Бурхны зараал

Энэ хүн өглөө сэрээд л юу эхлэхээ, юуг үргэлжлүүлэхээ, бас юуг дуусгахаа боддог. Бодож бясалгах, “цаас эрээчих”-д бүхий л амьдралаа зориулж буй энэ эрхэм хүмүүн нэгэнтээ “Эх орондоо хайртайг минь дэлхий үнэмшвэл үнэмшихээр үй түмэн боть түүхийн шүүхэд үлджээ” хэмээн юуны тулд тийнхүү зорьдог мөнхийн шалтгаанаа тодорхойлсон.

Тэрбээр олон түмэнд тус буян хүргэхийг хичээдэг, юуг ч энэрэн нигүүлсэх өр зөөлөн сэтгэлтэй, басхүү бурханд итгэдэг сүсэгтэй хүн. Гэхдээ эх орон, үр хүүхдүүд рүү минь дайсан халдвал онож буудаж чадах, эсэхээ мэдэхгүй ч устгахыг яарна гэдэг. Дамдинсүрэнгийн Урианхай гэж ийм л нэгэн бөлгөө.

ХАЙРЫН ХЭМЖЭЭ НЬ МОНГОЛ

Пунцагийн Бадарч гуайн егөөдсөнөөр өглөө хонио хариулахаар гараад, өдөржин юм бодож, бясалгасаар орой өөр айлын мал туугаад ирнэ, тэгээд бас болоогүй “Адилхан л хонь шүү дээ, хүүхээ” гэж мэдэх бодь сэтгэлтэй нэгэн билээ, Урианхай. “Адилхан л хүний үр шүү дээ” гээд дайснаа өрөвдөн, өөрөө мэлмэрүүлээд сууж мэдэх нинжин хүнийг бусдын өөдөөс буу шагайхад хүргэх шалтгаан нь эх орон байх нь.

Нүд минь хэдэн тийшээ харавч нэг л юм руу ширтдэг

Бодол минь хэдэн тийшээ таравч нэг л төвд цугладаг

Сэтгэл минь хэдэн зүг рүү нисэвч нэг л бэлчирт нийлдэг

Энэ бэлчир эх орон минь юм

Эх орон минь галт шил шиг

Эс биеийн хамаг халууныг нэг дор цуглуулдаг

Эр зориг, сэтгэлийн мөс, биеийн тэнхээ

Энэ орчлон руу цацруулдаг бүх гэрэл минь

“Эх орон” гэдэг хоёрхон үгээр л нэвтэрдэг

...Таны хэмжээ л миний хайрын хэмжээ юм...

хэмээн эх орны үнэ цэнийг найргийн хэлээр илэрхийлсэн хүн бол энэ л Урианхай билээ.

Машин жолоодох нь байтугай дотор нь сууж явахдаа ч эмээдэг, компьютерын товчлуурт хуруугаа хүргэж үзээгүй “хоцрогдсон”, халуун усны цоргоны хаана, юу байдаг талаар ямар ч төсөөлөлгүй өдий хүрсэн “ажилгүй” гэрийн эзэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тийм хүнийг “Өнөө цагийн ачааг дааж үүрэх сэн гэдэг хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан. Эх орон минь надаар юу хийлгэсэн ч би баярлана. Намайг говийн худгийн моторчин, галт тэрэгний засварчин, ачигч, гуталчин, сансрын нисэгч, цэрэг, дипломатч, хамгийн хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай тэжээгч, нэгдлийн морин тэрэгчин, эсгий гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би баярлана.

Надаар гүүр, багана, хөшүүрэг, сум хийж болно. Биднээр “зарц”-аа хийх эрх ганцхан Танд л бий. Танд “захирагдах”, “дарлагдах” нь бидэнд дээд эрх чөлөө юм. Эх орон минь” хэмээн дуу алдуулах хайр мөн л эх орных нь ажээ. “Хүн бүр чаддаг юмаа хийвэл л барав” гэдэг үгээр ам тагладаг, “Би эх орныхоо төлөө юу ч хийхэд бэлэн” хэмээн цээжээ дэлддэг хүмүүсийн тухайд найрагчийн энэ үг сэтгэл хөөрөлдөө хэт автсан мэт сонсогдож магад. Харин түүний хувьд энэ бол зүгээр нэг хоосон үг бус гэдэг нь мэдрэгддэг.

Монголын хувь заяа, хүн төрөлхтний ирээдүйн төлөө өтөл насныхаа эд, эс бүхнийг хайр гамгүй шатаан, оюуны уурхайн олборлолт хийж буй түүнээс даацтайхан ярилцлага авч, чинэрсэн үгийг нь олон нийтэд хүргэх сэн гэж хүсдэг ч “Өвгөн ах нь одоо ийм тийм бүтээлд “бурантаглуулаад” тун завгүй байна. Дараа болох уу” гэх тоолонд нь хүндэтгэн хойшлуулсаар өдий хүрсэн юм. Сайхан багш нарын ачаар түүнтэй оюутан ахуй цагаасаа ойр байсных, “Би танаас заавал ярилцлага авна” гээд тас гүрийж, “хөлөө жийгээд” суучихвал өвгөн ахыг “уяраан”, санасандаа хүрч болох байсан ч юм бил үү. Гэвч үргэлж завгүй байдаг амьдралын хэмнэлдээ тааруулан уран бүтээлийн төлөвлөгөө хүртэл гаргасан эрхэм хүмүүний цаг мөч бүрийг хайрлаж гамнахгүй байхын аргагүй учраас тэгтлээ шамдаагүй билээ.

Би хувьдаа Д.Урианхай бол Монголыг, монголчуудыг хайрлах гэж, үүний л төлөө тархиа гашилгаж, чөмгөө дундартал зүтгэхээр төрсөн “Бурхны зараал” гэж боддог. Ийм л үнэ цэнэтэй хүмүүсээ ойлгож, зохиол бүтээлээ хэвлүүлэхэд нь дэмждэг, нэгэнт гарчихсан хойно нь зорьж авч уншдаг нь бидний дундаас хэд билээ. Түүний бичгийн ширээний шүүгээнд багагүй хугацаанд “ноолорч хэвтсэн” 10 ботийг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ивээн тэтгэж, хэвлүүлсэн нь хэзээ мөдгүй уншигчдын гарт очиход бэлэн болсон тухай сайхан мэдээг сүүлд уулзахад дуулгасан.

Өдгөө ширээнийх нь нүдэнд чихцэлдэн буй 15 ботиос эхний хэд нь “гараас гарч” эхэлсэн гэнэ. Төсөв мөнгө нь бүтвэл 2025 он гэхэд бүгдийг нь хэвлүүлэх санаатай юм билээ. “Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй гэсэн үгтэй ч хүний муухайг нимгэрүүлэх “их санаа” санаж, 50 гаруй жил элдэв ном зохиол эрээчлээ, даанч тус алга” гээд урамгүйхэн байдаг ч үзэг, цаасаа нийлүүлэхгүй байх нь хожим монголчуудад түүнээс ч илүү гэм хортой гэдэгт өвгөн зохиолч итгэдэг.

Ерөөс яруу найрагчийн зайлшгүй эдлэх үйл лай хийгээд баяр жаргал нь хүн төрөлхтний амьдралын хугацааг үндэстэн үндэстнийхээ үгийн ид шидэт гэрлээр үргэлж гийгүүлж үлдэх шүлэг, найраглал бэлэглэж үхэх явдал гэж тэр үздэг юм. “Ганга нь мухар болохоос газар нь мухар биш” гэж хэлэх дуртайг нь бодсон ч тэрбээр ийм зүйлд хойш суух нэгэн угаас биш л дээ.

ЭГЭЛ ХИЙГЭЭД ЭРХЭМСЭГ

78 настай ч өнгөрсөн он жилүүдэд туурвисан 20 гаруй боть бүтээл дээрээ нэмээд 10 гаруй ном бичихээр төлөвлөж, бас “Хүссэн зүйлээ төгс төгөлдөр хийхэд хүчин мөхөстөх вий гэхээс эмээдэг” хэмээн айдсын тухай тийм өндөрлөгөөс түүн шиг дуугарах хүн хэр олон бол. Яагаад гэвэл Д.Урианхай гэдэг хүний оюун бодлоос шилэгдэж, шигшигдэж гарсан үг хэзээ ч санамсаргүй, тохиолдлынх байдаггүй. Тэр хүн төгс төгөлдөр зохиол бүтээлийн тухай ярьсан бол магадгүй энэ нь бидний төсөөлдөг ойлголтоос хавьгүй дээгүүр түвшний л “юм” байгаа гэсэн үг.

Билиг оюун төгс хүмүүн өөрийн болоод бусдын хэр хэмжээг мэдэж байх шиг, түүнийг нь яаж ийгээд хэлүүлэх шиг “сэтгэл гижигдсэн” зүйл ховор. “Хэлэхэд жаахан ичмээр ч бичсэн бүх шүлэг минь наддаа таалагддаг. Би шүлэг, найраглалуудаа их зовж, олон өнцгөөс бодож байж гараас гаргадаг учраас надад муу бүтээл ганц ч байхгүй. Адаглаад, өнөөгийн зарим уншигч гайхаж, хөхрөлдөж мэдэхээр “Буурал аав Октябрь” нэртэй бэсрэг найраглал минь ч ур чадвар, сэтгэлгээний түвшингээрээ Монголд надаас өөр найрагч бичиж чадахгүй найраглал” гэж тэрбээр ганц л удаа гадагшаа “онгирсон” байх. Сэтгүүлч шалсаар байгаад хэлүүлсэн л болохоос хэчнээн цаг завтай байсан ч өөрийгөө дөвийлгөж явах хүн огтоос биш билээ.

“Чингис хааны түмэн төмөр цэрэг тэнгэрээс бууж ирээд, дэлхийг шинээр төвхнүүлнэ” гэдэг домгоор хэдэн жилийн өмнө “Херо”-гийнхон эх оронч үзлийг сурталчлах нэвтрүүлэг хийхэд Ц.Хулан найрагчаар “зад загнуулж” байж дүрээ үлдээсэн хүн шүү дээ. “Өнөө айхтар эх оронч зүрх сэтгэлтэй найрагч чинь яачихав. Таны наад уруул аманд ургасан сахал, зөрүүд бөндгөрт тань сэгсийсэн үсийг л ашиглах гэлээ. Яасан их үнэтэй хялгас уруул аманд тань наалдчихсан юм” гэж Хулан “найз” нь тачигнасан тул үг дуугүй бууж өгсөн гэдэг. Гэтэл хэд хоногийн дараа клипэнд “тоглосных” нь урамшуулал хэмээн “тусгай улс” 500 мянган төгрөг авчирч өгөхөд нь жигтэйхэн баярлаад, DVD тоглуулагч авснаа хуучилдаг.

Зузаан зузаан боть мэт “хүнд” бодолдоо дарагдан гудамжаар алхаж явахад нь түүнтэй таарч, танимхайран мэнд мэдсэн хэнтэй ч халуун дотноор гар бариад, дүнхэр буурал тэргүүнээ уриалгаханаар дохин, үгийг нь дуустал сонсох тэвчээр, хүндэтгэл түүнийх.

Тэрбээр амьдралын гэрэл гэгээг тун энгийн зүйлээс олж хардаг гэнэ. Ядартлаа ажиллаж буй ариун шударга хөдөлмөрч хүмүүс, өглөө манддаг нар, хавар дэлгэрдэг цэцэг ногоо болон хаа нэг бодолд нь хоромхон зуурт орж ирээд алга болчихдог бурхныг амьдралын гэрэл гэгээ хэмээн онцолсон. Эд материалын шунал, гоёж гангалахыг үзэж чаддаггүй атлаа “Хүний хамгийн дээд хэрэгцээ бол гоо сайхан байх” гэж тодорхойлсон нь учиртай.

Хүнийг гоо сайхан байлгадаг гурван зүйл нь эрүүл бие, цэвэр арьс, бодь сэтгэл гэнэм. Эдгээр нь хүний амьдралын гол гурван зорилгыг хэрэгжүүлэх үндэс болдог гэсэн тайлбар нь Монголын тэргүүн эгнээний сэхээтэн, гүн ухаанч эрхмийн гоо сайхны нууцыг тайлах шиг. Үнэндээ түүний биширч, сүрдмээр үс, сахлынх нь цаана хүүхнүүдийг ичээм цэвэр тунгалаг царай “нуугддаг” юм.

Эрүүл биеийн хүч, саруул ухааны бядаар хүн зорьж хүссэнээ хэдийд ч гүйцэлдүүлж болдгийг бэлхнээ түүний амьдралаас харж болмоор. Харин бодь сэтгэлээс ямар аялгуу гардгийг тэр нэгэн жил хэсэг яруу найрагчтай Хөвсгөл рүү явахдаа Урианхай гуайн аялсан “Дүүриймаа”-гаас олж мэдэрсэн сэн. Төрж, өссөн нутагт нь найр наадам тасардаггүй, дуу хуурын орон гэдгийг, ижий, аав нь хоёулаа гойд сайхан дуулдаг байсныг хуучлангаа “Ижий минь “Дүүриймаа”-г ийм маягаар дуулдаг байлаа” гээд эхлүүлсэн зөөлөн намдуу, цаанаа л донжтой тэр аялгуу одоо ч сэтгэлд хоногшсон хэвээр.

Мөнхүү бодь сэтгэлийн гаслан шаналан ямар байдгийг хань нь өөд болсны дараахан бичсэн “Үгүйлэхүйн халуун” шүлгээс нь эд, эс бүхнээрээ шархиран мэдэрч байв. “Гадаад, дотоодын харчуул, залуусын харааг булаасан Монголын хоёр сайхан охин, хорвоогийн хоёр гоо бүсгүйгээр ханиа хийн, цайгаа чануулж, цамцаа угаалган, амьдралаа удирдуулж, үр хүүхдүүдээрээ “Монголын үрсийг маш олон болгож”, буяны буурал насанд ирлээ” хэмээн нэгэнтээ ярьсан тэрбээр хорвоогийн үнэн гашуун хагацлын өмнө хоёронтоо ээрэгдэн зогсохдоо гагцхүү яруу найргаар дотоод тэсрэлтээ илэрхийлсэн байдаг.

ДЭЛХИЙН ХҮН

Монгол зохиолч, монгол оюун санаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхлэхэд томоохон түүчээ болсон хүн нь Д.Урианхай гэдэгтэй хэн ч маргахгүй. Хамгийн сүүлд гэхэд л БНСУ-ын САЖСЯ болон Азийн соёлын төвөөс “Азийн Утга зохиолын шагнал” хэмээх эрхэм хүндтэй шагналыг буй болгож, анхныхыг нь Монголын яруу найрагч Д.Урианхайд олгов. Азийн утга зохиолын анхдугаар наадмын хүндэт индрээс “Монголын яруу найрагт энэ шагналыг олгосонд маш их баярлалаа” хэмээсэн, хувийн амбийцгүй, даанч даруухан араншин түүнийх.

Азийн яруу найраг, оюун санааг дэлхийд илүү хүчтэй гаргах, Азийн утга зохиолын контент, гоо зүйн цогц ойлголтыг буй болгох зорилгоор зохион байгуулсан энэхүү наадамд өөрсдийн уран бүтээлээрээ VIP зочноор уригдан оролцсон, орчин үеийн утга зохиолын сэтгэлгээний хөгжлөөрөө тивдээ тэргүүлэх орнуудад тооцогдож буй Хятад, Япон, Ираны найрагчдын өмнө монгол хүн гишгэсэн нь гарцаагүй бахархал билээ.

“Монголын яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай Та өөрийн бүтээлүүдээрээ Азийн утга зохиолын гоо зүйн цар хүрээг тэлэхэд оруулсан гаргууд хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Таны гайхамшигт бүтээлүүд хийгээд амьдралын замнал тань Азийн зохиолчид, яруу найрагчдад агуу том үлгэр дууриалал болж буйг үнэлж “Азийн утга зохиолын шагнал”-ыг олгов” хэмээн тус шагналыг олгох болсон үндэслэлээ тодорхойлжээ.

Шагнал хүртээд хэлсэн үгэндээ тэрбээр “Солонгос хүчирхэг эдийн засагтай орон. Өнөөгийн өндөр хөгжилд хүрэхэд нь нөлөөлсөн, миний мэдэхгүй олон нууцлаг шалтгаан бий байх. Харин миний мэдэж байгаа нэг шалтгаан нь солонгосчууд яруу найргийг ойлгож дэмждэг, яруу найрагчдаа хүндэлдэг, дарс их уулгадаг ард түмэн юм байна. Энэ бол БНСУ-ын төрийн маш зөв бодлого” хэмээн хошигножээ.

Энэ үг Солонгосын цахим орчинд хэдэн өдрийн турш тренд болсноос гадна “Миний хувийн үзэл бодлын философиор бол өнөөдөр хүн төрөлхтөн буруу амьдраад байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, хүн төрөлхтөн бурхныг хайрлахгүй байна. Хоёрдугаарт, Будда, Исүс, Мухаммед зөнчийн үг, сургаал номлолыг ойлгохгүй байна. Гуравдугаарт, яруу найрагчид бидний үгэнд орохгүй байна” гэсэн эшлэл нь хятад, япончуудын дунд ч эрэлттэй “жиргээ” байсныг бэлхнээ харж болно. Үгэнд мэдрэмжтэй ард түмэн ийм байдаг бололтой. Уг нь тэрбээр монголчууддаа хандаж, энэ байтугай л үнэ цэнэтэй үг хэлдэг сэн.

“Эх оронд минь траншейний нэг л хүүхэд байгаа цагт, ядуу гуйлгачин хүн амьдарч байгаа цагт тийм олиггүй төрөөс ямар нэг алдар цол, шагнал авахаас татгалзана” гэж, “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөн байгуулан, тууштай тэмцэж буй түүн шиг хүний үнэ цэнэ өнөөгийн Монголд харин ямар байгаа билээ? Гэлээ ч эх орон, ард түмэндээ үнэмлэхүй их тус болох сон гэх мөнхийн хүсэлд “дөрлүүлсэн” тул Д.Урианхай хэмээх эрхэм хүмүүн өөрөө энэ мэт зүйлд тоож ач холбогдол өгөхгүй л дээ.

“Дэлхийгээ дандаа баярлуулах, амгалан, өгөөмөр сайхан налайлгах, хүн төрөлхтнөө ухаалаг үйл ажиллагаатай байлгаж, нөр удаан жаргуулах үүрэг хүний “сэтгэлийн улаач”-яруу найрагчдад л бусдаас хавьгүй илүү их хэмжээтэйгээр бурхнаас оноогдсон. Бурхны энэ хэцүү үүрэг, итгэл найдварыг хамгийн сайнаар, хамгийн төгс хариуцлагатайгаар биелүүлэх үйлсэд Монголын яруу найрагчид, тэдний дотор миний бие амьдралынхаа хугацааг зориулан амьдарч байна аа” хэмээн үнэн зүрхний үгээ тэр саяхан дэлхий нийтийн сонорт хүргэсэн билээ.

...Өгөөч гэж эх орон надаас гуйдаггүй

Аваач гэж эх орноосоо би гуйдаг...

хэмээн шүлэглэсэн найрагчийн сэтгэлийг оноож төрүүлсэн бурхан, тосож авсан эх орон хоёр нь л хамгийн сайн ойлгох буй заа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай