Moon Dance-ийн Б.Алтанхөлөг: "Мөсөн хатад ханиад хүрдэггүй"

Moon Dance-ийн Б.Алтанхөлөг: "Мөсөн хатад ханиад хүрдэггүй"

Монголчууд дуунд дуртай дуучин ард түмэн гэдэгтэйгээ эвлэрч бүжигчдийн авьяасыг байгаа хэмжээнээс нь багаар үнэлж байсан үе бий. Харин сүүлийн үед  олон улсын хэмжээнд үнэлэгдэж буй Авьяаслаг Азичууд тэмцээний Б.Шижирбатын үзүүлбэр, ДАШТ-ний Moon Dance, Star Dance-ийн амжилт, Төөгөөгийн олон улстай хамтарч ажиллаж байгаа гээд бүжигчид чанар чансаагаа мэдрүүлсээр байна.   

Тэгвэл энэ сарын 9-нд Латин хамтлаг бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Австри улсад болж Монголоос Мoon Dance, Star хамтлагууд маань амжилттай оролцоод эх орондоо ирсэн билээ. Финалт байранд шалгарч үлдсэн Мoon Dance хамтлагийн багийн ахлагч Б.Алтанхөлөгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцоод эх орондоо ирсэнд баяр хүргэе. Эх орондоо бууж ирээд аяны алжаалаа ч тайлж амжаагүй л яваа байхдаа.

-Баярлалаа. Тус тэмцээнд Манай хамтлаг  “Мөсөн Хатан” бүжгээрээ амжилттай оролцож ФИНАЛД шалгаран өрсөлдсөн ба Дэлхийн шилдэг 6-н хамтлагийн нэгээр дахин шалгарч өнөөдөр өглөө(13-нд) эх орондоо ирлээ. Австри улс руу шилдэг 22 бүжигчин маань явж  финалын цомыг 2 дахь жилдээ аван финалист гэдгээ баталж чадсандаа баяртай байна.

 

Тайзан дээрх зургаан минутын  үнэ цэнэ гэдэг хайртай бүхний минь тусламж дэмжлэг, бүтэн жилийн хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилтаас бүтэж  тэр богинохон хугацаанд илэрхийлэх боломж болон хувирдаг.

2016 оны тэмцээнд  Австри улс танай багийн дараа жагсаж байсан. Энэ жил 5-д орсон нь эх оронд нь зохиогдсон болохоор шүүгчид харж үзээд оруулсан гэх хардлага та нарт төрсөн үү?

-Австри улсын ганц зорилго бидний дээр гарах байсан юм шиг л тэд баярласан. Эх орондоо байсан тул тайзаа илүү мэддэг,  дэмжигч ихтэй байсныг нь харгалзаж үзсэн шиг л санагдсан. Харин эхний байранд орсон Орос, Германы баг бол яриангүй сайн баг. 2013 онд байгуулагдаад 2014 онд олон улсын тэмцээнд анх удаа орж байсан манай баг европчуудтай өрсөлдөхийн тулд Германы багийн дасгалжуулагчийг урьж зөвлөгөө авч байлаа. Орж байсан эхний жилдээ алмайрсаар байгаад л ирдэг байсан бол одоо тэд биднийг өрсөлдөгчөө гэж хардаг болсон байна лээ.  Нидерландын бүжигчид 2014 онд финалд байсан бол энэ жил л гэхэд финалаас мултарсныхаа дараа биднээс та нар бэлтгэлээ яаж хийдэг юм бэ? Өдөрт хэдэн цаг бүжиглэдэг вэ? гэж гайхан асууж байсан. Жижигхэн хөл гартай, дотогшоогоо, сэтгэл хөдлөл багатай хүмүүс тул Азийн баг Европтой өрсөлдөх боломжгүй гэж боддог байсан гэнэ лээ. Бидний үзүүлбэр Европчуудыг хурцалж өгсөн байх.  

Нидерландын багийн асуусан асуултыг асуумаар байна. Та нар бэлтгэлээ яаж хийдэг, өдөрт хэдэн цаг хийсний дүнд энэ түвшинд хүрсэн бэ? 

-Бид өдөр бүр багадаа л гурван цаг бэлтгэл хийдэг. Эхэндээ өдөр бүр шөнийн гурав дөрвөн цаг хүртэл бүжгээ давтаж байсан үе ч олон. Тэмцээнээс сарын өмнө эрчимтэй бэлтгэлдээ ордог. Тэмцээн дөхөөд ирвэл зааландаа ёстой бараг амьдарч байгаад л явдаг даа.  Ер нь бол дасгалжуулагч багийн ахлагч нар урт богино хугацааны төлөвлөгөө гаргаад түүний дагуу л бэлтгэлээ хийдэг. 

Монголын анхны бүжгийн спортын  олон улсын хэмжээний  мастерын болзол хангаж байгаа гэж сонссон.

-Тийм ээ манай бүжигчдийн ихэнх нь бүжгийн спортын  мастерууд. Харин олон улсын мастерын болзолыг ДАШТ-нд хоёр удаа финалт байранд орсон тохиолдолд л олгодог.  Энэхүү тэмцээнд орж бид болзлоо хангаж чадсан. 

Тэмцээний үеэр хүндрэл тохиолдож байв уу? Зарим тамирчид ханиадтай, бүр 3 сартай хөхүүл бүжигчин ч хүүхдээ дагуулж явсан гэж дуулсан.

-Ээж болоод удаагүй ч Э. Түвшинзаяа маань гуравхан сартай маамуугаа дагуулаад явсан. Гэхдээ хүүхдийн аав нь хамт явсан болохоор хүндрэлтэй байгаагүй.  Ирэхэд бүр Б.Баатархүү ах Монгол хоол хийчихсэн угтаад л мундаг арын алба байсан шүү. Бид  хэд ч хүүхдийнх нь хөхний сүүг хувааж уугаад л явсан.

Харин зарим охидууд маань ханиад хүрч, халуунтай явсан. Улаанбаатар хот Дэлхийн хамгийн хүйтэн улсын нийслэлүүдийн нэг гэдэг юм билээ. Гэхдээ бид мөсөн хотоос ирсэн, мөсөн хатад бүжгийг бүжиглэж байгаа учраас "ханиад хүрдэггүй"  дархлаатай гэж итгэхийг хүссэн. Тэмцээний  өмнө ханиалгаж халуурч байсан ч яг тайзан дээр байх  зургаан минутанд бол тэд маань яг л мөсөн хатад шиг байж чадсан гэж бодож байна. Энэ мэт зүйлд багийнхан минь түүртэлгүй сайхан яваад ирсэн.

Сэтгэл зүйгээ их бэлджээ. Тэмцээнд сэтгэл зүйн бэлтгэл, сэтгэл хөдлөл бас их чухал байдаг гэж ойлгодог. 

-Мөсөн хатан үзүүлбэр маань  үзэгчдийг сандалтайгаа наалдаж суутал энерги цацрааж байгаасай гэж хүссэн. Сэтгэл хөдлөл, инээмсэглэл, эрч хүчээр үзэгчдийг булах хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ бүхнийг худлаа дүр эсгээд хийчихэж болдоггүй.  Бидний  200 хувийн сэтгэл хөдлөл тэдний 100 хувьтай адилхан харагддаг тул тултал нь хийхийг хичээсэн.

Инээмсэглэл гэдэг зүйл ид шидтэй учир худлаа байж болдоггүй юм билээ.  

Австрид байх хугацаанд хамгийн сонин бас хөгжилтэй агшнаасаа хуваалцвал

-Германы багийн бүжигчин охидууд бидний байсан хувцас солих өрөөний нийтийн шүршүүрт орох гээд  нүцгэн ороод ирсэн. Бид хэд тэрүүхэндээ их шоконд орсон шүү. Монгол охид маань тийм биш болохоор бас л соёлын ялгаа юм даа гэж бодсон. Бүжгийнхэн гээд хэдий хамаагүй байлаа гэсэн ч манай охид  хувцас солих үедээ гадны хүмүүс байвал хэрэндээ л халхлаад байдаг. Гэтэл тэд тийм биш юм билээ. 

Багийн спорт Монголд хөгждөггүй гэж ярьдаг. Бичлэгээс харахад зүрх нь хүртэл адилхан хэмээр цохилж байгаа гэмээр жигд гайхалтай бүжиглэж байсан

-Зовлон жаргалаа хамт хуваалцаж хамт хөдөлмөрлөж, хамтран баярлаж инээж уйлж сэтгэл хөдлөх бүхий л үед гэр бүл шиг дэргэд байдаг болохоор би багийн спортыг сайхан л гэнэ. Гэхдээ бидний ихэнх нь бүжгээс гадна өөр мэргэжил эзэмшсэн хүмүүс байдаг. Яагаад гэвэл бүжгээр мөн багийн спортоор хоолоо олж идэх боломж бага гээд гэрийнхэн нь дэмждэггүй. Сая л гэхэд замын зардалдаа нэг хүнээс дор хаяж сая төгрөг гаргалаа. Үлдсэнийг нь байгууллагатай гэрээ байгуулж хэсгийг нь гаргадаг ч зарлага ихтэй байдаг. Ёстой дуртай тулдаа л хийдэг ажил гэх юм уу даа. Орлого олох боломж нь зарим салбар шиг өндөр биш гэдэгт л асуудал байгаа юм. Тэрнээс биш Монголчууд багаар ажиллаж чаддаггүй гэсэн үг огт биш юм шүү. 

Үндсэн бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт орж байсан бэ? 

-Манай хамтлаг 2013 онд байгуулагдсанаасаа хойш үндсэн бүрэлдэхүүний 80 хувь бараг хэвэндээ байдаг шүү. Дараа жил 5 жилийн ой маань тохиох болно. Дараа жил би гэхдээ монголд байх эсэхээ сайн мэдэхгүй л байна. Гадаад явах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ дараагийн үеэ бэлтгэх зорилгоор шинэ элсэлтээ авсаар л байгаа. 

Харамсалтай л юм. Шинэ элсэлтээ тогтмол авдаг байх нь ээ. Тэмцээний дараа Moon Dance хамтлагийн элсэлтэд бүртгүүлэх хүсэлтэй олон хүүхэд залуус, шинэ жилээр бүжиглүүлэх гэсэн хүмүүс гарч ирсэн байх даа. Энэ бүх ажил багийн ахлагч таны нуруун дээр ирдэг байх. 

-Шинэ элсэлт, үзүүлбэрийн аль аль нь ирж байгаа. Ачаалал над дээр ирэхээс гадна удирдсан багш О.Саранхүү, дасгалжуулагч багш, О.Оюунбат, Марк Бэнжамин Фэлбуш, бүжгийн хувцасыг хийсэн дизайнер О.Гэрэлтуяа, бүжгийн аяыг бэлтгэсэн Х.Батмягмар гээд олон хүний хүч хөдөлмөр бидний ажлын ард байдаг. 

Энэхүү амжилтанд хүрэхэд тусалж дэмжин, амжилт хүссэн, сэтгэл зүрхээрээ цаг ямагт хамтдаа байсан  найз нөхөд, хамаатан садан, гэр бүл, эцэг эхчүүд болон нийт монголчууд та бүхэндээ маш их баярлаж талархаж буйгаа илэрхийлье. 

Moon Dance хамтлагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/moondanceMGL/ линкэн дээр дарж авах боломжтой.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай