Бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг дөрвөн байршилд барина

Бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг дөрвөн байршилд барина

Бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц барихаар нийслэлийн удирдлага төсөл эхлүүлжээ. Энэ талаар нийслэлийн Орон сууцны корпорацын ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

-Хямд үнэтэй орон сууц бариулахаар болжээ. Энэ талаар тодруулахгүй юү?

-Бид хотын төвийн төвлөрлийг сааруулж, зорилтот бүлгийн иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор орлогод нь нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна. Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн XVI хороо, Яармагийн спорт цогцолборын дэргэдэх 2.2 га талбайд төсөл хэрэгжүүлнэ. Тэнд тус бүр нь 12 давхар гурван блок орон сууц барих юм. Мөн авто зогсоол, үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн. Үр дүнд нь ажлын 210 байр бий болно гэж тооцсон.

-Барилгын ажил хэзээ эхлэх, санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Ирэх хавар барилгаа барьж эхэлнэ. Сөүлийн орон сууцны корпорац манайхтай байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд судалгаа хийж байгаа. Хариу гарсны дараа тус байгууллага хөрөнгө оруулах юм. Судалгааны дүнд үндэслэн хэдий хэмжээний хөрөнгө оруулахаа шийднэ гэсэн үг.

-Байрны үнэд зохицуулалт хийх үү?

-Үнийг бодлогоор зохицуулна. Манай байгууллага цахим хуудастаа мэдээллийн сан үүсгэсэн. Иргэд тийш хандаж бүртгүүлэх боломжтой. Бид уг мэдээллийн сангаас шүүлт хийж, тухайн орон сууцанд оруулах айр өрхийг сонгоно. Гэр хороололд амьдардаг, орон сууц авч байгаагүй зэрэг шалгуур тавих юм.

-Уг төсөл ганц эл барилгыг барьснаар зогсох уу, эсвэл үргэлжлэх үү?

-Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Баянголын ам, Хан-Уул дүүргийн Морингийн даваа гээд шинэ суурьшлын бүсэд уг төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ дан ганц орлогод нийцсэн болон түрээсийн орон сууц барихгүй. Амины болон өндөр зэрэглэлийн сууц ч барих юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай