“Шуурга” сөрөгч

Манай сонин “Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа өсвөр үе, залуучуудын Азийн болон дэлхийн аварга, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ, өсвөр үеийн Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Үндэсний шигшээ баг, “Хасу Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэгийг онцоллоо. Өдгөө 23 настай тэрбээр 10 хоногийн дотор дараалан болсон гурван тэмцээн (23 хүртэлх насны ДАШТ, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, ОХУ-д болсон олон улсын тэмцээн)-д оролцон, бүгдээс нь медаль (алт, мөнгө, хүрэл) хүртэж, шуугиулсан юм.

Монголын чөлөөт бөхөд Батцэцэг нэртэй тамирчин олон бий. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, залуучуудын олимпын аварга, “Баавгай” хочит Б.Батцэцэг нарыг хүмүүс андахгүй. Нийтлэлийн баатар маань амжилт, алдар суугаараа тэдний энд хараахан хүрээгүй ч спортынхонд аль хэдийнэ танигдаж, дээлийнхээ захыг мушгиулах болсон нэгэн. Спортын хүрээнийхэн түүнийг “Хасу”-гийнх эсвэл, “Зидан” хочит Ц.Баярсайхан дасгалжуулагчийн шавь гэдгээр нь сайн мэднэ.

Одоогоос 10 жилийн өмнө Ц.Баярсайхан гавьяат Дархан-Уул аймгаас Гавьяат тамирчин П.Өнөрбат, Г.Отгонцэцэг тэргүүтэй 13 шавиа дагуулан, Улаанбаатар хотод ирсний нэг нь А.Батцэцэг. Тухайн үед тэрбээр чөлөөт бөхөөр барилдаад удаагүй байсан гэдэг. 13-хан настай охин спортоор хичээллэх, тамирчин болох дур хүсэлдээ хөтлөгдөн, багшийгаа дагаж ирсэн тухайгаа “Улаанбаатар хотод өмнө нь ирж байгаагүй надад багш, бэлтгэл хийдэг ах, эгч нараа дагаад их хөлийн газар ирэх амар байгаагүй. Тэр шийдвэрийг гаргахад ээж минь их нөлөөлсөн. “Миний охин чадна аа. Гэрээ битгий санаарай. Хичээл, зүтгэлтэй, хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг. Охиноороо бахархаж байна” гээд намайг үдсэн.

Бид X хороололд хоёр өрөө байранд амьдардаг байлаа. Том өрөөнд эрчүүд, жижигт нь эмэгтэйчүүд байрлана. Багш “Марк-II” автомашинтай. Түүнд нь бүгдээрээ чихэж суугаад бэлтгэлдээ явдаг байв. Анхандаа байрлах байр олдохгүй тэвдэж яваад учраа олсон нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш захирлын ач” хэмээн дурсав.

Бэлтгэл хийхийн хэрээр түүний амжилт, ур чадвар ахисаар өсвөр үеийн УАШТ, Азийн АШТ-д түрүүлэн, олны хараанд өртөж эхэлжээ. Тэрбээр 2014 онд өсвөрийн Азийн аварга болсноо дурсах дуртай. Учир нь, төрсөн өдрөөрөө эх орныхоо Төрийн дууллыг Азийн дэвжээнд эгшиглүүлсэн болохоор бүр ч дурсамжтай санагддаг гэнэ. А.Батцэцэг “Хасу мегастарс”-т бэлтгэл хийн, ах, эгч нараасаа суралцсаар дараа жил нь болсон залуучуудын Азийн АШТ, ДАШТ-д түрүүлж, чөлөөт бөхийн шинэ үе торниж буйгаа мэдрүүлжээ.

2015 оны “Mongolia open” тэмцээний үеэр Ц.Баярсайхан дасгалжуулагчтай уулзсан минь санаанаас ер гардаггүй юм. Тэрбээр А.Батцэцэгийг хүрэл медаль авсны дараахан Гавьяат тамирчин А.Энхээ ах бид хоёртой нэлээд баргар царайтай, санаа нь зовсон байдалтай уулзсан юм. Эхэндээ би шавь нь медаль авчихаад байхад яагаад баярлахгүй байгаа юм бол гэж багагүй гайхаж билээ. Ц.Баярсайхан дасгалжуулагч их л сэтгэлээр унасан байдалтай “Батцэцэгийн ээж сэхээнд, ухаан орохгүй байгаа. Тэр энэ тэмцээнд оролцох, эсэхээ надаас асуухаар нь “Хэрвээ медаль авбал ээжийнх нь эмчилгээний зардалд нэмэртэй юм уу даа” гээд барилдуулчихсан юм.

Хөөрхий минь шүд зуусаар байгаад хүрэл медаль авлаа. Одоо эмнэлэг явах гэж байна” гэсэн юм. Тэр үед биедээ баймгүй тэвчээр зааж, хүнд хэцүүг сөрдөг тамирчны жаргал, зовлонг бүр ч их мэдэрсэн юм, би. А.Батцэцэг тэр тухай “Барилдаан бус ээж минь л бодогдоод, нүдэнд харагдаад анхаарал ер төвлөрөөгүй. Ээжийн минь зовиуртай, өвчиндөө шаналж буй царай нүдэнд харагдан, барилдаанаа хурдан дуусгаад очих сон гэж яарсан. Хөөрхий минь тэр тэмцээнээс хойш нэг их удалгүй бурхан болсон доо.

Аав, ээж хоёроо жил дараалан алдаад сэтгэлээр нэлээд унасан. Өөд болохоос нь өмнө олимп, дэлхийн аварга болж ачийг нь хариулж чадсангүй гэж бодохоор харамсдаг. Ээж минь намайг залуучуудын дэлхийн аварга болоход хэчнээн их баярласан гэж санана. Үргэлж л дэргэд минь байх юм шиг санаж, амжилт гарган баярлуулна даа гэж бодож явсан маань эндүүрэл байж. ДАШТ-ээс гурван насны ангилалд медаль хүртлээ, аав, ээж минь тэнгэрийн орноос харж, охиноороо бахархаж байгаа болов уу” гэлээ.

Тамирчин байх ямар хэцүү билээ, тэмцээн, бэлтгэл гэсээр чөлөөт цаг бараг гарахгүй. Тэр тусмаа 23-хан настай түүнд энэ их ажлын хажуугаар хоёр дүүгээ асрах амаргүй нь мэдээж. Хүний амьдралд хүнд, хэцүү зүйл тохиолдохыг алийг тэр гэх вэ. Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл ч түүнийг тойроогүй. Өөдөөс нь шуурах олон “шуурга”-ыг ажралгүй сөрж, амжилтад хүрч яваагаар нь бахархахгүй байхын аргагүй. А.Батцэцэг болон хоёр дүүд нь Ж.Түмэн-Аюуш гавьяат, Ц.Баярсайхан багш нь үргэлж нөмөр нөөлөг, дэм болдог юм билээ. Тэрбээр “Бэлтгэлээ сайн хийж, амжилтад хүрэхээс илүүтэй хоёр дүүгээ сайн харж, зөв хүн болгон хүмүүжүүлэх сэн гэж боддог.

Хэдийгээр надад чөлөөт бөхөөр хичээллэхийн хажуугаар хоёр дүүгээ өсгөх хүнд ачаа бий ч Ж.Түмэн-Аюуш захирал, Ц.Баярсайхан багш хоёрынхоо тус дэмээр болгоод л байна. Аав, ээж хоёрыг минь орлож, дутуу орон зайг нь нөхөж яваа ховор хүмүүс. Дүү бид гуравт захирал гурван өрөө байшин барьж өгсөн нь их дэм болсон. “Эко” спорт цогцолборын хашаан дотор байрлалтай болохоор бэлтгэлээ хийж, дүү нараа харахад амар байдаг” гэлээ. Түүний дүү Отгонзаяа (15 настай) нь ч бас чөлөөт бөхөөр барилддаг төдийгүй, чамгүй амжилт гаргаж яваа юм билээ.

Энэ жил УАШТ-ээс мөнгөн медаль авсан тэрбээр анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо шигшээд залуучуудын дэлхийн хошой аварга, Японы бөх Ю.Күмонад 6:1-ээр дийлдэн, дэд аварга болсон. Улмаар тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Түүгээр ч үл барам ДАШТ-ий дараа болсон хоёр тэмцээнээс медаль хүртсэн нь ирээдүйтэй тамирчных нь илрэл. Мөн дэлхийд чансаагаараа тэргүүлж буй найман орон урилгаар оролцдогоороо онцлог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхныхаа хамт анх удаа хүч сорихдоо бүх учраагаа ялж, багтаа чухал үүрэг гүйцэтгэснийг нь онцолъё.

Монголын багийнхнаас П.Орхон, А.Батцэцэг хоёр л тус тэмцээнд ялагдал гээчийг мэдрээгүй юм. Түүний амжилтын цуваа хөвөрсөөр ОХУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлж, медалийнхаа тоог нэмжээ. Тэрбээр дээрх гурван тэмцээнд 13 барилдахдаа Японы бөхөөс бусдыг нь ялсан юм. ДАШТ-ий гурван насны ангилалд түүнээс өөр чөлөөт бөхийн ганцхан эмэгтэй тамирчин медаль авсан нь С.Цэрэнчимэд. А.Батцэцэг ДАШТ-ээс гурван жилийн давтамжтай медаль хүртэн, давтахад бэрх амжилтын эзэн болсон нь энэ.

Риогоос Токиогийн олимпод сойх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран при”-гийн мөнгө, хоёр хүрэл, “Mongolia open” олон улсын тэмцээний нэг алт, хоёр мөнгөн медальтай. Мөн УАШТ-ий өсвөр үеийн ангилалд нэг, залуучуудынхад хоёр түрүүлж, насанд хүрэгчдийнхээс алт, мөнгөн медаль хүртжээ. Энэ жил УАШТ-д 55 кг-д зодоглосон тэрбээр дээрх гурван тэмцээнд 58 кг-д өрсөлдсөн. Цаашид Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинээр батлах олимпын жин болох 57 кг-д зодоглохоор төлөвлөжээ.

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцож үзээгүй тэрбээр ДАШТ-д хоёр удаа зодоглон, 2014 онд олимп, дэлхийн аварга Х.Мароулист, энэ жил хоёрдугаар тойрогт Нигерийн бөхөд ялагдан, тэмцээнээ дуусгасан юм.

“Шинэ жилийн уур амьсгал ороод гоё байна шүү. Энэ жил Ц.Баярсайхан багшийн гэр бүлийнхэн болон хоёр дүүтэйгээ хамт шинэ оноо угтана. Токиогийн олимпоос медаль хүртэн, багш, захирал хоёроо баярлуулж, ачийг нь хариулахыг хүсдэг” хэмээн өгүүлсэн тэрбээр манай сониноор дамжуулан Монголын үндэсний олимпын хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа болон Ц.Баярсайхан багш, Ж.Түмэн-Аюуш захиралдаа баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.


Энэ тухай