О.Ууганбаатар: Жүдогоор 14 жил барилдчихаад олимп, дэлхийн медальгүйдээ харамсдаггүй ээ

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатартай ярилцлаа. ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарсан, өдгөө 29 настай тэрбээр Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, улсын таван удаагийн аварга.

Улсынхаа дэвжээнээс анхны медалиа 2006 онд хүртсэнээс хойш ганцхан удаа медалиас мултарсан манай шилдгүүдийн нэг түүний ханийг пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй.

-Монголын үе үеийн шилдэг эрэгтэй жүдочид Токиогийн “Их дуулга”-д түрүүлж чадаагүй байсан нь энэ тэмцээн хэр чансаатай, өрсөлдөөнтэйгийн илрэл болов уу. Та өмнө нь ихэвчлэн хоёрдугаар тойрогт ялагддаг байсан.

Харин энэ удаа медаль хүртэх бүр цаашлаад түрүүлнэ гэх багцаа танд байсан уу?

-Энэ тэмцээнд япончууд жин тус бүрт дөрвөн тамирчнаа сойж, тухайн жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүд урилгаар оролцдог тул чансаа өндөртэй болдог. Спортын хорхойтнууд Токиогийн “Их дуулга”-ыг бага дэлхийн аварга гэдгээр нь андахгүй. Япончууд эх орныхоо дэвжээн дээр түрүүгээ алдахгүйг хичээдэг байх, их өндөр ач холбогдол өгдөг. Би энэ жил бэлтгэл сайтай байсан болохоор амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан.

Энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцлоо. Өмнөх жилүүдэд нэг юм уу, хоёр ялаад тэмцээнээ дуусгасан. Тийм болоод ч тэр үү, хоёрдугаар тойрогт л ялчихвал медаль авчих юм шиг санагдсан. Өмнө нь дэлхийн чансаа хойгуур байхад эхний тойргуудад ихэвчлэн олимп, дэлхийн медальтнуудтай учраа таардаг байсан.

Харин энэ удаа дэлхийд чансаагаараа долдугаарт эрэмбэлэгдэн, В хэсгийг тэргүүлсэн болохоор надад ашигтай байлаа. Эхний тойрогт барилдсан солонгос бөх их хүчтэй өрсөлдөгч. Түүнтэй өмнө нь хоёр удаа барилдахдаа нэг ялж, нэг дийлдсэн. Энэ удаа хайнаагаа хагаллаа.

-Хагас шигшээд нутаг нэгт Н.Дагвасүрэнг ялсан. Та хоёр өдөр бүр хамт бэлтгэл хийдэг, алхаа гишгээгээ андахгүй. Ялалт, ялагдлын тань харьцаа хэд вэ?

-Бид хоёр олон улсын тэмцээнд зургаа дахь удаагаа учраа таарлаа. Би нэг ялагдаж, бусдад нь дийлдсэн. Үүний сацуу улсынхаа дэвжээнд олон удаа өрсөлдсөн. Зөвхөн УАШТ-д л гэхэд 2012 оноос хойш аваргын төлөө хүч сорьж байна. Ямар ч спортод жингийн өрсөлдөөн их чухал.

Н.Дагвасүрэн 81 кг-д барилдах болсноос хойш бид хоёрын амжилт эрс ахисаар байгаа. Токиогийн “Их дуулга”-ын шигшээд шалгарсны дараа Цагаанаа (Х.Цагаанбаатар) ах “Мөнгөн медалийн болзол хангалаа гээд ханаж болохгүй шүү. Энэ тэмцээнд заавал түрүүлээрэй” гэж захисан.

-Япон, солонгос бөхчүүд хэвтээ барилдаанд гарамгай, өрсөлдөгчдөө өчүүлж ялагдах нь нүдний гэм. Та аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг өчиж ялсан. Өмнө нь өчихөөр төлөвлөсөн байсан уу эсвэл, барилдааны явцад тийм мэх хийхээр шийдсэн юм уу?

-Яг өчинө гэж тооцоогүй ч хэвтээ барилдаанаас ялахаар төлөвлөсөн байсан. Дэвжээн дээр гараад солонгос бөхтэй золгоход нэлээд сандарч байна шүү. Тэгэхээр нь тэр байдлыг нь ашиглан хөдөлгөж барилдаад яллаа. Өмнө нь япон, солонгос бөхийг цөөнгүй удаа өчсөн ч гүрийгээд ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй. “Гар нь бэртчих вий” гэж тэднийг өрөвдвөл хэр баргийн өчөөнд ялагдахгүй. Тэгэхээр гарыг нь хугартал өчихөөс өөр аргагүй.

Ер нь өчих мэх хийхэд гар ямар нэгэн хэмжээгээр бэртдэг гэмтэй. Тулааны спорт болохоор яалтай ч билээ. Япон бөхчүүд бусад орныхонд хэвтээ барилдаанаас ялагдах тун дургүй. Тэгж дийлдсэн бөхөө шийтгэдэг, дараагийн тэмцээнээс хасдаг бичигдээгүй дүрэмтэй. Шигшээд солонгос бөхийг ялж, “Их дуулга” ангиллын тэмцээний анхны түрүүгээ хүртлээ.

Надаас өмнө энэ тэмцээнд Монголоос ганцхан тамирчин аваргалсан нь М.Уранцэцэг гавьяат. Энэ жил Тикиогийн “Их дуулга”-д 14 жингийн 12-т нь япон бөх түрүүлж, надаас гадна өөр орны ганцхан бөх алтан медаль авсан. Энэ дашрамд, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Монголын жүдо бөхийн холбооны хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Энэ жил УАШТ-д түрүүлж, ДАШТ-д V байрт шалгаран, Азийн АШТ-д багаараа мөнгөн медаль хүртэж амжилт арвинтай байгаа. Өмнө нь буюу 2013 онд дэлхийн дэвжээнд анх өрсөлдөхдөө хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдсэн.

Тиймээс энэ удаа өмнөхөөсөө хавьгүй туршлагатай зодоглосон нь мэдээж. Алдаагаа хэрхэн дүгнэв?

-Хүрэл медалийн төлөө барилдаж байхад дэвжээний шүүгч хоёр дахь торгуулийг арай эрт өгчихлөө. Дахиад торгуулбал ялагдах эрсдэлтэй болохоор нэлээд сандарсан. Тэгсэн нь барилдаанд сөргөөр нөлөөлсөн болов уу.

Уг нь энэ жилийн ДАШТ-ээс медаль авах, шигшээд шалгарах зорилготой зодоглосон ч түүндээ хараахан хүрч чадсангүй. Хэрвээ медаль авбал жин өгсөх бодолтой байсан юм.

-Ер нь жин нэлээд хасдаг гэж сонссон. Жин өгсөн, 90 кг-д барилдах бодол бий юү?

-Хэдийгээр медаль аваагүй ч жин хасаж, өөрийгөө зовоож байхаар дээд жиндээ өрсөлдөхөөр төлөвлөөд байснаа нуугаад яах вэ. ДАШТ-ий дараа Х.Баттулга ерөнхийлөгч “Олон жил жин хасаж барилдаад сурчихсан болохоор 81 кг-даа л зодогло. Олимпод оролцон, дутуугаа гүйцээхийн төлөө дахин зүтгэх хэрэгтэй” гэж зөвлөсөн нь миний бодлыг өөрчилсөн.

-Олон жил жин хасаж барилдах амаргүй. Амархан ядардаг, сульддаг, эрүүл мэндэд халгаатай гээд сөрөг үр дагавар олон. Тэмцээнд оролцохын тулд хэдэн кг хасдаг вэ?

-Хамгийн багадаа 8-9 кг хасдаг. Би 73 кг-д барилдаг байхдаа ч бас есөн кг хавьцаа хасдаг байсан. Одоо ч бүр дасчихжээ. Тэмцээнээс долоон хоногийн өмнөөс жингээ хасаж эхэлдэг. Тамирчдын жинг барилдахынх нь өглөө үздэг байхад хэцүү байсан.

Жиндээ орохын тулд өмнөх шөнө нь юу ч идэж, уухгүй хоноод л барилддаг байлаа. Жүдогийн дүрмийг шинэчлэн, барилдааны өмнөх орой жин үздэг болсноос хойш арай амар болсон. Олон жил жин хасахаар ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг юм билээ.

-Жиндээ орж чадалгүй тэмцээнээс хасагдсан тохиолдол бий юү?

-Байхгүй ээ. Юу гэж тэгэх вэ. Жиндээ орж чадалгүй, тэмцээнээс хасагдах харамсалтай ч тэгсэн тамирчныг шийтгэдэг байх хэрэгтэй. Бүхэл бүтэн улсыг төлөөлөн, жингийнхээ тамирчдыг гэрт нь үлдээн байж оролцчихоод тэгж хариуцлага алдвал хайран. Тамирчид бид хариуцлагаа ухамсарлах нь чухал.

-2013 онд ДАШТ-д анх удаа оролцон, V байрт шалгарахдаа бэртэлтэй байсан юм билээ. Бэртлээ эмнэлэгт үзүүлэлгүй гэрийхнээсээ тас зөрөөд өрсөлдсөн гэж сонссон. Сэдрээчих вий гэж эмээсэн үү?

-Ёстой тэгээгүй. ДАШТ-д явахын өмнө хөл зовиурлан, өвдөж байсан ч эмнэлэгт үзүүлж зүрхлээгүй. “Тэр нь гэмтчихэж, энэ нь бэртчихэж” гэвэл санаа зовоод барилдаж чадахгүй байх гэж эмээсэндээ тэр.

Би үүрэх дархан мэхтэй. ДАШТ-д зодоглохдоо бэртлээ улам сэдрээчих вий гээд нэг ч өрсөлдөгчдөө дархан мэхээ хийж чадаагүй. Тэгээд эх орондоо ирснийхээ дараа мэс засалд орж, эмчилгээ хийлгээд жил гаруйн хугацаанд барилдаагүй.

-Танай удамд чамгүй олон бөх байдаг юм билээ. Тэд таныг тамирчин болоход хэр их нөлөөлсөн бэ?

-Үндэсний шигшээ багийн тамирчин байсан, олимпод оролцсон Нямлхагва, Нямдаваа, Ууганбаатар ах нарынхаа барилдааныг үзэх дуртай, тэдэн шиг мундаг тамирчин болох юм сан гэж багаасаа мөрөөдсөн. Барилдааныг нь үзэх тусам бөхийн спортод улам хорхойссоор 2003 онд Эрдэнэбат дасгалжуулагчаар жүдо заалгаж байлаа.

Өнөөгийн амжилтад хүрэхэд ээж минь их нөлөөлсөн. Жүдогоор хичээллэж эхэлсний дараа нэлээд олон тэмцээнд амжилт гаргаж чадалгүй нэг юм уу хоёрдугаар тойрогт ялагдсан. Тэр үед ээж минь тэмцээн бүрийг алгасахгүй үзэн, намайг дэмжиж, хурцалсан. Тэгээгүй байсан бол шантраад больчих ч байсан юм бил үү.

-Анхны медалиа ямар тэмцээнээс хүртэж байв?

-Жил гаруйн хугацаанд бэлтгэл хийснийхээ дараа 2004 онд болсон Ч.Насантогтох багшийн нэрэмжит тэмцээнд түрүүлж, анхны медалиа авч байлаа. Амжилтын салхиа алтан медалиар хагалсандаа бэлгэшээж явдаг.

-18 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж, шуугиулсан хүчтэн, та. Төдийгөөс өдий хүртэл тасралтгүй 14 жил зүтгэчихээд олимп, дэлхийн медальгүй, Азийн АШТ-ий түрүүгүй гэж бодохоор чамламаар санагдах юм уу?

-Ёстой тийм бодол төрдөггүй. Яагаад гэвэл эдгээр амжилтад хүрэх нас, цаг хугацаа байгаа болохоор сэтгэл хангалуун явдаг. УАШТ-ээс анхны медалиа 2006 онд хүртэн, дараа жил үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. “Сүлд” спорт хороо надад их ээлтэй.

Хорооныхоо тамирчин болсон жилээ УАШТ-ээс анхны түрүүгээ хүртсэн. Тэр жил (2012) би өөртөө “Энэнээс хойш улсынхаа дэвжээнд тасралтгүй түрүүлнэ” гэж амласан юм. Даанч 2014 онд эргэлзээтэй шүүлтийн улмаас дийлдэхэд сэтгэл гонсойсон.

-Яг ямар барилдаан болсон юм бэ?

-Гараараа хөлөнд хүрвэл шууд ялагдал өгөх дүрэм жүдод бий. Өрсөлдөгч маань миний хөлөнд гараараа хүрсэн ч шүүгч “хөөгөөгүй”. Тэгээд тэр барилдаанд дийлдэн, мөнгөн медаль авсан.

-Д.Төмөрхүлэг, Л.Отгонбаатар зэрэг цөөнгүй жүдоч үндэсний бөхөөр барилддаг. Та ер нь аймаг, сумын наадамд зодоглодог уу?

-Завтай үедээ үндэсний бөхөөр барилдахыг эрмэлздэг. 2011 онд Дорноговь аймгийн наадамд барилдахдаа дөрвийн даваанд өвдөг шороодсон. Жүдогоос гадна үндэсний бөхийн бэлтгэл хийж байгаад цолтой болох юм сан гэж боддог.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Залуу бөх байхдаа улсын заан цолтой болохыг мөрөөддөг байлаа” гэсэн. Танд ямар цол сайхан санагддаг вэ?

-Өө, тийм үү. Минийх ч бас тийм шүү дээ. Хүчтэй, сүрлэг сайхан амьтан болоод ч тэр үү, заан цолтой болбол сайхан аа.

-Эхнэр тань жүдо бөхийн дасгалжуулагч юм билээ. Танд ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг бол?

-Тамирчин бид гэртээ байхаасаа байхгүй нь их. Ихэнх цагийг бэлтгэл, тэмцээн гэсээр өнгөрүүлдэг. Хувийн амьдралдаа гаргах зав, цаг тун хомс. Яалт ч үгүй гэр бүл хоёрдугаарт тавигддаг гэмтэй. Хэр баргийн хүн үүнийг ойлгох амаргүй. Хань минь жүдогийн дасгалжуулагч болохоор надад амар байдаг юм.

Намайг сайн ойлгодог, үргэлж дэмждэг. Үргэлж л тэг, ингэ гэж зөвлөдөг. Эхнэр минь жүдогоор барилддаг байсан. Бид хоёр 2004 онд тэмцээнд оролцож явахдаа танилцаж байлаа. Манайх нэг охинтой. Ирээдүйд жүдоч болохыг хүсвэл би дуртайяа зөвшөөрнө.

-Энэ сарын 16-17-нд болох “World mas­ters” тэмцээнд зодоглох уу?

-Зодоглоно оо. Энэ тэмцээнд жин тус бүрт дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 16 тамирчин урилгаар оролцдогоороо онцлог. “World masters”-т түрүүлэхийг хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай