Өмнөд Америкт Хятадын нэр хүнд өсчээ

Өмнөд Америкт Хятадын нэр хүнд өсчээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялснаас хойш долоо хоногийн дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин Өмнөд Америкт гурав дахь удаагаа айлчилж, Хятад улс энэ бүс нутгийн чухал түнш болохыг хүсэж буй гэсэн ойлголтыг тодорхой өгсөн. “Хэрэв бид нэг хэлээр ярьж, нэг ижил үзэл бодлыг хуваалцаж буй бол газар нутгийн зайнаас үл хамааран харилцаж, бие биенээрээ бахархаж болно гэсэн үг” гэж БНХАУ-ын удирдагч Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелеттэй Сантьяго хотод хэлэлцээ хийхдээ мэдэгджээ.

Д.Трамп АНУ-ын сонгуульд ялснаас хойш бараг нэг жилийн дараа Америкийн Засгийн газар олон улсын нэгдэх үйл явцад оролцохоос түдгэлзэж, байгуулсан гэрээнүүдээсээ гарч, хөтөлбөрүүдэд заасан үүргээ биелүүлэхээ больсон. Харин сүүлийн 10 жил Өмнөд Америкийн худалдааны чухал түнш болж, тус бүс нутгийн улс төр, соёл, нийгмийн салбар дахь нөлөөгөө хүчтэй болгож, АНУ-ын алдсан байр суурийг эзэллээ.

Си Зиньпиний бэлгэдлийн айлчлал нь Латин Америктай Хятад улс харилцаагаа бэхжүүлэх ажлаа түргэтгэхийг оролдож байна гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд Хятад тус бүс нутгийн орнуудтай хийдэг худалдаагаа 22 дахин нэмэгдүүлэв. Өнгөрсөн онд гэхэд 90 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан байна. Өдгөө Хятад улс Бразил, Чили, Перугийн худалдааны гол түнш. Гэхдээ Латин Америк дахь Хятадын сонирхол нь эдийн засгийн салбараас хальж байна.

“Хятад нь улс төрийн нөлөөтэй болохыг оролдож байна. Шинжлэх ухаан, соёл, нийгмийн хүрээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү улам бүр гүнзгий нэвтэрч буй. Эрх баригчид, нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоохын тулд Бээжин төсөл хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, Хятадын тухай эерэг төсөөлөл бий болгохын тулд нийгмийн санаа бодлыг удирдагчид, дипломатч, сэтгүүлчидтэй ойр ажиллах болжээ” гэж улс төр, эдийн засгийн мэтгэлцээний “Americas society, council of the Americas” форумаас Вашингтонд зохион байгуулсан бага хуралд оролцсон судлаач, сэтгүүлч Хуан Пабло Карденал мэдэгджээ. Гэхдээ хүн бүр ингэж үзэхгүй байна. “Тэдэнд (хятадууд) зөвхөн бизнес, түүхий эд, худалдаа л чухал” гэж Хятадад Мексикийн Элчин сайдаар ажиллаж байсан Хорхе Гуахардо хэлэв.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар, түүнтэй холбоотой агентлагууд худалдааны салбарт алс ирээдүйг харсан санаачилгууд хэрэгжүүлж байна. “Бага хуралд оролцуулах, Хятадын тухай таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд Бээжинд хүмүүсийг урьж, дараа нь тэднийг улс орноо сурталчлуулж буй. Өмнөд Америкийн хэвлэлд Хятадын Коммунист намынхны мэдэгдэлтэй төстэй дүн шинжилгээний материал байнга гарах болжээ” гэж 40 гаруй жил Хятадын нөлөөг судалж буй Хуан Пабло Карденал тэмдэглэв.

Нэг жилийн өмнө хийсэн мэдэгдэлдээ Си Зиньпин Засгийн газар нь ойрын хугацаанд 10 мянга залуу удирдагч, 500 сэтгүүлч, 1500 орчим улстөрчийг янз бүрийн арга хэмжээнд оролцуулахаар төлөвлөж буйг хэлсэн билээ. Хятад хэл, соёлыг сурталчлахаар есөн улсын их сургуулийг түшиглэн Күнзийн төлөөлөгчийн газрыг БНХАУ нээж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хэдийгээр Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөний түвшин өндөр биш ч тус улс Латин Америктай нягт хамтран ажиллаж, тус бүс нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн оролцоотой бага хурлыг жил бүр зохион байгуулж байна. “Хятадын Засгийн газар, компани, холбоод улсынхаа стратегийн зорилгыг амьдралд хэрэгжүүлэхээр ажиллаж буй” гэж Карденал мэдэгджээ.

АНУ-ын уламжлалт түнш Панам улс Бээжинтэй өнгөрсөн зургадугаар сард дипломат харилцаагаа сэргээж, арваннэгдүгээр сард Панамын Ерөнхийлөгч Хятадад гурав хоногийн айлчлал хийсэн. Энэ үеэр Бээжинд Панамын ЭСЯ-ыг нээж, 12 гэрээ, тэдгээрийн дотор, соёл, аялал жуулчлал хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Өмнөд Америк дахь Хятадын нэр хүнд өссөн нь АНУ-ын бодлого нуран унасныг илтгэж буй. Газар зүйн байршлын хувьд АНУ-ын нутаг дэвсгэрт Хятадын нөлөө тэлж буй нь түгшүүр төрүүлж, Америкийн ноёрхол сүйрэхийн нотолгоо болж байна гэж Испанийн “El Pais” сонинд бичжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай