Сумогийн “геркулес”

Сумогийн “геркулес”

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 100 гаруй тэмцээнд оролцож, Эзэн хааны цомыг таван удаа хүртэн, байгуулсан ялалтынхаа тоогоор дээд амжилт (макүүчид 879, нийтдээ 1047 даваатай) тогтоож байсан, Японы төдийгүй Монголын үзэгчдийн талархлыг хүлээсэн бөх бол озэки Кайо билээ. Сүмогийн “Геркулес” нэрээрээ алдаршсан түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.

-Анх сүмоч болж байхдаа бүтэн 23 жилийн турш барилдана гэдгээ төсөөлж байв уу?

-Багадаа сүмог үзэн яддаг байсан гэвэл та итгэх үү. Үнэндээ эцэг, эхийнхээ шахалтаар би барилдаж эхэлсэн. Тэд намайг 1988 онд “Томозүна” дэвжээнд аваачиж өгөх хүртэл нэлээд дургүйцэж байж очсон юмдаг. Миний сонирхол бол жүдо байлаа. Дэвжээний хатуу хөтүү амьдрал, хүнд хэцүү бэлтгэлд нухлагдсан эхний үеүдэд “Би чухам хэний, юуны төлөө ингэж зовж байгаа юм бэ” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Сүмог орхихоор шийдэж, хоёр залуу бөхтэй хамт оргосон удаа ч бий. Гэвч тэр оройдоо л баригдсан. Ояката, гэр бүлийнхэн, сургуулийн биеийн тамирын багш оролцсон багахан хэмжээний хурал болсны эцэст дэвжээ рүүгээ буцсан даа.

-Тэгвэл хэзээнээс сүмод сонирхолтой болсон юм бэ?

-2-3 жилийн дараа бие чангарч, овоо амжилт ч гаргах болсон. Яваандаа сүмо надад таалагдсан. Ингээд гэр рүүгээ утасдаж зовлон тоочихоо бүрмөсөн больсон.

-Гурван жилийн дараа сүмог сонирхох болсон юм байж. Тэгвэл хэзээ нь сүмод бүр дурласан хэрэг вэ?

-Жюүрёо зиндаанд орсон үеэс. Өөрөөр хэлбэл, сэкитори болж, сүмогийн хамгийн шилдэг 70 бөхийн тоонд орсон гэсэн үг. Өөрөөсөө хавьгүй хүчтэй, арга техниктэй бөхчүүдтэй бэлтгэл хийх нь надад маш их таалагддаг байлаа.

-Андуураагүй бол ирээдүйн аварга, арслан Таканохана, Ваканохана, Акэбоно нар тантай хамт сүмод хөл тавьж байсан байх аа?

-Тийм ээ, 1988 оны гуравдугаар сард шинэ бөхийн шалгалт өгсөн 90 залуугийн дунд тэд байсан. Тэд намайг бодвол сүмод дуртай, амьдралынхаа гол зорилго болгосон учраас амжилтад хурдан хүрсэн. 1993 оны тавдугаар сард намайг макүүчи зиндаанд дэвших болзлоо хангахад Акэбоно хэдийнэ ёкозүна болсон, Таканохана озэки, түүний ах Ваканохана сэкивакэ цолтой байсан.

-Хэр баргийн хүний хүрч байгаагүй амжилт болох таван түрүүтэй мөртлөө ёкозүна цол авч чадаагүйдээ гомдолтой байдаг уу?

-Бөх хүний үүргээ биелүүлсэн гэж боддог учраас юунд ч харамсдаггүй. Өнгөрснөө бус ирээдүйгээ харж амьдрах нь чухал. Мэдээж сүмоч болсных их аварга болохыг маш их хүсдэг байлаа. Ёкозүна цолтон тэмцээн болгонд өндөр амжилт үзүүлэх ёстой. Би тийм байж чадаагүй болохоор өөртөө, холбоонд гомдох шалтгаан үгүй. Харин сүмогийн түүхэн дэх хэд хэдэн рекордыг тогтоосноороо бахархдаг.

-Та их аварга Чиёнофүжигийн амжилтыг эвдээд зодог тайлсан. Тэгэхээр гол зорилго чинь сүмод авсан даваагаараа ¹ 1-д бичигдэхийг хүсэж байсан гэсэн үг үү?

-Нэг талаар тийм. Гэхдээ Чиёнофүжи ёкозүна болж, олон тэмцээнд түрүүлсэн. Харин би ердөө л олон жил барилдаж байж 1047 даваа авсан болохоор түүнтэй өөрийгөө зүйрлэж хэзээ ч зүрхлэхгүй.

-Дохёд өнгөрүүлсэн хамгийн дурсгалтай мөчөө нэрлээч?

-2000 оны нэгдүгээр сарын тэмцээний сүүлчийн өдөр Мүсояматай хийсэн барилдаан санаанаас минь гардаггүй юм. Мүсояма ялсан тохиолдолд түрүүлж, харин би давбал тавин хувиа хийх нөхцөл үүсээд байсан хэрэг. Гэвч дэвжээн дээр түүний эсрэг юу ч хийж чадалгүй байсаар ялагдаж, сэкивакэ цолоо алдсан юм. Энэ ялагдлыг санан санан байж бэлтгэлээ хийсний ачаар дөрвөн сарын дараа Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж билээ.

-Таныг залуудаа сакэ нэлээд хүртдэг байсан гэлцэх юм билээ?

-Тийм ээ. Харин гэрлэсний дараа сакэ амсахаа ч больсон.

-Байнга гэмтдэг байсан ч өөртэйгөө тэмцэж, үргэлжлүүлэн барилдсаар байсны учир?

-Энэ бүхэн цэвэр цэнгэг агаар, ууланд өссөний ач тус. Би 15 настайдаа л 185 см өндөрбайсан. Гар барилдаанаар хэзээ ч, хэнд ч ялагдаж үзээгүй шүү. Бэлтгэл жигдэрсэн үед зөвхөн гарынхаа хүчээр 100 гаруй кг-ийг өргөдөг байсан.

-Хамгийн хатуу сортын алимны шүүсийг нь гартал базсан гэж сонссон юм байна?

-Тийм ээ, сэтгүүлчид сонирхоод байхаар нь алимны шүүс шахаж үзүүлсэн юм. Баруун, зүүн аль ч гараараа чадна шүү.

-Та сүмод олон ёкозүнагийн хаанчлалыг үзсэн. Тэдгээрээс аль үе нь хамгийн их өрсөлдөөнтэй байв?

-Мэдээж 1990-ээд оны үе. Тэр үед сүмод том, жижиг, техниктэй олон бөх байсан. Харин одоо бол барилдаан нэгэн хэвийн болж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай