Цахим орчинд ярьсан болгонд итгэж болох уу

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн фэйсбүүкээр дамжуулан цацсан бичлэг, ярьсан зүйл өнгөрсөн амралтын өдрүүдэд олны анхааралд өртөв. Тэрбээр 16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бусдад хүчирхийлүүлсэн хэмээсэн бөгөөд Монголын хөрөнгөтэй, чинээлэг, нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэж, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн тухай ноцтой зүйл ярьсан юм.

Уг бичлэгт Г.Номуундарь “Бүх нотлох баримт нь байгаа. Шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд нээлттэй болно. Өөрийнх нь болон дүүгийнх нь ууж байсан зүйлд хүчтэй үйлчилгээтэй бодис хийж мансууруулж байгаад хүчирхийлсэн. Шүүх хуралд хүчингийн болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авилга өгөхийг завдсан, хэрэг нуун дарагдуулсан гээд 100 гаруй өсвөр насныхан холбогдсон.

Нээлттэй шүүх хурлыг зурагтаар шууд дамжуулна” хэмээгээд олон хүний нэр дурдаж уучлалт гуйхыг шаардсан байв. Мөн хар тамхины хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж эхэлсэн, өмгөөлөгчөөс прокурорт, прокуророос нэг өдрийн дотор шүүхэд шилжиж, шүүх хурал нь болох гэж буй гэсэн юм.

Олон хүнийг цочирдуулж, гайхашруулсан энэ бичлэгийн талаар иргэд янз бүрийн бодолтой байгаа нь лавтай. “Баячуудын бандгар бацаанууд Монгол Улсын дундаж орлоготой иргэний дор хаяж 10 жил хөдөлмөрлөж байж олох эд хөрөнгөөр эрхэлж мансууран зугаацаж яваа” гэж үзэх нэгэн байхад учир мэдэх нэг хэсэг нь охины ярьж буй зүйлд эргэлзэж буйгаа нуусангүй.

Цахим орчинд хүүхэд, залуус хараа хяналтгүй орж, юу дуртайгаа үзэж дамжуулдаг болсон. Эцэг, эхчүүдийн хараа хяналт сулаас олон нийтийн сүлжээг элдэв буруу зүйлд ашиглах явдал гараад байх шиг. Энэ бичлэгт нэр нь дурдагдаж буй хүүхэд залуус үнэхээр ийм адал балмад үйлдэл гаргав уу. Г.Номуундарийн бичлэгт яригдаад байгаа зүйлс хэр бодитой болохыг хууль, хяналтын байгууллагын эх сурвалжуудаас тодрууллаа.

МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН БОЛОН БУСДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ШҮҮХ ХУРАЛ БОЛСОНГҮЙ

“Шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Олон хүн холбогдсон. Тэд бүгд ирээрэй. Гурван хавтаст хэрэг бий. Шүүх хурал нээлттэй явагдана” гэх зэргээр дүрс бичлэгтээ Г.Номуундарь яриад олон хүний нэр дурдсан юм. Зарим хүн уг бичлэгийг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд хийсэн байна хэмээж буй.

Зарим нь арванхоёрдугаар сарын 9-10-ны үед хийсэн гэж байгаа. Юутай ч өнгөрсөн нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглээд өндөр байшингаас үсэрч амиа алдсан залуугийн тухай ярьснаас үзвэл ойрын хугацаанд хийгдсэн гэсэн үг.

Арваннэгдүгээр сарын 30-нд уг бичлэгийг хийсэн гэж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн арванхоёрдугаар сарын 1-15 хүртэлх хугацаанд товлосон шүүх хурлын зарыг харлаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, хялбаршуулсан болон ердийн журмаар шийдэх зар дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 126, 192-т заасан бусдыг хүчирхийлсэн, мансууруулах бодис хэрэглэсэн гэх шүүх хурал нэг ч байсангүй.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 20.7-20.10-т мансууруулах бодистой холбоотой хэргийн зүйл заалт багтсан. Арваннэгдүгээр сарын 30-ны пүрэв, арванхоёрдугаар сарын 1-ний баасан гаригт дээрх зүйл заалтаар яллагдагчаар татагдсан хүмүүсийн шүүх хурлыг товлоогүй байв. Харин энэ сарын 12-ны мягмар гаригт хилээр мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн, борлуулах зорилгоор олж авсан гэх хэрэгт холбогдсон гурван хүний гэм бурууг шүүхээр товлосныг харж болно. Өөрөөр урьдчилсан хэлэлцүүлэг, хялбаршуулсан журмаар хэлэлцэх шүүх хурал үгүй байлаа.

Ганц Сүхбаатар дүүргийн гэлтгүй, хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй Хан-Уул дүүргийн шүүхийн эх сурвалжаас ч бусдыг хүчирхилйсэн, мансуу руулах бодистой холбоотой хэргийн тов бий, эсэхийг лавлахад “Олон нийтийн сүлжээнд цацагдсан тэр охины яриад байгаа шүүх хурал болоогүй. Товлосон болон хойшилсон ийм шүүх хурал огт алга” гэсэн хариу өгч байлаа.

Г.Номуундарийн ярианд хэд хэдэн эргэлзээтэй зүйл бий. Тухайлбал, хар тамхины хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж буй, шүүх хурал нээлттэй учраас хэн ч орох боломжтой гэх зэрэг. Эрүүгийн хуульд ямар төрлийн хэргийг хаана шалгахыг харьяалуулсан. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтэст шалгахаар тогтоосон. Тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргийг харьяалан шалгахаар хуульчилсан байдаг.

Бусдыг, тэр дундаа насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гэмт хэргийн шүүх хурал нээлттэй явагдана гэж ярьж буй нь ч эргэлзээ төрүүлсэн юм. Шүүх ийм хэргийг хэзээ ч нээлттэй хийдэггүйг мэдэх олон хүн түүний бичлэгийг үзээд “худлаа ярьж байна” хэмээж буй. Түүнээс гадна хаана уг хэргийг шалгаж, хэн гэдэг прокурор хяналт тавьж шүүхэд шилжүүлсэн, өмгөөлөгч нь ямар хүн бэ гэдэг нь ч тодорхойгүй нь Г.Номуундарийн яриа хууль эрх зүй гадарлах олон хүнийг эргэлзүүлж орхив.

ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН ГЭХ ОХИДОД ҮЗЛЭГ ХИЙЖЭЭ

Олон нийтийн сүлжээнд Г.Номуундарийн ярьсан, олныг хиртхийлгэсэн зүйлийг цагдаагийнхан сүүлийн 3-4 хоногийн турш уртасгасан цагаар ажиллан шалгаж буйг эх сурвалжууд хэллээ. ЭЦА-ны хэд хэдэн хүн “Г.Номуундарь гэх охины фэйсбүүкт тараасан бичлэгийн дагуу шалгаж байгаа. Нэр дурдагдсан олон хүнээс тайлбар мэдүүлэг авсан” гэсэн юм.

Бидэнд олдсон мэдээллээр мансууруулах бодис хэрэглэдэг гэж нэр дурдагдсан залуусын шээснээс ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтэст өчигдөр хүртэл дээж авч, тайлбар мэдүүлэг авч байлаа. Тэднээс мансууруулах бодис илрээгүй гэнэ. Түүнчлэн хүчирхийлүүлсэн гэж нэр нь дурдагдсан охидод нарийн шинжилгээ хийжээ.

ШШҮХ болон ЭЦА-ны эх сурвалж “Насанд хүрээгүй, хүчирхийлүүлсэн гэх охидод үзлэг хийхэд онгон хальс нь урагдаагүй, гэмт хэргийн золиос болсон явдал тогтоогдоогүй” гэв. Охин бичлэгтээ “Цуснаас нь дээж авсан” хэмээн ярьж буй. Тэгвэл ШШҮХ-гийнхэн “Манайх зөвхөн шээсэнд шинжилгээ хийж байгаа. Цуснаас дээж авч шинжлэх техник тоног төхөөрөмж Монголд байхгүй” гэсэн юм.

Г.Номуундарийн эцэг, эх нь ч охиноо сэтгэцийн эмчийн хяналтад байдаг талаар хууль сахиулах байгууллагынханд тайлбарласан, хянаж байдаг СЭМҮТ-ийн эмч нь тайлбар өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Түүгээр ч зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийнх нь багш нар нь ч дээрх эмнэлгийн эмчийн хяналтад байдгийг гэрчилсэн сурагтай. Харин охины аав УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг твиттер хуудсаараа “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Та бүхнийг үүнд хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна” гэжээ.

Хууль хяналтын байгууллагынхан ирэх долоо хоногт өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн шалгалтынхаа дүнг нэгтгэн үнэн худлыг олон нийтэд танилцуулах биз. Түүнээс өмнө олон нийтийг талцуулж, цочирдуулаад байгаа энэ мэт худал, үнэн нь мэдэгдэхгүй бичлэгийг сайтар нягталж байж, үзэл бодлоо илэрхийлэх нь чухал гэдгийг уншигчид болгоох биз ээ. Цахим сүлжээнд, тухайн орчинд хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь тухайн хүний эрх. Гэхдээ нийгмийг талцуулж, цочирдуулж болохгүйг анхаарах л хэрэгтэй гэж санагдана.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

Илгээх

Энэ тухай