Ц.Хосбаяр: М.Анхцэцэг бидний төдийгүй багшийн минь мөрөөдлийг биелүүлсэн

Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяртай ярилцлаа. Цагтаа Монголын шилдэг тамирчдын нэг байсан түүний шавь М.Анхцэцэг энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон юм.

-Хоёулаа ярилцлагаа саяхан болсон ДАШТ-ий талаар эхэлье. Монгол Улс дэлхийн дэвжээнд гурван туйванчаа сойсноос М.Анхцэцэг хүрэл медаль хүртэн, бас нэгэн анхдагч амжилтын эзэн болсон. Тамирчдынхаа амжилт, алдаа оноог хэрхэн дүгнэж байна вэ?

-Тамирчдаараа бахархаж байна. М.Анхцэцэг “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ амжилтыг би гаргаж байгаа мэт боловч үүний ард маш олон хүний сэтгэл, зүтгэл бий. Миний бус, бидний медаль. Монголд хүндийг өргөлтийн спорт үүсэж, хөгжсөн 60 жилийн түүхэнд дэлхийн медальтан болох юм сан гэж зүтгэсэн олон тамирчин, дасгалжуулагчийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр энэ амжилтад хүрлээ” гэж их гоё, онож хэлсэн байна лээ. Би ч бас тэгж бодож байна.

Анхаа түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцсон бол нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэх байсан. Наадам нэгээр дуусахгүй гэдэг ардын сайхан үг бий. Жилийн өмнөх бэртэл нь бүрэн эдгээгүй, зовиуртай байсан болохоор ирээдүй, цаашдын амжилтыг нь бодож, оролцуулаагүй юм, би. Анхаа ч түлхэлттэй өргөлтийн төрөлд хүч сорино гээд л гүрийчихсэн.

Би эхэндээ аргадаж хэлээд, бүр зөрүүдлээд байхаар нь загнаж байгаад болиулсан. Э.Билэгсайхан, Г.Ануужин хоёр маань ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцлоо, туршлагаар хэр баргийн тамирчнаас дутахгүй. Г.Ануужин сүүлчийн оролдлогоо алдаагүй байсан бол IV байрт шалгарах байсан.

Хүндийг өргөлтийн тамирчид тэмцээнд оролцохдоо огцом шахалт, түлхэлттэй өргөлтөөр нийт зургаан удаа оролдлого гүйцэтгэдэг. Тиймээс бүгдийг нь амжилттай өргөж сурах хэрэгтэй гэж шавь нартаа захидаг, би. Тэгж байж л өндөр амжилтад хүрнэ. Э.Билэгсайхан дажгүй оролцлоо, XIV байрт шалгарсан. Тэдний амжилтыг зарим хүн чамлаж магадгүй. Хэдхэн жилийн өмнө монгол тамирчид ДАШТ-д 50 туйванч оролцлоо гэж бодоход 45 юм уу, 46 дугаар байрт шалгардаг байсан нь гашуун боловч үнэн.

Өнөөдөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэн, тамирчид 20-иос дотогш байрт шалгарч байгаа нь том ахиц. Бэлтгэлээ улам чамбайруулан, хичээж байгаад дахиад нэг том алхчихвал бүгд медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Манай тамирчид үндэсний шигшээ багийнхнаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй. Тэгээд бодохоор бүгдэд нь 2-3 олимп, 10 гаруй ДАШТ-д хүч сорих боломж бий. Бид энэ жил ДАШТ-д оролцохын өмнө санхүүгийн нэлээд хүндрэлтэй тулгарсан.

Тийм хүнд нөхцөлд байхад Ерөнхийлөгч Х.Баттулга, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Биеийн тамир, спортын газрын хамт олон тусалж, дэмжлээ. Тамирчдын амжилтад хамгийн их нөлөөлдөг атлаа тэр бүр дурсагддаггүй, орхигддог газар бол Ч.Насанбат даргатай Спортын анагаах ухааны үндэсний төв.

Жил гаруйн хугацаанд бэртлийн улмаас бэлтгэлээ олигтой хийж чадаагүй М.Анхцэцэгт тус байгууллагын хамт олон их тусалсан. Бидний өнөөгийн амжилтад дээрх хүмүүс, албан байгууллагынхан төдийгүй монгол түмний дэм их нөлөөлснийг онцолъё.

-ДАШТ-д оролцохоор АНУ-ыг зорихынх нь өмнө тантай уулзахад “Анхаагийн бэлтгэл тааруу, бэртэл нь зовиуртай байгаа. Энэ жил дэлхийн дэвжээнээс медаль хүртэнэ гээд итгэлтэй хэлж чадахгүй нь” гэсэн.

Тэгсэн нь тухайн үед нөхцөл байдал хүнд байсны илрэл болов уу?

-Ер нь тийм. Нөгөө талаар том тэмцээний өмнө элдэв юм яриад яах вэ, цагаан хэл ам тусах ч юм бил үү гээд цээрлэсэндээ тэгсэн хэрэг.

-М.Анхцэцэг огцом өргөлтийн хоёр дахь оролдлогодоо 106 кг захиалсан ч өргөж чадаагүй. Хэрвээ дараагийн захиалгаа амжилттай болгож чадахгүй бол медальгүй хоцрох тийм чухал үед төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулав?

-Дахин 106 кг захиалан, өргөсөн ч медаль хүртэх боломжгүй байсан. Тиймээс жингээ ахиулж захиалахаас өөр арга байгаагүй. Сүүлчийнхээ оролдлогыг өргөхөөр дэвжээнд гарахынх нь өмнө “За, миний охинд одоо ганцхан боломж бий. Хэрвээ өргөж чадахгүй бол медалиас мултарна. Өргөвөл хүрэл байтугай мөнгөн медаль авах боломж бий.

Өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай” гэж захисан. Тэмцээний дараа өргөлтийнх нь бичлэгийг үзэхэд техникийн ялимгүй алдаа гаргасан байна лээ. Хүндийг өргөлтийн тамирчинд мэдрэмж их чухал. Техникийн алдаа гарган, бараг л амжилтгүй болох дөхсөн үед алдаагаа мэдрэмжээрээ зассан даа, Анхаа.

-АНУ-д очсоныхоо дараа М.Анхцэцэгийг ДАШТ-д оролцуулалгүй өнжөөе гэж хүртэл ярилцсан гэсэн. Үнэн үү?

-Үнээн. Энэ талаар Монголын хүндийг өргөлтийн холбооны удирдлага, эмч нартай зөвлөлдөхөд бүгд зөвшөөрсөн. М.Анхцэцэг “Олны итгэлийг хүлээн, тэмцээний зардлаа арайхийж бүрдүүлж ирчихээд оролцохгүй бол харамсалтай. Дахин ийм боломж олдоо ч уу, үгүй ч үү” гэсэн. Тэгээд л тэмцээнд оролцохынх нь өмнө баахан өвчин намдаах эм уулгаж, өвчин намдаах лаа өгч, сайтар ярилцаж байгаад өрсөлдүүлсэн юм.

Анхаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ огцом өргөлтөөр 107 кг шахсан. 2014 онд дэлхийн дэвжээнд анх өрсөлдөхдөө өргөсөн жин л дээ. Бэлтгэлээ бүрэн базааж амжаагүй, бэртэл нь эдгээгүй, зовиуртай байсан болохоор тэмцээнд оролцоход амар байгаагүй. Ер нь бэлтгэлээ л бүрэн базааж, бэртэл, гэмтлээс холуур байж чадвал дэлхийн аварга болох боломж түүнд бий.

Ингэж хэлэхээр зарим хүн онгирч байна гэж бодож магадгүй. Хүндийг өргөлт хэмжигдэхүүнтэй спорт болохоор надад ийм багцаа байна л даа.

-М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд медаль хүртээгүй бол түлхэлттэй өргөлтөд хүч сориулах байсан уу?

-Өө, ёстой тэгэхгүй. Медаль хүртсэн, эсэх нь хамаагүй ямар ч тохиолдолд оролцуулахгүй байсан. Зарим хүн “Түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцуулсан бол нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэх байсан” гээд шүүмжилж байгаа бололтой. Би тэгж бодохгүй байна.

Түлхэлттэй өргөлтийн төрөлд Анхааг оролцуулаагүйдээ харамсахгүй. Дараа жилийн ДАШТ Туркменистанд болно. Цагийн зөрүү багатай болохоор дэлхийн хошой медальтан болох, эсвэл, амжилтаа ахиулах боломж Анхаад бий.

-Бэртэл нь сэдэрчих вий гэх айдастай бэлтгэл хийлгэх амаргүй нь мэдээж. М.Анхцэцэгийн бэлтгэлийг жил гаруйн хугацаанд хэрхэн базаасан бэ?

-Бэлтгэлийг нь хэрхэн хийлгэх вэ, бэртэл нь сэдрэх вий гэхээс өөр санаа зовних зүйл олон байсан. Багш хүн шавийнхаа зөвхөн амжилтыг нь бус, ирээдүйг нь харах хэрэгтэй. М.Анхцэцэг ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ бүрэн базааж чадаагүй. Бэлтгэлээ 50 хувь хүрэхтэй, үгүйтэй хэмжээнд л хийсэн. Тиймээс хүчний, техникийн бэлтгэл бараг хийгээгүй.

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, уйгагүй зүтгэдэг, тэвчээртэй, унаган авьяастайгийнхаа буянаар л дэлхийгээс медаль хүртлээ. ДАШТ-ий өмнө болсон Азийн наадамд түрүүлэхэд бэлтгэл нь тааруу байсан. ДАШТ-ий өмнө бэртэл нь сэдэрч, нуруу нь өвдчих гээд ер болдоггүй. Бэлтгэлээ базааж чадахгүй шахам байж байгаад л дэлхийн дэвжээнд хүч сорьсон.

-М.Анхцэцэг та хоёрт гадаадын орноос тавьсан их хэмжээний цалинтай саналаас татгалзсанаар тань монгол түмэн бахархдаг. Манай туйванчдад гадаадын орноос тамирчнаа болгох санал хэр их ирдэг бол?

-Зөндөө ирдэг шүү дээ. Одоо ч ирсээр л байна. Сая ДАШТ-ий үеэр гэхэд Узбекистан улс Э.Билэгсайханд, япончууд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах санал надад тавьсан. Бид хоёр тэр даруйд нь татгалзсан хариу өгсөн. Хэдхэн хоногийн өмнө Азербайжан улс Г.Ануужинд санал тавьж, 63 кг-ын тамирчнаа болгоё гэсэн ч бас “Үгүй” гэсэн. Хүндийг өргөлтийн спорт өндөр хөгжсөн орнууд манай тамирчдыг сонирхож байгаа нь бидэнд тавьж буй үнэлгээ болов уу.

Өнгөрсөн хугацаанд санхүүгийн хүндрэлийн улмаас олон бэрхшээлийг бид туулсан. Риогийн олимп болсон жил буюу 2016 оны тавдугаар сард би, өмнөх жил нь М.Анхцэцэг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Өнгөрсөн жил санхүүгийн хүндрэлийн улмаас М.Анхцэцэг ганцаараа тэмцээнд оролцож байгаад бэртсэн. Тэр тэмцээнийг би зурагтаар шууд үзэж байгаад Анхааг бэртэхэд шоконд орсон, нэг мэдэх нь ээ эхнэр баахан эм барьчихсан, би уйлаад сууж байсан шүү.

Тэмцээний дараа Анхаа “Баярлалаа, багш аа. Дахиж таньгүйгээр, ганцаараа хэзээ ч тэмцээнд оролцохгүй” гэж захидал бичсэн. Тухайн үед тэр тэмцээнд оролцуулахгүй, өнжүүлэх л байсан юм билээ. Төдийгөөс өдий хүртэл хүнд үеийг бид бор зүрхээрээ, МҮОХ, МХӨХ, БТСГ, “Үнэн анд”, “Есүүдийн батууд”, “Монгол жонс” зэрэг спортод элэгтэй удирдлага, хамт олонтой компаниудын буянаар л даван туулж явна.

М.Анхцэцэг танай сонинд өгсөн ярилцлагадаа “Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Минийх ч бас тийм. Харин тэр үед “Монголын тамирчин М.Анхцэцэг олимпын аварга боллоо” гэж хэлүүлэхийг хүсдэг” гэж хэлсэн байна лээ. Мөнгөөр солимгүй зүйл хүнд бий, тэр нь эх орон гэдгийг тамирчид маань ухаарсан, тэр хэрээрээ бусдад үлгэрлэж яваад нь олзуурхаж байна. Мөнгө дагаад явбал явахаар л олон санал бидэнд ирдэг. Эх орондоо үнэнч шавь нараараа бахархаж байна.

-Хүндийг өргөлтийнхөн ингэж төлөвшин, хүмүүжиж байгаад таны оролцоо, заавар, зөвлөгөө их нөлөөлсөн нь дамжиггүй. Тамирчдадаа ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Монголын хүндийг өргөлтийнхөн “Бид нэг баг” гэсэн сайхан уриатай. Үүнд эх оронч үзэл, төлөвшил, баг хамт олноо гэсэн сэтгэл гээд бүх зүйл агуулагддаг. Миний мундагийнх бус, холбооны зөв бодлогын л үр дүн. Манай бэлтгэлийн танхимд хэн ч ороод ирэхэд “Сайн байна уу, та” гээд тамирчдын аль нь ч очоод мэндлэнэ, хүндлэнэ. Бусдад аль болох туслахыг хичээнэ.

Амжилтад хүргэх юм сан, олимп, дэлхийн медальтан болгох юм сан гэхээс дутахгүй зөв хүн болгож хүмүүжүүлэх нь миний гол зорилго. Хүн шиг хүн байх хамгийн чухал. Хэчнээн сайн тамирчин байлаа ч сайндаа 35 юм уу 40 нас хүрээд л зодог тайлна. Гэтэл тамирчны замналаа өндөрлөсний дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ. Тэр үед хүн шиг хүн болж төлөвшсөн хүн газардахгүй.

-Та 2012 оноос хойш хүндийг өргөлтийн шигшээ багийг дасгалжуулж байна. Тухайн үед таныг ямархуу нөхцөл байдал угтав?

-Намайг 73 дугаар сургуулийн бөхчүүдийн хүчний бэлтгэлийг хийлгэдэг байхад МХӨХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж надад санал тавьсан юм. Ажлаа хоёр тамирчинтай эхэлж байлаа. Юуны түрүүнд Ч.Даваадорж бид хоёр судалгаа явуулахад дэлхийн чансаанд эрэгтэй баг 70, эмэгтэйчүүд 50 гаруй байрт бичигдэж байсан. Тэгээд эдийн засгийн чадавхаараа ойролцоо, шилдэг тамирчидтай Колумбаас туршлага судлахаар шийдсэн юм.

Хамгийн санаа зовоож байсан асуудал нь бид залгамж халаагүй, өсвөр үеийн 20-иодхон тамирчинтай болчихсон байсан. Жилд зохиох тэмцээний тоог өсгөж, ирээдүйтэй тамирчны эрэлд гарсан. Тухайн үед тэр ДАШТ-ээс медаль хүртэнэ, энэ ирээдүйтэй гээд онцолчих тамирчин байгаагүй, үнэнийг хэлэхэд. 2012 онд М.Анхцэцэг миний шавь болсон.

Хүндийг өргөлтийн танхимд 7-8-хан тамирчин бэлтгэл хийдэг байлаа. Тэр үеийг өнөөөгийнхтэй харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаатай. Хүндийг өргөлтийн спортыг сонирхон, хичээллэгсдийн тоо эрс нэмэгдсэн, монгол түмэн биднээс амжилт хүлээдэг болсон нь том дэвшил. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болно гэдэг зарим хүнд амбийц, том цол, нэр алдарт хүрэх шат, ний нуугүй хэлэхэд. Харин миний хувьд хариуцлага.

-Өдөрт ер нь хэчнээн ээлжээр хичээллэдэг вэ?

-Тав. Манай танхимд хүндийг өргөлтөөс гадна жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, бокс, сагсан бөмбөг, волейбол зэрэг олон спортын тамирчид бэлтгэл хийдэг. Аль болох бүгдийнх нь бэлтгэлийг хийлгэж, туслахыг хичээдэг. Хүндийг өргөлтийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын 60 гаруй тамирчин энд бэлтгэл хийдэг.

Өнөөдөр (өнгөрсөн пүрэв гариг) л гэхэд улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй үндэсний бөхчүүд манай танхимд хүчний бэлтгэлээ базааж байна. Би өглөө 07.00 цагаас тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж эхлээд 21.00 өнгөрөөгөөд харьдаг.

-Хэрэглэгдэхүүнтэй спортод техник хэрэгсэл их чухал гэдэг. Манай материаллаг бааз хоцрогдсон, үеэ элээсэн гэж хүмүүс шүүмжилдэг. Та бүхэн ер нь хэдэн оныхыг хэрэглэж байгаа бол?

-Яг манайх шиг ийм дэвжээтэй танхим дэлхийд байхгүй. Т.Самбуу багш минь 1970-аад онд л монголчилж хийсэн дэвжээ шүү дээ. 3х3 хэмжээтэй сүүлийн үеийн ганцхан дэвжээ авахад 2.8 мянган ам.доллар шаардлагатай. Гэтэл бидэнд хамгийн багадаа найман дэвжээ хэрэгтэй байна. 2012 онд Ганаа багш БНХАУ-аас 10 штанг худалдан авсан нь их нэмэр болдог. Хэдийгээр стандартад нийцсэн штанг ч гэлээ аль хэдийнэ хоцрогдсон.

Штангны голны эргэлт саарсан нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөхөөс гадна бэртэл авах эрсдэлийг нэмдэг. Олон улсын тэмцээнд тамирчид сүүлийн үеийн штанг өргөдөг. Гэтэл бид үеэ элээсэн техник хэрэгсэл дээр бэлтгэл хийж байгаад очихоор тактикийн алдаа гардаг. Чухал тэмцээнээс медальгүй ирчихээд “Техник, хэрэгслийн зөрүүнээс болж алдаа гаргалаа. Хэрвээ бид тэмцээн зохиосон газрынх шиг штанган дээр бэлтгэл хийдэг бол амжилт гаргах байсан” гэвэл шалтаглаж байна л гэх байх.

Саяхан БТСГ-ын дарга Ц.Шаравжамцаас нэг багц нь 5.8 ам.долларын үнэтэй 10 штанг аваад өгөөч гэж хүсэлт гаргасан. Хүндийг өргөлтийн үндэсний албан ёсны шигшээ багт зургаа, албан бусад нь 18 тамирчин бий. Одоогийн байгаа бэлтгэлийн хэрэгсэл хаа хаанаа хүрдэггүй.

-Өнгөрсөн жил та хувиасаа мөнгө гарган, тамирчидтайгаа хамт бэлтгэлийн танхимаа зассан. Саяхан цалингаа буухад нь агааржуулагч авсан гэнэ лээ. Мэдээж хүний л амьдрал болсон хойно үүнээс болж ханьтайгаа маргах үе гарах юм уу?

-Гаралгүй яах вэ. Ялангуяа эхний жилүүдэд тийм үл ойлголцол мэр сэр гардаг байсан. Одоо тэгэхээ больсоон. Харин ч эсрэгээрээ боломж гарвал шавь нарт маань тус дэм болохыг хичээдэг. Өнгөрсөн жил найман сая гаруй төгрөг тамирчидтайгаа хамт бүрдүүлээд танхимаа засахад эхнэр маань элбэлцсэн.

Яагаа вэ, чамайг нэг удаа орж ирэхэд тамирчдад хоол хийж өгөөд сууж байсан шүү дээ. Шавь нар манай эхнэрийг “Өндөр ээж” гэж авгайлдаг, хүндэлдэг юм. Амжилттай яваа эр хүний ард сайн гэргий байдаг гэдэг үнэн. Би хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүүхэдтэй.

-Таныг шилдэг дасгалжуулагч гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Харин тамирчин байсан үеийн тань тухай тийм ч сайн мэдэхгүй байх. Та хүндийг өргөлттэй амьдралаа холбосон нь таны багш Т.Самбуу агсантай салшгүй холбоотой болов уу?

-Тийм шүү. Одоо МХӨХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ц.Хасбаатар миний төрсөн ах. Ах маань хүндийг өргөлтөөр хичээллэж байгаад больсныхоо дараа намайг энэ спортод урвуулсан юм. Тэгж анх арван настайдаа Т.Самбуу багшийн шавь болж байлаа. Багштайгаа хамт 20 гаруй жил амжилтын төлөө зүтгэсэн дээ. Алсын хараатай, мундаг хүн байж билээ.

Том охин нь Ардын жүжигчин С.Сарантуяа шүү дээ. Мэдрэмжтэй, тамирчнаа хайрладаг болсон цагтаа л дасгалжуулагч болоорой гэж надад захидаг байсан. Багш минь “Г.Энэбиш та хоёрын аль нэгийг нь ДАШТ-ээс медаль хүртүүлэх юм сан” гэж үргэлж ярьдаг байсан сан. Даанч бид хоёр хүслийг нь биелүүлж чадаагүй. Багшийг бурхан болсны дараа “Мөрөөдлийг нь биелүүлэх юм сан. Яах вэ” гэж нэлээд бодсон.

Ганцхан боломж байсан нь дасгалжуулагч болж байгаад шилдэг тамирчин бэлтгэж, дэлхийн медальтан болгох байв. М.Анхцэцэг бидний төдийгүй багшийн минь, монгол түмний мөрөөдлийг биелүүлсэн.

-Тамирчин байхдаа ямар амжилт гаргаж байв. Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч бил үү?

-Өө, би ч нэг их шальтай амжилт гаргаагүй ээ. УАШТ-д долоо, Бүх ард түмний спартакиадад 1993 онд БНХАУ-д болсон Азийн АШТ-д аваргалж, анхдагч болсон. Тивийнхээ аваргаас есөн медаль (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл)-тай. Санхүүгийн хүндрэлийн улмаас ДАШТ-д оролцож чадаагүй. 1996 оны олимпод эрх аван, оролцохоор очсон ч бэртлийн улмаас хүч сорьж чадаагүйдээ харамсдаг.

-Хүндийг өргөлтийнхөн энэ онд амжилтын арвин “ургац” хураалаа. Удахгүй шинэ он гарлаа, тамирчдынхаа амжилтад ямар дүн тавьж байна вэ?

-Сэтгэл хангалуун байна. ДАШТ-ээс хүрэл, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль авлаа. Мөн Азийн наадам, залуучуудын Азийн АШТ-д түрүүлсэн нь том амжилт. Ингээд тоочвол энэ онд гаргасан олон амжилт бий. Токиогийн олимпоос 2-3, 2020 оноос өмнө ДАШТ-ээс 3-4 медаль хүртэх зорилго тээн зүтгэж байна, бид.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай