УИХ-ын гишүүний халдашгүй байдал “халхавч” биш боллоо

УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу яг зургаан жилийн өмнө Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг нь Цэц шүүж, хүчингүй болгож байснаас үг, үсгийн ялгаатай л болохоос агуулгын хувьд огтхон ч зөрүүгүй заалтыг “Эцэг хууль”-ийн манаачид өчигдөр их суудлын хуралдаанаараа (Цэцийн бүх гишүүн оролцдог) өчигдөр шүүж, эцэслэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Цэц 2012 онд (02 дугаар тогтоолоор) хүчингүй болгосон 6.9.1 дэх заалтыг УИХ 2013 онд агуулгаар нь дахин сэргээн баталсан, эсэхийг Цэц хянан шийдвэрлэсэн хэрэг. Парламент 2013 онд уг заалтыг өөрчлөхдөө гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар хуульчилсан юм.

Харин Цэц 2012 онд хүчингүй болгосон заалт нь “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” тохиолдолд хэлэлцэхээр заасан байв.

Өөрөөр хэлбэл, “Гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “Эд мөрийн баримттай нь” хэмээснийг “нотлох баримттайгаар” болгон өөрчилсөн нь УИХ 6.9.1 дэх заалтыг агуулгаар төдийгүй үгийн утгаар нь илүү явцууруулан дахин сэргээн баталсан болохыг Цэц тогтоож, тус хуулийн заалтыг хүчингүй болгов. Мөн Цэцийн тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ УИХ Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэж үзлээ.

Ингэснээр УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь ид хөндөгдөж буй Д.Гантулгын хувь заяа хэрхэх бол гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлж, зөвшөөрөл хүсэх шаардлагагүй болж байгаа юм.

Тэгээд ч Цэцэд дээрх мэдээллийг гаргасан иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар нь гишүүн Д.Гантулгын үйлдсэн байж болзошгүй хэргийн хохирогч бүсгүйд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй фирмийн хуульч. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой дээрх заалтыг хөндөх замаар Д.Гантулгад “халдах” зорилго тээж буй болов уу.

ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХУРАЛДААНД ОРОЛЦСОНГҮЙ

Өчигдрийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ тодорхой шалтгаангүйгээр хүрэлцэн ирсэнгүй. Улмаар хуралдааны явцад мэтгэлцэх боломж бүрдсэнгүй. Гэвч энэ нь их суудлын хуралдааныг хойшлуулах үндэслэл болоогүй юм. Мөн Цэцээс дээрх заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авах талаар өнгөрөгч есдүгээр сарын 12-нд албан бичгээр УИХ-д хандсан ч хариу хүлээж аваагүй гэнэ.

Итгэмжлэгдсөн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанаас өмнө Цэцэд ирүүлсэн тайлбартаа “2013 онд уг хуулийн төслийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг харахад, УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх зохицуулалтыг хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тухай ойлголтоос ялгаатайгаар авч үзэж, УИХ-ын гишүүний гэхээс илүүтэй парламентын бүрэн эрх, халдашгүй байдалтай холбоотойгоор авч хэлэлцсэн” хэмээн дурджээ.

Хуралдааны эхэнд нэмэлт тайлбар хийсэн иргэн Б.Мэргэн “Монгол Улсын соёрхон баталсан гэрээ, конвенц дотоодын хууль, тогтоомжийн адил үйлчилнэ. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2006 онд нэгдсэн орсон. Тус конвенцын 32 дугаар зүйлд “Гишүүн орнууд эрх зүйн тогтолцоо, Үндсэн хуультайгаа нийцүүлэн төрийн албан хаагчдад албан үүргээ гүйцэлдүүлэх зорилгоор олгож буй халдашгүй бөгөөд давуу байдлыг гэмт хэрэгт тооцож, үйлдлийг нь үр нөлөөтэй мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх шаардлага гарсан нөхцөлд тэнцвэртэй хэрэглэх шаардлагатай” хэмээн дурдсан байдаг.

Энэ үүргээ бид биелүүлэх ёстой. Конвенцын хэрэгжилтийн тайланд “Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу төрийн албан хаагчдад олгож байгаа халдашгүй байдлыг хууль тогтоомжоос хэтрүүлэн хэрэглэж буй нь гэмт хэрэгт тооцогдох хэргийг мөрдөн шалгах, шүүхээр гэм бурууг нь тогтооход саад учруулж байна. УЕПГ-аас авлигын болон бусад хэрэгтэй холбогдуулан УИХ-ын хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг удаа дараа гаргасан ч халдашгүй байдлыг нь хэт өргөн хүрээнд авч үзсэнээс болж гэмт хэрэг илрэхгүй байна. Тухайн гишүүнийг улс төрийн зорилгоор мөрдөн шалгах эрсдэл нь авлигын хэргийг илрүүлэхгүй байх эрсдэлээс хамаагүй бага байна” хэмээн дурдаж, зөвлөмж хүргүүлсэн гэсэн бол иргэн Э.Хашчулуун “Энгийнээр хэлбэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх нь хоолны давс тааруулахтай л адил юм. Нөгөө талаас УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалттай холбоотойгоор хэл зүйн ,бүр үгчилсэн тайлбар хэлмээр бана. “Гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдах”, “үйлдэж байхдаа хэргийн газарт баригдах” гэдэг нь агуулгын хувьд ялгаагүй. Нөгөө талаас “гэмт хэрэг үйлдэж буй хүн хэргийн газар дээр баригдах”, “үйлдэж байхдаа хэргийн газар дээр баригдах” гэдгийг ч өөрөөр ойлгох ямар ч үндэс алга. 2013 онд ийнхүү агуулгыг нь сэргээснээс хойш УЕПГ-аас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой саналыг УИХ хүлээж авсан удаа үгүй. Энэ нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн үг биш” хэмээж байлаа.

Цэцийн гишүүн Н.Жанцан манай улс шиг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газрын нотлох баримттайгаар парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хууль, тогтоомжтой улс, орон бий, эсэхийг тодруулсан. Үүнд иргэн Б.Мэргэн “Л.Оюун-Эрдэнэ гишүүн тайлбартаа ийм хууль, тогтоомжтой 42 улс байдаг талаар дурдсан байна лээ. Гэхдээ бид судалгаа хийх явцдаа тийм жишээ олж хараагүй” гэхэд гишүүн Н.Жанцан “Би ч бас хараагүй. Хүч хэрэглэсэн, танхайн гэмт хэрэгтнийг л хэргийн газар нотлох баримттайгаар барьдаг. Онолын хувьд нотлох баримттайгаар барих тухай өөр ойлголт байдаггүй юм. Үүнээс л болж “УИХ гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болчихоод байна” гэсэн шүүмжлэл газар авч байна шүү дээ. Тиймээс ч бид үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн” гэлээ.

ТАЙВШРАХАД ЭРТЭДНЭ

Төгсгөлд нь иргэн Б.Мэргэн “Би ингэж хэлж байгаадаа бараг эмзэглэмээр байна. Цэц 6.9.1 дэх заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээсэн гэдгийг баталж, хүчингүй болголоо гэхэд парламент үүнийг хүлээж авах уу, эсвэл дахиад л өөр байдлаар агуулгыг нь сэргээчих вий гэсэн болгоомжлөл төрж байна” хэмээсэн юм.

Үнэхээр ч Цэц өмнөхийн адил УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болголоо ч гишүүд гэмт хэрэгт холбогдсон ч халдашгүй хэвээр, хууль, хяналтын байгууллагууд тэднийг мөрдөн шалгах боломжгүй буй өнөөгийн байдал өөрчлөгдөх болов уу. Өөрчлөх эрх нь гагцхүү хууль тогтоогчдод хадгалагдаж буй ч өмнөх парламентын хийсэн “хүүхэд хуурч” байгаа мэт өөрчлөлт өнөөдрийн асуудлыг дагуулсан шүү дээ. Өмнөх жишгээс харвал тэд яаж ч хуурч мэдэхээр байгаа тул санаа амарч болохгүй.

Тухайлбал, үнэмлэхүй олонхтой одоогийн парламент залуу гишүүнээ хамгаалахын тулд хугацаа хожих арга сэдэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Цэцийн 2011 оны аравдугаар сарын 21-нд буюу эл асуудлаар анх гаргасан дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч бараг гурван сарын дараа хэлэлцэж, “Хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тогтоол баталсан байдаг.

Улмаар Цэц УИХ-ын тогтоолыг их суудлын хуралдаанаараа хэлэлцэн нэг мөр хүчингүй болгосноос даруй нэг жилийн буюу 2013 онд одоо асуудал дагуулж буй өөрчлөлтийг хуульчилсан билээ. Энэ хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах сайн, муу ямар ч зохицуулалт байгаагүй гэсэн үг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай