санагдуулам тайзны хөшиг нээгдэж, алиа салбадай, шидтэн, малгайчин, Алладин, Мирана, цасан хатан, Изма ахайтан, Үнсгэлжингийн хоёр эгч гээд үлгэрийн баатрууд танхимд тухлах багачуудыг байлдан дагууллаа. Үлгэрийн нэг баатар Алладины шидэт савааг дураараа авч, дохисноос үүдэн цаг хугацаа зогслоо. Байгаль дэлхийгээ хайрлалгүй хог хаясан багачуудыг хашраах гэж цасан хатан ийм зүйл сэдсэнийг малгайчин яаж мэдэх билээ. Тэрбээр найзуудынхаа хамт буруугаа залруулах гэж өчнөөн адал явдалтай учирна.

Танхимд суугаа багачууд үлгэрийн баатруудын өмнөөс шаналж, баярлаж, бас уулга алдаж, мөсөн хатныг загнаж, саваагүй малгайчныг буруушаах нь үнэхээр өхөөрдөм байв. Хүүхдүүдэд зориулсан тоглолтыг үргэлж мэргэжлийн театрын хэмжээнд бэлтгэхийн төлөө чармайдаг Отгонбат багшид талархал илэрхийлье.

Энэ үеэр тайзны ард авьяаслаг хүүхдүүд өөрийн ээлжийг хүлээн, үс зүсээ янзалж, догдлон зогсоно. Тэднээс дутахгүй хөөрч баярлан, сэтгэл нь тогтохгүй байх Ч.Эрдэнэцэцэг багшийг бид онцлов. Учир нь тэрбээр сүүлийн 10 гаруй жил “Найрамдал”-ын бүх арга хэмжээнд бүжигчин хүүхдүүдээ “сойсон” багш.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын шүлхийгийн улмаас хөл хорио тогтоосон нь багачуудыг нэлээд айлгаж, сандаргасан аж. Үүнээс гадна сүүлийн үед нийгмийг айдаст автуулаад буй хүүхэд сураггүй болсон хэргүүдээс болж 18.00 цагаас хойш аливаа бэлтгэл, цуглааныг хориглосон тул Түнхэл тосгоны “Нарны домог” хамтлагийн бүжигчин хүүхдүүд нууцаар сургуулилалтаа базааж, хоёр өртөө газрыг унаатай, унаагүй туулж, хэрэндээ л “хөөрхөн” адал явдалтай учран байж “Найрамдал”-даа ирсэн талаараа тэрбээр яриад “Ачаагаа хунгараас гаргах гэж хөвгүүд маань бөөн юм болсон ч их сайхан дурсамжтай үлдлээ” гэсэн юм.

“Найрамдал” цогцолборын харшийн наадам өөрийн гэсэн хэд хэдэн шигтгээ брэндтэйгээрээ алдартай. Үүний нэг нь яах аргагүй өвлийн өвөө. Нэг биш, тавуулаа, тэгээд бүр 5-7 настай өхөөрдөм өвгөдийг хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг. Тэд шилдэг хүүхдүүдэд бэлэг өгөөд, дух, хацрыг нь үнэрлэхийг харсан хэн бүхэн инээдээ барьж дийлдэггүй юм. Энэ жил өвөөгийн багийнхан бүгд шинэчлэгджээ. Урьд жилүүдийнхтэй харьцуулахад тэд нэлээд “хөгшин” юм билээ.

7-8 настай Э.Сэдбаян, С.Мөнх-Оргил, Т.Цэрэнжав, Ц.Эрхэс, У.Хүслэн нараас “Өвлийн өвөөгийн юу нь таалагддаг вэ” гэж асуухад “настнууд” маань “Хүүхдүүдэд бэлэг өгдөг буянтай хүн учраас гоё шүү дээ” гэж ам уралдан хариулав. Тэдний дундаас хамгийн хөдөлгөөнтэй нь Австрали тивээс “ирсэн” Хүслэн аж. Тэрбээр “Биднээс сурвалжилга авсанд баярлалаа” гээд бусдадаа “Та нар ч баярлалаа гэж хэлээч. Өвөө чинь буянтай хүн шүү дээ” гэж шахамдуулах нь эгдүүтэй.

2013 онд өвлийн өвгөн болсон, таван настай З.Манлайжав “Отгоо багш “Жаахан өвлийн өвгөн аав байдаг гэхээр нь би өвөө болсон. Өвөө байх гоё. Гэхдээ юу нь гоё гэдгийг мэдэхгүй ээ” гээд мөрөө хавчиж байсан бол долоо, найман настнууд харьцангуй төлөвшиж, буурь суудаг нь мэдрэгдэв.

О.ДОРЖСҮРЭН: ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД ТҮЛХҮҮ АНХААРЧ БАЙНА

Олон улсын “Найрамдал” төвийнхөн оргилсон их амжилтаар дүүрэн нэг оныг үдэж байна. Энэ талаар болон хүүхдийн гүрэнтэй холбогдоод найман сар болохдоо чухам юу амжуулсан талаар нь тус төвийн ерөнхий захирал О.Доржсүрэнгээс тодрууллаа.

-Танай хамт олны хувьд арванхоёрдугаар сар оргил ачааллын үеийн нэг хэсэг нь. Өнөөдөр гэхэд л бараг 700 хүүхэд сүлд модны наадамд уригджээ. Үүн дээр зочин төлөөлөгчид, урлагийн тоглолтод оролцож буй багш, хүүхэд нийлээд 100 гаруй гэхээр ажил хэр байгаа нь ойлгомжтой. Энэ оноо та бүхэн хэрхэн үдэж байна вэ.

Хэдийгээр та энэ албанд ирээд жил болоогүй ч эхлүүлсэн ажлын тань үр дүн эхнээсээ харагдаж байна. Мөсөн гулгуурын сайхан талбайтай болжээ. Усан спортын цогцолборын ажил нэлээд урагштай байгаа нь анзаарагдлаа.

-Өнгөрсөн гуравдугаар сард энэ байгууллагад ирэхэд уламжлалт сайхан зүйлс нь байсны хажуугаар багагүй өртэй, байр, цогцолборуудын маань хэрэглэгдэхүүнүүд элэгдэж, хуучирсан, сургалтын хэрэгслүүд үндсэндээ байхгүй болчихсон зэрэг бэрхшээл байсан. Зуны ээлж эхлэхийн өмнө хамт олон маань айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн бүтээлч үйлсийн аян өрнүүлсний дүнд нэлээд ажил хийлээ.

Энэ байгууллагад төрөөс тэрбум орчим төгрөгийн татаас өгдөг байснаа сүүлийн хэдэн жил бараг больсон нь яах аргагүй хүндрэлийн нэг шалтгаан. Гэхдээ багахан хэмжээний дэмжлэг үзүүлж байгааг бас үгүйсгэхгүй. Миний харснаар төсвөөс хамааралтай болон хамааралгүй байх нь хоёулаа эерэг, сөрөг талтай юм байна. Сөрөг тал нь гэвэл, аливаад олон шат дамжлагаар явж, зөвшөөрөл авч, шийдвэр гартал нь хүлээдэг, тэр хэрээр ажил удааширдаг. Хэдийгээр “Найрамдал”-ын нэр төр, харагдах байдал сайхан хэвээрээ байгаа ч үүнийгээ илүү хөгжүүлж, сайжруулах тал дээр анхаарах цаг болсон.

Бид хүүхдүүдэд хүртээмжтэй, аюулгүй байдлыг анхаарахаас гадна тэдний оролцоог чухалчилдаг учраас яалт ч үгүй аливаа хэрэгсэл, тоног, төхөөрөмжийн хэрэгцээ зайлшгүй байдаг. Төсөвт байсан үед үүнийгээ тодорхой хэмжээгээр тухайн жилдээ авчихдаг байсан ч хөгжлийн дорвитой шинэчлэл хийхэд багагүй түвэгтэй байжээ.

Харин төсвөөс хамааралгүй байхын давуу тал гэвэл, боломжит нөхцөлүүдийг эрэлхийлж, аливааг өөр өнцгөөр харж, нөөц боломжийг гаргах талдаа анхаардаг юм байна. Үүндээ тулгуурлаад уламжлалаа хадгалсан шинэчлэл, арга барилаа өөрчлөх боломжийг хайж ухаан уралдуулж байна. Ингэж сул болон давуу талаа мэдсэнээр бид тодорхой үр дүнд хүрсэн.

Хөлбөмбөгийн талбайгаа мөсөн гулгуурын зориулалтаар ашиглаж эхэлсэнд хүүхдүүд их дуртай байна. Усан спортын цогцолборын хувьд төсвөөс шалтгаалаад ажил нь хоёр жил гаруй царцсан байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад уламжилж, нэлээд хөрөнгө шийдүүлсэн. Одоогоор барилгын цутгалтыг бүрэн хийгээд байна. Ирэх жилд тохиох 40 жилийн ойгоороо нэг хэсгийг нь ашиглалтад өгөх том зорилготой байгаа.

Ийм цогцолбортой болсноор амрагч хүүхдүүд маань сэлж сурахаас эхлээд, хөгжлийн шинэ хөтөлбөрүүд нэмэгдэх, олон улсын тэмцээн зохион байгуулах зэрэг давуу талтай. Үүнээс гадна манай хамт олон гэр бүлд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрт түлхүү анхаарч байна. Мөсөн гулгуурын талбай маань энэ хөтөлбөрт чухал үүрэгтэй.

Нэг “хөөрхөн” нууцаа дэлгэхэд бид ажилчдынхаа санаачилгаар өөрсдийн хүүхдүүддээ зориулаад жижиг ч гэсэн мөсөн талбай шийдэж байгаа. Амрагч хүүхдүүдийн хажуугаар үйлчилгээний бүсэд тэд маань тоглож, наадах боломжгүй байдаг юм.

Амьдрах баталгаа, сэтгэл тайван байх нь ажлын бүтээмжид шууд нөлөөлдгийг хүн бүр л мэднэ. Энэ утгаараа ирснээсээ хойш хийсэн өөр нэг том ажил гэвэл байгууллагынхаа амьдрах чадварыг дээшлүүлэх зорилгоор багш, ажилтнуудынхаа орон сууцны асуудлыг хөөцөлдсөн. Нааштай хариу ирсэн. Хавраас ажил нь эхэлнэ. Мөн сүүлийн хоёр жил тасраад байсан 13 дахь сарын цалинг нь тавилаа.

Ингээд бодохоор найман сар гэдэг нэг талаар богино хугацаа биш юм байна. Харин том бүтээн байгуулалт, шат дамжлагатай ажлын үр дүн үзэхэд хангалтгүй хугацаа. Тэгэхээр чухам юу амжуулав гэдгээ ирэх жил 40 жилийнхээ баяраар тайлагнавал илүү бодитой байх болов уу. Эхэлсэн ажил их байгаа ч үр дүнг нь ярих эрт байна л гэсэн үг. Энэ бүх ажлыг хамт олны хүчээр босгож байгаа гэдгийг энд онцлох ёстой.

-Олон улсын гэсэн тодотголтой энэ газрыг хувьчилбал илүү сайхан болно гэсэн байр суурьтай хүн байдаг. Үүнийг эсэргүүцэж, улсын мэдлээс гаргаж болохгүй гэх нь бий. Нэгэнт л улс харж хандаж чадахгүй бол энэ асуудлыг шийдээд нэг тийш нь болгох хэрэгтэй санагдана. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Хүүхдийн байгууллагуудыг, улс орныхоо ирээдүйг боловсруулж, бэлтгэдэг газруудын талаар хамаагүй дуугарч болохгүй. Миний бодлоор, хамгийн гол нь ийм газрууд ямар статустай байхыг эхлээд тодорхойлж, ярих хэрэгтэй болов уу. Улс анхааралдаа байлгах уу, эсвэл компаниуд шиг өрсөлдөөний дундаас гарч ир гэсэн зарчмаар явах уу. Ингээд бодохоор яах аргагүй төрийн дэмжлэгээр явах ёстой газар бол хүүхдийн байгууллагууд.

Би хувь хүнийхээ бодлыг хэлэхэд, эрүүл мэнд болон боловсролын байгууллагыг төр мэдэх нь зөв. Төр бол нийтийн төлөө, хувийн байгууллага ашгийн төлөө явдаг. Бидний зорилго бол хүүхэд бүрт ялгаваргүй, жигд үйлчлэх. Энэ утгаараа “Найрамдал” хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн тодорхой давхаргын хүүхдүүдэд хүрч, тэднийг үнэ төлбөргүй амраах тал дээр анхаарч ажиллаж чаддаг.

-Ийм том бүтээн байгуулалтыг цааш нь улам хөгжүүлж, нэмж босгон, цэцэглүүлэхэд асар их хөрөнгө, мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг төр халааснаасаа гаргах боломжгүй. Миний бодлоор, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд том компаниуд “Найрамдал”-ын бүтээн байгуулалтад тус нэмэр болж, аян өрнүүлбэл дорвитой үр дүнтэй болов уу.

Тэгэх боломж хэр байдаг бол. Танайх хөгжлийн хөтөлбөртөө зориулан 30-аад сая төгрөг гаргаж, одон орны дуран зэрэг хэрэгсэл, төхөөрөмж авсан гэж сонссон?

-Зарчмын хувьд тантай санал нэгдэж байна. Хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хөрөнгө шаарддаг. Энэ үүднээс боломжийнхоо хэрээр тодорхой төхөөрөмж, хэрэглэгдэхүүн авсан. Бид энэ талаар компаниудад санал тавьж байгаа. Хүүхдийг хамгаалах тал дээр улсаас хангалттай зардал гаргадаг. Миний бодлоор, тэднийг хөгжүүлж, боловсруулахад илүү анхаарах учиртай. Үүнтэй холбогдуулаад нэг сайхан мэдээ дуулгахад, зуслангуудад хүүхэд хөгжлийн хөтөлбөрт зориулан хувьсах зардал өгөх болсон.

Монголын зуслангуудын холбооныхон хамтраад хүүхэд бүрт адил тэгш үйлчлэх гэсэн зорилго тавьсан. Хүүхдийн байгууллагууд өөрсдөө ялгаварлан гадуурхах үзлийг дэврээж болохгүй. “Найрамдал”-д амарсан хүүхэд хөгжлийн ямар хөтөлбөрт хамрагдав, түүнийг бусад зусланд адил авах ёстой гэсэн үг. Энд бас нэг зүйлийг онцлоход, хүүхдүүд сурсан мэдсэнээ бусдадаа сургаж, түгээдэг, нэгнийгээ боловсруулдаг, ингэснээр нөлөөлөгч, манлайлагчдыг бэлтгэхэд бид анхаарч байгаа.

Энэ бол үе тэнгийн сургагч хүүхэд бэлтгэх шинэ хөтөлбөр. Үүний хүрээнд хүүхэд багаар ажиллаж, эвлэлдэн нэгддэг чадвараа хөгжүүлэх давуу талтай. Энэ хүрээнд уралдаан зарлаж, шалгарсныг нь анги хамт олноор нь амраах эрхээр урамшуулах зэргээр олон ажил төлөвлөсөн.

-“Найрамдал” одоо яг хэдэн багш, ажилтантай вэ?

-Орон тоогоороо бол үндсэн ажилтан 149 байна. Үүнд дээр тухайн нөхцөл байдал, улирлаас хамаараад түр ажилтнуудыг гэрээгээр авдаг. Өнгөрсөн зун гэхэд л 72 хүн гэрээгээр ажиллуулсан. Хүүхдийн спортын наадам, Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр жембори, Хүүхдийн урлагийн их наадам гээд манайх нэлээд ачаалалтай байсан шүү дээ. Шинэ жилийн оргил ачааллын үеэр мөн нэмэлт хүч авч ажиллуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай