Гурван хуруутай ч нөөц бололцоо байгаа гэдгээ мэдэрсэн

Гурван хуруутай ч нөөц бололцоо байгаа гэдгээ мэдэрсэн

 “Эдгэрэл, Итгэл, Найдвар” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэнд 10 гаруй бүтээлээрээ оролцсон мужаан Ц.Баатарболдтой ярилцлаа. Ярилцлагын эхэнд түүний багш шавиараа бахархан өгүүлэхдээ "Хүн шиг хүн шүү манай Баатар".  Үнэнч зан бол түүний нэрийн хуудас гэж хэлж болно гэж байлаа.  

Мужаан болоход таныг юу хөтөлсөн бэ?  Эхлэл хэр хүнд байсан бэ?

-Юмыг хийж эхлэхэд л хамгийн хэцүү байдаг гэдэг. Бүх зүйл тийм ч амар байгаагүй ээ.  Би хийж чадах болов уу? Захиалагчийн сэтгэлд нийцэхгүй зүйл хийвэл яана аа гэж айдаг байлаа. Гэхдээ амьдрал баялаг юм. Нэг л өдөр Ник гэх дөрвөн мөчгүй залуугийн бичлэгийг үзсэнээс хойш би амьдралыг өөрөөр харж эхлэх болсон.  Илтгэлийг нь анх үзээд надад маш их нөөц бололцоо байгаа гэж мэдэрсэн. Дэлхийг тойрон илтгэлээ тавьж буй түүний амьдрал надад нөлөөлсөн шиг миний амьдрал ч бас бусдад хэзээ нэгэн цагт нөлөөлөөсэй гэж хүссэн юм. Тэгээд л өөрийгөө гололгүй мужаан болно гэж хатуу шийдсэн. 

Мужаан байхын сайхан нь юунд байдаг вэ?

-Энэ ажил бусдын хийж байгаа бүхнийг би хийж чадна гэх итгэлийг төрүүлдэг. Би ийм тийм гэх шалтаг шалтгаан тавилгүйгээр ажлаа хийхийг хичээдэг. Ажил бүхэн сайхан. Гэхдээ эр хүний гарын урыг  шаардсан мужааны ажил өдөр ирэх тусам миний ертөнцийг гайхалтай болгож байна. 

Одоо та хүнд үзүүлэх хийсэн бүтээсэн юмтай болжээ. Бүтээлээ хараад би хийсэн шүү дээ гэж бодох сайхан байдаг байх даа?

-Худлаа онгирч болохгүй байх аа. Гартаа бүрэн оруулсныхаа дараа гэхээс биш. Би одоо ч суралцаж л явна. Санасныхаа 10 хувьд л хүрсэн байх гэж бодож байна.

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг. Санасны 10 хувь гэхээр цаашид хийхээр хүсэж тэмүүлсэн зүйл ихтэй бололтой?

-Мужаан Баатарболд гэж цоллуулахын тулд төлөвлөсний арван хувь, өөр бусад салбарт хүч сорих хүслийн минь бол хаа ч хүрээгүй л явна.

Өөр бусад салбар гэхээр та мужаанаас гадна юунд цаг заваа зарцуулдаг вэ?

-Зөвхөн энэ ажлаар өөрийгөө хязгаарлана гэж бодохгүй байгаа. Спортоор хичээллэнэ. Тэр дундаа шатар даам тоглоно. Өнгөрсөн жил дэд мастерын болзол хангаад цол тэмдгээ авч амжаагүй л байна. Яваандаа улсын аварга болно гэж бодож байгаа. Биелэх юм уу яахын мэдэхгүй л дээ. Гэхдээ л зорьж тэмүүлж байна. Итгэл минь нэмэгдсээр л байгаа.

Энэ хүртэл явахад таны дэргэд хэн байсан бэ? 

-Гарцаагүй ээж минь юм. Хүний ээжүүд бүрэн бүтэн үрээ хаялаа гэсэн аймшигт мэдээ сонсогдох юм. Миний ээж намайг хүн шиг хайрлаж өсгөсөн.  Намайг ийм сайхан төрүүлж өгсөн ээжээ тандаа баярлалаа гэж хэлмээр байна. Үнэн зүрхнээсээ (Нулимс цийлэгнэв). Хүмүүсд хандаж хэлэхэд өөрийгөө битгий голоорой. Бас ээжийгээ хайрлаж яваарай гэж хэлье дээ. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай