Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна. Уг сэдвийн хүрээнд “Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу” гэсэн  сэдвээр 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл илтгэл тавилаа. 

Тэрбээр илтгэлдээ, Та бүхэн миний илтгэлийн гарчгийг уншаад 1992 оны Үндсэн хуулийн боломж, нөөц шавхагдсан гэх үндэслэл, гаргалаа гаргах нь гэж бодож болох юм. 1999 онд гэв гэнэт, хуйвалдааны журмаар оруулсан монголчуудын дунд  дордохын долоо хэмээн нэрлэгдсэн нэмэлт, өөрчлөлт Монгол Улсад хөгжил, дэвшил авчирсан уу гэдэг асуултыг иргэний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг  хийсэн 1999 оны парламент, үүнийг баталгаажуулсан 2000 оны парламентын гишүүдээс хариуцлагатайгаар асуумаар байна. Өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх хариултыг нурших шаардлагагүй гэж бодож байна. Харин Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлтийг дахин оруулахгүй байх баталгаа байна уу гэдгийг Улсын Их Хурлаас иргэн, судлаачийн хувьд асуумаар байна гэдийг онцлов.

Үргэлжлүүлэн “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу” гэсэн сэдвээр Хууль зүйн доктор  Б.Гүнбилэг  илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ “Эрх зүйн шинэтгэлийн таван тусгагдахуун байдаг. Үүнд:

-Хууль тогтоомжийг шинэтгэх. Хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах,

-хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх,

-хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх,

-хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх,

-нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэх мэт ярив. 

Эхний сэдвийн хүрээн дэх гуравдахь илтгэл  судлаач нийтлэлч Б.Баабарын “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр үргэлжлэв.

Түүний хувьд Үндсэн хуульд тусгагдсан асуудал тодорхой бус байдгаас Үндсэн хуульд тодотгол хийх асуудлууд зайлшгүй гарч ирсэн. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдэг ч Үндсэн хуульд хийсэн тодотгол байсан гэдгийг онцолж байлаа. Мөн өнгөрсөн 25 жилийн турш улс төрчид нь Үндсэн хуулиа санаатай, санамсаргүйгээр  зөрчдөг. Төр нь хуулиа баримтлахгүй байгаа нь зөрчлийн үндэс болж байгааг дурдсан. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголуудыг дэлгэрэнгүй танилцуулснаар эрдэм шинжилгээний хурал түр завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай