Бид буруутай

Бид буруутай

Бэлтгэсэн: Г.Баярцэцэг, Л.Ганчимэг


Шведийн Мальмё хотынхон өнгөрсөн долоо хоногт гудамжинд тэр аяараа гарч жагсав. Шалтгаан нь манайхан шиг цалингаа нэмүүлэх гэсэнгүй, бас эрх баригчдыг огцруулах гэж ч улстөржсөнгүй. Аядуу намдуу, амар тайван Мальмё хотод сүүлийн гурван сарын хугацаанд насанд хүрээгүй, сургуулийн хүүхдийг хүчирхийлсэн гурван хэрэг гарсан тул тэд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагссан нь тэр.

Эрүүл нийгэмд аж төрж буй иргэд иймэрхүү гэмт хэргийг ямар соргог мэдэрч, өөрсдөдөө “хамаатуулан” хүлээж авдаг, бас эсэргүүцэн тэмцдэгийн тод жишээ энэ. Харин Монголд...

ДАЙРАН ДЭЭР ДАВС БУЮУ УЛАЙН ДЭЭР ОВОЛЗСОН “ХАР ХЭРЭЭНҮҮД”

Саяхан 17 настай охин өсвөр насныхаа амьдрал, урт холын ирээдүйгээрээ дэнчин тавин, гэр бүлийнхнийхээ байр суурь, нэр хүндийг ч хойш тавин байж хүчирхийллийн хохирогч болсон тухайгаа олон нийтэд дэлгэсэн билээ. Тэгэхэд бид улайн дээр оволзсон хар хэрээ шиг цуурч хашгирснаас өөр яав. Өсвөр нас гэдэг сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг үе байдаг. Тэр тусмаа цахим ертөнцийн дарангуйлалд боолчлогдсон өнөөгийн энэ аймшигт нийгэмд охидын хувьд тийм зориг гаргах маш хэцүү гэдгийг энэ насыг дайрч гарсан хүн болгон мэдэх учиртай.

Даргын, эсвэл компанийн захирлын хүүхэд байна уу, гишүүний охин байна уу гэдэг энд ямар ч хамаагүй. Энд хүүхдийн хүчирхийлэл, өсвөр насныхны хүмүүжил, ёс суртахууны доройтол, томчууд бидний хайнга, харалган, хүйтэн хөндий байдлын тухай асуудал яригдаж байна. Ээж, аавдаа ч хэлэлгүй хоёр жил дотроо тээн шаналж явсан гомдлоо арга барагдан ил гаргасных нь төлөө хонгор охины сэтгэлийг бид бодсон бил үү.

Ямар ч хамаагүй аргаар бусдын анхаарлын төвд байх гэж тэчьяадсан “хар хэрээнүүд” олон нийтийн сүлжээгээр энэ тухай сенсаац дэгдээн, мэдэмхийрч гуагалахаа л урьтал болгосноос охины ирээдүйг, залуу сайхан насыг нь хайрласангүй.

Хамгийн гол нь хүчирхийлэл гэдэг зүйл өнөөгийн Монголын бүх л давхаргад хэдийнэ бугшсан ч олонх нь нэр хүнд, нийгмийн байр сууриа бодоод хэргийг хав дараад өнгөрдөг үхээнц дорой байдлыг уудлан илчилсэн зоригийг нь үнэлсэнгүй. Хэдэн өдөр үүгээр “гол зогоож” байсан мэдээллийн ангуучид өдгөө “Цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа шүү дээ” хэмээн өөрсдөөсөө холдуулчихсан, дараагийн өгөөшөө хайгаад явж буй. Гэтэл магадгүй одоо охины сэтгэл зүй “нууцаа” дотроо хадгалж байснаасаа ч илүүтэй олон талын дайралтад өртөн, шаналж байж мэднэ.

“Хүчирхийлүүлсэн тухайгаа мэдэгдэхээр манай нийгэм ингэж хүлээж авдаг юм байна” гэсэн айдас жихүүдэс охидын сэтгэлд хургахаар, гэр бүлийнхэн нь ч “Хэргийг нуугаад өнгөрүүлэх нь дээр юм байна” гэж арга мухардахаар үйл явдал сүүлийн хэдэн өдөр өрнөлөө. Ийм болоод л сэтгэлзүйч Б.Хандаа манай нийгмийг “Хүн болгон нь хүчирхийрлэгч” гэж тодорхойлсон биз. Тийм учраас Монголд өсвөр насныхан амиа хорлох явдал жилээс жилд нэмэгдэж байгаа бус уу.

МЭДЭЭЛЭЭГҮЙ БОЛ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬТАЙ. ГЭВЧ...

Хүчирхийллийн тухай мэдээлээгүй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх тухай хуулийн заалт манайд байдгийг та мэдэх үү. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46.1-д ингэж заасан байдаг ч Монголд өнөөг хүртэл энэ заалтаар шийтгүүлсэн ганц ч хүн үгүй гэнэ. Тиймээс олон хүн энэ тухай мэдэхгүй байх нь аргагүй.

Тавхан настай охин хойт эцэгтээ хүчирхийлүүлсэн байдалтай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиход “Үзлэгийн 10 мянган төгрөг байхгүй бол үзэхгүй ээ” гээд халгаагаагүй эмч, эмнэлгийн ажилтнууд Монголд л бий. Өөрийнхөө үр хүүхэдтэй адилтган бодоод, 10 мянган төгрөг гарган охинд шинжилгээ хийлгэчих бүлээн сэтгэлтэй хүн тэр зургаан давхар байшинд нэг ч байгаагүй гээд бодохоор “хөндий голтой” төмөр хүмүүсийн өмнөөс бачимдаж үхмээр.

“Хууль нь тийм заалттай юм аа” хэмээн алгын чинээ охиныг ад үзэн гэдийсэн тэднийг мэдээлэх үүргээ биелүүлээгүйнх нь төлөө тэгвэл хуулийн дагуу ажлаас нь халахгүй яасан юм бол. 10 мянган төгрөг “олдоогүй” учраас үзлэг хийж өгдөггүй юм аа гэхэд цагдаагийн байгууллагад охины талаар мэдээлж болно оо доо. Төрийн албан хаагчдаас хүн ёсны сэтгэл нэхэхээ байя гэхэд ядаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрх бидэнд бий.

Золоор тэнд явж байсан нэгэн залуу охины тухай олж мэдэн, олон нийтэд мэдээлээгүй бол энэ хэрэг явдал хаалттай хаалганы цаана хав дарагдаад өнгөрөх байв. Хөөрхий охин ч шүүх эмнэлэгт үзүүлж чадахгүй буцаж, магадгүй хойт эцэгтээ дахин дахин хүчирхийлүүлсээр харанхуй ангал руу нэг мөсөн унах байлаа. Тухайн үед охиныг “Гулсуур дээрээс халтирч унасан” хэмээн мэлзэж суусан хойт эцэгт нь саяхан шүүхээс 18 жил хорих ял оноосон билээ.

“Төрийн албан хаагчид, тэр дундаа эмч, багш нар гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдсэн бол цагдаагийн байгууллага, харьяа орон нутгийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй. Мэдээлээгүй төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах заалттай. Хуулийн уг заалтыг манайд хэрэгжүүлмээр байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эмч нар үзээд, тариа хийгээд явуулчихдаг тохиолдол бишгүй. Багш нар ч энэ талаар цагдаад хандах нь маш цөөн.

Ер нь бол Монголд хүчирхийлэлд өртсөн таван хүний нэг нь л цагдаад ханддаг гэх статистик бий” хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын ахлах байцаагч, ахмад Э.Баярбаясгалан онцоллоо. Номыг нь үзсэн ямар ч эмч хүн тухайн хүүхдийг санамсаргүйгээр унаад хөхөрч, шалбарсан уу, эсвэл зодуулж цохиулаад гэмтсэн үү гэдгийг ялгаж салгах чадвартай байдаг тул хүн ёсны сэтгэл гаргаад, цагдаагийн байгууллага руу утас цохиж яагаад болдоггүй юм бол.

ХҮҮХДҮҮДЭЭ ХАЗАЖ ТАМЛАСАН ЭЦЭГ ДӨРӨВХӨН САР ШОРОНД СУУСАН

Энэ оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гурван том хүн, хоёр хүүхэд нас барсан хэргийг шүүх хэлэлцэн, гэмт этгээдэд ял оноожээ. Гэвч бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн хэргийн талаас илүү хувь нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болдгийг албаны хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр, ийм хэрэг үйлдсэн хүмүүст оноосон ял нь харьцангуй хөнгөн, дахин бусдыг хүчирхийлэхгүй байх анхааруулга өгч чаддаггүй гэхэд болно.

Ганц жишээ дурдъя. Хоёр болон найман настай хүүхдүүдээ бүтэн шөнийн турш хазаж, тамласан төрсөн эцгийн балмад харгис үйлдлийн тухай хөрш нь мэдээлсний ачаар 2015 онд олон нийтэд ил болж байв. Түүнд шүүхээс 3.5 жил хорих ял оноосон ч ердөө дөрвөн сар шоронд суугаад л Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байх юм.

Тавхан настай төрсөн үрээ гулууз мах хэрчиж байгаа аятай сэглэн заазуурдсан хэрцгий эцгийн шүүх хурал хэдэнтээ хойшилсны эцэст өдгөө хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй мөн л замхарсан. Шийтгэхдээ хүрвэл дэлгүүрээс 10 хүрэхгүй мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан хүнд найман жил хорих ял оноодог атлаа бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг Монголын шүүх хайхардаггүйн тод жишээ энэ.

Түмний нүдэн дээр ил ийм хэргүүдийг шийдэж чадахгүй, дүлэгнэж байдаг манай шүүх, прокурорынхон хийгээд тэдний аясаар хүлцэнгүй дорой дүмбийж суудаг иргэд бидний аль аль нь үнэндээ үүнд буруутай.

Дөрөвхөн настай охиноо хойт эхтэй нь нийлж зодсоор байгаад аминд нь хүрсэн Т.Цогтын тухай энд мөн дурдах нь зүйтэй. Багадаа “Долоон бор оготно” гэдэг үлгэрээс л ах дүүс нэгнийгээ зодсоор байгаад алсан тухай уншиж, сэтгэл эмзэглэж байснаас биш төрсөн эцэг нь хүний хүнтэй нийлж, алаг үрээ үхтэл нь зодсон тухай баримтыг өнөөгийн нийгэмд бодитоор харна чинээ төсөөлж байсангүй.

Тэр тусмаа гол буруутан болох эцэг нь цагдаагийн байгууллагад ажилладаг гэдгээрээ далимдуулан ялаас мултарна гэж хэн санах билээ. “Аз” болж 21 жилийн хорих ял авсан хам хэрэгтэн Г.Маралмаа нь хэргээ дахин задалж, эцгийг нь буруутайг нотолсон тулдаа Т.Цогт 22 жил торны цаана суух болсон. Гэвч ийм жигшүүрт хэрэг үйлдсэн нөхдийг өршөөлөөр суллахгүй гэх баталгаа Монголд алга.

Өнгөрсөн сард цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ахимаг насны нэгэн эмэгтэй холбогдож “Манай хажуу айлын хүмүүс хүүхдээ шөнөөр зодоод байх шиг байна. Би хоёр, гурав хоног ажиглалаа, хүүхэд нь дандаа шөнө уйлаад байна. Шалгаж өгөөч” гэж мэдэгджээ. Үүний дагуу цагдаа нар тухайн айлд шөнө очиж “тагнахад” хүүхэд нь ханиад хүрээд, цагийн тариа хийлгэж байсан гэнэ. Хэдийгээр эмэгтэйн өгсөн мэдээлэл ташаа байсан ч тэрбээр иргэний үүргээ сайн биелүүлсэн.

Хүчирхийллийг мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий царайлдаг төрийн алба хаагчдаас илүү сэтгэл гаргаж чадлаа. Энэ бол хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал хандлага гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Хүчирхийлэлд өртсөн хүнийг өмгөөлж хамгаалахын төлөө сэтгэлээрээ ажилладаг төрийн бус байгууллагууд сүүлийн үед нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг бодитоор дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн иргэд олширч буй нь ганц авууштай, баярлууштай зүйл юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай