АНУ-ын аюулгүй байдлын шинэ стратегид Хятад дурамжхан байна

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг Хятад улс шүүмжлээд, Цагаан ордон хүйтэн дайны үеийн уур амьсгалыг сэргээж байна гэснийг ВВС уламжлав. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын танилцуулсан уг баримт бичигт Хятад, Орос хоёрыг бодитой аюул учруулж болзошгүй улс гэсэн аж. Шинэ баримт бичгээс үзвэл БНХАУ болон бусад улс манай гариг дахь Америкийн нэр хүндэд нөлөөлөхийг оролдож байна.

Үүний хариуд хуучирсан үзэл баримтлалаасаа Вашингтон татгалзах хэрэгтэй гэж Хятадын ГХЯ мэдэгджээ. “Баримтыг гуйвуулж, худал мэдээлэл түгээх нь ямар ч улсыг амжилтад хүргэхгүй” гэж тус яамны төлөөлөгч Хуа Чуньин ярьжээ. “Хятадын стратегийн санаачилгуудыг гутааж, хүйтэн дайны үеийн хуучинсаг байр сууриа ашиглан, дангаар тоглох санаагаа хэрэгжүүлэхээ болихыг АНУ-д бид уриалж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

ОХУ мөн Америкийн шинэ стратегийг заналхийлэл хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Шинэ баримт бичгийг империалист буюу түрэмгий шинжтэй гэж Оросын тал үзэж байна. АНУ-ын шинэ стратегид дурдсанаар Орос, Хятад хоёр Америкийн нөлөө, үнэт зүйл, баялгийн сорилт болж, аюулгүй бөгөөд сайн сайхан байдалд нь хохирол учруулж буй. “Орос, Хятад хоёр эдийн засгаа улам бүр хаалттай, шударга бус болгох, зэвсэглэлийг түгээн дэлгэрүүлж, өөрсдийн нөлөөг өргөжүүлж, нийгмийг захирахын тулд мэдээллийг хяналтдаа байлгахыг эрмэлзэж байна” гэж АНУ-ын стратегийн баримт бичигт дурджээ.

Тус улсын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийн хэд хэдэн заалтад Хятад, Оросын нэрийг тодотгосон байна. Тухайлбал, тэд орчин үеийн зэвсэглэлийг хөгжүүлж, чадавхаа өргөжүүлж байгаа нь АНУ-д аюул учруулж буй. Хятад мэтийн өрсөлдөгчид АНУ-ын оюуны өмчийг өөрийн болгосны улмаас олон зуун тэрбум долларын хохирол учруулдаг. Өрсөлдөөнд Америкаас давж, нөлөөгөө өргөжүүлэхийн тулд хөгжиж буй орнуудад Хятад, Орос хоёр хөрөнгө оруулж байна. Аж үйлдвэрийн гол салбаруудад хөрөнгө оруулах, шударга бус аргаар худалдаа хийх замаар Хятад улс Европт байр сууриа бэхжүүлжээ. Тэрчлэн Хятад нь хөрөнгө оруулах, зээл олгох замаар Төв Америкийн бүс нутгийг татахыг оролдож байна.

Ийм мэдэгдлүүдийг урьд нь АНУ хийж байсан ч стратегидаа анх удаа нөлөөгөө тэлэхийн төлөөх тэмцлийн нэг хэсэг болгон тусгажээ. Эхлээд Флоридад гольф клубт, дараа нь Бээжинд хориотой хотод байхдаа Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын дарга Си Зиньпинтэй их найрсаг харилцаатайгаа ахин дахин хэлэх нэг ч боломжийг алдаагүй гэдгийг Шанхай дахь ВВС-гийн сурвалжлагч Робин Брант дурдсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай