Д.Өлзийбаатар: Агуу түүхээрээ бахархдаг ч яагаад жижиг болчихов гэдгээ бид ярьдаггүй

Монгол Улсын Төрийн шагналm, түүхч, доктор Д.Өлзийбаатарыг “Өнөөдөр”-ийн зочноор урьж, ярилцлаа.

-Юуны өмнө танд Төрийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Ихээхэн завгүй байгаа бололтой. Таныг олж уулзах гэж хоёр хоног хөөцөлдлөө?

-Баярлалаа. Энд тэндхийн урилга, заллагад дарагдаад зав багатай байлаа.

-Энэ нэр хүндтэй шагналыг танд авчирсан хоёр бүтээлийн нэг “Монголчууд” цахим түүхийг хүмүүс хөдөө гадаа явахдаа байнга сонсдог. Тэр байтугай автобусанд хүмүүс чих тавин сонсож байхтай нэг бус удаа таарч байлаа. Энэ бүтээл маань үнэхээр өгөөжтэй ажил болжээ гэж хэзээ мэдэв?

-“Автобусанд чанга яригчаар таны CD-ийг тавьчихсан явна лээ. Наадахаа боль, дуу сонсъё гэж хэлэхгүй, хүмүүс чив чимээгүй анхааралтай сонсож байна” гэж хүн хэлсэн. Миний хийсэн бүтээл гэдэгтээ биш, хүмүүс түүхээ сонирхож байна шүү гэж тэгэхэд л бодсон.

-Яагаад 35-аас доош насны залууст зориулав гэж онцолсон юм бэ?

-Яагаад гэвэл тэд завсардсан үеийнхэн юм. 1985 онд төрсөн хүүхэд 1995 онд арван настай байна. Өөр нийгэмд шилжсэн энэ үед дунд сургуулийн түүхийн хичээлийн цагийг багасгасан. “Өмнөх түүх бол худал хуурмаг, гуйвуулж гажуудуулсан зүйл. Тийм учраас судлах хэрэггүй” гэсэн яриа 1990-ээд оны эхээр хүчтэй гарсан шүү дээ. Тийм зүйл сонсож өссөн хүүхэд түүх үзэлгүй, хажуугаар нь явсан. Үзэхээр байсан ч итгэхгүй.

Түүхийн томоохон бүтээл, хялбаршуулсан ном гараагүй байсан үе. Хоёрдугаарт, энэ насныхан ихэвчлэн техниктэй харьцдаг болсон. Уншихаасаа илүү сонсох, үзэх дуртай болчихсон. Өөрөөр хэлбэл, номноос хөндийрсөн. Тэдэнд яаж түүхийг ойлгуулж, дуртай болгох вэ гэж бодож энэ бүтээлээ гаргасан. Хөдөө амралт, зугаалгаар явж байхдаа машинд дүү нартаа байнга түүх ярьж явдаг юм. Дүү нар ч сонирхож сонсдог, хэдэн цагаар яриулдаг. Нэг удаа хэдэн гэр бүлээрээ Ховд явлаа.

Тэгэхэд манай эхнэр “Нэг юмаа дахин дахин ярьж явахаар CD-нд буулгаад өгчихөөч” гэж хэлсэн юм. Тэгж анх сонсдог ном гаргах санаа төрсөн. Эхний удаа 28 цагийн бичлэг хийж, DVD гаргасан. Нэлээд олон хүнд хүрсэн. Гэхдээ хэр баргийн машин DVD уншдаггүй учраас компакт диск хэвлүүлэхээр шийдэж, арай системчлээд, нийтдээ 40 цаг болгосон.

Эхний DVD гарсны дараа түүхэн хүмүүсийн тухай, ялангуяа Богд хаант улсын үеийн тэмцэгчид, Ханддорж, Намнансүрэн нарын тухай нэмж оруулж өгөөч гэж санал ирлээ. Тиймээс тэр талаар нэмсэн. Одоо эргээд харахад нэмчихмээр, орхигдуулсан зүйл зөндөө байдаг.

-Монголын тэр их баян түүхээс 40 цагт багтаан юуг нь авах вэ гэдгийг түүхч хүн л системтэйгээр шигших байх, тийм үү?

-Хамгийн гол нь тэр. Түүнээс шалтгаалж л хүмүүс сонсож байгаа байх. Монгол хамгийн баян, бас хамгийн урт түүх бичсэн орон. Эртний хүний үүсэлтэй холбогдоод яривал бидний өнөөгийн амьдарч буй газар нутаг асар баялаг түүхтэй.

Үүнийг түүхч хүнийхээ хувьд эртний, дунд, ойрхи үеийн гэсэн гурван хугацааны дотор болсон гол үйл явдлаас алийг нь түлхүү авбал зөв бэ гэсэн чиглэл барьсан. Тэгэхгүй бол 40 байтугай цагийн юм болно.

-Цахим номоо та өөрийн дуу хоолойгоор олонд хүргэсэн байх аа?

-Тийм ээ. Хүн өдөрт гурван цагаас илүү микрофоны ард сууж чаддаггүй юм байна лээ. Сүүлдээ хэл ам эвлэж өгдөггүй. Их сургуулийн багш нар цаг 30 минут хичээл заадаг нь цаанаа учиртай байх л даа.

-Ер нь түүхч хүн өөрийн удам угсаа, хэн бэ гэдгээ хамгийн түрүүнд олж мэддэг байх гэж бодогддог?

-Би хүүхэд байхдаа түүх ярьдаг орчинд өссөн. Миний нагац эмээ Өвөрхангай аймгийн Хайрхандулааных. Сайн ноёныхны түүхийг тэр чигээр нь мэддэг байв. Ой сайтай, өөрөө ч их сайхан ярьдаг. Ер нь Өвөрхангайнхан эмээг минь зорин ирж, удам судраа асууж, хамаатан саднаа сурдаг байлаа. Нагац өвөө 1930-аад онд Өвөрхангай аймгийн Эвлэлийн хорооны дарга, Намын товчоонд ажиллаж байсан. Баригдах гэж байгаад азаар амь хэлтэрсэн гэдэг. Намайг багад тэднийд өвгөчүүл их цуглардаг байлаа.

“Өлзийнарангийн өчил” гэж ном бичсэн Дашням гуай, жүжигчин Гэндэн гуай, аймгийн прокурорт ажиллаж байсан Цэдэнбал гээд олон хүн ирнэ. Тэднийг сонссоор байгаад түүх сонирхдог, дуртай болсон. Манай аав бас түүхийн чиглэлийн ном их цуглуулдаг. Ямар л шинэ ном гарна, авчихсан байдаг сан. Арван жилийн сургууль төгсөхдөө яг ч түүхч болно гэж бодож байгаагүй. Мэргэжил сонгох болоход тэр олон жагсаалтаас түүхийн анги л надад дотно, гоё харагдахгүй юү. Тэгээд л сонгосон.

Их сургуульд сайн багш нараар хичээл заалгаж байлаа. Нацагдорж, Пэрлээ, Чимидцэрэн гэхчилэн дандаа Монголын нэртэй түүхчид хичээл заана. Монголын дундад үеийн түүх заадаг Чимэдцэрэн гэж мундаг багш байсан. Бидэнтэй уйгагүй ажилладаг. Их ч уншуулдаг, гар хүрдэг ч байлаа. Шүүрний ишээр дэлсээд авах нь энүүхэнд. Зодуулж, загнуулсны муу юм гэж байгаагүй. Улам л дуртай болсон. Унших тусам хүнийг түүх ховсдож, татдаг юм.

Тэр үеийн түүх ангич, намч чанар гэдгээр бичигдсэн учраас эзэнгүйдчихсэн байсан. Хуурай түүх гэж бид ярьдаг. Үүнийг 1954 онд “Түүхийн нэгэн боть” гэж нэртэйгээр Оросын түүхчид, профессорын баг ирж бичсэн байдаг юм. Орос, Монголын хамтарсан бүтээл л дээ. Ширэндэв гуай, Нацагдорж багш нарын цөөн хүнийг редакторынхоо бүрэлдэхүүнд оруулж, ихэнх түүхэн гол үйл явдлуудыг оросууд бичсэн. Үүн дээр Чингис хааны үүрэг, Монголын байлдан дагууллыг сөргөөр бичиж үлдээсэн байдаг юм.

Монголын ард түмнийг ч түүхээ ингэж үзэхийг шаарддаг болсон. Тухайн үед хүмүүс түүхээсээ хөндийрч, үл тоох хандлагатай болж эхэлсэн нь үүнтэй холбоотой. Монголчуудын түүхийг судлаад үзэхээр Оросын түүх гарч ирдэг. Орос орон, орос үндэстэн, нэгдсэн улс бий болоход монголчууд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Тэрийг тэд их нуудаг.

Тархай бутархай жижиг хот улс байсан оросуудыг монголчууд, Бат хаан, түүний үр садын байгуулсан Алтан ордны улс нэгтгэсэн. Өнөөгийн Хятад орныг Хубилай бий болгосон. Бие биенийхээ хэлийг ойлгодоггүй, шороон түмэн хятад хүнийг монголчууд нэг гар доор, нэг захиргаанд нэгтгэж өгсөн. Монголчуудын түүх үнэхээр агуу. Энэ бүгдийг хөрш зэргэлдээ том гүрнүүд өөртөө наах гэж, монголчуудыг үгүйсгэх гэж оролддог.

-Манай зарим сэхээтэн түүх гуйвуулсныг эсэргүүцсэнээс тэрс үзэлтэн гэгдэж явсан байх аа?

-Яагаад гэвэл түүх бүх ард түмний бахархал нь байдаг. Тэгээд дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, удирдагчийг нь буруутгаад байхаар “Яагаад” гэдэг асуулт дандаа тавьдаг. Түүнээс болоод ЗХУ-д хандах хандлага, ялангуяа сэхээтнүүдийн дунд их өөр болсон юм. Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн дипломатч, Элчин зөвлөх удирдагч нартаа “Монголчуудын түүх рүү хэтэрхий их дайралт хийгээд байгаа учраас Зөвлөлтийн эсрэг үзэл монголчуудын дунд бий болж байна.

Ялангуяа сэхээтнүүдийн дунд” гэж илтгэл бичсэн байдаг. 1980-аад онд шүү дээ. Ганц Монголд ч биш, ЗХУ-ын социалист системийн хүрээнд байсан бүхий л улс манайх шиг зам туулсан. Гэхдээ түүх рүүгээ айхавтар дайруулаагүй. Яагаад гэвэл арвин түүхтэй, том талбартай ард түмэн шүү дээ, бид. Монголчуудын хувьд түүхээ үзэж судлах нь маш чухал.

Түүх, хэл соёл, зан заншил бол бидний дархлаа юм. Дархлаа бол мөнгө баялаг биш, өөрсдийн туулж ирсэн баялаг түүх юм. Түүхээ ойлгодог, хайрладаг, түүхэн удирдагч нараа үнэлж, хүндэлдэг хүн ирээдүйдээ тэгж л үнэлэгдэнэ гэсэн үг. Эх оронч гэж түүхээ уншдаг, хайрладаг хүнийг хэлдэг.

-Их сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд хаана ажиллав?

-Тэр үед шууд томилоод л явуулдаг байлаа. Би Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд дунд сургуулийн түүхийн багшаар очсон. Аймгийн Боловсролын хэлтсийнхэн “Сайн дураараа хамгийн түрүүнд ирсэн юм чинь чамайг зурагт гардаг гоё суманд хуваарилна аа” гээд тийш нь явуулж байлаа.

Тэнд ганцхан суваг, “Орбит” л гардаг байсан. Байдраг хонины болон тариалангийн том аж ахуйтай байв. Тэндээс ажлын гараагаа эхэлсэн. Жилийн дараа Улаанбаатарт ирж, Түүхийн төв архивт архивчаар ажиллалаа. Ер нь 1983 оноос эхлээд л түүх, архивын байгууллагатай холбогдож яваад өдий хүрсэн хүн дээ, би.

-Таныг өөрийн саналаар Нийгмийн аюулаас хамгаалах яамны тусгай архивт ажилласан гэдэг юм билээ. Яагаад заавал тэнд ажиллая гэсэн юм бэ?

-НАХЯ-ны Тусгай дунд сургууль 1984 онд дээд сургууль болж, хэдэн хүн багшаар сонгож авахад би очсон юм. Одоогийн Хууль сахиулахын их сургууль шүү дээ. Тэнд багшилж байхдаа судалгааны ажил хийх сонирхолтой болж, 1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг судалмаар санагдаад болдоггүй. Тэр үед Орост өөрчлөн байгуулалт эхэлж, сталинизмийг шүүмжлэх хандлага хүчтэй болоод байв.

Зөвлөлтийн коммунист намын дэргэд Цагаатгалын комисс байгуулагдаж, Сталиний үед хэлмэгдсэн, 1980-аад он хүртэл цагаатгагдаагүй, тэрс үзэлтэн гэдгээр яллагдаж байсан хүмүүсээ цагаатгаж эхэлсэн. Яг энэ үйл явц Монголд болж, Гэндэн, Богд хаан, Данзан, Бодоо нарын түүхт хүний намтрыг шинээр судалж эхэлсэн.

Намын Төв хорооны Улс төрийн товчооны дэргэд Цагаатгах ажлын комисс байгуулагдсан. 1987 он үед шүү дээ. Лениний музейн болон Түүхийн хүрээлэнгийн танхимд өдөр болгон түүхчид, нийгмийн ухааны багш, судлаач нар судалгаагаа танилцуулж, ярилцдаг байв. Тэнд байнга очиж сууна. Тэр үеэс л судалгааны ажил руу орохоор шийдсэн. Үүний тулд хамгийн түрүүнд очих газар нь НАХЯ-ны архив байсан юм.

-Хамгийн хаалттай газар байв уу?

-Тийм шүү. Лам нарын, Гэндэн, Дэмидийн хэрэг гээд тэнд нууц бүх материал байгаа юм чинь. 1988 оны намар тийшээ шилжиж очсон. Цагаатгах ажил ч яг эхэлж таарлаа. 1990 он хүртэл хоёр, гурван жил толгой өөд татах завгүй ажилласан даа. Тэр дундаас “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан” гэсэн сэдэв авч судалж эхэлсэн. Удалгүй ардчилсан хувьсгал ч гарч, нийгэм солигдсон. НАХЯ-ыг татан буулгаж, өөр тийшээ шилжсэн.

Энэ сэдвээрээ судалгаа хийж явсаар 1998 онд би “Монголын 1930-1940-өөд оны хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө” сэдвээр докторын зэрэг хамгааллаа. Цаг өөр болж, Оросын хаалттай байсан томоохон архивууд, Коммунист намынх нь архив хүртэл нээлттэй болсон. 1989 он гэхэд түүхчид чөлөөтэй ярих боломжтой болсон ш дээ.

-Үүнээс өмнө бол “Энэ талаар ярьж болохгүй” гэж хянадаг байж ээ дээ?

-Жишээ нь, намайг 1980-аад оны дунд үед НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд багшилж байхад орос зөвлөх хичээлд суудаг байв. Чингис хааны байлдан дагуулалт, Монголын эзэнт гүрний талаар юу гэж ярих нь вэ, үндэсний үзэл гаргах нь уу гэж хянаж байгаа нь тэр. Нийгмээ шүүмжилдэг хүмүүсийг үгүйсгэх үзэлтэн, Чингис хаан, өмнөх түүхээ ярьдаг хүмүүсийг үндсэрхэг үзэлтэн гээд нэрлэчихсэн ийм л үе байсан даа.

-Чингис хааныг манайх гэж өмчирхдөг, булаацалдах хандлага одоо ч бий. Казахууд хүртэл Чингис хаан казах хүн байсан гэдэг. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Манайх агуу их түүхтэй болохоор булаацалдах, баялгаас нь хуваалцах гэсэн улс орон олон бий. Ганц Казахстан гэхгүй, манай урд, хойд хөрш хоёулаа. Дээр нь манай дагуул улс байсан солонгосчууд байна. Тэдний ч буруу биш. Түүгээр залуу үеэ хүмүүжүүлэх гээд байгаа юм. Баатарлаг уламжлалтай, агуу дайчидтай байсан юм шиг харагдах гэснийх.

Чингис хаан хятад, орос, сүүлдээ казах хүн ч болсон. Казахстан дөнгөж шинээр бүрэлдсэн ард түмэн, 20 хэдхэн жилийн түүхтэй. Түүхгүй ард түмэн учраас түүнийгээ бүтээхийн тулд баатарлаг хүмүүсийг эрж хайна аа даа. Энэ нөхөд чинь манай хаадын захиргаанд л байлаа шүү дээ, тухайлбал Зүчийн. Тийм учраас л бидний түүхийг булаацалдаад байгаа юм.

-Оросууд манай эзэнт гүрний түүхийг зохиомол гэж хүртэл үгүйсгэдэг. Гэтэл орос хүнийг сайн маажвал монгол яс баригдана гэж бид биш, тэд өөрсдөө ярьдаг?

-Монголын агуу эзэнт гүрэн байсны нөлөө юм. Урд хөрш ч ялгаагүй шүү дээ. Монголын хаад язгууртантай холбогдож, ураг барилдаж байж тэдний нийгмийн түвшин нь өндөрсдөг, хүлээн зөвшөөрөгддөг байсан. Алтан ордны улсын үед Монголын хаадтай ураг барилдаж, нөлөөнд нь орж байж дээшээ гарч ирэх боломжтой болдог байв. Тийм учраас Оросын урлаг соёлын болоод нийгмийн сор болсон зүтгэлтнүүд дандаа монгол хольцтой байдаг.

Нэрсийн жагсаалт ч гарсан байдаг шүү дээ. Тэр байтугай Оросыг нэгтгэж, Монголын эзэрхийллээс гаргасан догшин Иван хаан монгол цустай. Монгол цус холилдож, тэр өндөрлөгт очоогүй бол хаан болох боломжгүй л байхгүй юу. Энэ нь тэднийг өөрийгөө нуух нэг үндэс болдог. Гэхдээ ч оросууд сүүлийн үед түүхэндээ бодитой ханддаг болсон. Дэлхий мэдээд байхад тэс хөндлөн зөрөх нь утгагүй шүү дээ.

-Монголчуудын бахархал яах аргагүй Чингис хаан. Их хаан, агуу түүхээрээ омогшдог, цээжээ дэлддэг хэрнээ “Бидний түүхэнд ийм гашуун жишээ бий. Давтахгүй байх сан” гэж сургамжаас суралцдаггүй юм шиг ээ?

-Бид бахархлыг нь гол болгож ярьдаг учраас зарим хүн “Чи түүхээрээ цээжээ дэлдлээ” гэдэг. Бахархлаас гадна түүхийн сургамж гэж их том зүйл бий. Тэрийг нь бид хоёрдугаарт тавиад байдаг юм. Том байснаа ярьдаг, яагаад жижиг болчихов гэдгээ ярьдаггүй. Тэр сургамж нь гол юм. Яагаад агуу их том эзэнт гүрэн нурав гэдгээс хайх хэрэгтэй. Шалтгаан нь хоорондын эв эвдрэлцэл, эд баялаг, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнээс болсон.

Монголчуудыг дийлэх хүч тухайн үед байгаагүй. Тэгтэл хоорондоо байлдаад эхэлсэн. Бүр сүүлд Манжийн эрхшээлд яагаад оров. Хоорондоо эвлэлдэж нэгдэж чадаагүй учраас орсон, хариулт нь тодорхой. Гэтэл 1911 оны тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд бид нэгдэж эвлээд, хүчтэй болонгуутаа ямар ч дайсныг ялчихаж байна. Манжийг хөөгөөд гаргачихсан.

Цөөхөн цэрэгтэй, буу зэвсэггүй шахам байсан шүү дээ. Бүгд сайн дураараа хөдлөөд, нэг уриан доор, тусгаар тогтноно гэж зориод л ялсан. Тэгээд тусгаар тогтнолоо олж, Манжаас салчихаад дахиад л хоорондоо хагаралдсан. Алтан ургийн язгууртан ноёд нь шинэ төр байгуулагдахад шашны мяндагтнуудаа хүлээн зөвшөөрөөгүй. Яахаараа энэ лам биднийг удирдах ёстой юм бэ. Төр удирдах ёстой хүмүүс чинь бид гээд. Тэгээр хар, шарын зөрчилдөөн гарсан. Ийм жишээ бол бий.

-Эв эвдрэлцсэн, хагаралдсан энэ түүх өнөөдөр ч давтагдсаар л байна. Монгол хүний цусанд байна уу?

-Цусанд байна уу, эсвэл зорилгогүйд байна уу. 1921 оны хувьсгалаар Хятадыг хөөж гаргаад, тусгаар тогтносон. Тэгээд тусгаар тогтнолоо бэхжүүлж явсаар НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлчихэж байгаа юм. Гэхдээ энэ бол хөгжлийн үе байсан. 1950-1990 он хүртэлх 40 жилд монгол хүн эрүүл, ард түмэн боловсролтой болсон. Улс орон өөрийгөө бүрэн аваад явах чадал суусан. Дотоодынхоо бүх хэрэгцээг өөрсдөө хангадаг, аж үйлдвэрийн орон болсон. Тийм л зорилт тавьсан, монголчууд.

Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үед холбогдоно л доо. Уриа нь “Социализмын бүрэн ялалтын төлөө”. Энэ ялалт нь юу вэ гэхээр “Чи чадлынхаа хэрээр хийгээд, хийснийхээ хэрээр авдаг болно” гэсэн. Тэгсэн мөртлөө нийгэм нь тэгшитгэлийн системтэй. Одоо ч тэр байдал арилахгүй байна л даа. Хийснийхээ хэрээр хүмүүс цалин мөнгөө авч чадахгүй л байгаа шүү дээ. Социализмын үед хөгжсөний гол шалтгаан нь бид том зорилго тавиад, нэг үзэл санаан доор нэгдэж чадсан. Дээр нь сахилга баттай байсны хүчинд шал өөр Монгол болсон.

-Гэтэл эрх чөлөөтэй болсон өнгөрсөн 30 шахам жилд ямар түүх бичив ээ?

-1990 онд монголчууд нийтээрээ хөдөлсөн шүү дээ. Системээ өөрчлөхөд бид юунаас ч айгаагүй. Цагдаа цэрэг оролцоогүй, бие биетэйгээ дайтаж, цус урсгаагүй. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл нөгөө босгосон, бүтээсэн бүх зүйлээ тараачихлаа. Нэг л сайхан задгай монгол болсон. Хувь хувиа бодсон, “Би л баяжиж байвал бусад нь яахав” гэдэг үзэлтэй. Хамтдаа хөгжиж байж нийтээрээ баялаг сайхан болно гэдгийг огоорчихоод байна. Түүн рүү чиглүүлсэн уриа ч байхгүй.

Энэ нь дөрөв дөрвөн жилээр солигддог манай улс төрийн системтэй холбоотой. Төрийн нэгдсэн бодлого алга. Бие биенээ хянах хяналтын зөв тогтолцоо бол ардчилал гээд л яваад байгаагийнх болов уу гэж боддог. Яг тодорхой удирдах, хариуцах эзэн байхгүй. Ерөнхийлөгч эрх мэдэл багатай, Ерөнхий сайд ч ялгаагүй. УИХ-ын дарга зөвхөн парламентаа л зохион байгуулах үүрэгтэй хүн. Гурвууланг нь төрийн өндөрлөг гээд нэрлэчихсэн.

Биднийг аль аль нь удирдаад ч байгаа юм шиг. Яг ийм тогтолцоо Монголд 1920-иод оны сүүлч үед бий болсон. Монголчууд нэгдчихээрээ хүчирхэг болдог гэдгийг хойд, урд хөршийнхөн мэддэг. 1920-иод оны сүүлчээр Зөвлөлтийн мэдэлд оронгуут Монголд намын дарга гэж албан тушаалыг байхгүй болгосон. Гурвуулаа ижил эрхтэй нарийн бичгийн дарга тавьсан.

Нэгдсэн удирдлага байхгүй. Дараа нь Ерөнхий нарийн бичгийн даргаар 1940 онд Цэдэнбалыг тавьсан. Тэгж байж хөгжил жинхэнэ утгаараа явагдсан. Бидэнд эргэж бодох, түүхэн туршлагаасаа харах зүйл олон бий.

-Нэг хүний хатуу гарт эрх мэдлийг төвлөрүүлэх ёстой гэх гээд байна уу?

-Монголд хоёр иргэншил бий. Хөдөөд нүүдлийн, хотод суурин. Улаанбаатарт ирсэн гадаадын хүн биднийг нэг өөр нүдээр харна, хөдөө очоод бас өөрөөр дүгнэнэ. Хоёр өөр Монгол зэрэгцэн оршиж буй. Ахуй нь, хүмүүсийнх нь бодол санаа, сэтгэхүй нь өөр. Хотынхонд ардчилсан систем тохирч магадгүй. Хөдөөгийнхөнд болохгүй байна. Тэр байтугай хотынхон нь хөдөөгийнхнөө ад үзэж, хоцрогдсон бүдүүлэг нөхөр, орк ч гэнэ үү, юу гэнэ вэ. Хотынхон хөдөө очихоороо хэн болох юм.

Ишиг, хургаа ялгахгүй хүмүүс олон болсон. Тэднийг ямар гоё хотын хүн бэ гэхгүй шүү дээ, нүүдлийн соёл нь. Ийм нөхцөлд бид төрийнхөө тогтолцоог, сонгох, сонгогдох зарчмаа хүртэл эргэж харах хэрэгтэй юм. Миний хувьд тодорхой нэг удирдлагын гарт байвал зүгээр юм болов уу гэж боддог. Үүнээс гадна хамгийн гол хийх зүйл бол Монголд нэгдсэн том зүйлд уриалсан үзэл санаа хэрэгтэй.

“Бид 2025 он гэхэд Сингапур ч юм уу, эсвэл Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ, ДНБ нь хүн амд ногдох хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэнэ” ч гэдэг юм уу. Өмнөд Солонгос хөгжсөн нууц нь Пак Жин Хэ гэдэг хүн гарч ирээд, “Хойд Солонгосыг гүйцнэ” гэдэг л зорилт тавьсан. Бидэнд тийм боломж маш их байна. Асар их мөнгө олж байна. Ямар ч зорилгогүй, зүгээр л тараагаад өгчихдөг. УИХ-д дахин сонгогдох гэсэн хэдхэн хүний гарын салаагаар Монголын баялаг урсчихаж байна.

Гэтэл 76 хүнийг атгачихсан хэдхэн хүн ард нь бий. Хоёр намын удирдлага нь ашиг сонирхлоороо дээгүүрээ нэгдчихсэн. Хэдхэн хүн төр барьдаг. Хэрвээ тодорхой нэг удирдлагын гарт эрх мэдэл төвлөрчихвөл энэ байдал хумигдах боломжтой гэж боддог.

-Одоо ч та бид түүх бичиж яваа. Өнөөгийн нийгэм, цаг үе 10-20 жилийн дараа түүх болж үлдэнэ. Ямар үнэлгээ гарах, түүх хэрхэн бичигдэх нь сонин байна?

-2025 оноос л энэ түүх бичигдэж эхэлнэ шүү дээ. Ер нь ч бичигдээд эхэлчихсэн. Системийнх нь үр дүн гарч байна шүү дээ. 1990 оноос хойш 28 жил өнгөрсөн, ямар үр дүн гарав, сайн, муу нь юу вэ гээд. Түүхийн нэг шалгуур бол ард түмний амьжиргаа сайжирсан уу, амгалан тайван болсон уу, үгүй юү гэдгийн хариулт байдаг.

Ард түмний амьдрал доройтчихсон, дотроо хямрал тэмцэлтэй, дайн байлдаантай бол нийгмийн тогтолцоо нь буруу байна, хэрэв иргэд нь тайван амгалан, ажил хийхийн төлөө эрмэлзэлтэй сайхан амьдарч буй бол тэр систем үр өгөөжтэй, шаардлага хангаж байна гэж түүх бичигддэг.

-Тэгэхээр ирээдүйд нэлээд бараан дүр зураг гарах нь ээ дээ?

-Эргэж буцсан, шүүмжлэл ихтэй түүх бичигдэх гээд байгаа юм. Дараа нь туршлага болж үлдэх байх л даа. Бас л хямарч болохгүй, эвлэлдэх хэрэгтэй байсан юм гэдэг түүх бичигдэх болов уу.

-Норвеги, Финланд зэрэг аз жаргалын индекс өндөртэй орнуудын түүх шал өөр бичигддэг байх даа?

-Ер нь бол тийм. Норвегийн жишээг дэлхий нийт яриад эхэлчихлээ шүү дээ. Баялгийн сан, ирээдүйн сан гэдгийг байгуулчихлаа гэж монголчууд ч ярьж байна. Гэтэд Африкийн орнуудын түүхийг бас ярьж байна. Дайн байлдаан, баялгийн хараал болчихсон, зөв хөгжихгүй байна гэж. Тэгэхээр түүх бол хатуу л бичигддэг. Удирдагч маань ухаалаг байх ёстой.

Хэнд буруу өгөх нь одоогоор мэдэгдэхгүй. Систем рүү л бурууг өгөөд дуусах байх. Хожим Ерөнхийлөгч нар нь арчаа муутай хүмүүс байж дээ гэж нэг ярих байх. Яагаад улс орноо биш, хувийнхаа эрх ашгийг хэтэрхий их бодсон юм бол гэсэн шүүмжлэл гарах байх.

-Таныг түүхийн ховор материалыг хувилж хятадуудад өгсөн гэдэг яриа байдаг шүү дээ?

-Тэр үед би Архивын ерөнхий газрын дарга байсан. Манай Түүхийн хүрээлэн, Хятадын ШУА хамтраад олон боть эмхтгэл хийхээр болж, архиваас материал хувилж өгсөн, үнэн. Баримтын эмхтгэл чинь ерөөсөө уг эх нь байж байж үнэ цэнэ нь ихэсдэг болчихсон шүү дээ, одоо. Үг үсгийн засвар орсон уу, нэмэлт хийсэн байна уу гэж судлаач нар уг эхээс нь заавал судалдаг.

Гэтэл үүнийг Хятад руу боодол боодлоор нь материал гаргасан юм шиг ярьсан байсан. Шинжлэх ухаан мэдэхгүй хүн гаргасан яриа болов уу. Энэ баасан гаригт бид тэр эмхтгэлийн нээлтийг хийх гэж байна. Нээлтийн үеэр хэлнэ дээ. Энэ нөгөө Хятад руу гаргасан гээд байгаа материал шүү, гэж /Инээв/.

-Та хэдэн үеэ мэдэх вэ. Ургийн бичиг хөтөлдөг үү?

-Хөтөлнө өө. Би өөрөөсөө дээш таван үеэ мэднэ. Манай аав ярьж өгдөг байлаа, бас бичиж ч үлдээсэн. Удмаараа малчин хүмүүс байсан ч ааваас сэхээтэн болох үе эхэлсэн. Аав Хөвсгөлийн Арбулаг, ээж Өвөрхангайн хүн. Ээжийн тал Сайн ноён ханы удам. Өвөө Сайн ноён ханыхантай их ойр, дэргэдийнх нь хүн байсан гэдэг юм. Манай нагац эмээгийн аав нь сур сайн харвадаг, Сайн ноён ханы адууны даамал байсан гэдэг. Эхнэрийн талынхан язгуурын алтан ургийн хүмүүс байдаг.

-Алтан ургийнхан хэр олон байдаг юм бол?

-Сүүлд 1930-аад оны үед алтан ургийнхныг бүгдийг нь баривчилж буудсан. Тэр үед ихэвчлэн овгоо солиод, хүүхдүүдээ ах дүү нар, харь элгийн хүнд өргүүлчихсэн. Тэгснээр алтан ургийнхан далд байдалд орчихсон юм. Гэхдээ олон хүн бий л дээ. Архивт алтан ургийнхны ургийн бичиг бүрэн эхээрээ байдаг юм. Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Цэцэн хааны ургийн бичиг бүгд бий. Батмөнх даян хаанаас л салбарласан хүмүүс шүү дээ.

-Монголчуудын олонх нь боржигон овогтой. Энэ ер нь зөв байсан уу?

-Ургийн бичиг анх хөтөлж, ургийн овгоо авахдаа бид алдаа гаргасан. Яагаад гэхээр Монголын ураг, овгийн байгууллыг хэд хэдэн удаа сольж, өөрчилсөн шүү дээ. Хошуу гэж байхад ургийн овог, өмнөх үеэ мэдэх байдал харьцангуй өөр байсан. 1921 оны хувьсгалын дараа хүн амын тоо бүртгэл хөтлөхөд замбараагүй байна гэсэн шалтгаанаар ургийн овог хөтлөхийг хориглож, зөвхөн эцгээрээ овоглодог болгосон.

Дараа нь 1931 онд 13 аймаг байгуулаад, хошуудыг жижиглэж сум болгоод, засаг захиргааны шинэ бүтцэд оруулсан. Түүнээс хойш мартагдаж явсаар 1990-ээд орны эхээр сэргээхдээ үүнийг их сайн судалж тооцох ёстой байж. Ихэвчлэн шинэ овог авах нь зөв байсан. Одоо гэтэл Монголын хүн амын бараг 50 хувь нь боржигон болчихсон шүү дээ. Баахан хамаатнууд ч юм шиг, биш ч юм шиг.

-Овгоо та хэрхэн авсан бэ?

-Харцага Балдир гэдэг бол миний ургийн овог. Манай өвөөгийн аав нь байгаа юм. Бөх хүн байсан. Өвөө таван хүүхэд гаргасан. Гэтэл манай аавын ах нэг өөр, дүү нь бас өөр овогтой болсон. Уг нь гэр бүлээрээ хуралдаад, бүгд Харцага Балдир гэж овог авах байж. Тэр үед аав өнгөрчихсөн, түүхийг нь мэдэх хүн байхгүй, бид залуу байсан учраас ийм алдаа гарсан.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хоёр охинтой. Ээж минь эмч байсан. Бага охин анагаахын чиглэлээр Америкт одоо суралцаж байна. Том охин бол хүний нөөцийн мэргэжилтэй. Тэр чиглэлээрээ ажилладаг.

-Түүхээс өөр та юу сонирхдог вэ?

-Одоо миний хообий ном унших л болж дээ. Номноос илүү гарч чадахгүй байна. Дандаа л түүхийн холбогдолтой номнууд. Байнга л уншина шүү дээ, миний энэ ажил чинь. Сүүлийн үед ном ч олон гарах юм.

- Бид Монголоо алдаж байна гэж та халагласан байна лээ. Түүхээ мэддэггүй болохоор бусдын соёлыг дуурайдаг, хүүхдүүдийн тоглоом, үздэг хүүхэлдэй хүртэл харийнх болчихоод байна?

-Бүх улс орон зөөлөн хүчний бодлогоо гаргачихлаа шүү дээ. Япон, Солонгосын зөөлөн хүчний бодлого хүүхдүүдийн үзээд байгаа манго, хүүхэлдэйн кино, олон ангит кинонуудаар нөлөөлж байна. Хувцаслалт, үс засалт, хоол унд гээд. Жаахан хүүхдүүд монгол хэлээ ч гүйцэд сураагүй байж англиар бүх зүйлийг хэлээд байгаа нь хүүхэлдэйн кинотой холбоотой.

-Үүнээс яаж хамгаалах ёстой юм бэ?

-Өөрсдөө зөөлөн хүчний бодлогоо гаргах ёстой. Хаана ч явсан үзэж болох учраас хорих боломжгүй, . Хятадууд системийг нь хаагаад хүчээр хориод байна л даа. Бодлого байгаа учраас тэр. Бидэнд бол бүх урсгал чөлөөтэй орж ирж байна. Залуучууд солонгос стилтэй болсон. Дахиад 10-20 жил өнгөрөхөд тэр улсын бүх юмыг хүлээж авахад бэлэн болно.

Зөөлөн хүчний бодлого гэдгийн том аюул нь үүнд нуугдаж байгаа юм. Нэгдсэн бодлого, нэг үзэл санаа, нэг гар гэж миний яриад байгаагийн учир тэр. Тодорхой удирдлага бий болгож байж үүнээс гарах юм шиг байна. Тэгэхгүй бол гарахад хэцүү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай