“Улстөрчдийг сайнаар ч, муугаар ч нэрийг нь битгий дурд”

(Бал эрхлэгчийн сүүлчийн ярилцлага)

2007 онд “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэгт өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Та ч энэ зуныг их цаг завгүй өнгөрөөх шиг боллоо. “Элсний нүүдэл” шууруулаад л. Дуртай юмаа хийх нь таны хувьд бөөн л кайф байсан биз?

-Дуртай ажил мөн л дөө. Миний хооббий бол сэтгүүлчээс гадна цаас эрээчих, тайз дэлгэцийн уран бүтээл хийх. Сэтгүүлчийнхээ хувьд сонин, телевизийнхээ ажлыг ерөнхийд нь зохицуулна уу гэхээс юм бичихээ больсон. Тиймээс өөрийгөө сэтгүүлч байгаа гэж хэлэхэд хэцүү.

Сүүлийн үед “Шөнө амталсан нулимс”, “Хайрын виз”, “Хориотой жүжиг” зэрэг гурван жүжиг хийсэн. Кино хийе гэж бодож яваад “Элсний нүүдэл”-ээ хийлээ. Кино зохиол өмнө нь бичиж байсан. Найруулж бол үзээгүй. Кино найруулахад ямар байдаг бол үзье гэж бодоод хийлээ. Гол зургийг өвөл, хавар, зун авсан.

Киноныхоо зургийн 70 орчим хувийг өөрөө авсан шүү. Найруулагчаар, заримдаа бараг оператор, зургийн дарга, продюсер болчих гээд, сүүлдээ юу ч болов, янз янзын л юм хийж үзлээ.

-Сэтгүүлч, бизнесмэн хүн кино урлагт хүч сориход ямар байв?

-Их өөр ажил, огт өөр ертөнц. Их өөр мэдрэмж. Тиймээс дахиад кино урлагт хүч үзэх бодол байна. 1980-аад оны сүүлчээр миний бичсэн “Түрлэг хүрээгүй дуу” гэдэг тууж байдаг юм. Өөрөөр хэлбэл, дуусаагүй хайр, гүйцэлдүүлж чадаагүй хайр гэсэн утгатай тууж л даа. Тэр үеийн хүмүүс гадарлах байх.

“Монголын уран зохиолын дээжис” 108 ботид орсон байгаа. Үйл явдал нь өвөл, хавар өрнөдөг. Хөдөөний дүнсийсэн цагаан тал, хөдөө нутгийг оруулсан сайхан зураг авах юм сан гээд хорхой хүрээд л сууж байна.

-“Миний гэр” реалити шоуг охидынхоо хүсэлтээр хийсэн тухайгаа та ярьж байсан. “Элсний нүүдэл”-ийг хийхэд охидын чинь санал, санаа-

чилга нөлөөлсөн үү?

-Ер нь миний уран бүтээл, бизнесийн үйл ажиллагаанд гэр бүлийн маань оролцоо их. Миний гэргий сэтгүүлч. Тэгсэн атлаа “Улаанбаатар” зочид буудлын гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Миний хоёр охин реалити шоу хийгээч, “Дом 2”-ыг үзээч гэж ятгасаар байгаад дурлуулчихсан. Би тэрэнд дургүй байсан гэж жигтэйхэн. Утгагүй балай юм гардаг гээд. Сүүлдээ амтанд нь орж “Миний гэр” реалити шоуг хийсэн. Энэ кинонд ч гэсэн миний хоёр охин их оролцоотой, санал бодлоо хэлдэг, жүжигчдийг сонгоход хүртэл нөлөөлсөн.

“Улаанбаатар” зочид буудалд хонон өнжин зураг авахад бага охин маань надтай хамт хонож хүртэл байсан. Тэгэхээр эдний оролцоо их байгаа.

-Танайх саяхан бүл нэмж, ачтай болсон сураг байсан. Ер нь танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөх хүн гарах нь уу?

-Том охиноо миний мэргэжлийг өвлөхөд ойрхон болов уу гэж бодож байна. Швейцарьт коллеж төгсөөд, одоо Английн Доорам гэдэг улсдаа эхний тавд багтдаг сургуульд хэвлэл, мэдээллийн бизнесийн чиглэлээр суралцахаар болж байгаа.

Бага охин маань хэн болох нь одоохондоо тодорхойгүй. Энэ жил долдугаар ангид орно. Хөвгүүдийн хувьд гэвэл том хүү аль хэдийнэ өөрийнхөө зам мөрийг сонгоод, Солонгосын “Хьюндай” машины үйлдвэрт ажиллаж байгаад одоо Москвад төлөөлөгчийн газарт нь ажиллаж байна. Энэ хүү бол бие даасан хүн.

Дараагийн хүү Америкт хоёр сургууль төгсөөд ирсэн. ҮАБЗ-д ажиллаж байгаад одоо “Улаанбаатар” зочид буудлын ерөнхий менежерээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, бид чинь хүүхдүүдээ өөрсдийнхөө бизнес рүү оруулахгүй бол одоо бас нас явж байна.

Бүл нэмсэн тухайд манай хүү хүнтэй суугаад охинтой болсон. Өнөөдөр яг 20 хонож байна. Гэргий бид хоёр Өөдөсхөн гэж нэрлэдэг юм.

-Сүүлийн үед сонгууль угтсан сонинууд борооны дараах мөөг шиг олширч байна. Өдөр тутмын сонинуудын холбооны тэргүүний хувьд улс төр дагасан энэ явдлыг та ямраар харж байна?

-Бид нар их олон сонгууль үзлээ. Монголд сонгууль нэг л дүр зургаар болдог. Сонгуулийн өмнө улстөрчдийн маргаан дээд цэгтээ хүрдэг. Бие биенээ муулах, сайн, муугаа уудлах нь хэрээс хэтэрдэг. Дээрээс нь нам байгуулдаг. Тэр хэмжээгээр хэвлэл мэдээллийн байгууллага олширдог.

Эхэндээ түр зуурын сонин гардаг байснаа дараа нь сонинууд гардаг болсон. Одоо телевизүүдтэй боллоо. Бүгд сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, монголчууд сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг ард түмэн болсон. Сонгууль дууслаа, маргааш нь улстөрчид амлаж байсан бүх юмаа умартдаг.

Энэ бүхэн хэвшил болсон зүйлүүд. Тиймээс хачирхаад байх юм алга. Болдог юм болдгоороо л болж байна.

-Саяхан Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга асан Н.Дэмбэрэлийг хорьчихлоо. Улстөрчид хэвлэл рүү дохиж, зангах нь хэвээр л байна даа?

-Энд би хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгдүгээрт, Монголын сэтгүүл зүй өнөөдөр улс төрөөс маш их хамааралтай байна. Энэ хамаарлыг багасгамаар байгаа юм. Үүний тулд сэтгүүлчдэд өөрсдөд нь хийх зүйл их бий.

Тэр нь юу вэ гэвэл энэ УИХ-ын 76 гишүүнийг, Засгийн газрын гишүүдийг, иргэний хөдөлгөөн, цаана нь том нууц зорилготой удирдагчдыг хэтэрхий дөвийлгөж, дандаа эднийг магтан дуулж, тэглээ, ингэлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр баатар болгохоо болимоор байгаа байхгүй юу. Цаана нь маш баян амьдрал байна. Бидэнд мэдээлэх, хэлэх юм өчнөөн бий.

Энэ улсуудыг анхаарлын төвөөс гаргаж хаямаар байгаа юм. Сэтгүүлчдээр дамжиж баатар болдог, улмаар УИХ-ын гишүүн болж улс төрд ордог, дараа нь тэр хэрээр буцаад сэтгүүл зүйд нөлөөлдөг ийм хөгийн юм маш их байна. Хоёрдугаарт, Монголд сэтгүүлчдийн эрх ашгийг, мэдээлэл олж авах бүрэн эрхийг баталгаажуулах хууль зүйн үндэс муу байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль байдаг ч ерөнхий хууль. Цаашид үүнийг улам боловсронгуй болгох шаардлагатай. Мөн үүнийг гадарладаг УИХ-ын эрхэм гишүүд, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр Дэмбэрэлийг бариад хорьчихлоо энэ тэр гээд дэмий үглэчихээд, мартаад байх юм бол энэ байдал улам л даамжирна.

-Монголын улс төрийн тайзан дээрх эмгэнэлт драм, эрх ашгийн нэгдэл тэмцлийг та сэтгүүлчийн нүдээр хэрхэн харж байна. Манайд ер нь төр, төрийн түшээ гэдэг ойлголт утгаа алдчих шиг?

-Мэдээж өдөр тутам харж, өдөр тутам бухимдаж, уурлаж л сууна. Гэвч өнөөдөр үүнийг засахад их хэцүү болжээ. Улс төрийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, сайжруулахгүй бол засрахгүй.

Парламентын хоёр танхимтай болоод, тэр нь бие биенээ хянадаг гэх мэтээр өөрчлөхгүй бол Монголын улс төрд ойрын хэдэн жилд сайн сайхан юм олж харахад хүнд, харанхуй байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна.

-Үнэхээр ч Монголын төрөөр энэ хэдэн зайгуул, суугуул нөхөд тоглож идэж уух эрх ашгийн төлөө тэмцэж дууслаа.

Эднийг ер нь хазаарлахын тулд таны хэлдгээр бичихээ болих уу. Сэтгүүлчид ер нь ажил хаяж яагаад болохгүй гэж?

-Сэтгүүлчид ажил хаях юм бол улстөрчид их хохирно доо. Улс төрийнхөн “Сэтгүүлчид, бид нарыг магтан дуулж, шүүмжилж, муулж хоолоо олж иддэг” гэж ярьдаг. Үнэндээ эсрэгээрээ байхгүй юу. Улстөрчид гэдэг бол хэн ч мэдэхгүй ганзагын наймаачин, нэг жижиг бизнесмэн, хэн ч мэдэхгүй нэг хөдөлгөөн байгуулсан нөхөр.

Тэд сэтгүүлчдээр дөрөөлж улс төрд орж, ингэснээрээ том бизнес эрхэлж, ард түмнийг шулж мөлжиж, авлига, хээл хахууль авч амьдарч байна. Сэтгүүлчид ажил хаяхаа бүр больё, улс төрийн, улстөрчдийн тухай бичихээ больё л доо. Засгийн газар, УИХ ийм ийм шийдвэр гаргалаа гэж бичье. Нэрийг нь дурдахаа больё. Сэтгүүлчид бүгд ийм бодолтой болбол энэ улстөрчид их зөв амьдарч эхэлнэ.

Тиймээс сэтгүүлчдэдээ улстөрчдийг сайнаар ч, муугаар ч нэрийг нь битгий дурд гэж уриалмаар байна. УИХ-ын нэг гишүүн огцорчээ л гэж бичье. Царайг нь хараад танивал тэр л биз. Эд нар чинь бүр үндэсний баатар болчихоод байна шүү дээ.

-Тэгвэл үүнийг хэрэгжүүлэх гээд үзвэл яасан юм?

-Тэгж болно шүү дээ. Ялангуяа сонгуулийн өмнө. Монголын өдөр тутмын сонинуудын холбооныхонд тийм бодол байгаа. Худал хуурмаг баг зүүсэн улстөрчдийг өөгшүүлэхгүй байх тал дээр л сайн ажилламаар байна. Сонин, телевизийн холбооныхон ярьж байгаад ийм арга хэмжээ авбал эднийг хазаарлаж болно шүү. Хазаарлах ч хэрэгтэй байна.

-“Ми-8”-ын ослоос харахад л одоо бараг хариуцлага хүлээх ч хүнгүй болох шахам. Улс төрд ер нь хүн чанарын хэмжүүр гэдэг нь хамгийн гол шалгуур болох зүйл байдаг биз дээ?

-Манайд бүх юм эсрэгээрээ байгаагийн жишээ энэ л дээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ичих булчирхайгүй, юу ч хийхээс буцдаггүй, айж ичдэггүй хүн л улс төрд орж болдог гэсэн жишиг өнөөдөр тогтчихлоо. Огцорно гэж өргөдлөө өгчихөөд дараахан нь огцрохоо болилоо гээд өргөдлөө буцааж авч л байдаг.

Ийм юм дэлхийн өөр улсад байна уу гэвэл үгүй. Яг өнөөдөр гэхэд бидний мэддэг хоёр том гүрэнд Засгийн газрын тэргүүнүүд нь огцорчихоод байна. Ялимгүй шалтгаанаар. Үүнийг л манайд нэвтрүүлэхгүй бол Монголын улс төрийн амьдрал явахгүй л дээ.

Энэ төрийг эмзэглэж, өрөвдөхөөр барахгүй хувь хүний хувьд улс төрд орохгүй юм сан гэсэн бодлыг тэд бий болгож байна.

-Та өөрийгөө чоно шиг өссөн гэж тодорхойлдог юм билээ. Тэр араншин таны сэтгүүлчийн карьер, бизнесийн амжилтад нөлөөлсөн нь ойлгомжтой. Одоо харин улс төрд хатуу чанд араншин тань хэрэгтэй юм биш үү?

-Мэдэхгүй ээ. Улс төрд үгүйлэгдэнэ, хэрэгтэй болно гэж байхгүй байлгүй дээ. Монголын улс төр Ц.Балдоржоор яах юм бэ. Ц.Балдорж Монголын улс төрөөр яах юм. Аль аль нь ангид байж болно.

-Таны намтраас харж байхад Ц.Балдорж гэдэг хүнийг бурхан ивээгээд ч юм уу, хувьсгалын тохироо нь бүрдээд бизнест хүч сориод, амжилт олоод яваад байсан дүр зураг харагддаг. Цаашид өөр бизнест хүч үзэх үү?

-Би эдийн засгийн мэргэжилтэй биш. Сэтгүүлч, түүхийн ухааны доктор хүн. Бизнест аз гэж байна л даа. Тэр аз намайг ивээж байсан. Гэхдээ өөрийн хүч чармайлт хэрэгтэй байлгүй яах вэ. Цаашдаа өөрийн эрхэлж буй салбаруудаа бэхжүүлье гэсэн бодолтой байгаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай