Б.Хурцын томилгоог нээлттэй хэлэлцүүлнэ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдсанаас хойш 45, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай зөвшилцөх санал хүргүүлснээс хойш 37 хоног өнгөрч байна. УИХ-ын 22 гишүүн Б.Хурцын томилгооны асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах хүсэлт гаргасан бөгөөд үүнийг хэрхэхээ шийдэж чадаагүйн улмаас ийн удааширсан хэрэг. Нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэсэн байр суурийг голлон илэрхийлж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-д “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсгол явуулна” гэсэн заалт бий. 22 гишүүн хүсэлт гаргаад буй нь сонсгол зохион байгуулах хангалттай үндэслэл” хэмээж байв.

Харин УИХ-ын гишүүдийн гаргасан хүсэлтийг судалж, нээлттэй сонсгол хийх, эсэхийг шийдэх үүрэг хүлээсэн байнгын хороод асуудлыг нэг нэг рүүгээ түлхэж явсаар бүтэн нэг сарын дараа “Элчин сайдыг эргүүлэн татах, томилохтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Элчин сайдыг эргүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ хэлэлцэж эхлэх үеэр уг асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нийтийн сонсгол хийх асуудал хөндөгдсөн. Мөн Тусгай хяналтын дэд хороо дээрх асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулсан. Үүнээс гурван долоо хоног өнгөрсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо УИХ-аас томилдог албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай, харин зөвшилцдөг албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах боломжгүй. Харин Өргөдлийн байнгын хороо уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой тул хэлэлцүүлэхээр тус байнгын хороонд шилжүүллээ гэдэг тайлбар ирүүлсэн юм. Энэ үеэр Элчин сайдыг эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхээр нөхцөл байдал үүсээгүй байна гэдэг тайлбарыг мөн ирүүлсэн. Өргөдлийн байнгын хороо үүнтэй холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлах шаардлагатай гэсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулсан. Тус байн гын хорооны дарга сая “Нэг асуудлаар 900-гаас доошгүй иргэн өргөдөл, гомдол ирүүлсэн тохиолдолд тухайн асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол явуулах дэгтэй тул Элчин сайд эргүүлэн татах, томилохтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжгүй” гэлээ. Иймд маргаашийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

УИХ-ын бүтцийн байгууллагууд нээлттэй сонсгол хийхгүй гэсэн хариу өгсөн тул Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд БНСУ-д Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд буй Б.Хурцад холбогдох асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсноо мэдэгдэв.

Ж.Батзандан (УИХ-ын гишүүн): -Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдлыг сонсоно. Генерал Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл, гомдол ирсэн. Францаас хулгайлагдан ирж, хоригдож байгаад амиа алдсан Д.Энхбатын ар гэрийнхэн, ТЕГ-т ажиллаж байгаад Б.Хурцтай муудалцсанаасаа болон хэлмэгдэж, шоронд хоригдон, амьдралаараа тоглуулсан Цогтбаатарын гэр бүл, Б.Хурцын эхнэрийн компанийг шалгасныхаа төлөө хэлмэгдсэн Энхбат, Б.Хурцтай ашиг сонирхлын зөрчилд орсны улмаас хэлмэгдсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Жаргал, “Ханбогд кашмер” компанийн захирал Ганцэцэг болон тэдний өмгөөлөгчийг урьж байгаа. Мөн генерал Б.Хурцыг урьж байна.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг оруулахаар бэлтгэж буй аж. С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэрэг Засгийн газрын тогтоолоор ил болсон. Энэ хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн ТЕГ-ынхан, тодруулбал, Б.Хурц энэ хэргийг мөрдөх явцад санаатайгаар олон хүнд хилс хэрэг үүрүүлсэн гэсэн гомдол гаргаж байгаа. Ял авсан хүмүүсийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн үгийг сонсоно. Эцэст нь, ТЕГ Монгол Улсын иргэний халдашгүй дархан эрхэд бүдүүлгээр халдаж, эрх мэдлээ хэтрүүлэн тагнаж чагнах үйл ажиллагаа явуулсан увайгүй үйлдлийн талаарх гомдлуудыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд ТЕГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар нарын бичлэгийг задалсан нь гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гэсэн гомдол байгаа. Энэ мэтээр монгол хүний халдашгүй эрхийг хууль хяналтын байгууллага эрээ цээргүй зөрчиж буй олон гомдлыг хэлэлцүүлэгт оруулна.

Л.Болд УИХ-ын гишүүн: -Энэ бол Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц гэдэг ганц хүний асуудал биш. Ардчилсан тогтолцоо, хууль ёс цаашид үйлчлэх үү, монголчууд баялгийнхаа эзэн байх уу гэдгийг шийдвэрлэх мөч бидэнд тулж ирээд байна. Эдгээр нь Б.Хурцын томилгоо, түүний өмнө нь явуулж байсан үйл ажиллагаатай шууд холбогдож байгаа юм. Энэ хүнийг Монголын хууль, хүчний томоохон байгууллагуудыг толгойлон ажиллаж байх хугацаанд нийгэмд гарсан гажуудал, шударга ёсны ухралт, хүний эрхийн зөрчлийг уудалж ярих цаг болсон.

Үндсэн хууль руу хийж буй дайралтаар Ерөнхийлөгчийн эрхийг хумьж, ард түмэн баялгийнхаа эзэн байх боломжийг хаах, 1990 оноос өмнөх шиг хууль, хүчний байгууллага нийгмээ барьж, боомилон, иргэдээ барьцаалдаг тогтолцоо руу ухрахыг оролдож байна. Энэ бол маш зохион байгуулалттай, ирээдүйг харсан төлөвлөгөөт ажил. Бид энэ том бүлэглэлийн өмнөөс сөрөн зогсож, үгээ хэлнэ. Үнэнийг ил гаргана, Үндсэн хуулиа хамгаална. Бидэнд айх зүйл байхгүй. Эрх чөлөөтэй, тусгаар тогтносон Монгол Улсад амьдрахгүй л бол бидэнд амь нас хэрэггүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай