Үнэний эрэлд яваа үзэг барьсан дайчин

МЗЭ болон МСНЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, МУСТА Г.Баатарнумын “МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ”-ийг уншигчдын гарт хүргэх "АРТИЛЛЕРЧИН СЭТГҮҮЛЧ" номын хурим өнөөдөр 11 цагаас Хүүхдийн номын санд боллоо.

Монголын зэвсэгт хүчний дэд хурандаа Г.Баатарнум нь 1980 онд ЦЕДС-ийг Артиллерийн зэвсэглэлийн ашиглалтын инженерээр, 2004 онд Олон улсын бизнес технологийн “Зохиомж” дээд сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Хөдөлмөрийн гараагаа Зүүнбаянгийн дивизээс эхлүүлж, МАА-ийн 277-р анги болон 016 дугаар нэтггэлд тус тус Батарейн захирагч, Штабын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 1990 оноос сэтгүүлзүйн салбарт зүтгэж, “Нийслэлийн сонин бичиг”, “Чөлөөт хөдөлмөр”, “Зах зээл”, “Улаанбаатар”, “Улаанбаатар таймс”, “Соёмбо” зэрэг сонинд сурвалжлагч, редактороор ажиллаж байгаад гавъяаныхаа амралтыг эдэлсэн байна.

 

Г.Баатарнум нь “Сэтгэлийн өргөл”, “Хувирахын  увдис”, “”Соёмбын зчид”, “Зэвсэгт хүчний уурагт тархи”, “Иракаас бичсэн тэмдэглэл”, “Цагийн өнгө” зэрэг сэтгүүлзүйн бүтээлүүдээс бүрдсэн номнууд мөн “Алмастай нөхцсөн нь”, “Иракт өнгөрүүлсэн 190 хоног”, “Цэнхэр дуулганы жимээр” зэрэг уран сайхны болон баримтат кино, “Орлой гурван зээрд”, Босоо төрсөн хүлэг”, “Бодолд уяатай аав минь” зэрэг 100 гаруй дууны шүлэг, “Арабад хөглөгдсөн омогшил”, “Хуарангийн хөгтэй явдал” зэрэг зохиолчийн хөдөлмөрийн хэд хэдэн ном, кино бүтээжээ.

 “Монголын шилдэг нийтлэлүүд”-ийн 93 дахь ботийн нээлтэд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, зохиолч, яруу найрагч МУСГЗ Ай,Төмөр-очир, зохиолч, сэтгүүлч МУСГЗ Г.Жамъян нарын сэтгүүлзүй, утга зохиолын салбарын алдартнуудаас гадна батлан хамгаалах салбарт мөр зэрэгцэн зүтгэж явсан анд нөхөд нь хүрэлцэн иржээ.

Номын хуримын үеэр түүний энэ удаагийн бүтээлд шүүмж бичсэн, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэмхимийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшин  үг хэлэхдээ “Г.БААТАРНУМ БОЛ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ҮЗЭГ БАРЬСАН ДАЙЧИН ЮМ.” гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Г.Баатарнум бол баримт, үзэл бодлыг зааглах сэтгүүлзүйн зарчмыг хатуу баримталдгаараа шинэ, залуу сэтгүүлчдэд үлгэр дуурайл болдог хүн. Тэрбээр өгүүллүүддээ асуудал хөндөхдөө үйл явдлыг хөөж үзүүлэх төдий бус, эрлийн үзүүр нь хаа хүрнэ, тэнд олсон үнэнийхээ талд тууштай зогсож чаддаг “Үнэний эрэлчин” юм” хэмээн сайшаасан юм.

Мөн МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлчийн өнөөдөр авсан ярилцлага маргааш түүхийн баримт болж, он жил өнгөрөх тусам улам үнэ цэнтэй болж байдаг. Тэрхүү түүхийн гэрч болох үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж яваа Г.Баатарнум бол монголын орчин үеийн сэтгүүлзүйн  тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг мөн.” гэлээ. 

Цэргийн сэтгүүлчээр 15  жил ажиллаж, цэрэг дайны чиглэлээр мэргэшсэн, артиллерчин сэтгүүлч Г.Баатарнумын энэхүү бүтээлд энгийн иргэдийн дунд болон цэрэг дайны талбарт бичсэн, монголын нийгэм, түүхийн тодорхой цаг үеийг тод томруун тусгасан нийтлэл, ярилцлага, сурвалжлагууд багтсан байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай